Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 212/МА2021/00002  

 

   С.А-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

                Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Туяа, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2020/01191 дүгээр шийдвэртэй, Өлгий сумын 3 дугаар багт оршин суух, С.А-ын нэхэмжлэлтэй, Өлгий сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Ерөнхий боловсролын 7 дугаар сургуульд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны  01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Даулетжан, нэхэмжлэгч С.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн Эрүүл мэндийн хичээлийн цагийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэлд: “Миний бие С.А- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 7 дугаар сургуульд 2009 оноос эхлэн одоо хүртэл 11 дэх жилдээ тасралтгүй ажиллаж байсан. Хамгийн сүүлд 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш С.А- би тус сургуулийн хүн нийгэм, эрүүл мэндийн багшийн цагийн ажилд томилогдсон. Гэтэл тус сургуулийн эрхлэгч Б.Т- нь 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн хүн нийгэм, эрүүл мэндийн цагийн багшаар ажиллуулахгүй байгаа явдалд гомдолтой байна. С.А- тус сургуульд ажиллаж байх хугацаанд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй, ажилдаа эзний ёсоор хандаж ирсэн мэргэжлийн багш юм. Ажил олгогч намайг цагийн багшийн ажлаас чөлөөлсөн тушаалыг өгөөгүй ажиллуулахгүй байгаа тул шүүхэд хандсан. Миний бие анх шүүхэд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн хүн нийгэм, эрүүл мэнд хичээлийн цагийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргасан бөгөөд би эрүүл мэндийн хичээлийн цагийн багшаар ажиллаж байсан тул шаардлагаа тодруулж тус сургуулийн эрүүл мэнд хичээлийн цагийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсье.” гэв.   

 

Хариуцагчийн тайлбарт: “Нэхэмжлэгч С.А-ын нэхэмжлэлтэй холбоотой дараах тайлбарыг гаргаж байна. С.А- нь манай сургуульд олон жил цагийн багшаар ажиллаж ирсэн. Тус сургуульд хэн нэгэн чөлөө авах үед болон илүү цаг гарсан үед С.А-аар гүйцэтгүүлж, хугацаатай гэрээ байгуулан ажиллуулж ирсэн. Хамгийн сүүлд 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 4 цагийн эрүүл мэндийн хичээлийг заахаар болж харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хугацааг 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хэлэлцэн тогтоосон байсан. Учир нь эрүүл мэндийн хичээл 6 дугаар сарын 01-ний өдөр орж дуусах ёстой байсан. Өнгөрсөн хичээлийн жилд олон сараар хорио цээрийн дэглэм тогтоож багш нар ажиллаагүй. Гэвч хорио цээрийн дэглэмийн үед багш нарын цалин хасаж болохгүй гэсэн тул гэрээгээр тохиролцсоны дагуу С.А-т цалин хөлсийг нь өгч байсан. Тэгээд 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж гэрээ нь цуцлагдсан.Тухайн үед С.А-т ажлаас чөлөөлсөн шийдвэрийг танилцуулах гэсэн боловч түүний утас холбогдохгүй байсан. Өөрөө ч сургуульдаа огт ирээгүй. Тушаал шийдвэр өгөөгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Ажилтан өөрөө ирж, тушаал шийдвэрээ авах ёстой байсан.Тэр өөрийгөө 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн ажиллуулахгүй байгаад гомдолтой гэжээ. Энэ жилийн сургуулийн үйл ажиллагаа 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр эхэлсэн бөгөөд тухайн жилийн хичээлийн цагийн хуваарь, бэлтгэл ажил, хичээлийн төлөвлөгөө зэргийг батлуулсан, багш нарын сургалт, семинар зохион байгуулагдсан. Гэтэл С.А- нь энэ хичээлийн жилийн эхэнд манай сургуульд ажиллахаар ирээгүй ямар нэгэн өргөдөл хүсэлт гаргаагүй. Тэр байтугай С.А- нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш дахиж сургуульдаа ирээгүй тул түүнийг Өлгий сумын 13 дугаар багт шинээр ашиглалтад орсон Ерөнхий боловсролын сургуульд ажилд орсон гэж сонссон. Манай сургуулиас С.А-ыг олон жил цагийн багшаар ажиллаж ирсэн байдлыг харгалзаад илүү гарсан цагт нь гэрээ байгуулан ажиллуулж ирснээс болж эргээд буруутай болох гэж байна. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас 2018 онд манай сургуульд хийсэн төлөвлөгөөт шалгалтын үеэр С.А-ыг багшлах эрхгүй хүнийг цагийн багшаар авч ажиллуулсан гэж зөрчилд тооцсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2020/01191 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.А-ын Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн Эрүүл мэндийн хичээлийн цагийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2020/001191 дугаартай шийдвэрээр миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Үүнд:

1 .Ажил олгогч намайг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт буюу “Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэх заалтыг гол үндэслэл болгосон. Миний бие 2019-2020 оны хичээлийн жилд тухайн сургуульд эрүүл мэнд хичээлийг 7 хоногт 4 цагаар 5 дугаар ангиудад зааж ирсэн. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/491 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалтын төлөвлөгөөгөөр 4, 5 дугаар ангиудад эрүүл мэнд хичээл 32 цагаар орохоор байгаа бөгөөд энэ тушаалд ямар нэгэн нэмэлт, өөрчлөлт ороогүй, одоо хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Хэрэгт нотлох баримтаар гаргуулж авсан Өлгий сумын Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн хичээлийн төлөвлөгөөнд эрүүл мэнд хичээл нь 5а, 5Б ангиудад долоо хоног бүрийн лхагва гарагт, 5в, 5г ангиудад долоо хоног бүрийн пүрэв гарагт тус бүр 1 цагаар орохоор тусгагдсан. Мөн эрүүл мэнд хичээлийн 4 цаг нь хасагдаагүй, одоо хичээлийн хөтөлбөрт байгаа, дээрх хичээлийг багш Алтынжулдыз зааж байгаа гэдгийг хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Т- шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр хүлээн зөвшөөрсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт буюу “Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэх заалт нь хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссаны дараа нь ажилтан нь тухайн ажлыг үргэлжлүүлэн хийх боломжгүй болсон, өөрөөр хэлбэл тухайн ажил нь байхгүй болсноос цаашид сунгах боломжгүй болсон тухай заалт юм. Гэтэл ажил олгогч С.А- миний өмнө нь зааж байсан эрүүл мэнд хичээлийн цаг нь хэвээр байхад намайг хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль бус бөгөөд үүнийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Нөгөө талаар нэхэмжлэгч С.А- би зөвхөн 2019-2020 оны хичээлийн жилд эрүүл мэнд хичээлийг заах цагийн багшаар томилогдоогүй, 2009 оноос хойш тус сургуульд үндсэн болон цагийн багшаар ажиллаж ирсэн гэдгийг энэ дашрамд дурдах нь зүйтэй гэж үзэж байна.

2.Ажил олгогч намайг 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан өдрөөс ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч тушаалыг тухайн өдөр гаргасан эсэх нь эргэлзээтэй. Учир нь ажил олгогч надад ажлаас чөлөөлсөн тушаалын хувийг гардуулж өгөөгүй. 2020 оны 9 дүгээр сард хичээл эхэлсний дараа тушаалын хувийг авах гэж очиход мөн гаргаж өгөөгүй. Гэтэл 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд тайлбар гаргахдаа дээрх тушаалын хувийг хавсаргаж ирүүлсэн байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний гаргасан хүсэлтийн дагуу тус сургуулийн захирлын 2020 онд гаргасан тушаалд үзлэг хийхэд 23 дугаартай хоёр тушаал гарч ирсэн ба нөгөө тушаал нь 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн урамшуулал олгох тухай тушаал байсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.4-т зааснаар 6 дугаар сарын 1-ний өдөр нь хүүхдийн баяр буюу нийтээр амрах баярын өдөр байдаг. Эдгээр үйл баримтууд нь намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гаргаагүй гэдгийг баталж байгаа. Нөгөө талаар ажлаас чөлөөлсөн тушаалыг цаг хугацаанд гардуулж өгөөгүйгээс миний бие Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийг авч чадаагүй давхар хохирсон.

З.Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж тодорхой зааж өгсөн. Миний охин Онгарын Аяулым нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн бөгөөд намайг ажлаас чөлөөлсөн гэх 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 1 нас 4 сар 18 хоногтой байсан. Хөдөлмөрийн хуулийн дээрх зохицуулалт зөрчигдсөн байхад хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх “...хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байх бөгөөд түүнээс хойш ажил олгогч болон ажилтан нарын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан үндэслэл нэхэмжлэгчид хамааралгүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн эрүүл мэндийн хичээлийн цагийн багшийн ажилд эргүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулсан байх тул  шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч С.А- нь Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын 7 дугаар бүрэн дунд сургуульд холбогдуулан тус сургуулийн “Эрүүл мэндийн хичээлийн цагийн багш”-ийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

   Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “2009 оноос хойш 11 дэх жилдээ тасралтгүй ажилласан байтал ажил олгогч 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн ажиллуулаагүй, миний бие 3 хүртэлх насны хүүхэдтэй тул ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй”  гэж, харин ажил олгогч “нэхэмжлэгч С.А- нь гэрээгээр ажиллаж байсан цагийн багш бөгөөд гэрээний хугацаа дууссан тул гэрээг цуцалсан” гэж тайлбарлаж, шүүхэд мэтгэлцжээ.

 

Нэхэмжлэгч С.А- нь Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын 7 дугаар бүрэн дунд сургуульд 2010 оны 01 дүгээр сараас эхлэн дүрслэх урлаг, технологийн үндсэн багш болон дүрслэх урлаг, технологи болон англи хэл, туслах хичээл гэх мэт 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл “Эрүүл мэндийн хичээлийн цагийн багш”-аар ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгч С.А-ыг цагийн багшаар томилсон тушаал болон тус ажлаас чөлөөлөх тухай тушаал, тус сургуулийн хичээлийн хуваарь зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Ажил олгогч нь 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаартай тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 48 дугаар зүйлийн 48.3.4, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн С.А-ыг ажлаас чөлөөлжээ.

   Ажилтан С.А- нь дээрх тушаалыг эс зөвшөөрч, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй хэдий ч хариуцагч 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гаргасан тушаалаа нэхэмжлэгчид гардуулж өгсөн нь нотлогдоогүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзнэ.

   Ажил олгогч Өлгий сумын Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн захирал Б.Т-, ажилтан С.А- нар 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус гэрээний 1.4 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээг “2019.09.02-2020.06.01” гэж хугацаатай, ажилтныг цагаар ажиллуулахаар харилцан тохиролцож, гэрээний 1.7 дахь хэсэгт гүйцэтгэх ажил, хүлээх үүрэг гэсэн хэсэгт “Эрүүл-мэндийн цагийн багш /5 дугаар ангид 7 хоногт 4 цаг эрүүл мэндийн хичээл заах/” гэж харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ. Тиймээс ажил олгогч нь “хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан” үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлж, ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцалж, дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэг, 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтад нийцсэн, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ажилтны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо анхан шатны шүүх үндэслэлтэй, хууль ёсны дүгнэлт хийсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, давж заалдах гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр нь үлдээж шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2020/01191 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

                                                                                                            Д.КӨБЕШ