Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/029

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Улсын яллагч: Д.Цогжавхлан

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 1714001790178 тоот хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, Б.Б

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 10-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Гүн нуур” хүүхдийн зуслангийн газарт иргэн С.Аыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2017 оны 09 дүгээр сард Баянхонгор аймгийн Угсаатны зүй, Байгалийн түүхийн музейд тайлбарлагчаар ажиллаж байх хугацаанд жил бүр зохион байгууллагддаг музейн ажилчдын цугларалт тэмцээнд ажлынхаа хэсэг хүмүүсийн хамт Сэлэнгэ аймаг руу явсан. Тэр хугацаанд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Гүн нуур” хүүхдийн зусланд очсон. Тэгэхэд С.А бид хоёр маргалдаж хоорондоо барилцаж авсан... гэх мэдүүлэг.... /хх-н 64-65/

Хохирогч С.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Манай музейн хамт олон Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Гүн нуур" амралтын газарт сургалтанд оролцохоор очсон. Тухайн газар байхад би бүртгэл мэдээллийн ажилчин Эрдэнэхуяг, эрдэм шинжилгээний ажилтан , харуул нарын хамтаар байрлаж байсан газар руугаа алхаж байтал урдаас тайлбарлагч Б.Б ганцаараа ирж яваа харагдсан. Б.Б бидэнтэй уулзчихаад харуул Ц,Н, бид гурав руу дайрч хэлэх хэлэхгүй үгээр хэлсэн. Бид ч түүний хэлсэн үгийг тоолгүй зөрөөд алхтал Б.Б нь миний нүүр рүү 2 дахиад ороолгосон. Түүний дараагаар бид амралтын байшин дотор орсон байхад Н руу төмс авч шидсэн. Мөн сандал бариад дайрсан, Б.Быг би хүний газарт явж байж өөрийгөө хичээхэд яадаг юм гэхэд өмнөөс чам шиг банди яадаг юм гэж хэлээд намайг барьж аваад толгойгоороо мөргөсөн.Тэгэхээр нь би зөрүүлээд гараараа цохисон. Б миний нүүр рүү мөргөсний улмаас үүдэн шүд хөдөлсөн, баруун нүдэнд жаахан улайлт өгсөн. Өөр биед үүссэн шарх, гэмтэлгүй... гэх мэдүүлэг  /хх-н 35-36/

Гэрч И.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

....С.А, Б.Б хоёр хоорондоо маргаж нэг нэгийгээ цохилцсон байсан. Б.Б ахын хамраас цус гоожсон байсан. С.А ах харин ярихдаа Б.Б миний шүд рүү мөргөчихсөн гэж байсан.Тэгээд шүдээ оролдоод сууж байсан... гэх мэдүүлэг/хх-ийн 41-42/

Гэрч Д.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Хүүхдийн зусланд очсоны маргааш буюу 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Б.Б, С.А нарын хооронд асуудал үүссэн. С.А, И.Ц, Эрдэнэхуяг бид 3 өглөө нь хүүхдийн зуслангаас “Гүн нуур” руу гүйж очсон. Тэндээ жаахан байж байгаад зуслангийн газар руу алхацгаасан. Тэгсэн Б.Б араас орж ирээд над руу үсчээд хэл амаар доромжлоод төмс шидээд, сандал барьж дайраад байсан. Тэгэхэд нь би түүнтэй барилцаж авсан, тэнд байсан хүмүүс Б.Б бид хоёрыг салгасан.Тэгсний дараагаар Б.Б, С.А руу дайраад барилцаж авсан, тэнд байсан хүмүүс бас салгасан. Б.Б, С.А нар салсны дараагаар С.А чи миний шүд рүү мөргөчихлөө, шүд хөдөлсөн байна гээд мөн Б.Бын гар орчимд цус болсон харагдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №457 дугаартай

1.С.Аын биед нэг шүдний сулрал, буйлнй үрэвсэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт... гэх дүгнэлт /хх-ийн 58-59 /

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 1-2/, хэргийг харьяалалын дагуу шилжүүлэх тухай санал, тогтооол, /17-23/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 27-32/, шүүгдэгч Б.Бын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугара багийн Засаг даргын 2017.12.14 3/1902 тоот тодорхойлолт / хх-ийн 66/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 68/, шүүгдэгч Б.Бын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 67/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Гүн нуур” хүүхдийн зуслангийн газарт иргэн С.Аыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

хохирогч С.Аын ... Б.Б нь миний нүүр рүү 2 дахиад ороолгосон, миний нүүр рүү мөргөсний улмаас үүдэн шүд хөдөлсөн, баруун нүдэнд жаахан улайлт өгсөн. Өөр биед үүссэн шарх, гэмтэлгүй... гэх мэдүүлэг     /хх-н 35-36/

гэрч И.Цгийн ...С.А, Б.Б хоёр хоорондоо маргаж нэг нэгийгээ цохилцсон байсан. Б.Б ахын хамраас цус гоожсон байсан. С.А ах харин ярихдаа Б.Б миний шүд рүү мөргөчихсөн гээд шүдээ оролдоод сууж байсан... гэх мэдүүлэг/хх-ийн 41-42/

гэрч Д.Нын ... Б.Б, С.А руу дайраад барилцаж авсан, тэнд байсан хүмүүс салсны дараагаар С.А чи миний шүд рүү мөргөчихлөө, шүд хөдөлсөн байна, ..Б.Бын гар орчимд цус болсон харагдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 /

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Б ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Бд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Бд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 47-р зүйлд“...Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт Баянхонгор аймгийн Баян-овоо сумын нутаг үйл ажиллагаа явуулдаг “Цагаан цахир” гэх зазарт хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдал, хувьд ногдох хөрөнгө / санота 2 машин, 3-10-24 тоотод хашаа байшин, өөрийн нэр дээр газар/ бусад орлого олох боломж болон шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулж, шүүхээс шүүгдэгч Б.Бд оногдуулсан 650000 төгрөгийг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хохирогч С.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөнгөн дүнгээр хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй болно.

Харин хохирогч С.А нь ажлын цаг зав муутай, санхүү мөнгийн бололцоогүйгээр шүдээ эмчлүүлж амжаагүй учир цаашид эмчилгээ хийлгүүлж хохирлоо нэхэмжлэх талаар шүүхэд хүсэлт гаргасан байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Баас нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Шүүгдэгч Б.Бын эзэмшлийн “... цагаан өнгийн угаалгын машин...”-ыг битүүмжилсэн тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, торгох ял биелэгдээгүй нөхцөлд худалдан борлуулж тусгай дансанд төлүүлж, торгох ял биелэгдсэн тохиолдолд эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу дээрхи зүйлсийг эзэмшигч Б.Бд буцаан олгож, уг хэргийн улмаас шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Сартуул овогт Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Быг зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжэээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Бд оногдуулсан зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Б нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Бын эзэмшлийн “... цагаан өнгийн угаалгын машин...”-ыг битүүмжилсэн тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, торгох ял биелэгдээгүй нөхцөлд худалдан борлуулж тусгай дансанд төлүүлж, торгох ял биелэгдсэн тохиолдолд эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу дээрхи зүйлсийг эзэмшигч Б.Бд буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч С.Азбаяр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА