| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/07277/И |
| Дугаар | 191/ШШ2025/00716 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/00716
2025 01 28 191/ШШ2025/00716
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***************, ************** тоот хаягт оршин суух, **************овогт Н.Т*********** /РД:**************/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***************, ************** хаягт байрлах, “Т.***********” ХХК /РД:2675501/-д холбогдох,
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжэээний олговор, нэмэгдэл хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Т***********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г***********, Ч.Э***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Т*********** нь “Т.***********” ХХК-д 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ажилд орсон. Нийтийн тээвэрт автобусны үйлчилгээ тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Хуваарийн дагуу би ажилласан. Ажилд орохдоо Хөдөлмөрийн гэрээ байгуулаад, 170 цагийн ажил хийнэ, нэг цагийн ажлын хөлсийг 14,000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон. Үүн дээр нэмэлт цалин өгөхөөр бас тохиролцсон.
Нэг цагийн хоолны мөнгө 900 төгрөг, осол авааргүй ажилласны урамшуулал 500 төгрөг, санал гомдолгүй ажилласан бол 500 төгрөг, ажил таслаагүй бол 1000 төгрөг, цагийн төлөвлөгөөний дагуу ажилласны урамшуулал 1000 төгрөг, хуваарийн дагуу ажилласны урамшуулал 1000 төгрөгөөр цалинжихаар тохиролцсон. Мөн түлшний хэмнэлт гаргавал 2000 төгрөг олгохоор, ажлын 5 хоногийн 40 цаг буюу өдрийн 8 цаг ажиллахаар тохиролцсон. Гэтэл энэ үүргээ байгууллагын захиргаа биелүүлээгүй. 170 цаг ажиллах нөхцөл бололцоогоор хангаагүй, надад 170 цагийн ажил өгөөгүй. 5 дугаар сарын 22-ны өдрөөс 6 сарын 22-ны өдөр хүртэл ажилладаг, энэ хугацаанд би 170 цаг ажиллах ёстой. Гэтэл 5 сарын 3-ны өдрөөс 5 сарын 22-ны өдөр хүртэл ажиллахад ажлын 6 хоног л ажилласан. Нэг өдөр 16 цагаар ажиллуулах ёстой бөгөөд энэ цагийг бүтэн олгодоггүй тул цаг нь дутуу ордог. Дараа сард нь мөн адил 5 сарын 22-ны өдрөөс 6 сарын 22-ны өдрийн хооронд 10 хоног ажиллуулсан, 7 хоног ажилгүй зогсоосон. 6 сарын 22-ны өдрөөс 7 сарын 09-ний өдөр хүртэл ажиллуулсан. Ингээд 7 сарын 10-нд өглөө ажилдаа очиход чамайг ажлаас халж байгаа гэж хэлсэн.
Намайг тэр үед замынхаа хуудсан дээр ажилдаа ирсэн гэж гарын үсэг зуруулчихаад ажилд гаргаагүй явуулсан. Тэр өдөр би ажиллаагүй. Ажлаас халсан тушаалыг минь 8 сарын 23-ны өдөр хүлээн авсан. Би өөрийн хүсэлтээр халагдаагүй, тэгэх байсан бол би халагдах боллоо гэж гэрээнд заасан хугацаандаа хэлэх байсан.
Гэтэл энэ хүмүүс өөрийн хүсэлтээр гэж гүтгэж ажлаас халах тушаал гаргасан байна. Намайг шүүхэд нэхэмжлэл гаргаад явах хугацаанд Энх-Амгалан гэх хүнээс тохиролцох хүсэлт ирсэн байхаар нь би очсон. Би ямар ч илүү цагийн мөнгө нэхээгүй. Цалинг минь өг гэдэг асуудал тавьсан. Илүү цагийн мөнгө нэхэмжилсэн тул эвлэрэхгүй гэж худал ярьсан.
Би анх 1195 паркын дугаартай автобус аваад түүн дээрээ ажиллахаар болсон. Ингээд ажил хийлгэхгүй долоо хоночихсон. Долоо хоногийн дараа 1199 паркын дугаартай автобус дээр тавигдсан. Ингээд 7 сардаа тэр автобус дээрээ бүтэн явна гэж бодож байтал намайг халчихсан. 1187 дугаарын автобус нь хуучин автобус байсан. Бүрэн бус техник байсан тул бүрэн бус автобусан дээр ажиллахгүй гэж хэлсэн. Халуун зун энэ автобусны кондейшн нь ажиллахгүй байсан. Мөн хариуцагчийн яриад байгаа шиг нэг өдрийн дотор диск нь эвдрэх ямар ч боломжгүй, тэр нормын хугацаа нь хэтрээд диск нь эвдэрчихсэн. Тэр өдөр ээлж нь таараад явж байхад нь машин эвдэрчихвэл тэр хүнийг нь эвдэлсэн гэдэг. Ингээд 250,000 төгрөгийг цалингаас суутгаад авчихсан байсан. Машин эвдрэхэд яагаад эвдэрсэн, ямар учиртай эвдэрснийг нь өөрсдөө тогтоох ёстой. Энэ диск нь миний мэдэхийн гурван удаа эвдэрсэн. Бүрэн бус техник ав гэдэг. 30-40 градуссын халуунтай байхад дотроо кондейшнгүй явах ямар ч боломжгүй байсан. Иймд би явахгүй гэж маргалдаад 7 хоног болсон. Тэр үед сануулах арга хэмжээ авч байна гэж огт хэлээгүй байж сүүлд нь ийм арга хэмжээ авсан гэж хэлсэн. Түүнчлэн өөрсдөө буруу зөрүү газраас техникээ ав гэж хэлчихээд дараа нь цалингаас 15000 төгрөг суутгасан байсан.
Энэ байгууллага намайг ажиллуулахгүй цалинг маань бүрэн олгохгүй байгаа.
Сүүлд гаргасан гэх 10 сарын 21-ний өдрийн намайг ажилд авсан гэх тушаал нь хэлбэрийн төдий гарсан тушаал. Энэ тушаалыг нь би гардаж аваагүй. Хишгээ гэж хүнд өгсөн гэдэг боловч би тийм хүн мэдэхгүй. 2,380,000 төгрөгөөр цалин хөлсөө тохирсон гэдгээ зөвшөөрч байна. Нэмэгдлүүд авахаар бас тохиролцсон. Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан. Энэ газар ажилд орохоосоо өмнө Автобус 1 компанид 19 жил ажилласан. Ингээд энэ газар ажилд орсон. Одоо ажилд эгүүлэн тогтоолгоно. 2024 оны 7 сарын 10-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртлэх хугацааны цалин нэхэмжилнэ. Үндсэн цалин 2,380,000 төгрөг дээр нэмэгдэл ажлын хөлсийг өдрийн 18,900 төгрөгөөр тооцож гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Т***********ыг халсан шалтгаан нь манай байгууллага Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Хятад автобус авсан. Гэтэл энэ хүн автобус хүлээж аваад 3 сард орж ирсэн автобусыг 6 сард гэмтээсэн. Тэгэхээр нь хуучин автобус өгч ажилд явуулах гэхэд тэгвэл ажиллахгүй, шинэ автобус л авна, хуучин автобус дээр явахгүй гээд ажлаа хаяад явсан.
Бидний хувьд шинэ автобусны сэлбэг үнэтэй тул энэ хүнийг шинэ автобус дээр явуулах боломж байхгүй. Ингээд энэ учраа хэлэхэд халамжид өгөх шаардлагатай болсон гээд тойрох хуудсаа өгнө гээд тушаалаа аваад явсан. Энэ хүнд ийм тушаал гаргасны төлөө ажилгүй байсан хугацааны цалинг өгөх болчихоод байна. Манай зүгээс 2,380,000 төгрөгөөр тооцож ажилгүй байх хугацааны цалин хөлсийг нь 10 сарын 21-ний өдөр хүртлэх хугацаагаар тооцож өгье гэж хэлсэн. Энэ хүнийг ажилд авах тушаал гаргаад утсаар ярихад өнөөдрийг хүртэл бид нар дээр ирж уулзаагүй. Иймд бид нар 10 сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны цалинг бодож өгөх саналтай байгаа.
Харин үргэлжлүүлээд бол ажиллуулах боломжгүй. Энэ хүнийг ажилд авсан тушаалыг 10 сарын 21-ний өдөр гарчихаад байхад энэ хүн ирж ажилдаа ороогүй, ирээгүй. Энэ тухай утсаар мэдэгдсэн. Утас руу нь мессеж илгээсэн. Шуудангаар тушаалыг нь явуулсан. Хишигээ гэх хүн гардаж авсан байсан. Энэ хүний цалин хөлсийг 2,380,000 төгрөгөөр тооцож өгье гэхээр өөрөө 3,500,000 төгрөгөөр тооцож авна гэдэг. Ажлын 69 хоногийн 552 цагийг 20,900 төгрөгөөр тооцоод 11,536,800 төгрөг шаардсан. Үүнийг нь бид биелүүлэх боломжгүй байсан.
Доголдолтой тээврийн хэрэгсэл бариулсан гэх тайлбарын хувьд нийтийн тээврийн стандартад нийцсэн автобусыг л явуулдаг. Ажиллаагүй байж илүү цагийн мөнгө тооцоод 3,500,000 төгрөг буюу 550 цагийг 12000 төгрөгөөр үржүүлж тооцоод 20,900 төгрөгөөр үржүүлж мөнгө нэхээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Манай байгууллага үйл ажиллагаагаа явуулаад 24 жилийн хугацаанд ажиллаж байгаа. Энэ хүнийг өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан гэж үзэж байгаа.
Цаашид энэ хүнийг ажиллуулах боломжгүй. Илүү цагийн мөнгө олгох боломжгүй гэв.
3.Нотлох баримтууд, нэхэмжлэгчээс 2024 оны 7 сарын 01-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 70 дугаартай тушаал, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 8 сарын 16-ны өдрийн 101/ШЗ2024/20974 дугаартай, Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж,
Хариуцагчаас, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 103 дугаартай Ажилд томилох тухай тушаал, “Монгол шуудан” ХК-ийн 2024 оны 11 сарын 04-ний өдрийн 18/370 тоот албан бичиг, шуудангийн гардуулалтын дэвтрийн хуулбар, компанийн дотоод журам, 2024 оны 3 сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, 2024 оны 3 сарын 29-ний өдрийн Журам батлах тухай 29 дугаартай тушаал, жолоочийн цалингийн тооцооллын задаргааны баримт, 2024 оны 3 сарын 29-ний өдрийн 30 дугаартай үндсэн цалин болон нэмэгдэл цалинг шинэчлэн батлах тухай тушаал, Н.Т***********ын цалингийн тооцооллын задаргаа, үйлчилгээний даалгаврын хуудас зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Н.Т*********** нь хариуцагч “Т.***********” ХХК-д холбогдуулан, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжэээний олговор, нэмэгдэл хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагчаас хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
2.Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь гомдлын шаардлагыг хангуулах үндэслэлийг “...ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэл зориг илэрхийлээгүй байхад тушаалын үндэслэлийг “өөрийн хүсэлтээр” гэж тодорхойлсон, хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж тодорхойлсон.
Хариуцагч татгалзлын үндэслэлийг “...жолооч тээврийн хэрэгслээ арчилж хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас тээврийн хэрэгсэлд гэмтэл учруулсан тул ажилтны өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй” гэж маргасан.
3.Ажил олгогч “Т.***********” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 49 дугаартай тушаалаар Н.Т***********ыг тус байгууллагад автобусны жолоочоор томилон ажиллуулж, Хөдөлмөрийн гэрээг байгуулж, ажилтан гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн хөлс төлж байсан болох нь талуудын хэн алиных нь тайлбар, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байх бөгөөд талууд уг үйл баримтад маргаагүй. /х.х-ийн 3-10, 25, 26 дугаар тал/
“Т.***********” ХХК-ийн ерөнхий захирлын 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 70 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, Компанийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх заалтыг үндэслэн Автобусны жолооч ажилтай Н.Т***********ыг өөрийн хүсэлтээр нь ажлаас чөлөөлсөн байна. /хх-ийн 4 дүгээр тал/
Хэргийн 4 дүгээр талд авагдсан ажлаас чөлөөлсөн тушаалыг байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарсан байдлаар нэхэмжлэгч талаас ирүүлсэн бөгөөд ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл агууллагад талууд хэн аль нь маргаагүй.
4.Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчээс өөрийн санаачлагаар ажлаас чөлөөлөгдсөн гэх тушаалын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т “Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно” гэж заасан.
Нэхэмжлэгчээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаар хүсэл зориг илэрхийлээгүй гэж тайлбарлаж байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар ажилтны зүгээс ажил олгогчид бичгээр эсхүл цахимаар ажлаас чөлөөлөгдөх агуулга бүхий хүсэл зоригийг илэрхийлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Иймд энэ үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль бус гэж үзэхээр байна.
5.Хариуцагчаас ажилтныг өөрийн эзэмшиж байсан тээврийн хэрэгслийг арчилж хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүйгээс тээврийн хэрэгслийг гэмтээсэн, ажилд авсан тушаал гаргасан байхад ажил, үүргээ гүйцэтгээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан баримтаар, ажилтан ажил үүргээ гүйцэтгэхдээ байгууллагад хохирол учруулсан үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд энэ үндэслэл нь ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Түүнчлэн, “Т.***********” ХХК-ийн ерөнхий захирлын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 103 дугаартай Ажилд томилох тухай тушаал гарсан хэдий ч ажил олгогчийн зүгээс ажилтныг ажлын байраар хангах үүргээ хэрэгжүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул ажлаас халсантай адилтгаж үзэхээр байна.
Иймд дурдсан үндэслэлүүдээр Н.Т***********ыг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Н.Т***********ыг “Т.***********” ХХК-ийн автобусны жолоочийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.
6.Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн а-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ... олговор олгох ... хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр” тодорхойлно гэж зааснаар 2024 оны 5, 6, 7 дугаар сарын дундаж цалин хөлс нь 1,914,795 төгрөг байх бөгөөд үүнийг ажлын 21,5 өдрөөр тооцоход нэг өдрийн цалин хөлс 89,060 төгрөг байна.
Иймд 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 12,557,460 төгрөг /141 хоног х 89,060 төгрөг/-ийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Талууд Хөдөлмөрийн гэрээгээр нэмэгдэл хөлс олгохоор тохиролцсон байх хэдий ч ажилтны зүгээс гэрээгээр тохиролцсон нэмэгдэл цалин хөлс авах ажил үүргийг гүйцэтгээгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэлийг хангахаас татгалзах нь зүйтэй байна.
7.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул ажил олгогч нь Н.Т***********ад ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 12,557,460 төгрөгийг олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаж тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв.
8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 215,869 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулж, улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1., 158 дугаар зүйлийн 158.2.2. дахь хэсэгт заасныг баримтлан Н.Т***********ыг “Т.***********” ХХК-ийн автобусны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “Т.***********” ХХК-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 12,557,460 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Т***********ад олгож, нэмэгдэл хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.7. дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т.***********” ХХК-ийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “Т.***********” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 215,869 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА