Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 212/МА2020/00077   

 

   Х.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай  

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй, тус  аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2020/00831 дугаар шийдвэртэй Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух, Х.Б-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн М- БГБХН Өрхийн эрүүл мэндийн төв /дарга Х.Е-/-д холбогдох иргэний хэргийг хариуцагч Баян-Өлгий аймгийн М- БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Х.Е-, хариуцагч байгууллагын өмгөөлөгч С.Алтай нарын давж заалдах журмаар хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагч “М” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Х.Е-, хариуцагч байгууллагын өмгөөлөгч С.Алтай, А.Серикжан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:  Баян-Өлгий аймгийн М БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/16 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн М БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн их эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэлд: “Х.Б миний бие их эмч мэргэжилтэй. Баян-Өлгий аймгийн М- БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвд 2019 оны 11 дугаар сарын 18-ний өдөр тус төвийн даргын Б/48 дугаар тушаалаар өрхийн эрүүл мэндийн төвийн IV хэсэг буюу 3 дугаар багийн өрхийн эмчээр түр томилогдон ажиллаж байгаад тус төвийн даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн Б/56 дугаар тушаалаар өрхийн эрүүл мэндийн төвийн IV хэсэг буюу 3 дугаар багийн өрхийн их эмчийн ажилд томилогдон байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, өөрийн үүрэгт ажлаа чанарын түвшинд гүйцэтгэж байсан. Ажлын алдаа дутагдал, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар намайг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Баян-Өлгий аймгийн М- БГБХН Өрхийн эрүүл мэндийн төв татан буугдаагүй, орон тоо хасагдаагүй, их эмчийн тоог цөөрүүлээгүй бөгөөд Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны MNS 5292:2017 стандартад заасан эмчийн орон тоотой үйл ажиллагаа явуулдаг. Баян-Өлгий аймгийн М-" БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/16 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй. Миний үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг ноцтой хохироож байгаа тул уг тушаалыг хүчингүй болгож, намайг Баян-Өлгий аймгийн М- өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн ажилд эгүүлэн тогтоож шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ. 

Хариуцагч Баян-Өлгий аймгийн М- БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Х.Е- шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: “1. Х.Б- нь тус төвд их эмч байсан сургалтад явсан М.Ж-ын оронд анх 2019 оны 11 дүгээр сарын 18-ны тус төвийн даргын Б/48 дугаартай тушаалаар түр хугацаагаар их эмчээр томилогдсон байжээ. Энэ тушаал нь манай ӨЭМТөвд хадгалагдаж байгаа бөгөөд энэ тушаалаар цалинжаад явж байсан.

2. Манай М- ӨЭМТөвд 7 их эмчийн орон тоо байдаг бөгөөд одоогийн байдлаар 7 их эмч ажиллаж байна. Илүү орон тоо байхгүй. Өрхийн эрүүл мэндийн төв нь төсөвтөө захирагдаж орон тоо бүтцээ барьж ажиллаж байгаа бөгөөд түр тушаалаар илүү орон тоонд ажиллаж байсан Х.Б- нь төсвийн шаардлагаар ажлаас чөлөөлөгдсөн.

3. Харин нэхэмжлэлд дурдагдсан тус төвийн и даргын 2019.12.19-ний өдрийн Б/56 дугаартай манай бүртгэлд байхгүй бөгөөд нэг ч хувь нь архивд хадгалагдаагүй болно.

Энэ тушаалыг төвийн дарга байсан З.М- нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх үедээ төвийн тамга тэмдэг албан тушаалаа ашиглан орон тоо бүтцэд харш үйлдэл хийж бичиж Х.Б-д өгсөн гэж үзэж байна. 4Х.Б-д Чи цаашид гарах орон тоонд багтаж түр ч эсвэл бүр ч орж ажиллах боломжтой. Тухайлбал би жирэмсний амралт авна, мөн З.М- эмчийн асуудал ч шүүхээр хянагдаж байгаа мөн эмч нар сургалтад явах юм бол, өөр газарт томилогдож явах зэрэгт чамд дахин орж ажиллах боломж байна гэж хэлсэн. Ер нь ӨЭМТөв маань төсөв хөрөнгөндөө багтаж үйл ажиллагаа явуулдаг болохоор илүү орон тоонд хүн ажиллуулах надад тийм эрх ч байхгүй бөгөөд мөн түр тушаалаар илүү орон тоо болж ажиллах, цалинжих эрх бусдад ч байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд холбогдох нотлох баримтыг цуглуулж өгөх болно. Иймд Х.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2020/00831 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн М- БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/16 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, Х.Бийг нь Баян-Өлгий аймгийн М- БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн их эмчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: “М-”  өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан З.М- нь тус М- БГБХН-г хуурамч бичиг баримт бүрдүүлж өөрийн нэр дээр болгосон, Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилчдын эд хөрөнгө цалин мөнгийг ашиглан завшсан гэсэн гэмт хэрэг үйлдсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэд хэдэн зүйл ангид зааснаар шалгагдаж яллагдагчаар татагдсан бөгөөд хэрэг үйлдсэн нь аймгийн прокурорын газрын хяналтаар нотлогдож яллах дүгнэлт үйлдэгдээд шүүхэд шилжээд байгаа юм. З.М-ийг энэ хэрэгт шалгагдсан болон бусад асуудлаар нь М- БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн бүх ажилчид, нөхөрлөлийн гишүүд хуралдаж, уг хурлын шийдвэрийг үндэслэн нөхөрлөлийн дарга тогтоол гарган З.М-ийг Өрхийн эрүүл мэндийн төвийн даргаас огцруулаад эмч болгоод оронд нь их эмчээр ажиллаж байсан Х.Е- намайг төвийн даргаар томилсон. Би 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр томилогдож Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай, төсөв хөрөнгө цалин урамшуулал гэх мэт баримттай танилцахад улсаас төсвөөр батлагдсан 7 эмчийн оронд 9 эмч ажиллаж байсан. Тодруулбал Б.Т-, Х.Б нар илүү орон тоо болж ажиллаж байсныг илрүүлсэн. З.М-ээс надад албаны гэж хүлээлгэж өгсөн бичиг баримт бүртгэл байхгүй юм. Учир нь. З.М- надад: “Би эргэж даргын ажилд орж ирнэ, чамд бичиг баримт өгөхгүй” гэсэн юм. Ингээд санхүүгийн нягтлан бодогчийн цалин олгож буй үндсэн эх бичиг баримт тушаалуудыг үзэхэд:

1. Их эмчээр ажиллаж байгаад гэрээгээр мэргэжил дээшлүүлэх сургалтад явсан М.Ж-ын оронд 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б/48 дугаартай тушаалаараа дарга З.М- нь Х.Б-ийг түр томилсон байв.

2. Хавтаст хэрэгт дарга З.М-ийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Б/40 дүгээр тушаал байгаа. Энэ тушаалаар Б.Т-ыг мөн М.Ж-ын оронд томилсон байв. Үндсэндээ их эмч М.Ж-ын оронд Б.Т-ыг 9 дүгээр сарын 27-нд, Х.Б-ийг 11 дүгээр сарын 18-аас буюу нэг хүний оронд 2 их эмч томилон ажиллуулж байжээ. Би Х.Б Б.Т- нартай уулзахад тэд: “Биднийг их эмч М.Ж-ын оронд түр авсан үнэн” гэв. Харин Б.Т- нь: “Би М.Ж- эмчийн багийг хариуцаж ажилладаг” гэсэн. Х.Б нь баг хариуцдаггүй өрхийн эмнэлгийн ажилчдын урамшуулал, шагнал нэмэгдлээр цалинжиж ирсэн гэдгээ хүлээсэн. Би тэдэнд ажлаас чөлөөлөхөө хэлсэн ба энэ тухай хамт олны хурлаар хэлэлцсэн. Хамт олны зүгээс гишүүд надад олон удаа хувиараа болон хурлаар: “Илүү орон тоо болж ажиллаж байгаа 2 эмчийг гарга, бидний урамшуулал, нэмэгдэл цалин хөлсийг зөв олго” гэж шаардлага тавьсан. Энэ хооронд би Х.Б эмчид “Өргөдлөө өгөөд хамт олонд талархаад яв, удахгүй би ч гэсэн жирэмсний амралтанд явна. Тэр үед түр ч гэсэн орж болохыг” хэлж байсан. 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр М- БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн гишүүд, эмч мэргэжилтнүүд болон хамт олон ажилчдын хурал болж Х.Бийн асуудлыг ярьж энэ өдөр шинээр ажилчдад хөдөлмөрийн гэрээ хийсэн. Энэ гэрээнд Х.Б нь танилцаад хугацаатайгаар бусдын оронд ажиллаж байгаа гэдгээ хүлээж бас гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталсан. 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хамт олны шаардлагаар баг хариуцах эмч нарын талаар хуралдахад мөн адил Х.Б эмчийг илүү орон тоо болгон ажиллуулж байгааг шүүмжилсэн. Мөн 04 дүгээр сарын 10-ны өдрийн хурлаар М.Ж- их эмчийн оронд илүүдэн ажиллаж байгаа Б.Т-, Х.Б нарыг ажлаас чөлөөлөх тухай хэлэлцсэн ба Х.Б, Б.Т- нарт “Орон тоонд илүүдэж ажиллаж байсан тул ажлаас чөлөөлнө” гэж мэдэгдэх хуудас өгсөн. Ингээд 2019 оны 09 дүгээр сарын 27-ны анх Б.Т- нь “Их эмч М.Ж-ын баг хэсгийн иргэдийг анхнаасаа хариуцаж ажиллаж ирсэн ба багийн ард иргэдээ таньсан, зөрчил дутагдалгүй ажиллаж байгаа гэсэн” хамт олны санал хүсэлтээр М.Ж- эмч ирэх хүртэл түр тушаалаар Б.Т- их эмчийг ажиллуулахаар багийн их эмчээр үлдээсэн ба Х.Бийг ажлаас чөлөөлсөн. Гэхдээ эргэж ирж ажиллах боломжуудыг хэлж сануулсан юм. Гэтэл Х.Б нь шүүхэд гомдол гаргасан байсан.

Гомдлын үндэслэл: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Х.Б нь М- БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга З.М-ийн 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн Б/56 дугаартай тушаалыг нотлох баримтаар өгчээ. Энэ тушаалд З.М- нь Х.Бийг 3 дугаар багийн их эмч М.Ж-ын хариуцдаг өрхийн эмчээр томилсон байжээ. Энэ тушаалын хуулбарыг би М- БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн ня-бо болон эмч, сувилагч, нөхөрлөлийн гишүүд үзүүлэхэд тэд маш их гайхсан. Тус Өрхийн эрүүл мэндийн төвд ямар ч ажилд орохдоо ажил хүсэгчийн талаар нөхөрлөлийн болон хамт олны гишүүдийн хурлаар заавал хэлэлцүүлдэг журамтай бөгөөд энэ тушаалын дагуу ажилд орсон Х.Бийн асуудал огт хэлэлцүүлээгүй байсан юм. Х.Б гэж нэг эмч нэмэгдсэнээр 8 их эмч болж, байхгүй орон тоонд З.М- нь илүү нэг хүнийг авч ажиллуулсан байна. “З.М-ийг дарга байхад Б/56 дугаартай тушаал гараагүй. Ня-бо би үзээгүй, сонсоогүй, Х.Б ажлаас гарах хүртэл нь түр тушаалаар цалинжиж байсан” гэж нягтлан бодогч К.Н- нь шүүх хуралд гэрчилнэ гэж ирсэн байсан. Уг Б/56 дугаартай тушаалын 2-рт дурдсанаар их эмч А.Б-, сувилагч Х.А- А.Е- нар ажил хүлээлцээгүй байна. Хүлээлцэх тухай тушаалыг ч мэдээгүй байсныг шүүх хуралд гэрчилнэ гэж гэрчүүд ирсэн байсан. Хэрэгт нотлох баримтаар хариуцагч талаас өгсөн: М- БГБХН-ийн 2020 оны 04 дүгээр сарын 10 өдрийн “Илүү орон тоог зохицуулах тухай, гишүүд ажилчдын хуралд Х.Б нь “М.Ж- эмчийн оронд надад тушаал байгаа би нууж хэлээгүй юм” гэж хэлж байжээ. Үүнээс үзэхэд З.М- нь өмнө нь аймгийн Прокуророос ажлыг нь түдгэлзүүлж байсан тул нөхөрлөлийн гишүүд даргын ажлаас огцруулна гэж мэдээд ашиг сонирхлын зөрчил гарган, илүү орон тоо бий болгон Х.Б-ийг ажилд авсан. Х.Б эмч нь “Намайг анх ажилд авахдаа түр орон тоонд авсан. З.М- эмч надтай түр ч, бүр ч гэсэн гэрээ байгуулаагүй, гэрээ олгоогүй” гэж хэлж байжээ. Хурлын тэмдэглэлийг үзнэ үү. Гэтэл шүүхэд нэхэмжлэгч нь З.М-ийг даргаас огцорсны дараа хуурамчаар бичиж өгсөн Б/56 дугаартай тушаалтай хамт бас тэр үед бичсэн болгож хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар өгсөн байна. Энэ тушаал гэрээг Х.Б нууж байснаа хуралд хүлээн хэлжээ. М- БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга байсан З.М- нь ажлаа өгч огцрохоо мэдээд байгууллагын албан бичиг нүүр хаяг тэмдгийг ашиглан Х.Бд хуурамч Б/56 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ бичиж өгснөөс гадна шүүх хуралд энэ хуурамч баримтыг Х.Б гаргаж өгсөн байна. 2020 оны 01 дүгээр сарын 03-нд гаргасан дугаартай орон тоо нэмсэн тухай тушаалыг ч хуурамч бичиж өгсөн гэж шууд сэжиглэн үзэж байна. Уг тушаалыг нэхэмжлэгч шүүх хуралд гаргаж өгсөн юм. Энэ дугаартай тушаалаар М- БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн орон тоог 8 их эмч болгон өсгөж нэмж батлаагүй билээ. Ажил хүлээлцүүлэх ёстой уг тушаалаар даалгасан албан тушаалтан ч мөн нөхөрлөлийн гишүүд хамт олон ажилчид болон нягтлан бодогч нар энэ тушаалыг огт мэдээгүй байна. Тэгээд ч аймгийн Төрийн сангаас манай эмнэлэгт 8 болгож нэг их эмчийн орон тоог батлаагүй байгаа билээ. Х.Б нь шүүхийг итгүүлэх байсан бол аймгийн Төрийн сангийн орон тоо нэмсэн албан бичигтэй хамт хавсаргаж өгөх байсан. Энэ асуудлаар цагдаад жич гомдол гаргана. Гэтэл харамсалтай нь анхан шатны шүүх нь З.М-ийн бүх хуурамч тушаалууд болон гэрээ зэрэгт итгээд нотлох баримтаар үнэлж байсанд нь харамсаж, гомдож байна. Дээрх тайлбарыг бичсэний учир нь гэвэл: Тус М- БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвд 7 их эмч 7 сувилагчийн орон тоо байгаа бөгөөд 8 буюу 1 илүү их эмчийн орон тоо өмнө ч байгаагүй одоо ч байхгүй гэдгийг, мөн хэрэгт авагдсан З.М- өгсөн гэх Б/56 болон дугаартай тушаалууд хөдөлмөрийн гэрээ зэрэг нь хуурамч болохыг хариуцлагатайгаар гэрчилж мэдэгдэж байна. Шүүх хуралд нотлон хэлж нотлох баримтуудыг өгсөн байхад шүүх үнэлээгүй юм. Тодруулбал:

1. М- БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвд 7 их эмчийн орон тоо байгааг батлагдсан баримтаар гаргаад өгсөн байхад шүүх нь Х.Б нь өөрийн томилогдсон орон тоонд ажиллаж байсан мэтээр улаан цайм гуйвуулж бичжээ. Шүүхийн шийдвэрийг хамт олон, болон нөхөрлөл гишүүд маань уншиж төрийн өмнөөс шүүх ийм шийдвэрийг гаргасанд гайхаж байсан . Учир нь М- БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон нь эмнэлэгт хэд, хэчнээн их эмч, сувилагчийн орон тоо байдгийг сайн мэддэг. З.М- нь хэнийг ч хуурч мэхлэх, бусдад нөлөөлж чадах зальт этгээд гэдгийг мэддэг болохоор шүүхийн шийдвэрт гайхсан. Одоо байгаа 7 их эмчийн орон тоо гэдэг нь М.Ж-, Т.А-, Х.Е-, Ө.А, З.М-, А.Б-, Э.Н энэ 7 бөгөөд мэргэжил дээшлүүлэх сургалтанд явсан М.Ж-ын оронд их эмч Б.Т- нь баг, хороог хариуцан ажиллаж байгаа ба их эмч Х.Б нь үнэхээр илүү байгааг шүүх мэдэхийг ч хүсээгүй.

2. Анхан шатны шүүх “Ажлаас Х.Б-ийг чөлөөлөх эрх зүйн акт гаргахдаа зүйл заалтыг буруу бичиж зөрчсөн байна. Тийм учраас Х.Б- нь ажилдаа эргэж орох болно” гэсэн утгатай тайлбарыг үндэслэлдээ бичээд бас шүүх хурал дууссан үед ч та нар “Илүү орон тоо” гэж хуулийн заалтыг буруу хэрэглэснээр алдсан гэж хэлж байсан. Тэгвэл, хуулийн зүйл, заалт ноцтой зөрчигдөн бичигдсэн байдал огт байхгүй. Энэ заалтаас болж улс, нийгэм, байгууллага иргэнд онцгой хор уршиг учраагүй сүйдэж, үрэгдэж, гэмтсэн, хохирсон, хүн болон байгууллага байхгүй. Хэдэн үг үсгийн, техникийн алдаа гарсан байж болох ч энэ талаар тайлбарлан хэлж мэдэхгүй байна. Х.Б эмчийг ажлаас чөлөөлсөн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/16 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 заалтын дагуу М.Ж-ын оронд түр ажилласан байсныг нь Х.Б-д сануулсан, бас хурлаар хэд хэдэн удаа хэлэлцэж байгаад ажил олгогчоос санаачилж Х.Б-ийг, түр ажилд орсон тушаал болон гэрээнд зааснаар гэрээг цуцалж ажлаас нь чөлөөлсөн. Тус хуулийн 40 дүүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг тусгасны учир нь гэвэл батлагдсан 8 их эмчийн орон тоонд 1 их эмч илүү ажиллаж байгаа тул уг 1 орон тоонд илүүдэн ажиллуулж буй Х.Бийг чөлөөлөх гэсэн утгаар бичигдсэн. Энэ 40.1.1-ийг дурдсаны бас нэг шалтгаан бол Х.Б-, Б.Т- нар нь багагүй хугацаагаар хамт олонд шингэж бидэнтэй ойр дассан болохоор мэдэгдэх хуудас авч дахин нэг сар хамт олондоо байж энэ хугацааны цалин авах тухай, Х.Бтэй ярьж тохирч тусгасан билээ. Харин орон тооны тухай тодорхой дурдаж мөрдөх ёстой стандарт МNS5292:2017-ыг тушаалд тусгасан. Түүнээс гадна тус нөхөрлөлийн гишүүд болон ажилчдын хурлын тэмдэглэлийг зааж өгсөн байгаа. Анхан шатны шүүх нь З.М-ийн “2019 оны 12 дугаар сарын 19- ний өдрийн Б/56 дугаартай хуурамч тушаалыг үнэн эсэхэд болон эсвэл хуурамч эсэхэд найдвартай дүгнэлт хийх боломжгүй, эргэлзээтэй байна гэж” үзвэл шинжүүлэн тогтоох зэрэг олон боломж байхад нотлох санаачилга гаргалгүй шууд үгүйсгэн хэргийг бодит байдлаар шийдэж чадаагүй. Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулаагүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай юу, ач холбогдолтой юу, үнэн зөв үү гэдэг эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Энэ нь М- БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвд батлагдсан орон тоо 8 байхад 9,10 хүн илүү ажиллаж байгаа учир шалтгааныг тодруулах эргэлзээгүй талаас нь тогтоогоогүй. Мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар уг тушаалууд буюу хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтууд нь хууль зүйн үндэслэл болж чадаж байгаа эсэх, нотлох баримтаар үнэлэгдэх үндэслэлтэй эсэх, үүнд нийцэх эсэхийг шүүх анхаар ч үнэлээгүй.

Шүүх нь дээрх хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 37 дугаар зүйлийн 37.2-д зааснаар тус М- БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн гишүүд, ажилчид, нягтлан бодогч болон Б.Т- нарын гэрчийн мэдүүлгийг аваагүй, нотлох хэрэгсэл болгож үнэлэхээс татгалзаж захирамж гаргасан нь хэргийг тал бүрээс нь мэтгэлцэж, гэрчлүүлж, нотлон шалгаж тогтоох, хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн шүүх нь нотлох баримтанд эргэлзсэн тохиолдолд нотлох баримтыг өөрөө бүрдүүлэх, нотлох баримт мөн эсэхийг тогтоох журмыг зөрчсөн. Тухайлбал нь М- БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга байсан З.М-ийн гаргасан гэх дугаартай тушаал нь үнэн эсэхийг тогтоохын тулд Төрийн сангаас “8 орон тоо” тус төвд нэмэгдсэн эсэхийг шалгах нотлох баримтыг гаргах ёстой байсан зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож Х.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, үүнийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас залруулах боломжгүй байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

1. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн “М-” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаартай “Ажил албан тушаалын жагсаалт батлах тухай” тушаал хавсралтын хамт /хэргийн 58-59 тал/, Баян-Өлгий аймгийн “М-” БГБХНөхөрлөлийн гишүүдийн хурлын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02 дугаар тогтоол, түүний хавсралт /хэргийн 77-78 тал/ зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтад хариуцагч байгууллагын санхүүгийн тэмдэг дарагдаж  “хуулбар үнэн зөвийг” гэрчилсэн тэмдэглэгээ хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хуульд зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүхээс жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд” гэдэгт хэргийн оролцогч хамаарахгүй ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан шүүхээс нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй  талаас нь үнэлэх зохицуулалттай уялдаатай хэрэгжинэ.

 

2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гэрчээс мэдүүлэг авах тухай хүсэлтийг “...хүсэлт нь энэ нэхэмжлэлийн шаардлагад ямар ач холбогдолтой болох нь тодорхойгүй...” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан талуудын мэтгэлцэх зарчимд нийцээгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 25.2.2-д заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөнөөс байна. Шүүхийн дээрх үйл ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан журамд нийцээгүйгээ гадна мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Шүүхээс урьдаас хөдөлмөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.” гэж заасан нотлох баримтыг үнэлэх суурь зарчимд харшилсан байна.

 

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжгүй буюу шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, нотлох баримтыг хуульд заасан тохиолдолд бүрдүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь заалтаар хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаав.

 

Хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул хариуцагчийн маргааны үйл баримттай холбогдуулан гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2020/00831 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   С.ӨМИРБЕК

                       ШҮҮГЧИД                                                       Б.НЯМБАЯР

                                                                                                Д.КӨБЕШ