2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 191/ШШ2025/01239

 

 

 

 

 

 

 

 

 

  2025        02          11                                        191/ШШ2025/01239

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХБ ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.С, Ш.А нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг болон зардалд 37,456,268 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.М,

Хариуцагч О.С,

Хариуцагч Ш.А /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О.С, Ш.А нар нь ХБ ХК-ийн БГ Долоон буудал тооцооны төвтэй 2017.08.02-ны өдөр ЗГ/201743162252 тоот зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлэн авсан. Талуудын хооронд байгуулсан 2017.08.02-ны өдрийн ЗГ/201743162252 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2017.08.02-ны өдөр БГХ/201743162252 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, гэрийн эд хогшил болон ирээдүйд орж ирэх цалингийн орлого зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч нар нь 2024.06.17-ны өдрийн байдлаар 2017.08.02-ны өдөр ЗГ/201743162252 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 4,733,753 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,905,699 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,147 төгрөг нийт 8,646,599 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул ******* зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд ******* талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.7, 5.1.10, 6.5, 7.1 дэх заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсэгт заасныг тус тус үндэслэн зээлдэгч О.С, Ш.А нараас үндсэн зээлийн үлдэгдэл 15,266,246 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 20,224,249 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,937,771 төгрөг, нотариатын зардал 28,000 төгрөг, нийт 37,456,268 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч О.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 онд 20,000,000 төгрөгийн цалингийн зээл авсан. Улмаар 2017 оны 12 сард ажлаасаа гарч, хэсэг ажилгүй байсан. Улмаар зээлийг маань Ш.А төлж байгаад, Ш.А бид хоёр 2018 оноос хойш хамт амьдраагүй ба 2019 онд би өвдөгний хагалгаанд орсон. Ш.А бид хоёрын хувьд 2021 онд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан. Миний хувьд 2021 оноос хойш ээж, аавтайгаа хамт байж байгаад саяхнаас ажил хийж байна. Энэ зээлтэй холбоотойгоор ХБны зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл надтай ямар нэгэн байдлаар холбогдоогүйд нь гомдолтой байна. Энэ хугацаанд ковид-19 корона вирусын нөхцөл байдал ч мөн байсан. Ковид-19 цар тахал гарсан байх хугацаанд хүү, алданги бодогдох ёсгүй. Миний хувьд ХБны зүгээс дуудсан цагт нь очиж уулзаад, тайлбараа гаргаад явдаг байсан. Одоо бол үндсэн зээл болон хүүгийн төлбөрийн 50%-ийг төлөх боломжтой. Бусдыг зөвшөөрөхгүй байна гэв.

 

3.Хариуцагч Ш.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд 2017 онд О.Сгийн авсан зээлийн батлан даагчаар нь орсон. Үүнээс хойш бид гэр бүлээ цуцлуулах хүртлээ тухайн зээлийн хамт төлөөд явж байсан. Шүүхээр гэрлэлтээ цуцлуулах үедээ ч мөн энэ талаар хэлж, эд хөрөнгийн маргаангүй гэж шийдвэрлүүлж байсан. Улмаар гэрлэлтээ цуцлуулсны дараа батлан даагчаас хасуулахаар ХБ ХК-д хүсэлт гаргаж байсан. Банкнаас над руу энэ зээлтэй холбоотой асуудлаар хандаж байгаагүй. Зээлийн график зөрчигдсөн даруйд шүүхэд хандаж, хүүг зогсоох боломжтой байсан. Гэтэл энэ олон жилийн хугацаанд ямар нэгэн арга хэмжээ авалгүйгээр яагаад ингэж хүүг нь нэмэгдүүлж байсныг нь гайхаж байна. О.Сгийн хувьд энэ зээлийг авсан ба зээлээ төлөх бүрэн чадварай хүн учир миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. О.С өөрөө байгаа учир би энэ зээлийг хариуцах ёсгүй гэв.

 

4.Нэхэмжлэгч тал нотлох баримтаар,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023, 2024 оны эрх олгосон итгэмжлэлүүд, 2017.08.02-ны өдрийн зээлийн гэрээ, 2017.08.02-ны өдрийн барьцааны гэрээ, 2017.08.02-ны өдөр  Ш.Ааас О.Сд олгосон итгэмжлэл, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2017.08.02-ны өдрийн ХБны гүйлгээний баримт, зээл хүсэгчийн анкет, зээл хүссэн өргөдөл,  хариуцагч О.Сгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт, хариуцагч Ш.Аын ажлын газрын тодорхойлолт, зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ХБ ХК нь хариуцагч О.С, Ш.А нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэг болон зардалд 37,456,268 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан нэхэмжлэгч талаас гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “...хариуцагч нар нь зээлийг хүлээн авч, ашигласан боловч буцаан төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй учир хамтран хариуцлага хүлээх учиртай, бид зээлийг төлөхийг удаа дараа шаардсан ч төлөөгүй учир зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй...” гэж тайлбарлана.

 

Хариуцагч О.С гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг “…би авсан зээлийн хэмжээний талаар маргахгүй, гагцхүү ковид-19 цар тахал, өвдөгний хагалгаанд орсон, ажилгүй байсан зэрэг шалтгаанаас болж зээлээ төлж чадаагүй, гэхдээ тухай бүр ХБ ХК-д тайлбараа өгч, энэ талаар мэдэгддэг байсан, авсан зээл болон хүүгийнхээ 50%-ийг төлнө, үлдсэнийг зөвшөөрөхгүй... гэж,

Хариуцагч Ш.А гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...Би О.Сгийн авсан зээлд батлан даагчаар орсон, ингээд шүүхээр гэрлэлтээ цуцлуулах хүртлээ тухайн зээлийг хамт төлж байсан, энэ зээлийг О.С авч ашигласан, зээлээ төлөх бүрэн чадвартай хүн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй...” гэж тус тус тайлбарлан мэтгэлцэнэ.

 

3.Хариуцагч Ш.Амагаланжаргал нь 2017.08.02-ны өдрийн итгэмжлэлээр өөрийн нэрийн өмнөөс ХБ ХК-иас цалингийн барьцаат зээлийн гэрээ, барьцааны гэрээнд хамтран үүрэг хүлээх /батлан даагч/-ээр өөрийг нь төлөөлөн гарын үсэг зурах эрхийг 1 жилийн хугацаатай хариуцагч О.Сд олгосон байх ба, энэхүү итгэмжлэлийг үндэслэн хариуцагч О.С нь зээл авах хүсэлт гарган, ХБ ХК-ийн Долоон буудал тооцооны төвтэй 2017.08.02-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Энэ үед хариуцагч О.С, Ш.А нар нь эхнэр, нөхөр байсан ба, О.С нь Улаанбаатар Бүк ХК-нд Товарын бетон зуурмагийн үйлдвэрийн дарга, Ш.А нь Оюу Толгой ХК-нд Түлш хариуцсан ахлах ажилтнаар ажиллаж байсан болох нь тодорхойлох хэсэгт дурдагдсан баримтуудаар тогтоогдсон.

 

Дээрх зээлийн гэрээгээр үндсэн зээлдэгч О.С, хамтран зээлдэгч Ш.А нар нь 20,000,000 төгрөгийг жилийн 21.6%-ийн хүүтэй зээлж, 2021.08.07-ны өдрийг хүртэл 48 сарын хугацаанд ашиглах, зээл, хүүг графикийн дагуу ХБ ХК-нд буцаан төлөх, төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр хамтран үүрэг хүлээсэн, нэхэмжлэгч ХБ ХК нь хариуцагч О.С, Ш.А нарт зээлийг олгох үүргийг тус тус хүлээсэн,

2017.08.02-ны өдрийн барьцааны гэрээгээр хариуцагч О.С нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 73 дугаар байрны 12 тоотод байрлах, 1,200,000 төгрөгийн үнэлгээ бүхий гэрийн эд хогшил болон ирээдүйд орж ирэх, 48 сарын цалингийн орлогыг барьцаалуулсан байгаа нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1., 451.2., 452 дугаар зүйлийн 452.1., 452.2., 156 дугаар зүйлийн 156.1.-д заасан шаардлагад нийцжээ.

 

Харин нэхэмжлэгч ХБ ХК нь барьцааны гэрээний дагуу ямар нэгэн шаардлага гаргаагүй, зөвхөн зээлийн гэрээний үүрэг, гарсан зардлын хамт шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгөх нь зүйтэй.

 

4.Нэхэмжлэгч ХБ ХК нь зээлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг 2017.08.02-ны өдөр хариуцагч О.Сд дансаар шилжүүлэн өгсөн, хариуцагч О.С, Ш.А нар нь зээлийг хүлээн авч ашиглаад зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу, гэрээний хугацаанд үндсэн зээлд 20,000,000 төгрөг, хүүд 10,125,872 төгрөг, нийт 30,125,872 төгрөгийг төлөх үүрэгтэй, энэхүү үүргийн дагуу хугацаа хэтрүүлж үндсэн зээлд 4,773,753 төгрөг, хүүд 3,905,699 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 7147 төгрөгийг нэхэмжлэгч ХБ ХК-нд буцаан төлсөн, 2024.06.17-ны өдрийн байдлаар 15,266,246 төгрөгийн үндсэн зээлийн, 20,224,249 төгрөгийн хүүгийн, 1,937,771 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй, 2018 оноос зээлийн төлөлт хийгээгүй, графикт хугацаа зөрчигдсөн байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 451 дүгээр зүйлийн 451.1, зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1.1, 2.1.1.2, 5 дугаар зүйлийн 5.2.1-д зааснаар нэхэмжлэгч ХБ ХК нь зээлийн мөнгийг хариуцагч О.С, Ш.А нарт хүлээлгэн өгөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлсэн байхад хариуцагч О.С, Ш.А нар нь мөн хуулийн заалт, зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.7-д зааснаар ашигласан зээл, хүү төлөх үндсэн үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй, зээлийн төлөлтийг бүрэн хийгээгүй, зээл, хүүгийн үлдэгдэлтэй.

 

Нэхэмжлэгч ХБ ХК нь зээлийг төлүүлэх талаар хариуцагч нартай утсаар холбогдож шаардаж байсан, хариуцагч нар нь 2021 оны 11 сар, 2022 оны 04 сар, 05 сар, 2023 оны 07 сард бага хэмжээгээр зээлийн төлөлт хийж байсан нь зээлийн бүртгэлийн картаас харагдах ба, хариуцагч нар нь зээлийг графикийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэхэмжлэгч ХБ ХК нь зээлийн гэрээний 6 дугаар зүйлд зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байхад уг эрхээ хэрэгжүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа 2021.07.08-ны өдөр дуусчээ. Нөгөө талаар хариуцагч нар нь зээлийг төлөх боломжгүй болсон тухайгаа болон ковид-19 өвчний нөхцөл байдалтай холбоотой зээл төлөх хугацаа хойшлуулах талаар, гэрээг цуцлах талаар *******анд хандаж бичгийн хүсэлт гаргах эрхтэй, уг эрхээ мөн хэрэгжүүлээгүй байна.

 

5.Иймд нэхэмжлэгч ХБ ХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1.-д зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 15,266,246 төгрөг, хүүгийн үлдэгдэл 20,224,249 төгрөгөөс гадна гэрээний хариуцлага буюу нэмэлт үүрэг болох нэмэгдүүлсэн хүү 1,937,771 төгрөг, нийт 37,456,268 төгрөгийг шаардах эрхтэй, хариуцагч О.С, Ш.А нь зээл, хүү төлөх үндсэн үүргээс гадна зээлийг хугацаандаа төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн буруутай байх тул хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч талын гаргасан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцооллыг шүүх үндэслэл бүхий байна гэж үзлээ.

 

Тиймээс хариуцагч О.Сгийн гаргасан “...ажлаас чөлөөлөгдсөн, хөлөндөө хагалгаа хийлгэсэн, ковид-19 өвчний нөхцөл байдал болон нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй, зээлийн хүү нэмэгдэх нөхцөлд хүргэсэн гэх...” шалтгаанаар, хариуцагч Ш.Аын гаргасан “...би батлан даагчаар гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон болохоос хамтран зээлдэгч болоогүй, зээлийг би аваагүй, тэгээд ч бид хоёр гэрлэлтээ цуцлуулсан учир зээлийг төлөхгүй...” гэсэн агуулга бүхий тайлбараар тэднийг зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Учир нь хариуцагч О.С, Ш.А нар нь зээлийн гэрээ байгуулагдах үед ашиг сонирхол нэгтэй эхнэр, нөхөр байсан, тийм учраас эхнэр Ш.А нь өөрийн нэрийн өмнөөс зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэх эсхүл батлан даагчийн үүрэг хүлээх хоёрын аль нэгийг сонгох эрхийг нөхөр О.Сд итгэмжлэлээр олгосон, нөхөр О.С болон ******* тухайн үед хамтран хүлээх үүргийг сонгож ээлийн гэрээ байгуулсан, О.С, Ш.А нар нь Иргэний хуулийн 242 дүгээр зүйлийн 242.1, зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид байх ба, нэхэмжлэгч ХБ ХК нь хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар хариуцагч нараас хамтад нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

 

6.Иймд хариуцагч О.С, Ш.А нараас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 37,456,268 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХБ ХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 28,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Учир нь нэхэмжлэгч ХБ ХК нь шүүхэд хандах зорилгоор зээлийн хувийн хэргийн баримтуудыг нотариатаар батлуулж, 28,000 төгрөгийн зардал гаргасан гэж Нотариатын байгууллагын 2024.06.25-ны өдрийн и-баримт, 2024.06.26-ны өдрийн гүйлгээний баримтыг үндэслэл болгож байх ба, уг баримтуудаар 28,000 төгрөгийн төлбөр нотариатын байгууллагад төлөгдсөн нь тогтоогдсон, нэхэмжлэгч ХБ ХК нь энэхүү зардлаа Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар шаардах эрхтэй. Харин энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйл, 44 дүгээр зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр, бичмэл нотлох баримтанд тавигдах хуульд заасан шаардлагыг хангах нэхэмжлэгчийн үүрэгт хамааралтай байх тул уг зардлыг хариуцагч нар төлөх үүрэггүй гэж үзсэн.

                                                                                     

7.Нэхэмжлэгч ХБ ХК-ийн 2024.07.02-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 345,240 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.С, Ш.А нараас 345,091 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХБ ХК-нд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.2.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., 219 дүгээр зүйлийн 219.1.-д зааснаар хариуцагч О.С, Ш.А нараас 37,428,268 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХБ ХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 28,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар нэхэмжлэгч ХБ ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 345,240 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.С, Ш.А нараас 345,091 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХБ ХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.ЭНХТУЯА