| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодорж Ганбаатар |
| Хэргийн индекс | 2204001530128 |
| Дугаар | 2023/ДШМ/782 |
| Огноо | 2023-08-03 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | С.Баяр-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2023/ДШМ/782
2023 8 03 2023/ДШМ/782
Г.Хт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Баяр-Эрдэнэ,
шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа,
нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/56 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Х, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Хт холбогдох 2204001530128 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Г.Х 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 1-8 насны 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хүннү 102 дугаар байрны 9Е тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:00000000/,
Шүүгдэгч Г.Х нь 2022 оны 8 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хэрлэн тур” амралтын газарт “аавтай нь маргалдсан” гэх шалтгааны улмаас хохирогч П.Эы толгой, нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодон, хохирогчийн биед тархины баруун тал бөмбөлгийн чамархай, зулайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Багануур дүүргийн прокурорын газраас: Г.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурван) жил 6 (зургаан) сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Хт оногдуулсан 3 (гурван) жил 6 (зургаан) сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Х нь хохирогч П.Эы эмчилгээний зардалд 53.206.084 (тавин гурван сая хоёр зуун зургаан мянга наян дөрвөн) төгрөг төлснийг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчийн цалингийн зөрүү болон гуурс, эм тарианы зардал 2.805.0000 /хоёр сая найман зуун таван мянган/ төгрөгийг мөн хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 200.000.000 /хоёр зуун сая/ төгрөг болон нэхэмжлэлээс үлдэх 1.007.651 (нэг сая долоон мянга зургаан зуун тавин нэгэн) төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, түүнд энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан “Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв, Улаанбаатар Төмөр замын төв эмнэлэг, Монгол-Японы эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн” талаарх нийт 3 хавтас 618 хуудас баримтыг хэрэгт хавсарган үлдээж, Г.Хт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Х давж заалдах гомдол болон тус шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие тэрхэн зуурын уур бухимдлаа барьж чадаагүйдээ чин сэтгэлээсээ гэмшиж, мөрдан шалгах ажиллагаанаас эхлэн гэм буруутайгаа маргаагүй бөгөөд хохирогч П.Эы биед хүнд хохирол учруулсандаа туйлын ихээр харамсаж байна. Хэрэг маргаан болсноос хойш эрхэлж байсан ажлаа хүлээлгэн өгч, ажилгүй болсон хэдий ч мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хохирогч П.Эы эрүүл мэндэд ихээр анхаарч, шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд эмчилгээний зардалд 53.206.084 төгрөг, мөн хохирогчийн ар гэрт туслах үүднээс 6 сарын хугацаатай 2 өрөө орон сууц түрээслэн өгч, цаашид сунгаж өгөхөө илэрхийлж, өөрийн чадах бүхнээрээ хичээн ажилласан ба цаашид ч хохирогчийн биеийг сайжруулахын төлөө тусалж явах болно. Би өөрийн үйлдлээ зөвтгөж байгаа биш боловч хэргийн материалтай танилцахад зарим гэрчүүдээс намайг хохирогчид хэтэрхий хэрцгий харьцаж, гэмтээсэн мэтээр хэргийн бодит үйл явдлыг хэтрүүлэн мэдүүлсэнд туйлын ихээр харамсаж байна. Учир нь гэрч Э, О нарын мэдүүлэг намайг хохирогчийн биед халдаж, харгис балмад аашилсан мэтээр мэдүүлдэг бөгөөд үнэхээр гэрчүүдийн хэлсэн шиг хохирогчийн зодож нүдсэн бол шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед олон тооны гэмтэл тогтоогдох байсан гэж үзэж байна. Мөн мөрдөгчөөс хэрэг болох үед гэрчүүдийн байсан газрыг тогтоох үүднээс мэдүүлгийг газар дээр нь шалгаж, үзлэг хийсэн тэмдэглэлтэй танилцахад гэрчүүдийн хэлж буй газрууд мэдүүлснээс хэтэрхий зөрүүтэй байсан зэрэг нь бодит байдал дээр миний бие хохирогчид хүмүүсийн мэдүүлэгт дурьдсан шиг харгис хэрцгий үйлдэл гаргаагүй болохыг нотлох тул шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Миний бие эхнэр Б.Ц, бага насны С 8 настай, С 3 настай, Ш 2 настай хүүхдүүдийн хамтаар амьдардаг. Эхнэр маань хүүхдүүдийг харах хүнгүйгээс ажил хийх боломжгүй учир миний бие ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүлээ тэжээн тэтгэж явдаг. Миний буруутай үйлдлийн улмаас гэр бүл маань хүндхэн байдалд орсонд би өөрийгөө маш ихээр буруутгаж байна. Би 2021 оноос эхлэн элэгний B,D вирус өвчтэй болж, эмчийн хяналтад байдаг ба хоригдож байх хугацаанд миний бие муудаж, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй гэдгээс айж байна. Мөн миний бие ОХУ-д үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер мэргэжилтэн, төмөр замын техникч мэргэжилээр тус тус суралцаж төгссөөн ба эрхэлж байсан ажлаа хүлээлгэн өгснөөс хойш “MAK ХХК”, Хөтөл Цемент шохой ХХК”, “Таван толгой төмөр зам” зэрэг компаниудаас ажлын санал ирсэн ба цаашид тогтвортой ажил хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой. Дээр дурьдсан хувийн байдлаа хүний эрүүл мэндэд хохирол учруулчихаад өөрийгөө хаацайлж хамгаалах гэсэндээ бус харин миний хийсэн буруутай хийсэн үйлдлийн улмаас гэр бүл минь давхар хариуцлага хүлээх болсонд чин сэтгэлээсээ гэмшиж байгаагаа илэрхийлж байна. Цаашид миний бие ажил хөдөлмөр эрхэлж, тогтвортой цалин орлоготой болвол хохирогч П.Э-ны эрүүл мэнд болоод хохирогчийн ар гэрийнхэнд чадах бүхнээрээ /хохирогчийн эмчилгээ болон асаргааны зардал, эд материал, орон сууц гэх мэт/, тусалж явахаа амлаж байна. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн миний үйлдсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаад, мөн хохирогч болон хохирогчийн ар гэрт чадах хэмжээгээрээ хохирол барагдуулахаар хичээсэнд, надаас өөр гэр бүлийг минь асран хамгаалж, тэжээн тэтгэх хүн байхгүй болоод миний хувийн байдлыг харгалзан үзэж, хорих ялыг торгох ял болгон өөрчилж, хөнгөрүүлж өгнө үү. Миний бие хохирогчид хохирол төлбөр төлөх, ар гэрт нь туслах, мөн өөрийн эхнэр, хүүхдүүдээ тэжээн тэтгэх боломж нээгдэхийг харгалзаж үзнэ үү...” гэв.
Шүүгдэгч Г.Хын өмгөөлөгч П.Амгаланбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Х нь хохирогч П.Э асгам согтуу тавиад хэрүүл маргаан үүсгээд над руу дайраад байхаар нь түүнийг өөрөөсөө холдуулахаар түлхэхэд тэр газарт унасан. Тэр үед П.Эы биед одоо ухаангүй болгоход шалтгаалсан гэмтэл учирсан байх боломжтой гэж мөрдөн байцаалтын шат болоод анхан шатны шүүх хурал дээр гэм буруугаа хүлээж мэдүүлсэн. Мөн гэм буруугаа хүлээж 2022.11 сараас эхлэн хохирлын мөнгө өгч байсан. Хохирогчийн прокурорын шатанд нэхэмжилсэн мөнгийг юуны зардал эсэхээс хамаарахгүйгээр бүгдийг төлж байсан. Харин гэрч нарын өгсөн мэдүүлэг шиг зүйл болоогүй гэдэг нь тэдний зөрүүтэй өгсөн мэдүүлэг, хэрэг болсон гэх газар дээр зааж байгаа зэргээс тодорхой харагдана. Г.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Өөрөөр хэлбэл шүүгдэгч, хохирогч хэн аль нь архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн зэрэг хүчин зүйл нөлөөлсөн. Өмгөөлөгч П.Амгаланбаатар миний бие Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорт бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт гаргаж даарах асуултуудыг асуух шаардлагатай гэж хүсэлтэд тусгасан. Прокурорын зүгээс хүсэлтийг бүрэн хангаж шийдвэрлэж тогтоол гаргасан боловч миний тавьсан асуултуудаас огт оруулаагүй нь ял халдаахад нөлөөлөхөд хүргэсэн. Үүнд: 1. Дээрх гэмтлийг яг ямар цаг хугацаанд авах боломжтой. 2. Уг гэмтэлийг 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр авсан гэж үзвэл 2022 оын 8 дугаар сарын 16-ны өдрийн хооронд П.Э нь эмнэлэгийн ямар үйлчилгээ авсан бол гэмтлийг мэдэх боломжтой байсан бэ 3. Уг гэмтэлийг 2022 оны 8 дугаар сарын 16-наас буюу ухаан алдаж унахаас өмнө илэрүүлж мэдсэн бол эмчилгээ /хагалгаа/ хийж эдгэрэх боломжтой байсан уу. 4. Уг гэмтэлийг ухаан алдаж унах буюу 2022 оны 8 дугаар сарын 16-наас өмнө хэд хоногийн дотор авах боломжтой вэ. Учир нь 2022.08.08-ны өдөр эмнэлэгт үзүүлсэн боловч архины хордлогонд орсон гэж оншилсон. 5. Асуултанд тусгагдаагүй нөхцөл байдал илэрвэл дүгнэлтэд тусгах.
Мөн Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргасан боловч хүсэлтийг минь хүлээж авч танилцах үед гаргасан хүсэлт алга байсан. Гэвч миний зүгээс хохирогчийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж гомдол гаргалгүй хэргийг прокурорт шилжүүлсэн. Г.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул хохирогч талд нийт 53,206,084 төгрөг төлсөн. Хохирогчийн цалингийн зээлийг ч төлсөн. Мөн 6 сарын хугацаагаар хохирогч талд орон сууц хөлсөлж өгсөн бөгөөд цаашид уг хугацааг сунгахыг илэрхийлсэн. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нараас эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй. Мөн Г.Х-ын ард хохирогчийн 6, шүүгдэгчийн 3 хүүхдийн хувь заяа яригдаж байна. Хохирогч талаас шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байгаа гэсэн дүгнэлтийг анхан шатны шүүх хуралдаан дээр илэрхийлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс Г.Х-ыг шоронд явуулах хүсэлгүй, түүнийг ажил хөдөлмөр эрхлүүлж хохирогчийн эмчилгээний зардалд тус нэмэр болгуулан хохирогчийг хөл дээр нь босгох талаар хүсэлт гаргаж байсан. (2хх-99). Үүнийг анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа анхаараагүй. Өөрөөр хэлбэл шүүх нэгдүгээрт хохирогчийг огт тавиагүй буюу түүний цаашдийн хувь заяа яах нь хамаагүй гэдэг байдлаар шийдвэр гаргасан. Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдпын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирлын хор уршгийн зардлыг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй гэж дүгнэсэн атал Г.Х-т хүндэдсэн ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино" гэсэн байх тул гол нь хохирогчийн эрүүл мэнд, эрх ашгийг нэгдүгээрт тавьж нийгмээс тусгаарлаж хорих бус хууль тогтоогчоос олгосон боломж буюу торгох ял оногдуулж, Г.Х-ыг ажил хөдөлмөр эрхлүүлэн хохирогчийн хүүхдийг тэжээлгэх, хохирогчийн эмчилгээний зардал олох боломж нөхцөлийг олгох ёстой гэж үзэж байна. Иймд 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд төлж барагдуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү...Учир нь, Шүүгдэгч Г.Х нь хохирогчид хохирол төлөх болон өөрийн гэр бүлийг тэжээн тэтгэх учир хугацаа шаардлагатай. Хэрэв миний үйлчлүүлэгчид торгуулийн ял оногдуулах боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэгсийн 1.3 дахь заалтыг баримталж ял оногдуулах боломжтой. Иймд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол болон миний гаргасан гомдлуудыг хүлээн авч шүүгдэгч Г.Х-т оногдуулсан хорих ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н давж заалах гомдол болон тус шүүхэд гаргасан тайлбартаа: “...Г.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул хохирогч талд нийт 53.206.084 төгрөг төлсөн. Мөн 6 сарын хугацаагаар хохирогч талд орон сууц хөлсөлж өгсөн бөгөөд цаашид уг хугацааг сунгахыг илэрхийлсэн. Г.Х-ын зүгээс орон сууц /хохирогч тал болох манай талд/ худалдан авч өгөхийг мөн илэрхийлсэн. Учир нь миний нөхөр П.Э нь нэг хэмийн темпеартуртай буюу орон сууцанд байлгах шаардлагыг эмнэлэгийн зүгээс зөвлөсөн. Гол нь миний нөхөр асаргаа болон эмчилгээний зардалд мөнгө их хэрэг болдог тул Г.Х нь ажил, хөдөлмөр эрхэлж, эдийн засгийн тусламж дэмжлэгийг үзүүлж байх ёстой. Гомдолгүй болохоо илэрхийлж байгаа тул Г.Х-т оногдуулсан хорих ялыг өөрчилж, торгуулийн ялаар сольж өгнө үү...Манай нөхөрт уураг маш их шаардлагатай байгаа бөгөөд байнга хэрэглэх шаардлагатай гэж эмч хэлсэн. Би ганцаараа ажил хийдэг учир хүүхдүүдээ тэжээх, нөхрийнхөө эм тариаг залгуулахад цалин маань хүрдэггүй. Иймд шүүгдэгч Г.Х-т хорихоос өөр төрлийн ял оногдуулбал нөхрийн маань эмчилгээнд туслах болов уу гэж бодож байна...”гэв.
Хохирогчийн төлөөлөгч Ц.Н-гийн өмгөөлөгч Б.Балжидмаагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:“...Хохирогчийн бие эрүүл мэндийн байдлын талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэлсэн. Миний үйлчлүүлэгч нь өөрөө ажил хөдөлмөр эрхэлж өрхийн хэрэглээгээ хангаж яваа. Шүүгдэгч Г.Х өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Хохирогчоос гаргаж өгсөн хохирлыг цаг тухайн бүрд нь төлж барагдуулсаар ирсэн. Эрүүгийн хуулийн зорилго нь зөрчигдсөн эрхийг сэргээх, хууль ёсны эрх ашгийг хамгаалахад оршдог. Шүүгдэгч Г.Х-ын үйлдлийн улмаас хохирогч П.Э-ны биед гэмтэл учирч мөн түүний ар гэрт сэтгэл санаа, эдийн засгийн хохирол учирсан. Энэ зөрчигдсөн эрхийг сэргээх үүрэг нь Г.Х-т бий гэж олгож байна. Иймд шүүгдэгч Г.Х-т торгох ял оногдуулах боломжтой гэж үзэж байна...”гэв.
Прокурор С.Баяр-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Х-т 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан. Мөн эрүүгийн хуулийн зорилго нь Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Шүүгдэгч Г.Х нь хорих ялаар шийтгүүлсэн ч гэсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирол нөхөн төлсөн бол торгох ял оногдуулна гэсэн хуулийн заалт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох буюу хэрэгт нотолбол зохих байдлыг нотлох чиг үүргийн хүрээнд хийгдсэн мөрдөн шалгах, хяналт тавих ажиллагаанууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байх ба хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.
Хэргийн бодит байдлыг нотолж буй тус эрүүгийн хэрэгт цугларч, бэхжигдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан үндэслэл, үйл баримтгүй, энэ хүрээнд маргаан бүхий асуудал гаргаагүй байна.
Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны тал, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь бодит байдлаар шалгаж, үнэлсэний үндсэн дээр шүүгдэгч Г.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал,
Шүүгдэгч Г.Х нь 2022 оны 8 дугаар сарын 06-аас 8 дугаар сарын 07-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хэрлэн тур” амралтын газарт хохирогч П.Э-ыг “аавтай нь маргалдсан” гэх шалтгааны улмаас зодож, түүний эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан болох нь :
- гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэл : “Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн нэгдсэн төвийн хүлээн авах тасагт манай ах П.Э бусдад зодуулж ухаангүй байдалтай эмнэлэгт байна” /1хх-03/,
- хохирогч П.Э-ы амбулаториор эмчлүүлэгчийн карт, өвчний түүхүүд болон эмнэлгийн магадлагаа, биеийн ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-06, 115-118, 2хх-113-119, 199-200/,
- “П.Э-ы Улаанбаатар Төмөр замын төв эмнэлэг, Багануур Эрүүл мэндийн төв, Монгол-Японы эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхүүдийг эд мөрийн баримт тооцох мөрдөгчийн тогтоол” /1хх-05/,
- Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмнэлэг хяналтын комиссын 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №1309 дугаартай шийдвэр болон Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрээр “Пүрэврагчаагийн П.Э нь гавал тархины үлдэц, Глаза 5-6 балл оношоор ердийн өвчний жагсаалтын П.Э нь гэмтлийн шалтгаант хатуу хальсан доорх цусан хураа авах, мэс заслын дараах байдал, ердийн өвчний жагсаалтын IV-6-2 оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 90 хувиар хугацаагүйгээр тогтоов” /2хх 231-233/,
- Ц.Н-гийн гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн мэдүүлэг : “...П.Э нь 2022.08.06-ны өдөр хамт олонтойгоо зугаалганд яваад 08 дугаар сарын 07-ны өдөр ирээд гэртээ унтаж байсан. Түүнийг унтаж байгааг харахад хоёр нүд нь хөхөрсөн байсан...маргааш нь асуухад юу ч дуугараагүй. Орой нь унтаж байгаад таталт өгөөд шөнө 23 цагийн үед 103-т дуудлага өгөөд эмнэлэг явсан, тэгээд архины хордлого орсон байна гээд хордлогын тариа хийгээд шөнө 03 цагийн үед хүүтэйгээ хамт ирсэн. Тэрнээс хойш толгой өвдөөд байна гээд эм уугаад яваад байсан юм. Тэгээд 2022.08.15-ны өдөр эмнэлэгт үзүүлэхэд хэвт гэсэн, үзүүлж явтал гэнэт ухаан алдаж унасан...Толгойн томографи хийлгэхэд толгойн баруун талд цус хуралттай, яаралтай гэмтэл согог руу хүргэнэ гэсэн...Манай нөхөр 2022 оны 08 дугаар сарын 16-наас 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Улаанбаатар Төмөр замын төв эмнэлэг, Багануур Эрүүл мэндийн төв, Монгол- Японы эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Одоо биеийн байдал нь хүнд байгаа бөгөөд ухаан ороогүй байгаа...Манай нөхөр одоо болтол ухамсарт ухаангүй, байнгын асаргаанд, гуурсаар хооллож, гуурсаар амьсгалж, гуурсаар шээж байна. Зүрхний цохилт нь багассан, даралт нь үе үе унаж биеийн жин нилээд хасагдаад байгаа...” /1хх-149, 151, 153/,
- гэрч Г.Р:“...шөнө 3-4 цагийн үед Г.Х гэх залуу манай бригадад ажилладаг П.Э хоёр хоорондоо маргалдаад хэрэлдээд их чимээ гараад байхаар нь би сэрсэн. П.Э ах орон дээр суучихсан, Г.Х хажууд нь зогсож байсан. Тэгээд Г.Х П.Э ахын нүүр лүү баруун гараараа цохиод хойшоо савсан бөгөөд буцаж П.Э ах өндийгөөд босож суухад Г.Х дахин баруун гараараа нүүр лүү нь цохисныг би санаж байна. Тэрнээс хойш П.Э ахтай уулзаагүй байж байгаад 8 дугаар сарын 15-ны өдөр ажил дээр таарсан бөгөөд П.Э ах үдээс өмнө ажиллаж байгаад 12 цаг буюу цайны цагаар “ах нь хоёр хоног гэртээ хэвтлээ, толгой өвдөөд ерөөсөө дээрдэхгүй байна, хамаг бие сульдаад босож чадахгүй байна, толгойгоо бариулахаас” гээд ажлаасаа буугаад харьсан. Миний санаж байгаагаар 2 удаа баруун гараараа нүүр хэсэг рүү нь цохьсон. Үйл явдал болох үед П.Э ах, Г.Х бид гурваас өөр хүн байгаагүй...Г.Х нь П.Э руу “чи муу одоо хэн бэ? юу гээд байгаа юм бэ?” гэж дайраад нэг удаа нүүр хэсэгт нь цохиод П.Э ах газарт унаж байх үед би гэр лүү орж таарсан. Тэр үед О, Э П.Э, Г.Х, Готовдорж нар байсан бөгөөд П.Э-ыг газарт унасан байх үед нь түүнийг Г.Х зодсон гэж сүүлд О, Э нар надад хэлсэн...” /1хх 157-159/,
- гэрч Д.О-ийн:“...тухайн өдөр би архи уугаагүй эрүүл байсан. Удалгүй манай ажпынхан голын эрэг дээр архи уусан бөгөөд Г.Х агсраад манай Р-тэй муудаад хоорондоо зодолдсон. Р-ын хамарнаас цус гарсан. Тэр үед Г.Х эхнэр Ц мөн агсраад маргалдаад байсан...Э бид хоёр гудас хөнжил аваад гэрээс хойшоо ойролцоогоор 30 метр зайтай модтой хэсэг рүү ороод байж байтал хүмүүс муудаад байх шиг байсан. Тэгэхээр нь би очоод хартал Готовдорж П.Э хоёр хоорондоо муудалцаж байсан. Тэгтэл Г.Х гэнэт П.Эыг заамдаж түрж байгаад газар унагаагаад дээрээс нь гараараа маш олон удаа цохьсон. Тухайн үед Б салгах гэсэн боловч чадаагүй. Учир нь Г.Х өөрөө их том биетэй болохоор салгаж чадахгүй байсан. Шөнө ойролцоогоор 2-3 цагийн хооронд Г.Х гэрийн гадаа “ааваа би танаас болж хүн зодчихлоо. Намайг гэрт хүргээд өг” гээд орилоод байсан. Г.Х бол аавыгаа өмөөрөөд П.Э-ыг зодсон. Өглөө П.Э-ы унтаж байсан гэрт ороход орон дээр унтсан байдалтай, газраар цус шиг зүйлээр бөөлжчихсөн, баруун гар нь маш том хөхөрсөн байдалтай хүзүү нь урагдаад язарчихсан юм шиг шархтай, нүүр нь битүү цус хураад хавдчихсан байсан. Г-той маргалдсанаас болж Г.Х уурлаад ийм асуудал болчихсон. Манай байгууллагад Г-той хамаатан садны харилцаатай хүмүүс олон байдаг болохоор үнэн зөв мэдүүлэг өгөхгүй байж магадгүй гэж бодож байна. Миний бодлоор болсон асуудлын талаар ажилчид бүгд л мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /1хх-176-177/,
- гэрч Ц.Э-гийн: “...тэгээд 23 цаг өнгөрч байхад манай хэсгийн мастер байсан Готовдорж согтоод хүмүүст агсарч эхэлсэн..Г-ийн хүү Г.Х мөн согтоод эхнэртэйгээ муудаад эхнэр нь Багануурын төв рүү буцаад явчихсан. Шөнө 00 цагийн үед Г манай ажлын ах П.Э-тай маргалдаж эхэлсэн. Хоёулаа согтуу байсан бөгөод маргалдаж байхад нь манай ажлынханы нэг нь ирээд Г-ийг аваад явсан. Тэгтэл гэнэт Г.Х П.Э-ыг заамдаж байгаад түрж унагаагаад цээжин дээр нь дарж суугаад хоёр хөлөөрөө хоёр гарыг нь дарчихсан хэсэг байж байгаад гараараа олон удэа толгой болон бие хэсэг рүү нь цохьсон. Тухайн үед би 2 шил 0.500 граммын пиво уусан болохоор бараг эрүүл байсан. Тэр хоёрыг зодолдож байхад Б, Ч, хоёрын аль нэг нь салгах гэж оролдоод байсан. Тухайн үед би ингэсгээд больчих байх гэж бодоод гэрт ороод П, З эгч, Р, Б, О бид нар байж байтал гаднаас П.Э, Г.Х хоёр орж ирсэн бөгөөд П.Э-ы нүүр нь ихэнх хэсэгтээ хавдаад зулгарчихсан байсан. Тэгээд би байж байгаад удалгүй хажуу талын гэрт ороод унтаад өгсөн...П.Э бол Г.Хтай маргаад байсан зүйл байхгүй бөгөөд Г.Х л П.Эд агсам тавиад байсан. Бид нарын хөлсөлж авсан гэрийн ойролцоо зодсон. Манай ажпын Зулаа эгч тухайн зодооныг бол сайн мэдэж байгаа. Учир нь дараа нь ажил цугласан хойно бригадаараа ажилд явахад Г.Х П.Эыг яаж зодсон талаар яриад яваад байсан...П.Эы байгаа байдал нь манарсан ч гэх юм уу, өмнө байдаг шигээ байгаагүй...”гэх мэдүүлэг /1хх-172/,
- гэрч П.А:“...Маргааш өглөө нь П.Э сэрээд намайг ус авчраад өг гэхээр нь би түүнд ус өгтөл түүний нүд хөхрөөд, уруул нь хавдсан түүний хэвтэж байсан орны урдуур улаан хүрэн өнгийн зүйлээр бөөлжсөн байсан. Гэтэл бүр сүүлд манай ажлын О, Р, Э гэх хүмүүс Г.Х, П.Эыг зодсон гэж ярьж байхад, мөн П.Эыг ухаангүй эмнэлэгт хэвтсэн байгаа зэргээс түүнийг тухайн үед Г.Хт зодуулсан байсан юм байна гэж би ойлгосон...2008 онд намайг болон манай нөхрийг Готовдоржийн эхнэр Мөнхцэцэг ажилд авч байсан..." гэх мэдүүэлг /1хх-174/,
- гэрч Г.Ч:“...Зугаалганаас буцахдаа П.Э миний машинд сууж явсан. П.Э зугаалганд явах үед зүгээр ямар нэг гэмтэл шарх байгаагүй. Багануурт ирээд машинаас буух үед харахад уруул нь хавдчихсан юм шиг байсан. Тэгээд би ажлынхнаасаа яасан талаар асуухад Г.Хтай зодолдсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-161/,
- гэрч Д.Б: “...би өглөө сэрээд П.Эы унтаж байсан гэр лүү ороход П.Э унтчихсан, газар улаан хүрэн өнгийн шингэн зүйлээр бөөлжсөн байсан...” гэх мэдүүлэг /1хх 164/,
- шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 382 дугаар дүгнэлт: П.Эы биед гавал тархины битүү гэмтэл, аалзан хальсан доорх цус харвалт, /хагалгааны дараах байдал/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. /толгойн тус газар цохих, цохигдох, унах үед үүссэн боломжтой/ Дээрх аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1,3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” /1хх-182-183/,
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №1044 дугаар дүгнэлт: “П.Эы биед тархины баруун тал бөмбөлгийн чамархай, зулайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1,3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 100 хувь алдагдуулна. Шүүх шинжилгээний хүрээлэнгийн Багануур дүүргийн Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмч Ө.Шаарийбуугийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 382 дугаар шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна” /1хх 190-196/,
- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх -178-179/,
- шүүгдэгч Г.Хын:...П.Э нь агсам согтуу тавиад хэрүүл маргаан үүсгээд над руу дайраад байхаар нь би түүнийг өөрөөсөө холдуулахаар түлхэхэд тэр газарт унасан юм. Тэр үед П.Эы биед одоо ухаангүй болгоход шалтгаалсан гэмтэл учирсан байх боломжтой гэж бодож байна...”гэх мэдүүлэг /1хх-214/ зэрэг нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байна.
Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан байх бөгөөд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, эргэлзээгүй байх шалгуурыг хангасан байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн субьектив болон объектив шинж хангагдсан гэж үзнэ.
Тодруулбал, хохирогч П.Эы амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан нь шүүгдэгч Г.Хын гэмт үйлдэл, гэм буруугийн санаатай хэлбэртэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, харин шүүгдэгчээс өөр хэн нэгэн этгээд тухайн гэмтлийг учруулаагүй, шүүгдэгчид зодуулснаас өөр бусад шалтгаанаар хохирогчийн амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан гэх үндэслэл, үйл баримт байхгүй тул шүүгдэгч Г.Хт холбогдох хэргийн зүйлчлэл зөв болно.
Хохирогч нь холбогдох эмнэлэгт шуурхай хандан тархины томографийн зураг авахуулаагүй, эмчлүүлээгүй шалтгаан нь анхны түргэн тусламжийн эмч нь хохирогчоос сайтар асуумж, мэдээлэл авахгүйгээр зөвхөн архины хордлого гэж буруу оношилж, хордлогын тариа хийснээр явуулсан, мөн хохирогч өөрийн тархинд учирсан гэмтэл, түүний хор уршгийг таамаглан мэдэх боломжгүйгээс эм ууж тархины өвдөлтөө намдаан хугацаа алдсан, түүнчлэн шүүгдэгч нь хохирогчийг зодсон атлаа уулзах, зовиур шаналалыг нь асууж тодруулалгүй зөнд нь орхисон зэрэг байдалтай хамааралтай болох нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтын эх сурвалжаас илэрхийлэгдсэн байгааг дурдах нь зүйтэй.
Гэрч Г.Рагчаабазар, Д.О, Ц.Э зэрэг гэрчүүдээс мэдүүлэг авахдаа тэдэнд эрх, үүргийг нь тодорхой тайлбарласан /1хх-156-159, 175-177, 171-172/ байх ба уг гэрч нарын мэдүүлгүүд нь эх сурвалжаа зааж, улмаар харилцан бие биеийнхээ эх сурвалжийг нотолсон, түүнчлэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж буй дээр дурдсан тусгай мэдлэгийн болон хамаарах бусад нотлох баримтаар давхар нотлогдсон байх тул тус гэрч нар үйл явдлыг хэтрүүлж мэдүүлсэн тухай шүүгдэгчийн зарим мэдүүлэг, гомдол үндэслэл, эх сурвалжгүй бөгөөд энэ нь шүүгдэгчээс өөрийн гэм бурууг нотлохгүй, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийн хүрээнд хамаарахыг тэмдэглэв.
Тус хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсанаас үүссэн хохирол, төлбөрт шүүгдэгч талаас хохирогч талаас гаргасан зарим нотлох баримт, зайлшгүй шаардлагатай эмчилгээний зардлын хүрээнд 53.206.084 төгрөг, 6 сарын хугацаатай 2 өрөө орон сууц түрээслэн өгч, цаашид тусалж, дэмжих, мөн орон сууц авч өгөхөө илэрхийлсэн талаар хохирогч мэдүүлсэн, тайлбарласан байна.
Хохирогч П.Э 43 насанд бусдын гэмт үйлдлийн улмаас амь насанд аюултай хүнд гэмтэл авч, ухаан мэдрэлээ бүрэн алдсан, дахин эмчлэгдэх боломжгүй бөгөөд амь насны эрсдэлт аюултай байдалд орсон байгаа нь гэмтлийн шалтгаант хатуу хальсан доорх цусан хураа авах, мэс заслын дараах байдал, ердийн өвчний жагсаалтын IV-6-2 оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 90 хувиар хугацаагүйгээр тогтоосон баримт /2хх-231-233/, биеийн байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /2хх-199/, хохирогчийн төлөөлөгчийн мэдүүлэг зэрэг эх сурвалжтай байх ба байнгын асаргаа, эм тариа хэрэглэдэг, мөн насанд хүрсэн 2, насанд хүрээгүй 4 хүүхэдтэй байх зэрэг нөхцөл байдлаас үзэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохрогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарт учирсан хохирол, хор уршиг бүрэн арилаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Тус гэмт хэргийн улмаас өөрийн нөхөр, эцгээ амь насанд аюултай хүнд хохирол, хор уршгийн байдалтайг харж, ухаарч мэдэрч буй хохирогчийн гэр бүлийн гишүүдийн хувьд өөрсдөд учирсан сэтгэл санааны гэм хор, бусад зайлшгүй хохирол, зардлыг Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 228 дугаар зүйлийн 228.3, 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэх эрхтэй ба тус үндсэн болон тусгайлж нарийвчилсан зохицуулалтын хүрээнд зөрчигдсөн эрхийг сэргээх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт учраас анхан шатны шүүхээс хохирогчийн төлөөлөгчөөс сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх эрхийг хааж шийдвэрлэсэн заалтыг хүчингүй болгох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэхэд зөвхөн хохирол төлсөн байх нь хангалтгүй харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзах ба тус зохицуулалтыг хэрэглэн хорих ялыг доод хэмжээг дахин багасгах нь хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд Г.Х-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюул буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирохгүй гэж үзнэ.
Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ямар төрлийн ял шийтгэлийг оногдуулах эсэх нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахдаа харгалзах шалгуур, шаардлагын талаар бодитой дүгнэсэн байх ба Г.Хт хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хт торгох ял оногдуулах эсхүл Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлах тухай шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар, шүүгдэгчид торгох ял оногдуулах тухай хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Хын 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 58 /тавин найм/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцно.
2, 3 дахь заалтын “...3 жил 6 сарын...” гэснийг ”...2 (хоёр) жилийн...” гэж өөрчилж,
4 дэх заалтын “...зардлыг...” гэсний дараа...” болон сэтгэл санаа, бусад гэм хорын хохиролд холбогдох ” гэж нэмэлт оруулж,
5 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн 6.-аас 10. хүртэлх дугаарыг 5.-аас 9. болгон өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Хт торгох ял оногдуулах эсхүл Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлах тухай шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар, шүүгдэгчид торгох ял оногдуулах тухай хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Г.Хын цагдан хоригдсон 58 /тавин найм/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР