Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2023/ДШМ/777

 

 

 

 

 

2023           8             01                                            2023/ДШМ/777

 

 

Г.Зд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энхбаяр,

хохирогч Б.Б, 

шүүгдэгч Г.З, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/686 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.З, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, хохирогч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Зд холбогдох 2208027920614 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Г.З, 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, хамтран амьдрагч, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 7в байрны 27 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан;  

Шүүгдэгч Г.З нь 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн шөнийн 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чекин хаус” караокены ойролцоо хохирогч Б.Бийн нүүрэн тус газар руу чулуу шидэж,  эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Згийн үйлдлийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З-д 03 /гурван жил/ 6 /зургаан сарын/ хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.З-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, эрүүгийн 2208027920614 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.З нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.З-гээс нийт 6.189.222 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б-д 1.700.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 4.489.222 төгрөгийг тус тус олгож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.З-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих" таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх хорих ялын хугацааг 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.З давж заалдах гомдол болон тус шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэм буруугаа бүрэн ухамсарлан хийсэн хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байна. Ам бүл 2, өндөр настай ээжийн хамт амьдардаг тул дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж оноосон ялыг багасгаж өгнө үү...гэв”

Шүүгдэгч Г.Зий өмгөөлөгч Б.Чулуунгэрэл давж заалдах гомдол болон тус шүүхэд гаргасан тайлбартаа:...1. Бодит нөхцөл байдлын хувьд миний үйлчлүүлэгч гэр бүлээсээ ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж, гэрийнхээ санхүүг дааж явдаг хүн учраас удаан хугацааны хорих ялаар шийтгүүлж байгаа нь хувийн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна. 2. Мөн миний үйлчлүүлэгч унаж татдаг өвчтэй бөгөөд тус нөхцөл байдлаар шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагааны үед өөрийн мэдүүлэгт  дурьдсан байдаг. Хорих ял эдэлснээр үйлчлүүлэгчийн өвчин хүндрэх эрсдэлтэй байгаа,  цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байх хугацаандаа бие нь муудсан үйл явдал болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн шийтгэл оногдуулах боломжтой байна. 3. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн эсэх, хохирогчийн эрх ашиг хангагдах эсэх, хохирогчийн хохирол төлөгдөх эсэх, цаашид үүсэх үр дагавар, гэм хор, хор уршиг арилах боломжит нөхцөл байдлыг харгалзаж шийдвэрлэх нь зүйтэй. Гэвч үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэргийн хор уршгийг арилгах, хохирогчийн эрхийг хамгаалах, сэргээх асуудлыг харгалзалгүйгээр хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь хохирогч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна. Давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө хохирогч талд 1.700.000 төгрөгийг хохирогч Б.Б-ийн дансанд, Төрийн сангийн дансанд 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ талаарх баримтыг шинээр гаргаж өгч байна...Иймд Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг 2 жил, эсхүл торгуулийн ял болгон өөрчилж өгнө үү...”гэв.   

Хохирогч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие хүнд гэмтэл авсан, эмчилгээний зардлын мөнгөө аваагүй байгаа ба энэ бүх хугацаанд хамрын хагалгаанд орсон /2 хугаралттай, чихэгдсэн/, 8 сараас хойш миний нүдэнд 2 од бүхий зүйл харагдаад, нүд сарниж хардаг болсон. Баруун нүдний ухархай цөмөрч хугарсан ба баруун нүд үл ялиг том болсон. Орбита эмнэлэгийн эмч “цаашид ажиглаж байгаад хагалгаанд орох эсэхийг шийднэ” гэсэн. Манайх 4 хүүхэдтэй бөгөөд хамгийн бага нь 2 настай. Манай эхнэр ажилгүй, 4 хүүхдээ гэртээ харж, сургуульд нь хүргэж өгдөг, орлого олдог нь би байсан. Намайг ажилгүй байсан энэ хугацаанд манайх хүүхдийн мөнгө болон 2 талын ээж ааваас мөнгө авч амьдардаг байсан. Короно вирусын цаг үе байсан болохоор зээл төлөлтүүд азаар хаагдсан байсан. Одоо цаашид эмнэлэгт үзүүлэх ёстой. Мөн сар бүр вrain аct гэх  судас хамгаалдаг эм уух, Орбита эмнэлгийн 1 удаагийн үзлэг 60.000 мянга, Brain Act 1 сар уух 85.000-88.000 мянга, гэрчийг авчирч мэдүүлэг авахад 160.000 төгрөг төлсөн /дансаар/, 9 сараас 12 сар хүртэл ажилгүй байсан, нийт 4 сарын цалин болох 20.000.000 сая төгрөг нэхэмжилж байна. Ажилгүй байсан хугацааны 6 хуудас материал хавсаргав. Хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...”гэв.

Прокурор Б.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Уг гэмт хэрэг 2022 оны 8 дугаар сард үйлдэгдсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол 2023 оны 6 сард гарсан байтал энэ хугацаанд хохирлыг барагдуулах бүрэн боломжтой байсан. Мөн шүүх хуралдааны явцад шүүгдэгч талаас хохирлыг барагдуулахаар завсарлага авсан боловч мөн хохирлыг төлөөгүй. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаад анхан шатны шүүхээс 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Г.З нь тодорхой эрхэлсэн ажилтай, тогтмол орлоготой талаарх браимтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Иймд торгох ял оногдуулах боломжгүй гэж үзэж байна. Хохирогч Б.Б-өөс 20.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл шүүгдэгч Г.З-гийн үйлдлээс шалтгаалаад ийм эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх эмчийн магадлагаа гомдолд хавсаргаагүй, ямар ажил эрхэлж байсан, нийгмийн даатгал төлж байсан эсэх зэрэг баримтууд байхгүй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлага хангахгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:     

  1. Хэргийн бодит байдал   

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох буюу хэрэгт нотолбол зохих байдлыг нотлох чиг үүргийн хүрээнд хийгдсэн мөрдөн шалгах, хяналт тавих ажиллагаанууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байх ба хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.     

Хэргийн бодит байдлыг нотолж буй нотлох баримтын эх сурвалжуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд цуглуулж, бэхжүүлсэн байна.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан үндэслэл, үйл баримтгүй, энэ хүрээнд маргаан бүхий асуудал гараагүй байна.     

Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны тал, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь шалгаж, үнэлсэний үндсэн дээр шүүгдэгч Г.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал,           

Шүүгдэгч Г.З нь 2022 оны 8 дугаар сарын 12-ны шөнийн 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чекин хаус” караокены ойролцоо хохирогч Б.Б-ийн нүүрэн тус газар руу нь чулуу шидэж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь :  

- хохирогч Б.Б-ийн“...2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 22 цагийн үед найз Б, Б, Э-н нарын хамт гэрийн гадаа машин дотор пиво уусан, мөн эхнэр ирээд бид Сонгинохайрхан дүүргийн 27-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чекин хаус” караоке, бааранд орсон. Караокеноос гараад үүдний ойролцоо эхнэртэйгээ зогсож байхад манай найз машинд суух замдаа хэдэн залуустай муудалцсан, тэр залуус чулуу шидсэн ...Би “та нар яагаад хүн лүү чулуу шиддэг юм” гэхэд “танай найзууд чинь эхэлсэн” гээд ...миний нүүрэн тус газарт барьж байсан чулуугаа шидээд гэмтээчихсэн ...”гэх мэдүүлэг /хх-14-15/,  

- гэрч Т.Б “...Бид Сонгинохайрхан дүүргийн 27-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чекин хаус" гэх газрын караокед орж, 05 цагт гараад харих зам дагуу Сод монгол колонк чиглэлд явж байсан чинь үл таних 2 залуу нөхрийн найз Бямбаагийн нүүр рүү ууж байсан пиво цацаад цааш зугтаахад нь нөхрийн найз нар хөөгөөд харанхуй гудамж руу орчихсон ...Нөхөр бид хоёр араас нь явж, гудамж руу орсон чинь зугтаасан хоёр залуугийн нэг нь чулуу шидээд Бямбаагийн зүүн талын цээжин хэсэгт оноход нь “та нар яаж байгаа юм” гэж хэлсэн чинь тэр залуус “ална шүү, холдоорой чулуу шиднэ шүү” гээд нэг залуу нь чулуу шидээд манай нөхрийн толгойн тус газар нь оночихсон ...” гэх мэдүүлэг /хх-21/,   

- гэрч Б.Э “...тухайн үед бааранд үйлчлүүлээд явж байсан залуу руу нэг залуу чулуу шидэж хамрыг нь гэмтээсэн. Би үйл явцыг харсан болохоор тухайн чулуу шидсэн залууг цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...” гэх мэдүүлэг /хх-19/,

- шүүгдэгч Г.З-гийн: “Би 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Төрөө,  Батбаяр нарын хамт гадаа пиво уусан, дараа нь Хангай захын эсрэг талын SL нэртэй бааранд орж пиво уусан. ...Цаг орой болсон болохоор гарч, тамхи татаж байтал 4 том биетэй залуу согтуу гарч ирээд “гайхаад байна уу, п... нараа” гэж хэлээд Т рүү муухай хараад, ойртсон. ...Нэг нь над руу ойртоод ирэхээр нь би ууж байсан лаазтай пиво өөдөөс нь цацаад явтал араас чулуу шидээд, орилоод хөөсөн. ...Би Б-тай хамт баарны арын булан тойртол урдаас нэг залуу ирж байхлаар нь “зогсохгүй бол чулуу шидлээ шүү” гэж хэлээд чулуугаа тэр залуугийн зүг чиглүүлээд шидчихсэн. ...Би баригдаж ирээд нөгөө залууг харахад газар цус болцон, хэвтэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-97/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11350 дугаар дүгнэлт: “Б.Б-ийн биед дух ясны хугарал, дух хэсгийн хатуу хальсан дээрх цус хуралт, баруун ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, духанд зулгаралт, хоёр нүдний дээд зовхинд цус хуралт, цохонд шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” /хх-82-83/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан байх бөгөөд нотлох баримт бүхэлдээ эх сурвалжаа тодорхой заасан, харилцан эх сурвалжаа давхар нотолсон, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, эргэлзээгүй байх шалгуурыг хангасан байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн субьектив болон объектив шинж хангагдсан гэж үзнэ.  

Шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан /хх-95, 161/, шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, хамаарах бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байгааг дурдах нь зүйтэй.    

2. Хохирол, хор уршиг    

Шүүгдэгч нь шүүхийн шийтгэх тогтоолд зааснаар хохирогч Б.Б-д төлөх 1.700.000 төгрөг, харин Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлөх 4.489.222 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг тус тус төлсөн баримтыг шүүхэд гаргасан байна.     

Хохирогч нь тус гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хүнд хохирол, түүнээс шалтгаалсан хор уршгийн хүрээнд сар бүр уух эм, 1 сард 85000-88000 төгрөг, Орбита эмнэлгийн эмчийн үзлэгийн 60.000 төгрөг, гэрчийн замын зардалд төлсөн 160.000 төгрөг,  9-12 сар хүртэл ажилгүй байсан 4 сарын цалин 20 сая төгрөг нэхэмжилсэн байх боловч холбогдох хууль ёсны шаардлага хангасан нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул  тус шүүх хуралдаанаас шийдвэрлэх боломжгүй, харин иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй, тус эрхийг нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд орхигдуулсныг зөвтгөх нь зүйтэй.   

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудал  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ямар төрлийн ял шийтгэлийг оногдуулах эсэх нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.   

Шүүгдэгчид эд хөрөнгө бүртгэлгүй, мөн түүний тогтмол эрхэлдэг ажил хөдөлмөр, орлого болон хүнд өвчтэйг нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй /хх-96, 100-104, 105-123/ байна.    

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 3 жил 6  сарын хорих ял оногдуулахдаа харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар дүгнэсэн байх ба тус оногдуулсан хорих ялын хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.   

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг 2 жилээр, эсхүл торгох ялаар өөрчлүүлэх тухай шүүгдэгч Г.З, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, магадлалд заасан үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэв               

Шүүгдэгч Г.З шийтгэх тогтоол гарсан 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 2023 оны 8 сарын 01-ний өдөр хүртэл нийт 57 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх хорих ялд оруулан тооцлоо.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/686 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад”...олгосугай” гэснийг”...олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Г.З, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.       

3. Шүүгдэгч нь шийтгэх тогтоолд зааснаар хохирогч Б.Бөд төлөх 1.700.000 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлөх 4.489.222 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.         

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З-гийн цагдан хоригдсон нийт 57 /тавин долоо/   хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.    

5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

                          ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                             Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР