Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2025/0049

 

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ би, “***********” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “***********” ХХК-ийн төлөөлөгч Э.Т*********** нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс нь манай “***********” ХХК-ийн татвар төлөгчийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, асуудал шийдвэрлэгдсэн тул  манай компанийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа татан авч байна.

Тодруулбал, хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс нь нэхэмжлэлд дурдсан авто зогсоолуудын үнэлгээг Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэж авсан болно.

Иймд, татгалзлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтад “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “…нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно…” 66.2 дахь хэсэгт “…нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх…” гэж тус тус заасан байна.

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Т*********** нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлснээрээ түүнээс гарах эрх зүйн үр дагаврыг ойлгосон, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт “нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Т*********** нь нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдаж байгааг дурдах нь зүйтэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “***********” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “Татвар төлөгчийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, холбогдох өөрчлөлтийг ТБМНС-д бүртгэхийг хариуцагчид даалгах”  шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

  

ШҮҮГЧ                                    Т.МӨНХ-ЭРДЭНЭ