Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2023/ДШМ/778

 

 

 

2023           8             01                                            2023/ДШМ/778

 

 

П.А, хуулийн этгээд “Ц” ХХК-д

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Булганчимэг /томилолтоор/,

шүүгдэгч П.А, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд, 

шүүгдэгч хуулийн этгээд “Ц” ХХК-ийн өмгөөлөгч Д.Цэрэнханд,   

хохирогч Н.Б, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг,  

хохирогч Х.Д, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/342 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.А, “Ц” ХХК-ийн өмгөөлөгч Д.Цэрэнханд, хохирогч Н.Б, хохирогч Х.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудаар П.Ад холбогдох 1709024971210 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

П.А, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Ц” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 2-43 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 4 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,  

Хуулийн этгээд: 2006 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №01 дугаар, 000000000 гэрчилгээ, 0000000 регистрийн дугаар, гадаад худалдаа, эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх үйл ажиллагааны чиглэлтэй, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Евро-Ази дээд сургуулийн байрны 0000 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Ц” ХХК;

Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй “Ц” ХХК-ийн захирал П.А нь Монгол Улсын өнчин эмийн бүртгэлд бүртгэгдсэн Авастин (Bevacizumab) тариа буюу эмийг Энэтхэг улсаас худалдан авч гар тээшиндээ хадгалж, 2017 оны 1, 4 дүгээр саруудад импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг Эрүүл мэнд хөгжлийн төв, Эрүүл мэндийн яамны зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэн, Буянт-Ухаа боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэн импортолсон,

Шүүгдэгч “Ц” ХХК нь Монгол Улсын өнчин эмийн бүртгэлд бүртгэгдсэн Авастин (Bevacizumab) тариа буюу эмийг худалдах, түгээх үйл ажиллагааг Эрүүл мэнд хөгжлийн төв, Эрүүл мэндийн яамны зохих зөвшөөрөлгүйгээр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эм ханган нийлүүлэх байгууллагын байрандаа хадгалж хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө “Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв”, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “О”, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “С” зэрэг эмнэлгүүдэд тус тус худалдсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: П.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт, “Ц” ХХК-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх П.А-ийг эмийг импортлох, худалдаалах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, П.А, /“Ц” ХХК/-ийг эмийг импортлох, худалдаалах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар шүүгдэгч П.А-ийг эмийг импортлох, худалдаалах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А /“Ц” ХХК/-г тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх буюу эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх үйл ажиллагааг явуулахыг хасаж, 23000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 23.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А /“Ц” ХХК/-нд оногдуулсан 23000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 23.000.000 төгрөгөөр торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Gatiquin 0,3% 5 ml 25 ширхэг, Brimodin 5 ml 4 ширхэг, Ketorocin 0.5 5 ml  16 ширхэг, Gatiquin-P 10 ml 2 ширхэг, Dorzox 2% 5 ml 4 ширхэг, Predmet 1% 10 ml 24 ширхэг, Tropicamide 1% 5 ширхэг, Toba DM 10 ml 3 ширхэг, Pilocarpine eye drops 2% 5 ml 1 ширхэг нийт 91 хайрцаг эм бүхий зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.6 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 8.711.000 төгрөгийг шүүгдэгч /“Ц” ХХК/-ийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Б, Х.Д нараас гэм хорын хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хариуцвал зохих этгээд /С эмнэлэг/-ээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “Ц.Х групп” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч П.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих болохыг тайлбарлаж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц П.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хохирогч Х.Д давж заалдах гомдол болон тус шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс С эмнэлэгт анх үзүүлсэн бөгөөд эмчийн зөвлөснөөр авастин гэх нүдний тариаг тодорхой хугацааны зайтайгаар давтамжтай 5 удаа хийлгэсэн. Сүүлчийн тариаг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хийлгэсний маргаашнаас эхэлж нүдний өвдөлт, хүндрэл бий болж С эмнэлэгт хяналтын үзлэг хийлгэсэн боловч тэр өдөр ямар нэгэн тусламж үйлчилгээ авалгүйгээр гэртээ харьсан. Гэтэл маргааш өглөө нь юм харахгүй босч ирсэн учир С эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгүүлэн 12 хоног хэвтээд гарсан. Гэвч нэг нүд хараагүй болж, хүний асаргаанд орсон, одоог хүртэл сэтгэл санааны байнгын өөрчлөлт уналттай байна. Энэ эрүүгийн хэргийг цагдаа, прокурор, шүүхээр дамжуулан 6 жилийн туршид хянах явцад гэм буруутай этгээд нь тогтоогдож төрийн хуулийн дагуу гомдлыг минь барагдуулж өгнө гэж итгэсээр ирсэн. Би өөрөө эмчийн мэргэжилтэй учир хүнийг анагаах, хүнийг сувилах ажилд ямар нэгэн эрсдэл, санамсар болгоомжгүй алдаа дутагдал гардгийг санаж тэвчээртэй хүлээсэн. Гэтэл энэ бүхний эцэст шүүхийн шийдвэр гарахдаа, эм ханган нийлүүлсэн П.А гэгч болоод нүдний С эмнэлэг хоёулаа буруугүй, бүр буруудах шалтгаангүй гэжээ. Бүр дахиж цагдаа, шүүхээр эхнээс нь шалгуулсны эцэст шийдэх нь зөв гэсэн утгатай шийдвэр гарч гэж ойлголоо. Би өнөөдөр 76 настай хүн. Авастин гэх нүдний тариа зарсан, нүдний тариа тарьсан хоёр этгээдтэй ахиж хэдэн жил зууралдах вэ. Хууль хяналтын байгууллагууд анхнаасаа сүр дуулиан болгон шалгасны эцэст даржин шийдэж байгаа юм бол энэ олон жилийн хугацаа огт хэрэггүй гэж бодогдлоо. Нүд хос эрхтэн учраас эрүүл хараатай нүдэндээ нөлөөлж өдрөөс өдөрт хараа улам буурч хүний асаргаанд орлоо. Шүүх шийдвэртээ, нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар жич шийдвэрлүүлэх талаар дурджээ.  Харин ямар учраас хэлэлцэхгүй орхисноо тодорхой бичээгүй байна. Гэсэн атлаа С эмнэлгийг хууль, стандартын олон зөрчлийг гаргасны улмаас иргэн Х.Д-ын биед гэмтэл учруулж хохирол учруулсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, эсрэг агуулгатай болжээ. Монгол Улсад эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг барагдуулдаг хууль, зарчим байсан, одоо улам бүр зохицуулалт нь тодорхой болсон гэж өмгөөлөгч зөвлөсөн. Иймд нийслэлийн давж заалдах шатны шүүхээс хүсэхэд, хэргийг бүхэлд нь хянан үзэж, Сүхбаатар дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн 2023 оны 342 дугаартай шийтгэх тогтоолд хохирогч Х.Д миний нэхэмжилсэн сэтгэл санааны хохирлын нөхөн олговор болох 15 сая төгрөгийг шүүгдэгч П.А болон иргэний хариуцагч С эмнэлэгээс гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү...гэв”

Хохирогч Н.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс шүүгдэгч П.А /”Ц“ ХХК/-ийг эмийг импортлох, худалдаалах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эм эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх үйл ажиллагааг явуулахыг хасаж, 23000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 23.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг арилаагүй зэрэг нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэлгүй хөнгөн ял оногдуулсан гэж үзэж байна. Мөн хохирогч Н.Б, Х.Д нараас гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, С эмнэлгээс учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг хохирогч миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2017 оны 1 дүгээр сард зүүн нүд бүрэлзэж харахаа больж, Ачтан, Улсын 3-р эмнэлэгт үзүүлсэн, эмнэлгийн эмч зүүн нүдийг маань үзээд С эмнэлгийг зааж өгсөн. С эмнэлэгт үзүүлэхэд зүүн нүдэндээ торлогийн хагалгаа хийлгэх, нүдэнд лазерын эмчилгээ, тариа тариулах шаардлагатай гэсэн. 2017 оны 2 дугаар сард зүүн нүдэндээ торлогийн хагалгаа хийлгэж хэвтрийн дэглэм сахиж байхад баруун нүд зүүн нүд шиг бүрэлзэж хараа муудсан. 2017 оны 10 дугаар сар хүртэл баруун нүдэндээ эмчилгээ хийлгэж зүүн нүдэндээ Мөнхзаяа эмчийн заавраар эмчилгээ хийлгэж байсан. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 350.000 төгрөгийн үнэтэй “авастин” тариаг тал үнээр нь буюу 175.000 төгрөгөөр тариулсан. Тариулсны маргааш баруун нүд бүрэлзэж, идээ татсан байсан. Өглөө очоод үзүүлэхэд вирустай тариа тариулснаа мэдэж авсан. Авастин тариа тариулахаас өмнө баруун нүд хол, ойрын зүйлийг хардаг байсан. Вирустай тариа тариулснаас хойш баруун нүд огт юм харахгүй байгаа. С эмнэлэгт 15 хоног хэвтэж хагалгаа хийлгэсэн, баруун нүдэндээ хийлгэж байсан эм, тарианы мөнгө 1.119.400 төгрөг, бензиний мөнгө 697.490 төгрөг, сэтгэл санааны хохирол 15.000.000 төгрөг, нийт 16.713.890 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас нэхэмжилсэн. Өнөөдөр хохирогч миний бие шүүгдэгч П.А /Ц ХХК/-ийн хууль бусаар оруулж ирсэн Авастин тариа, иргэний хариуцагч С эмнэлгийн миний нүдэнд миний нүдэнд тарьсан Авастин тарианаас болж эрүүл мэндээрээ маш ихээр хохирч шаналан зовж тарчилж байна. Өнөөдөр би 31 настай залуу хүн. Цаашид олон жил амьдарна, ирээдүйгээ сайхнаар бодож мөрөөдөж, сайхан ажил хөдөлмөр эрхэлж амьдарна гэсэн миний мөрөөдөл талаар болж хохирч үлдэж байгаад маш их гомдолтой байна. Нүдээ эмчлүүлж сайжруулах гэж л би энэ эмнэлэгт очсон, эмчлүүлсэн, эмчийн заавраар нь явсан. Гэтэл тарьсан тарианаас нь болж нүдэндээ 4 удаа хагалгаа хийлгэсэн. Хагалгаа хийлгэхэд маш их өвддөг, нүд хүний эмзэг эрхтэн, ертөнцийг харах цонх, толь гэж би боддог. Одоо миний нүд байнга зүүгээр хатгаж байгаа юм шиг аргаж өвддөг, өвчин намдаах эм байнга уудаг болсон. Маш их сэтгэл санаагаар унаж, хохирч, байнгын өвчин зовиуртай явж байна. 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл ийм олон жил хохирлоо барагдуулахаар цагдаа, прокурор, шүүхээр явахад шүүхийн шийдвэр ингэж гарсанд гомдолтой байна. Шүүх өнөөдөр хохирогчийн хохирсон байдал, хор уршиг арилсан эсэхэд ер дүгнэлт өгсөнгүй. Өмнө машин жолоодож явдаг байсан энэ тарианаас болж машин барьж явж чадахаа больсон, ажил хөдөлмөр хийх боломжгүй болж, хаана ч ажилд авахгүй, хохирч байна. Иргэний хариуцагч С эмнэлэг энэ шийтгэх тогтоолоор ямар ч хариуцлага хүлээгээгүйн дээр хохирлыг ч тус эмнэлгээс гаргуулж шийдвэрлэлгүй иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэж дурьдаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Дээрх 2 этгээдүүдээс болж хэдэн жил ингэж шүүхийн хаалга татаж явах юм бэ. Хохирсон хүний хохь гэгчээр нэг мөр шийтгэх тогтоолоороо шийдээд хохирогч бидний хохирлыг нөхөн төлүүлэх ёстой байна. Эрүүгийн хуулийн зорилго, зорилт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх. Шүүх үүнийг ер анхаарсангүй. Хохирогч биднийг эрхтэнээрээ ингэж хохирч тоглуулж байгаад анхаарал хандуулсангүй, хохирсон хүнд улам чирэгдэл учруулж иргэний шүүхээр явахаар шийдсэнд гомдож байна. Шинжээчийн дүгнэлтээр миний биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан гэсэн дүгнэлт гарсан. Үүнийг ч бас шүүх харгалзаж үзээгүй. Иймд миний нэхэмжилсэн нийт 16.713.890 төгрөгийг шүүгдэгч П.А, /Ц ХХК/, иргэний хариуцагч “С” эмнэлгээс тус тус гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдэж өгнө үү. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч П.А-ийн өмгөөлөгч Д.Цэрэнханд давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тогтоолын тодорхойлох хэсэгт: “...Ц” ХХК нь эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба гэрчийн мэдүүлгүүд, бусад баримтуудаас үзэхэд шүүгдэгч П.А-ээс Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, О, С эмнэлгүүд Авастин тариаг худалдан авахдаа түүнийг хувь хүнийх нь талаас биш, хууль ёсны эрх бүхий хуулийн этгээдийг төлөөлөх субект гэж үзэж худалдаа хийсэн үйлдэл нь тухайн хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэх үндэслэлтэй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн аваагүй болохыг дурдлаа” гэжээ. Гэтэл хуулийн этгээд “Ц” ХХК-ийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэдгийг нотолсон баримт байхгүй ба П.А нь Ц ХХК-ийн гүйцэтгэх захирал өөрийнх нь энэ компани нь эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох тусгай зөвшөөрөлтэй эмнэлэгүүдэд эм эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ тухайн авастин тариаг П.А хувиараа оруулж ирж эмнэлгүүдэд худалдахдаа компаний ашиг сонирхлын үүднээс бус өөрийн хувийн мөнгөөр Энэтхэг улсаас худалдан авч иргэн А гэдэг нэрээр худалдсан үйл баримт тогтоогдсон байдаг. Үүнийг хэрэгт авагдсан аудитын дүгнэлт,  бусад компанийн санхүүгийн баримт болон тайлан зэрээр тогтоогдсон байдаг. Авастин тариаг тус компаний хөрөнгөөр авч худалдан борлуулаад олсон орлогыг компаний дансанд орууулаагүй болох нь тогтоогдсон байхад энэ гэмт хэргийн субъект болж чадахгүй. Мөн тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад 8.711.000 төгрөгийг шүүгдэгч Ц ХХК-ийн орлогоос гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг ба О эмнэлгээс авастин тарианы үнийг П.А-д төлөөгүй нь ийм хэмжэээний орлого олоогүй гэсэн үг бөгөөд О эмнэлгээс орж ирэх байсан 3 тарианы үнэ 3.450.000 төгрөгийг 8.711.000 төгрөгнөөс хасаж тооцож өөрчлөлт оруулах үндэслэлтэй. Иймд 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/342 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.А /Ц ХХК-ийг гэм буруутайд тооцож, шийтгэх тогтоолын 4 дүгээрт П.А/ Ц ХХК-ийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх буюу эм, эмнэлгийн хэрэгсэл итпортлох, ханган нийлүүлэх үйл ажиллагааг явуулахыг хасаж, 23000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 23.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэнийг хүчингүй болгон 342 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв. 

Шүүгдэгч П.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ийм асуудал үүссэнд хохирогч нараас уучлалт гуйж байна. Манай байгууллага эм ханган нийлүүлэх байгууллага боловч зөвхөн нүдний эм ханган нийлүүлэх зөвшөөрөлтэй төрөлжсөн байгууллага. С, О эмнэлгүүдийн хүсэлтээр Монгол Улсад тасарсан нүдний тариаг хувиараа оруулж ирсэн. Үүнийг яагаад дурдаж байна гэхээр компаний нэрээр уг эмийг оруулж ирээгүй өөрөө гартаа бариад оруулж ирсэн. Энэ нь алдаа болсон. Компаний нэрээр оруулж ирэх гэхээр 10.000 ширхэгээс дээш тариаг авна гэсэн тохиолдолд гэрээ байгуулна гэдэг. Гэтэл уг тариа Монгол Улсад 1 жилд 10 ширхэг л хэрэглэгддэг. Хүчинтэй хугацаа нь 10 жил байдаг. Иймд цөөхөн ширхэгийг компанийхаа ашиг сонирхлын үүднээс биш дээрх эмнэлгүүдийн хүсэлтээр хувиараа оруулж ирсэн. Энэ нь миний буруу. Эмийг компанийхаа нэрээр аваагүй, хувь хүнийхээ нэрээр авсан. Би “О” эмнэлгээс 3 тарианыхаа мөнгийг ч авч чадаагүй байгаа. Уг 3 тарианы мөнгө болох 3.450.000 төгрөгийг шүүхийн шийдвэрт заасан 8.711.000 төгрөгөөс хасаж тооцож өгнө үү. Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна...” гэв.

Хохирогч Х.Д-ын өмгөөлөгч З.Хүрэлсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх зөрчилтэй дүгнэлт хийж, хэргийг буруу шийдвэрлэсэн. Энэ хэрэгт Х.Д-ын эрүүл мэндэд учирсан хохирол түүнээс улбаатай хор уршгийн асуудал буюу сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, өөр төрлийн шүүхийн ажиллагааны журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэдэг байдлаар шийдвэрлэсэн нь буруу болсон. Хэргийн үйл баримтын талаар шүүх өргөн хэмжээний дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүх хурал хоёр удаа болсон. Эхний удаа хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн. Прокурорт буцаасны дараа мөрдөн байцаалтын зарим ажиллагаа хийгдсэн. Хэрэг хоёр дахь удаагаа хэлэлцэгдэхэд өмгөөлөгч миний зүгээс цаашид дахин шалгуулах зүйл үлдээгүй, энэ хэрэгт нэмэлт ажиллагаа явуулах шаардлагагүй, шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай хүрэлцээтэй баримт цугларсан байна гэж үзсэн. Анхан шатны шүүхээс иргэний хариуцагч гэх эмнэлгийг эмнэлгийн тусламж үйлчилгээг чанарын түвшинд зохих ёсоор үзүүлсэн байдал нь тодорхойгүй. Үүний улмаас Х.Д, Н.Б нарын биед гэмтэл учруулсан гэж зөв дүгнэсэн. Ингэж дүгнэсэн атлаа Х.Д, Н.Б нарт эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхдээ хууль журманд заасны дагуу зохих ёсоор үзүүлсэн эсэх үйлдэлд эрүүгийн эсхүл зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг бүрэн тогтоосны үндсэн дээр учирсан хохирлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй... гэж өөрийнхөө гаргасан дүгнэлтийн эсрэг зөрчилтэй дүгнэлт хийсэн. Шүүгдэгчийн үйлдлийг Монгол Улсын хилээр оруулж ирсэн, улсын хилээр орж ирсэн эмийг худалдах, түгээх гэсэн 3 үйлдэлд хуулийн этгээдийн хувьд ч тэр хүнийх нь хувьд ч  буруутгасан. Эдгээр үйлдэл нь хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохиролтой шалтгаант холбоогүй байна гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд шүүгдэгчийн болон иргэний хариуцагчийн хувьд эрүүгийн хэргийн шалгалтын явцад Х.Д-ын биед учирсан эрүүл мэндийн хохирлыг учруулсан гэх шалтгаант холбоо бүрэн тогтоогдсон. Түүнийг нотолсон баримт хэрэгт бүрэн авагдсан байгаа учраас Х.Д-ын нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол болох 15 сая төгрөгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэх бүрэн боломжтой. Анхан шатны шүүхийн шүүгчийн дүгнэлтээр зөрчлийн болон эрүүгийн журмаар дахин шалгуулах шаардлага байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг шалгах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Эрүүгийн хэрэг үү, зөрчлийн хэрэг үү гээд 2023 онд хэргийг шалгуулах нь утгагүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх юм бол уг хэргээс л баримт хуулбарлан авч өөр шүүгч нар шийдвэрлэнэ. Эрүүгийн журмаар нэг мөр шийдвэрлэх баримтууд нь байхад шийдвэрлэх боломжтой гэж харж байна. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүхийн шинжилгээний тухай хуулийг шинэчлэн найруулсан. Уг хуульд сэтгэцэд учирсан хохирлыг хэрхэн яаж тооцох аргачлал, түүнийг тооцох журмыг Улсын Дээд шүүхээс баталж, энэ оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж хэрэглэхээр байгаа. Иргэний хуулийн 4.1 дүгээр зүйлд “Иргэний хуулийн хэм хэмжээг төсөөтэй хэрэглэх, 230 дугаар зүйлд эдийн бус гэм хорыг арилгах гэсэн заалтуудыг хэрэглэж эдийн бус гэм хорыг арилгах боломжтой. Ийм практик тогтсон байсан. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсгүүдэд хэд хэдэн этгээдэд гэм хор учруулахад оролцсон бол чөлөөлөгдөхгүй байх, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгож эдийн бус гэм хорыг буюу сэтгэцэд учирсан гэм хорын хохирол болох 15 сая төгрөгийг хохирогч Х.Д-т олгуулахаар шийдвэрлэх нь зүйтэй. Иргэний хариуцагч талыг нь хариуцах тохиолдолд талыг нь төлөхөд бэлэн гэх агуулгатай зүйл ярьдаг. ...” гэв.

Хохирогч Н.Б-ийн өмгөөлөгч Г.Алтанчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй. Тухайн тариаг П.А нь 2017 оны 1, 4 дүгээр сард 8 ширхэгийг оруулж ирсэн. Авчирсан тариагаа С болон бусад эмнэлгүүдэд тараасан. Шүүхээс шийдвэр гаргахдаа П.А-ийг гэм буруутайд тооцсон ч гэсэн П.А-д холбогдох гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаад хэрэгсэхгүй болсон. Тэгснээ Ц ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 23 сая төгрөгөөр торгоод шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр заасан. П.А нь 2017 оны 1, 4 дүгээр сараас хойш өнөөдөр 2023 оны 8 дугаар сар хүртэл хохирогч Х.Д болон Н.Б нарт нэг ч төгрөгийн хохирлыг төлөөгүй. С эмнэлэг 50 хувийг нь төлөх юм бол би 50 хувийг төлөхөд татгалзах зүйлгүй гэдэг. Бүтэн 6 жилийн хугацаанд хохирогч нар цагдаа, шүүх гэж явж байна. Энэ хугацаанд маш их зардал гарсан. Хохирогч нар сүүлдээ хохирлын талаарх баримтаа цуглуулахаа больсон. Шүүх гаргуулахаар шийдвэрлэхгүй гэдэг. Хохирогч Б-ийн нэхэмжилж буй хохирлыг шүүх гаргах ёстой байсан. Шүүх С эмнэлгийг иргэний хариуцагчаар татаад хохирол төлөх үүрэгтэй гээд үндэслэлтэй дүгнэсэн атлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гээд заасан. 6 жил Эрүүгийн шүүхээр явсан хохирогч нар дахиад иргэний шүүхээр 3-4 жил явах уу. Хохирсон хүмүүсийг дахин хохироож байгаад гомдолтой байна. Нүд хүний эмзэг эрхтэн. Хохирогч Н.Б 4 удаа нүдний хагалгаанд орсон. Муу нүд нь нөгөө нүдэндээ нөлөөлдөг. Яваандаа хоёр нүд нь хоёулаа сохрох аюултай. Тариа тарьсан С эмнэлэг, Монгол Улсын хилээр оруулж ирсэн П.А нар бүгд хариуцлага хүлээх ёстой. Хохирогч нарын шаардаад байгаа хохирлыг С эмнэлэг, Ц компани, П.А нараас гаргуулж өгнө үү. ...”гэв.  

Прокурор Э.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сэтгэл санааны хохирлыг гаргуулах тухайд заавал шинжээчийн дүгнэлт гаргуулсны дараа тухайн асуудлыг шийдвэрлэх учраас хангах боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.     

Хэргийн үйл баримтаар: Шүүгдэгч “Ц” ХХК-ийн захирал П.А нь Монгол Улсын өнчин эмийн бүртгэлд бүртгэгдсэн Авастин (Bevacizumab) тариа буюу эмийг 2017 оны 1, 4 дүгээр саруудад импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг Эрүүл мэнд хөгжлийн төв, Эрүүл мэндийн яамны зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэн, Буянт-Ухаа боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэн импортолж, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “О”, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “С” зэрэг эмнэлгүүдэд худалдсан, улмаар “С” эмнэлэг нь худалдан авсан “авастин (Bevacizumab)100mg/4ml” тариаг өөрийн эмнэлэгт хэвтэн үйлчлүүлж байсан Н.Б, Х.Д нарын нүдний эмчилгээнд тарьсан байх боловч үүний улмаас тэдний нүдний шилэнцэрийг хамарсан идээт үрэвслийн хүндрэл, нүдний хараагүйдэл бүхий тус бүртээ хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл учирсан, идээт үрэвсэл нь бүрэн эмчлэгдсэн боловч цаашид нүдний хараа сэргэхгүй болсон, тус “авастин (Bevacizumab) тариа нь Монгол Улсын эмийн бүртгэлээс зөрүүтэй буюу бүртгэгдээгүй байхаас гадна нянгийн бохирдол илэрсэн байна.  

Тус үйл явдлын шалтгаан нөхцлийг шалгахад : Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй “Ц” ХХК-ийн захирал П.А нь Монгол Улсын эмийн бүртгэлд авастин 100mg/4ml  (Bevacizumab) тариаг бүртгүүлээгүй буюу зөвшөөрөл огт аваагүй атлаа хууль бусаар Монгол Улсын хилээр оруулж ирсэн улмаар хууль бус аргаар худалдсан, мөн иргэний хариуцагч ”С” эмнэлэг нь Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн  дагуу зөвхөн Эрүүл мэндийн яамнаас хянаснаар Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс олгосон зөвшөөрлийн дагуу эмийн бүртгэлд бүртгүүлсэн буюу зөвшөөрөгдсөн концентраци болон чанарын бусад бүх шаардлагыг хангасан баталгаат эм тариа мөн эсэхийг хянан шалгасны эцэст худалдан авах, хүлээлцэх стандарт, журам, бүртгэл, эм тариаг хэрэглэх заавар, стандарт, хадгалалтын горим зэрэгт хамаарах Эрүүл мэндийн болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн болох нь :  

- Эрүүл мэндийн яамны 2017.11.17-ны өдрийн албан баримт: Bevacizumab (Авастин) 100mg/4ml эм нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй /1хх-241/,  

- гэрч Ш.Э /Эрүүл мэндийн хөгжлийн төвийн албаны дарга/...”Ц” ХХК нь “өнчин эмийн жагсаалтад багтсан эм тариаг Монгол Улсын хилээр оруулж ирэх зөвшөөрлийг манайхаас огт авч байгаагүй байна, хэрэв тус эмийг оруулж ирэхээр бол Эрүүл мэндийн хөгжлийн төвөөр дамжуулан Эрүүл мэндийн яамаар хянуулж, 1 удаагийн зөвшөөрлийг авах ёстой.../2хх-148-149/,

- Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2017.10.20-ны албан баримт: Монгол Улсын эмийн бүртгэлд Bevacizumab (Авастин) 100mg/4ml №1, 400мг/16мл №1 тун бүхий тарилгын уусмал эмийг “Моносфарм трейд” ХХК-иас 2016.10.18-ны өдөр бүртгүүлсэн байна..../1хх-59, 82/,  

- Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын албан баримт, түүний хавсралт : Монгол улсын эмийн бүртгэлийн FT20161018LP05723 дугаарт Швейцари улсын F6Hoffmann-La Roche үйлдвэрийн Авастин /Бевацизумаб/ 25мг-4мл №1 концентрацитай тарилгын уусмал, FT20161018LP05724 дугаар улсын үйлдвэрийн Авастин /Бевацизумаб/ 25мг-16мл №1 концентрацитай тарилгын уусмал эмүүд 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус тус бүртгэгдсэн, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хүчинтэй байна...Эмийн бүртгэлийн мэдээний сан “Licemed” програмд мэдээлэгдсэн Авастин эмийн бүртгэлийн мэдээлэл, хэрэглэх заавар, савлалтын зургийг хавсралтаар хүргүүлж байна /5хх-128/,

- Bevacizumab (Авастин) тарилгын уусмал, эмийн заавар: “Авастин хавдарын өвчинд хэрэглэнэ. Нүдний шилэнцрийн дотор тарих хэрэглээнд зориулагдаагүй. Микробиологийн зүгээс шууд хэрэглэх шаардлагатай бөгөөд хэрэв шууд хэрэглэх боломжгүй тохиолдолд ариун орчинд хяналттайгаар уусмалыг аваагүй бол -2-8С температурт 24 цагаас илүү хугацаанд хадгалах боломжгүй. Зөвхөн 1 удаа л хэрэглэнэ, үлдэгдэл үүсвэл шууд хаяна /1хх-60-63, 5хх-130-184/,     

- Эмийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн /1хх-215/,  

- 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр С эмнэлгийн эрүүл ахуй, халдвар хамгааллын байдалд хийсэн мэргэжлийн хяналтын газрын шинжилгээний дүн /1хх-193/,   

- гэрч Г.Н /МХЕГ-ын улсын байцаагч/-ийн мэдүүлэг: Авастин” тариа 2 тунгаар бүртгэлтэй, тариаг хэрэглэх зааварт бол хорт хавдрын эмчилгээнд эмчийн заавраар хэрэглэдэг, нүдний эмчилгээнд хэрэглэх заалтгүй боловч практикт эмчийн заалтаар эмчийн хяналтан дор нүдний эмчилгээнд хэрэглэсэн тохиолдол байгаа..., эмнэлгийн байгууллага нь тусгай зөвшөөрөл бүхий эм ханган нийлүүлэх байгууллагаас эм худалдан авч байгаа бол эм тарианыхаа улсын бүртгэл, чанар, аюулгүй байдалд хяналт тавьж хүлээн авах ёстой, эмийг аюулгүй хүлээж авсан бүртгэл хөтөлсөн байх ёстой..,100мл/4мл тарилгын авастин гэх тариа Монгол Улсын эмийн бүртгэлд байхгүй.., эм ханган нийлүүлэх байгууллагууд эмээ Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргах, бүтээгдэхүүнийхээ загвар дээжийг лабораторийн шинжилгээнд хамруулна..,оруулж ирэх үедээ хяналтын байцаагч түүвэрчилсэн шинжилгээ авдаг.../6хх-3-4/,   

- Ч.О /МХЕГ-ын улсын байцаагч/ гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-233/,

- Л.А /СБД-ийн хяналтын байцаагч/-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-237/,

- С нүдний эмнэлгийн захирал Т.А, их эмч Б.М, Д.Д нарын гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-182, 184-185, 211, 212, 214/,      

- хохирогч нарын мэдүүлгүүд болон хохирогч нарт авастин тариа тарьсны  улмаас тэдний нүдний шилэнцэрийг хамарсан идээт үрэвслийн хүндрэл, нүдний хараагүйдэл бүхий тус бүртээ хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл учирсан, идээт үрэвсэл нь бүрэн эмчлэгдсэн боловч цаашид нүдний хараа сэргэхгүй тухай шинжээчийн дүгнэлтүүд /2хх-1, 51-53, 85-86, 3хх-164, 195-198, 4хх-73-78, 105-108, 6хх-150-156/,

- шүүгдэгчийн...Хэлэх гэхээр эмнэлэг маань уначих гээд байна. Яг хүлээлгэж өгөхөд мэргэжлийн хяналтын байгууллага дээж авч, шинжилгээ хийж дүгнэлт өгдөг. Би хувийн шугамаар оруулж ирсэн тул дүгнэлтгүй өгсөн, баримт хүлээлгэж өгөөгүй. Эмийн хяналтаар оруулаагүй.., нэг эмийг задлаад 10-12 хүнд хийнэ, цааш дахин хэрэглэж болохгүй заалттай..,гэм буруугаа ойлгож, хохирлыг хамтран хариуцах тухай”...мэдүүлэг /7хх-101-102/ зэрэг нотлох баримтын эх сурвалжуудтай байна.      

 

Дээрх үйл баримтын хүрээнд хохирогч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх дараах үндэслэлтэй. Үүнд :       

1. Хохирогч нарын эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсан нь ”хууль бус эмийг” худалдсан, худалдан авсан талуудын хөнгөмсөгөөр найдаж, хайхрамжгүй хандсан хууль бус эс үйлдэхүйтэй нийлмэл буюу давхардсан шалтгаант холбооны хамааралтай болохыг үгүйсгэх боломжгүй үндэслэл, нөхцөл байдал тогтоогдсон байна.   

Тодруулбал, хохирогч нарт учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгч П.А болон иргэний хариуцагч “С эмнэлэг”-ээс гаргуулах асуудлыг эрүүгийн хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой.  

2. Мөн анхан шатны шүүхээс хохирогч нар өөрт учирсан гэмт хорын хохирлыг иргэний хариуцагч “С” эмнэлэгээс нэхэмжлэх эрх, үндэслэлийн талаар дүгнэхдээ харилцан зөрүүтэй дүгнэлт хийж, хохирогч нарын эрх шууд хэрэгжихгүй байх нөхцөл байдалд хүргэсэн байна.    

Тухайлбал, “С” эмнэлгийн зүгээс Х.Д, Н.Б нарт эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхдээ хууль, журамд заасны дагуу зохих ёсоор үзүүлсэн эсэхэд эрүүгийн эсвэл зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг бүрэн тогтоосны үндсэн дээр хохирлын асуудлыг шийдвэрлүүлэх, эсхүл Х.Д, Н.Б нар  “С” эмнэлгээс учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй гэх утга агуулга, үр дагаврын хувьд ялгаатай асуудлаар эсрэг тэсрэг, зөрүүтэй дүгнэсэн нь хохирогч нарын зөрчигдсөн эрхийг сэргээхэд ойлгомжгүй, тодорхойгүй байдлыг үүсгэсэн гэж үзнэ.     

Шүүх нь гагцхүү прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруу, хохирол, хор уршгийн асуудлыг шийдвэрлэх ба “С” эмнэлгийн холбогдох этгээдийг анхнаас нь гэмт хэрэгт холбогдуулж шалгаагүй, түүнчлэн шүүх хэргийг өмнө нь удаа дараа прокурорт буцааж шийдвэрлэхдээ гэмт хэргийн шинжийн асуудлыг шалгах асуудал хөндөгдөж байгаагүй байх тул “гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй” эсэхийг шалгуулсны дараа хохирогч нарын гэм хорын асуудлыг шийдвэрлэх, эсхүл жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай харилцан зөрүүтэй дүгнэснийг үндэслэлтэй гэж үзэхгүй.   

3. Хохирогч нараас нэхэмжилсэн гэм хорын хохирлыг хангаагүй үндэслэлийг үйл баримтын хүрээнд дүгнээгүй орхисныг зөвтгөх боломжгүй.        

Хохирогч Н.Б эм, тарианы зардал 1.119.400 төгрөг, бензиний 697.490 төгрөг, сэтгэл санааны гэм хор 15.000.000 төгрөг, Х.Д эрүүл мэндийн улмаас учирсан гэм хорын хохирол 15.000.000 төгрөг, мөн цаашид гарах эмчилгээний зардлыг тус тус нэхэмжилсэн байх боловч хохирогч нарт учирсан, нэхэмжилж буй гэм хорын асуудлыг ямар үндэслэл, үйл баримтын хүрээнд заримыг эсхүл бүхэлд нь хангах боломжгүй эсэхийг тодорхой, ойлгомжтой үндэслэлээр дүгнээгүй, тухайн хохирогч Н.Б-с нэхэмжилж буй хохирлын дүн өмнө нь тухайн хохирогч нарыг “С” эмнэлгээс үнэ төлбөргүй эмчилсэн хохирлын баримттай /4хх-52-95/ давхацсан эсэхийг нягтлаагүй орхижээ.   

Хохирогч нарын хувьд өөрсдийн эрүүл мэндэд учирсан болон бусад гэм хор,  зайлшгүй зардлыг Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 228 дугаар зүйлийн 228.3, 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэх эрхтэй ба тус үндсэн болон тусгайлж нарийвчилсан зохицуулалтын хүрээнд зөрчигдсөн эрхийг сэргээх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.  

4. Тухайн эрүүгийн хэргийг мөрдөн шалгах хүрээнд нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаарх журам зөрчигдсөн буюу тодорхойгүй зарим асуудал үүссэн байх нь хохирогч нарт учирсан гэм хорын асуудлыг шийдвэрлэхгүй байх үндэслэл болохгүй.  

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, мөн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх хүрээнд зарим алдаа, зөрчил, тодорхойгүй бусад  асуудлаар талууд мэтгэлцсэн, оролцогчид мэдүүлэг өгсөн байх ба тус “тодорхойгүй, зөрчил бүхий зарим асуудал”-ыг бүхэлд нь бус зөвхөн зарим хэсгийг анхан шатны шүүхээс дүгнэсэн боловч энэ нь хохирогч нарт учирсан гэм хорын асуудлыг шийдвэрлэхгүй орхих үндэслэлд хамааралгүй, зарим талаар зөрүүтэй, ойлгомжгүй байдал үүсгэжээ.

Мөн Иргэний хууль дахь сэтгэл санааны гэм хорыг нөхөн төлүүлэх  зохицуулалтад зарим нэмэлт өөрчлөлт орсон, мөн “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” батлагдсан нь сэтгэл санааны гэм хорыг арилгах тусгайлсан зохицуулалтад хамаарч байх ба хохирогч нарт учирсан гэм хорын асуудлыг шийдвэрлэхэд зарим тусгай мэдлэг шаардсан, тодорхойгүй асуудал үүссэн тохиолдолд үйл баримт болон хохирогч нар, тэдний өмгөөлөгчийн гомдол, хүсэлтийг харгалзан прокурорт даалгаж шийдвэрлэх эсэх нь шүүх хуралдаанаар шийдвэрлэгдэх асуудал болно.     

Тодруулбал, хохирогч нарт учирсан гэм хорын асуудлыг шийдвэрлэх хүрээнд эрүүгийн хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтыг шалгахад зарим нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх талаарх журам зөрчигдсөн буюу эргэлзээ, зөрүү үүсгэсэн, мөн зарим оролцогч нарын эрхийг зөрчсөн, хязгаарласан асуудал үүссэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар оролцогч талуудын гомдол, өөрийн санаачилгаар зарим асуудлыг шийдвэрлэхийг прокурорт даалгах нь гагцхүү анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ болохыг тэмдэглэж байна.     

Дээрх үндэслэлүүд нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.8 дугаар зүйлйин 1 дэх хэсгийн 1.6 “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн...36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй”, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5 дахь заалт ”гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэл”-д тус тус  хамаарч байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/342 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Н.Б, Х.Д нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч П.А, хуулийн этгээд “Ц” ХХК-ийн өмгөөлөгчийн гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.  

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчин болгож буй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү буцаахгүй” тул шүүх хуралдаан руу буцаасан гэж ойлгох ба шүүгдэгчид П.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :     

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/342 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Н.Б, Х.Д нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай. 

2. Шүүгдэгч П.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч П.А, “Ц” ХХК-ийн өмгөөлөгчийн гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдсугай.  

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                            ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Т.ӨСӨХБАЯР

 

                            ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

 

                            ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР