Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2024/0014

 

 

 

 

 

  2024         12           27                                     128/ШШ2024/0014

                      

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, шүүгч М.Батзориг, шүүгч Н.Дамдинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “О*******” ХХК /РД:*******/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О*******

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд /хуучин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Д******* нарын хоорондын үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д******* /цахим/, иргэдийн төлөөлөгч С.Д******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул нар оролцов.

                                                  ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч “О*******” ХХК анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа маргаж буй захиргааны актаа “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаар тушаал” гэж тодорхойлжээ.

1.2.Нэхэмжлэгчээс 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж тодруулсан.

1.3.Мөн нэхэмжлэгч “О*******” ХХК-ийн өмгөөлөгчөөс 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаан дээр “Нэхэмжлэл гаргахдаа маргаж буй тушаалын дугаарыг андууран гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг дахин тодруулсан” гэж тайлбарласан.

Хоёр.Хэргийн үйл баримтын тухайд:

2.1.Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яам /тухайн үеийн нэрээр/-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай албан бичгээр цуцлах, хүчингүй болгох шаардлагатай гэж үзсэн газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэрсийг хүргүүлжээ.

2.2.Уг албан бичгийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаар тушаалаар нэхэмжлэгч “О*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг “газрын ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй” гэх газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэжээ.

2.3.Нэхэмжлэгч “О*******” ХХК нь уг тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “газар ашиглах эрхийг цуцалсан тушаалыг мэдэгдээгүй, хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийж, тайлбар гаргах боломж олгоогүй, Ковид-19 цар тахлын нөхцөл байдалд байсан зэрэг нөхцөл байдлын харгалзан үзээгүй” гэж тайлбарласан ба шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэлд:

3.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ:

Манай "О*******" ХХК нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/ дугаар тушаалаар Б уулын дархан цаазат газрын Б аманд 2.5 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг олж авсан. Гэвч уг газар ашиглах эрхийг Б уулын дархан цаазат газрын 2023 оны 08 дугаар сарын 15-ний өдрийн А/******* дугаар тушаалаар хүчингүй болгож шийдвэрлэжээ. Уг тушаалыг манай компанийн зүгээс дараах үндэслэлээр эс зөвшөөрч өргөдөл гаргаж байгааг хүлээн авна уу. Үүнд:

1.Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/ дугаар тушаалаар Б уулын дархан цаазат газрын Б аманд 2.5 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг авах эрх үүссэнээс хойш Монгол Улс төдийгүй дэлхий дахины тулгамдсан асуудал болоод буй Ковид-19 буюу корона вирус цар тахлаас сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас улсын хэмжээнд бүхэлд нь болон хэсэгчилсэн хөл хориог тогтоож эхэлсэн. Энэхүү коронавирусын цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болох хөл хорио аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай" тогтоолын дагуу улсын хэмжээнд тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсан.

Үүний дагуу бид цар тахлын нөхцөл байдал хүндээр туссан, мөн тус газрыг бидэнд шинэчлэн олгосны улмаас ашиглахад төвөгтэй нөхцөл байдал үүсээд байгаа талаар хамгаалалтын захиргаанд мэдэгдсэн.

Гэвч бидэнд газар ашиглах эрхийг цуцлах талаар огт мэдэгдээгүй боловч тийнхүү цуцалсан байгаад гомдолтой байна.

Мөн бидэнд танай эзэмшил газрын эрхийг цуцлахгүй, харин санхүү мөнгөний асуудлаа шийдвэрлэж, газрын гэрчилгээгээ гардан авч, гэрээгээ байгуулаарай гэж итгэл төрүүлэн хүлээлгэж байсан.

Ийнхүү итгэл төрүүлсэн, мөн биднийг өмнө ашиглалтын газраа цуцлуулж, тус газрын ашиглах эрхийг шинээр аваад шинэ төслийн ажилд орсон, цар тахлын нөхцөл байдал хүндээр туссаныг ойлгосон тийнхүү цуцлах санал гаргаж, цуцалж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн 4.2.8 дахь хэсэгт заасан хууль ёсны итгэлийг хамгаалах, мөн хуулийн 4.2.5 дахь хэсэгт заасан шийдвэр нь бодит нөхцөлд байдалд тохирсон, үндэслэл бүхий байх зарчмуудыг зөрчсөн байна.

Бид анхнаасаа өөрсдийн нөхцөл байдлыг үнэн бодитойгоор илэрхийлж, Б уулын хамгаалалтын газрын захиргаатайгаа хамтарч ажиллаж байсан.

2.Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 264 дүгээр тогтоолоор 2023-2024 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Манай компанийн хэрэгжүүлж буй төсөл нь энэхүү Монгол Улсын Засгийн газрын 264 дүгээр тогтоолоор батлагдсан Монголд зочлох жилийн зорилго, үйл ажиллагаатай шууд хамааралтай юм.

Б уул нь өөрөө байгалийн үзэсгэлэнт, дэлхийн хамгийн анхны дархан цаазат уул бөгөөд аялал жуулчлалын бүсээр хөгжих бүрэн боломжтой. Энэ хүрээнд бид гадаадын аялагч болон монголынхоо дотоодын аялагч нарт үйлчлэх, цагийн хураамжаа төлөөд өөрсдийн хэрэглээний жимсээ түүх үйлчилгээ бүхий шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлэхээр байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан төлөвлөгөөгөө боловсруулан батлуулж, барилгын загвар зургаа гүйцэтгүүлээд байна.        Энэ төрлийн үйлчилгээ нь аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн төдийгүй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэд, жуулчдыг эрүүл хүнсээр хангах, мөн "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд жимсний модоор ойн санг нэмэгдүүлэх зэрэг давхар давхар ач холбогдолтой юм.

3.Газрын ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэснээ бидэнд мэдэгдэх ажиллагаа хийгээгүй мөртлөө 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгах тухай" албан бичгээр мэдэгдсэн. Уг албан бичигт манай компанийн газар ашиглах эрхийг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаар тушаалаар хүчингүй болгосон талаар тусгаж уг тушаалын хуулбарыг хавсаргаж ирүүлсэн.

Бид уг тушаалыг эс зөвшөөрч Байгаль орчин аялал жуулчлалын сайдад гомдол гарган хандсан бөгөөд сайд тус гомдлын хариуг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дугаар албан бичгээр "... гомдлоо хууль шүүхийн байгууллагад хандан гаргах нь зүйтэй" гэсэн агуулгаар ирүүлжээ. Маргаан бүхий 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаар тушаалын 1-д "... газар ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй" гэжээ. Гэтэл манай компанид газар ашиглах эрхийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/ дугаар тушаалаар Б уулын Дархан цаазат газрын Б аманд 2.5 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар олгосон.

            Тиймээс дээрх газар ашиглах эрхийн хугацаа 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болохоор байх бөгөөд газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө буюу 2024 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр гаргахаар байхад ийнхүү газар ашиглах эрхийн хугацаа дуусгавар болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ний өдрийн А/******* дугаар тушаалын "О*******" ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч компанийн зүгээс шүүхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан үндэслэл нь нэхэмжлэгч компани нь 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ гэрчилгээг хураалгах тухай албан бичгийг 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр баталгаат шуудангаар хүлээн авсан байдаг. Энэхүү албан бичигт 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаар тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон гэх талаар дурдаад уг тушаалыг албан бичгийн хавсралтаар хуулбарлан явуулсан байдаг бөгөөд уг албан бичгээр газрын гэрээ гэрчилгээг хураалгахыг даалгасан байсан. Нэхэмжлэгч нь анх 2019 онд газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалын дагуу авсан бөгөөд уг газар нь 5 жилийн хугацаатай олгогдсон байдаг. Гэвч уг газар ашиглах эрхийн хугацаа дуусаагүй байсан буюу 2019 онд авсан газар ашиглах эрхийн хугацаа 2024 онд дуусахаар байсан. Гэтэл уг хугацаа дуусахаас өмнө сунгуулах хүсэлт гаргаагүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэж байгааг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Хариуцагч талаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл бүрдээгүй гэж үзэн тушаалыг хүчингүй болгоон бөгөөд үүнийг эс зөвшөөрч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад гомдол гаргасан боловч шүүхэд ханд гэх хариуг өгсөн учраас шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргасан.

2019 онд газар ашиглах эрхийг авснаас хойш цар тахлын нөхцөл байдал тохиолдсон байдаг. Тийм учраас бизнес эрхлэгчид 2.5 жил төслөө хэрэгжүүлэхэд боломжгүй нөхцөл байдалтай байсан. Монгол Улсын Засгийн газраас бизнес эрхлэгчдийг дэмжинэ гэсэн боловч ийнхүү хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад буюу газар ашиглах эрхийн хугацаа дуусаагүй байхад хугацааг сунгуулах хүсэлтээ гаргаагүй гэх үндэслэлээр цуцлуулж байгааг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өмнө нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас газар ашиглах эрхийг нэхэмжлэгчид өөрт нь мэдэгдэхгүйгээр цуцлаад мөн өөр газарт газар ашиглах эрхийг эзэмшүүлсэн нь уг газар байсан. Өмнө нь өөр газар буюу Чандманы ам гэх газар төслөө хэрэгжүүлэхээр хөрөнгө санхүү бэлэн болж байхад газар ашиглах эрхийг цуцалсан бөгөөд түүнийгээ мэдэгдээгүй байсны дагуу нэхэмжлэгч талаас гомдол, санал гаргасны хүрээнд газар эзэмшүүлсэн талаарх материалууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Манай үйлчлүүлэгчийн хувьд Холбооны Бүгд Найрамдах Г Улсад олон жил амьдарсан учраас Гд байдаг байгалийн жимсийг тариалаад, гадаадын болон дотоодын жуулчдад зориулан гэр бүлээрээ цэвэр агаарт мөнгөө төлөөд жимс түүдэг, стрессээ жимс түүж арилгах, эрүүл мэндээ дэмжих зэрэг байдлаар төсөл бэлдэн 2019 онд газар ашиглах эрхийг авсан боловч 2020 оноос эхэлсэн цар тахалтай холбогдуулж төслөө хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Мөн бидний маргаад буй захиргааны акт нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас албан ёсоор мэдэгдсэн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан хууль зүйн үндэслэл нь тушаал өөрөө Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн боловч уг үндэслэл бүрдээгүй байх учраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. Мөн уг газрын гуравдагч этгээдэд ашиглуулах, эзэмшүүлэх тушаал гарсан үйл явдал байхгүй тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү” гэв.

3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

“ " ХХК-ын гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн "Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/ дугаартай тушаалаар “ ” ХХК-д 2 м.кв талбай бүхий газрыг Б Уулын дархан цаазат газрын Б амны хязгаарлалтын бүсэд 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн "Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай" А/******* дугаар тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.

Тус дуусгавар болгосон тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар газар ашиглах эрхийн гэрчилгээ болон газар ашиглах гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй" гэж заасныг удирдлага болгосон.

Нэхэмжлэгч дээрх газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ яам болон харьяа хамгаалалтын захиргаанд гаргаагүй буюу Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1. 39.1.1 дэх хэсэгт зааснаар эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргана гэснийг зөрчсөн байх тул Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар албан бичгийг үндэслэн хуульд заасны дагуу дуусгавар болгосон” гэжээ.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. “О*******” ХХК-д анх 2019 онд газар ашиглах эрх олгоод 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар тушаалаар газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Дуусгавар болгосон тушаалын үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан газар ашиглах эрх дуусгавар болсны дараа 30 хоногийн дотор газар ашиглах эрхийг сунгах хүсэлтээ гаргаагүй байгаа гэх үндэслэлээр тушаалыг гаргасан байдаг. Мөн сонсох ажиллагааны хувьд Б уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас олон нийтийн мэдээллийн санд тавьсан байсан. Б уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн саналд дурдсан 41.5, 41.6 дахь хэсгийг үндэслээд, мөн хянан шалгах зөвлөлийн 11 дүгээр хурлын шийдвэрийн тоймыг үндэслэн уг тушаалыг анх гаргасан.

Тийм учраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                               ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

            1.1.Энэ хэрэгт “тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахтай холбоотой” үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

2.1.Нэхэмжлэгч “О*******” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/ дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Б уулын дархан цаазат газрын Б амны хязгаарлалтын бүсэд 2.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн байна. /ХХ-1-ийн 135 дахь тал/

2.2.Уг шийдвэрийн дагуу “О*******” ХХК-д 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дугаартай Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг таван жилийн хугацаатай олгосон байх тул гэрчилгээний хугацаа нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болох ёстой байжээ. /ХХ-1-ийн 196 дахь тал/

2.3.Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай албан бичгээр “О*******” ХХК-д сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж, уг мэдэгдэлдээ “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 33 дугаар зүйлийн 33.2, 34 дүгээр зүйлийн 34.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтыг зөрчсөн тухай, мөн хамгаалалтын бүсэд багтсан тухай тайлбарлаж, бичгээр хариу тайлбар гаргахыг мэдэгдсэн байна. /ХХ-1-ийн 192 дахь тал/

2.4.Уг мэдэгдлийг нэхэмжлэгч “О*******” ХХК хүлээн авч, огноогүй албан бичгээр “... Ковид-19 гэх мэт олон шалтгаануудаас бидний төлөвлөсөн бизнес цаг хугацаа алдаж байгаа тул бизнес эрхлэгч бидэнд боломж олгон газар ашиглах эрхийг хүчинтэй болгож, олон улсын хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах боломж олгож өгөх”-ийг хүссэн байна. /ХХ-1-ийн 194 дэх тал/

2.5.Өөрөөр хэлбэл, Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь 2022 онд газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар сонсох ажиллагаа явуулж, нэхэмжлэгч “О*******” ХХК-иас бичгийн тайлбар авсан гэдэг нь нотлогдлоо.

2.6.Ингээд Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 994 дүгээр албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хандаж, “О*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, газрын хууль тогтоомж зөрчсөн, тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийг зааж, газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох саналыг хүргүүлснийг үндэслэн дээрх Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/******* дугаар тушаалыг гаргасан байна.

2.7.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/******* дугаар тушаалаар “... Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн, газар ашиглах эрхийн гэрчилгээ аваагүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, газар ашиглах гэрээ байгуулаагүй, хуулийн хугацаанд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийгээгүй” гэх үндэслэлүүдийг гаргаж, уг тушаалын хавсралтаар нэр бүхий 8 хуулийн этгээдэд холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. /ХХ-1-ийн 187 дахь тал/

2.8.Уг тушаалын хавсралтын 1 дэх заалтад “О*******” ХХК-ийн нэр байгаа ба дээрх 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/******* дугаар тушаалын хууль зүйн үр дагавар нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/ дугаар тушаалыг буюу тус компанид анх газар ашиглах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгосон, ингэхдээ дээрх үндэслэлүүдийн аль нь тус компанид хамаарч байгаа болох нь тодорхойгүй байна. /ХХ-1-ийн дахь тал/

2.9.Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/******* дугаар тушаалыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулсан байгаа боловч, уг шийдвэрийг нэхэмжлэгч “О*******” ХХК-д гардуулсан болон энэ шийдвэрийн талаар мэдэгдсэн баримт байхгүй гэж тайлбарласан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг тушаалыг гардуулсан гэж маргаагүй, ийм нотлох баримт гаргаж өгөх хүсэлт гаргаагүй тул уг баримтыг гардуулаагүй болох нь нотлогдсон гэж үзсэн.

2.10.Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, яамны эрх бүхий албан тушаалтан нь энэхүү 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/******* дугаар тушаалыг “О*******” ХХК-д гардуулаагүйгээс гадна энэ шийдвэрийг гаргасан гэдгээ маргаан бүхий захиргааны актыг гаргах үедээ хариуцагч өөрөө  мэдээгүй гэдэг нь “О*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг  дуусгавар болгосон акт дахин гаргаснаар” нотлогдож  байна.

2.11.Түүнээс гадна Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга нараас нэхэмжлэгч “О*******” ХХК-тай газар ашиглах гэрээг байгуулаагүй болох нь “гэрээ байгуулсан баримт байхгүй” гэх нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбаруудаар тогтоогдсон.

2.12.Үүний дараа дахин хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/******* дугаар тушаалаар, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/ дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хуралдсан XI хурлаас гарсан шийдвэрийг баримтлан “... ашиглуулахаар олгосон газрын ашиглах эрхийн хугацаа дуусгавар болохоос өмнө эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “О*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэжээ. /ХХ-1-ийн 176 дахь тал/

2.13.Хариуцагч нь өөрийн гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/******* дугаар тушаалын хууль зүйн үр дагаврын талаар тайлбарлаж чадахгүй байгаа ба улмаар маргаан бүхий актыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй гэдэг нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ийм баримт байхгүй” гэснээр тогтоогдсон.

2.14.Нэхэмжлэгч “О*******” ХХК-ийн өмгөөлөгчөөс Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/******* дугаар тушаалыг огт мэдээгүй, сая шүүх нотлох баримт цуглуулахад шинээр гарч ирснээр мэдсэн гэж, мөн уг актад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхгүй, жичид нь шийдвэрлүүлэх болно гэж тайлбарласан тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

2.15.Маргаан бүхий актад дурдсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/ дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хуралдсан XI хурлын тэмдэглэл, хурлаас гаргасан шийдвэр гэж байхгүй болох нь Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаар албан бичгээр “... хурлын тэмдэглэл баталгаажсан хувь нь тус газрын архив, мэдээллийн санд байхгүй” гэснээр /ХХ-1-ийн 201 дэх тал/ нотлогдсон зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдож байна.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Шүүх бүрэлдэхүүн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх сэргэх эсэх, эсхүл хууль ёсны ашиг сонирхол байгаа эсэхэд дүгнэлт өгч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

3.2.Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно” гэж заасан байна.

3.3.Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/******* дугаар тушаалыг “О*******” ХХК-д хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй болох нь нотлогдсон тул энэхүү тушаал нь хүчин төгөлдөр болоогүй тул нэхэмжлэгчийн хувьд энэ маргаанд хууль зүйн үр дагавар авчраагүй гэж үзэх үндэслэл боллоо.

3.4.Нөгөө талаас үзвэл, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах тухай гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна.

3.5.Нэхэмжлэгч “О*******” ХХК-ийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Б уулын дархан цаазат газрын Б амны хязгаарлалтын бүсэд 2.5 га газрыг ашиглах эрх олж авсан шийдвэрийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/******* дугаар тушаалаар хүчингүй болгосон байгаа боловч тус компанид 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр, таван жилийн хугацаатай олгосон дугаартай Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгоогүй байна.

3.6.Өөрөөр хэлбэл, эрх зүйн ямар нэг баримт бичгээр уг гэрчилгээг хүчингүй болгоогүй тул “О*******” ХХК-ийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр газар ашиглах гэрчилгээтэй байсан гэх хууль зүйн үр дагавар үүснэ гэж үзсэн.

3.7.Иймд хүчин төгөлдөр газар ашиглах эрхийн гэрчилгээтэй “О*******” ХХК нь 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/******* дугаар тушаалыг “хууль ёсны ашиг сонирхол”-оо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

3.8.Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана” гэжээ.

3.9.Хуулийн энэ заалтын дагуу тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч иргэн, аж ахуй нэгж нь газар ашиглах хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлтийг холбогдох байгууллагад гаргах боломжтой.

3.10.Дээр тогтоогдсоноор нэхэмжлэгч “О*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болох ёстой буюу уг хугацааг дуусахад 9 сар, 24 хоног дутуу байхад газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах хүсэлтээ гаргаагүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр хуульд нийцээгүй байна.

3.11.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр А/******* дугаар тушаал нь хүчин төгөлдөр газар ашиглах эрхийн гэрчилгээтэй байгаа “О*******” ХХК-ийн газар ашиглах эрхээ сэргээлгэх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нь ийнхүү нотлогдож байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

3.12.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/******* дугаар тушаал нь хүчин төгөлдөр болоогүй, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй учраас нэхэмжлэгчид хүчин төгөлдөр газар ашиглах эрхийн гэрчилгээний үндсэн дээр үүссэн газрын эрх зүйн харилцаа байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн ба нэхэмжлэгчийн энэхүү актад маргаагүй нь түүний эрх бүхий этгээдэд хандаж газар ашиглах эрхийг сэргэхтэй холбоотой асуудлаа шийдвэрлүүлэх эрхийг нь хязгаарлах үндэслэл болох ёсгүй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “хууль ёсны ашиг сонирхол”-ыг нь хамгаалж, сэргээх нь зүйтэй гэж үзсэн болно.

3.13.Иймд нэхэмжлэгчийн маргаагүй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/******* дугаар тушаалд хууль зүйн дүгнэлт өгөхгүй, уг асуудлаар маргах эрхийг нь нээлтэй үлдээж шийдвэрлэлээ.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

4.2.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/******* дугаар тушаалыг “О*******” ХХК-д гардуулсан, нэхэмжлэгч мэдсэн гэдгийг хариуцагч нотолж чадаагүй, энэ талаар нотлох баримт гаргах хүсэлт гаргаагүй бөгөөд маргаагүй тул талуудын маргаагүй нотлох баримтыг цуглуулах шаардлагагүй гэж үзлээ.

Тав. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаар:

5.1.“Миний хувьд уг хэргийн шүүх хуралдаанд 3 удаа оролцсон бөгөөд нэгэнд нь биеэр оролцсон бөгөөд хоёрт нь цахимаар оролцлоо. Миний хувьд иргэн хүний зүгээс дүгнэж хэлбэл шүүх хуралдааны явц үнэн, бодитой, зөв, шударга явсан гэж үзэж байна. Гэвч миний зүгээс харсан дутагдал гэвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдсон байх бөгөөд гаргасан тайлбар, хариултаа баталж чадахгүй байна. Хариуцагч тал бол төрийн байгууллага атал тус төрийн байгууллагыг төлөөлж байгаа хүн нь хэтэрхий сул байна гэж харагдаж байна. Мэргэжлийн ур чадвартаа анхаарах хэрэгтэй гэж хэлмээр байна. Нэхэмжлэгч талын хувьд хүчтэй, оновчтой байна. Гэхдээ маргаан бүхий газар дээр 2 тушаал гарсан гэдэг нь анхны хурал дээр гаргаж ирсэн материал байхад 3 дахь хурал болж байхад холбоотой материалуудыг хавтаст хэрэгт оруулаагүй байгаа нь ойлгоход хэцүү байна гэсэн дүгнэлт гаргалаа” гэв.

5.2.Шүүх бүрэлдэхүүн нь иргэдийн төлөөлөгч С.Д*******ын дүгнэлтийг үндэслэлтэй зүйтэй гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр А/******* дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгч “ ”  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, уг төлбөрийг хариуцагч Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн сайдаас нөхөн гаргуулж, нэхэмжлэгч “О*******” ХХК-д олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ЭРДЭНЭЧИМЭГ

                                       ШҮҮГЧ                                М.БАТЗОРИГ

                                       ШҮҮГЧ                               Н.ДАМДИНСҮРЭН