2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 191/ШШ2025/01260

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 11

191/ШШ2025/01260

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Г.Э хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.О-г эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Г.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Г.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 2023.06.02-ны өдөр О.******* буюу түүний эзэмшлийн ******* авто сервист өөрийн эзэмшлийн Toyota Vangiard-XA30 маркийн *******-******* УБҮ дугаартай машиныхаа кропыг солиулаад машинаа асаахад чек гэрэл ассан байсныг засварын газрын эзэн О.******* өөрөө өөр засварын газарт очиж оношлуулаад моторын арын утас тасалсныг засаж өгсөн боловч сольсон кроп нь харих замд явж байхдаа дугтчаад явж болохгүй болохоор нь эзэн О.*******од утсаар хэлэхэд 2-3 хоног яваад үз, зүгшрэх байх гэсэн. Хэлснээр нь 2-3 хоног явж үзээд болохгүй болохоор нь засварын газарт нь эргэж очиход тос нь гоожсон байсныг харсан ч юу яриад байгаа юм бэ гэж загнаж байснаа сальник нь муу байсан юм байна, боломжоороо сольж өгье, одоохондоо завгүй байна, амралтаараа хөдөө Алтай 5 богд явна гэх мэтээр хойшлуулсаар байгаад 9 сар гаргасан. Энэ хооронд машиныг унах боломж байхгүйгээр хэчнээн удаа очиж хэл ам болсоор 11 сарын 23-нд сальник солиулсан боловч кропны дугтачдаг хэвээрээ, өглөө асаагаад хөдлөх гэхээр хөдөлдөггүй, урагш хойш болж байж арай ядан хөдлөөд явж байхдаа байнга дугтчаад, мөн гэрэл дохио уулзвар дээр зогсохоороо хөдөлж өгөхгүй мөн л хойшоо нэг ухарч байж хөдөлдөг байдлыг олон удаа хэлж нэхсэн ч зөвшөөрөхгүй элдвээр загнаад байсан тул арга буюу хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газарт хандаж дахин солиулахаар болсон. Ингээд японоос сэлбэг авчирч байж сольж өгнө, 12 сарын 28-нд Японоос ирнэ гэсэн. Тэр өдөр нь ярихад Японоос контейнер ирээгүй байна. Ирэхээр нь би өөрөө яриад тавьж өгье гэсэн. Хүлээсээр байгаад 2 сар гаргаад цагаан сар боллоо, машин хэрэгтэй байна гэхэд контейнер ирээгүй, би ч бас хуучин машинтайгаа цагаан сар гаргах болоод байна гэсэн тайлбар хийсэн. Ингэж хүлээлгэж байгаад 3-р сарын 20-доор японоос авчирсан кропоо сольж тавиад засварчин нь асаагаад явах гэсэн боловч урагшаа ч, хойшоо ч хөдлөхгүй явж болохгүй кроп байсан. Тэгээд засварчин нь О.*******од хэлье гэсэн. Машинаа тэнд нь орхисон. Маргааш нь О.******* өөрөө үзээд ахыгаа 04 сарын 1-нд гадаадаас ирэхээр нь үзүүлье, үзэж өгье гэсэн гэж хэлсэн. 04 сарын 01-нд нь утсаар асуухад амралын өдөр тул маргааш нь болохоор болоод, тэгсээр байгаад 04 сарын 09-нд очиход ах нь 1,2 сая төгрөг өгвөл кропыг чинь солиод машины компьютер нь болохгүй болсон машин байна, компьютерын бүх залгуурыг нь салгаж шалгана, мөн 8 литр тос авч өг гэсэн шаардлага тавьсан. Тэр өдөр нь 2 дахь өдөр засвар эхлүүлмээргүй байна гэж хэлээд машинаа үлдээснээ эргэж машинаа чирээд компьютер оношилгоо хийлгэхэд машины компьютер зүгээр гэж оношлогдсон. Тэгээд О.******* руу залгаж машины маань компьютер зүгээр байна кропыг сольж өг гэсэн шаардлага тавихад зөвшөөрөөгүй уурлаж бухимдаад элдвээр загнаад миний утсыг блоклосон, холбоо барих боломжгүй болоод зөвхөн засварчнаас нь сураглаад, эхнэртэй нь нэг ярьж загнуулаад аргагүйн эрхэнд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газарт хандахад үнэхээр энэ кроп эвдэрхий явж болохгүй гэж байгаа бол өөр газраас кроп аваад тавиулаад үз гэсний дагуу би өөрөө дахин мөнгө төлж Коёо моторс засварын газраар солиулахад машин маань зүгээр хөдлөөд одоо явдаг болоод байна. Уг засварын газар очиход засварын газрын хүн нь өөрөө оруулъя гэж барьж үзээд кроп нь эвдэрсэн байна гэж хэлсэн. Коёо моторс 6 цагийн хугацаанд кропыг сольж бэлэн болгоод хөдөлгөж явж шалгаад хүлээлгэж өгсөн. Машинд байсан кропыг надад өгсөн. Тэр нь одоо ч надад байгаа. Японоос авчраад шууд тавьж өгч байгаа гэж хэлсэн кроп нь задлаад ягаан өнгийн силикон цавуугаар жийрэг наасан байгаа нь харагдаж байгаа. Үүнээс харахад хөдлөөд л хашаанаасаа гаргаж ам хаах гэсэн бодлогоор задалсан хуучин кроп тавьж өгсөн байна гэх хардлага төрөхөөс өөр арга байхгүй байна. Иймээс 2 удаа ашиглах аргагүй, үүрэг гүйцэтгэхгүй кроп тавьж өгөөд хэчнээн сар чирэгдэл гаргаад цаг хугацаа, ажил амьдралын хэрэгцээгээр мөн хэд дахиж тос авхуулсан мөнгө төгрөгөөр хохироож өдийг хүргэсэнд гомдолтой байгаа тул кропны үнэ 2,300,000 төгрөг, ажлын хөлс 250,000 төгрөг, сальник солиход 4л маслоны үнэ 88,000 төгрөг, 1л тап 10,000 төгрөг, дахин кроп солиход масло 8л 180,000 төгрөг, тап 1л 12,000 төгрөг, Koёo моторст кроп солиулахад масло 6л 180,000 төгрөг, наашаа цаашаа явсны бензиний үнэ 23,900 төгрөг тус тус өгсөн ба бүгд 3,0*******,900 төгрөг зарцуулсныг эргүүлэн төлүүлж авах хүсэлтэй байгаа тул мөнгийг маань гаргуулах арга хэмжээ авч өгнө үү гэж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2024.08.30-ны өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/Ш32024/21991 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон тул одоо түүний хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагч нотлох баримтаар,

Өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, ХААН банкны депозит дансны хуулга, гэх фэйсбүүк хаягт бичсэн зурвас, автомашины гэрэл зураг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.08.30-ны өдрийн 21991 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

3.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.18-ны өдрийн 29071 дугаар шүүгчийн захирамжаар ХААН банкны 5018329257 тоот данс эзэмшигчийн талаарх лавлагаа, хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.*******ын оршин суугаа хаягийн лавлагааг шүүхийн журмаар нотлох баримтаар бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Г.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийнхээ үндэслэлийг ...Миний бие *******-******* УБГ улсын дугаартай, toyota vanguard-XA30 маркийн автомашинаа О.*******ын ажилладаг Хөрс авто сервис гэх засварын газарт өгч, кропыг солиулсан боловч О.******* нь машиныг буруу оношилсон, үүнээс шалтгаалж надаас удаа дараагийн засварын зардал гарсан, одоо гаргасан зардлаа түүнээс гаргуулах гэхээр оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй, тодорхойгүй байна... гэж тайлбарлав.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, хүсэлт гаргагчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Хүсэлт гаргагчийн тайлбар, ХААН банкны депозит дансны хуулгууд, Odko Avrora гэх фэйсбүүк хаягт бичсэн зурвас, автомашины гэрэл зураг зэрэг баримтуудаас үзвэл О.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.08-ны өдрийн 25236 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлт гаргагч Г.*******ийн засварын төлбөр шилжүүлсэн 5018329257 тоот данс эзэмшигчийн талаарх лавлагааг ХААН банк ХК-иас гаргуулахад уг дансны эзэмшигч нь  регистрийн дугаартай, *******ын ******* болохыг тодорхойлжээ.

 

3.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.08.30-ны өдрийн 21991 дүгээр шүүгчийн захирамжаар ...О.******* нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 6 дугаар гудамж, 346 тоотод оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон... гэх үндэслэлээр үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Дээрх шүүгчийн захирамжид бичигдсэн хаяг болон О.*******ын оршин суух хаягийн бүртгэлтэй хаягууд хоорондоо зөрүүтэй байсан тул шүүхээс Баянзүрх дүүргийн ... тоот хаягаар түүнийг дуудан ирүүлэхээр шүүхийн мэдэгдэх хуудсыг 2025.01.24-ний өдөр хүргүүлэхэд 2025.01.27-ны өдөр хамаатан Г гэх хүн хүлээн авсан байх боловч О.О шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй.

 

Харин О.******* нь .... дугаарын утаснаас шүүгчийн туслахтай удаа дараа холбогдсон хэдий ч оршин суугаа хаягаа хэлээгүй, шүүхэд хүрэлцэн ирээгүй болох нь шүүхийн ажиллагааны баримт буюу шүүхэд дуудан ирүүлэх тухай шүүхийн мэдэгдэх хуудас, шүүгчийн туслахын тэмдэглэлээр тус тус тогтоогдсон.

 

4.Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.*******ыг Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суудаг гэж үзэх боломжгүй, тэрээр шүүгчийн туслахтай утсаар холбогдож байгаа боловч шүүхийн дуудсан цагт ирээгүй, хаана оршин суугаа нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1.-д заасан үндэслэл бүрдсэн байх тул Г.*******ийн хүсэлтийг хангаж, О.*******ыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

5.Хүсэлт гаргагч Г.*******ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2.‑т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т зааснаар О.О-г эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар О.*******ын оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Г.Э-т мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хүсэлт гаргагч Г.Э-н тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА