| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхтуяа |
| Хэргийн индекс | 101/2024/09215/И |
| Дугаар | 191/ШШ2025/01522 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/01522
2025 02 18 191/ШШ2025/01522
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Н.Э, Б.Э нарын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Н.Э
Хүсэлт гаргагч Б.Э /цахимаар/
Гуравдагч этгээд Н.М, Э.Ү,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Хүсэлт гаргагч Н.*******, Б.******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие Н.******* нь эхнэр Б.*******тай 2000 онд танилцаж, гэр бүл болсон. Бидний дундаас том 2003.09.26-ны өдөр охин *******, 2010.03.04-ний өдөр бага хүү ******* нар төрсөн. Бид 2015 онд гэр бүлээрээ Бүгд найрамдах Солонгос улс руу ажиллаж, амьдрахаар явсан. Тэнд 1 жил гаруй хугацаанд хамтдаа амьдарч байгаад, 2016 онд хүү маань сургуульд орох болж, 2 хүүхдээ Монгол руу буцаасан. Тухайн үед эхнэр Б.******* маань хууль ёсоор оршин суух визтэй байсан ба миний бие хараар ажиллаж байсан. Бид хүүхдүүдтэйгээ 6 жил орчим уулзаагүй, санаад хэцүү байсан учраас 2022 онд ядаж бага хүүтэйгээ уулзъя гээд миний ихэр дүү болох *******, түүний эхнэр Б.*******д үрчлүүлж, хүүгээ *******тай хамт Солонгос улсад ирүүлэхээр болсон юм. Анх ихэр дүү *******ад хүү *******г үрчлүүлэхдээ *******ын асрамжид өгөх зорилгогүй, харин би оршин суух визгүй, харласан байсан учраас надаар овоглосон хүүхдийн маань визийг гаргахгүй гэдэг нь ойлгомжтой байсан тул өөрийн ихэр дүүдээ үрчлүүлэн, өөр овогтой болгоод Солонгос улсад авч ирэх, тэгээд хамт амьдрах бодолтой байсан. Гэтэл миний хүүгийн мэдүүлсэн виз гараагүй. Ингээд миний бие 2023 оны 04 дүгээр сард Монгол улсад ирсэн, түүнээс хойш хүү маань төрсөн гэртээ, аав, эгчтэйгээ амьдарч байна.
Хүүгээ үрчлүүлэх болсон дараагийн шалтгаан нь хүүхдүүд маань *******ынд амьдарч хичээл сургуульдаа явж, хүүхдүүдийг маань *******, ******* хоёр асран хамгаалж байсан юм. Энэ хугацаанд ямар нэгэн юм болоход заавал эцэг, эхийн зөвшөөрөл хэрэгтэй болдог, тэр болгонд бид хоёр Солонгос улсаас итгэмжлэл явуулах болоод байсан юм. Тийм учраас бид хоорондоо ярилцаж байгаад дандаа итгэмжлэл авч байхаар хүүгээ *******ын нэр дээр үрчлүүлье гэж шийдсэн. Тэгээд энэ үрчлэлт хийгдсэн юм. Бидний хувьд хүүгээ үрчлүүлэх хүсэл зорилго байгаагүй, харин Монгол улсад хүүхдүүдийг маань харж, хандах шаардлагын үүднээс *******, ******* нарт хүүгээ үрчлүүлсэн юм. Би удахгүй Монгол улсад бүрмөсөн очно, тэгээд гэр бүлээрээ хамт амьдарна. Иймд хүү *******г *******, ******* нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулж, хүүгийнхээ асрамжийг өөрсдөдөө буцааж авах хүсэлтэй байна гэв.
2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, Э.******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүү *******гийн хувьд сургуульд орохоор 6 настайдаа Монголд ирсэн. Тухайн үед хүүгийн аав, ээж нь БНСУ-д байсан учир харж хандах хүнгүй байсан тул бид өсгөж байгаад 2022 онд үрчилж авсан. Улмаар хүүгийн аав нь 2023 онд ирсэн. ******* одоо 9 ангид орсон ба иргэний үнэмлэх авах насанд хүрсэн. Одоо нэгэнт хүүгийн аав нь ирсэн, эгч нь их сургуульд орж байгаа, тэд гэр бүлээрээ хамт амьдарч байна. Нөхөр бид хоёр хүүг үрчилж авах хүсэл, зорилго байгаагүй. Харин *******, ******* нарын тайлбарласнаар хүүхдүүдийг БНСУ-ын визэнд оруулах, Монгол улсад асран хамгаалахтай холбоотойгоор үрчлэлтийг хийлгэсэн юм. Иймд бид үрчлэлтийг хүчингүйд тооцуулж, хүү *******г эцэг Н.*******, эх Б.******* нарт буцаан өгөхийг зөвшөөрч байна гэв.
3.Хүсэлт гаргагч нар нотлох баримтаар,
Хүү *******гийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрчилгээ, түүнийг эрүүл бойжиж байгаа тул Номгон жаргалант Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, үрчилсний бүртгэлийн лавлагаа, хүсэлт гарагч Н.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэр бүлийн хамт авахуулсан гэрэл зураг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, Э.******* нарын тодорхойлолт гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.
4.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд,
Тус шүүхийн 2025.01.24-ний өдрийн 4753 дугаар шүүгчийн захирамжаар хүү *******г үрчлүүлэхтэй холбоотой үрчлэлтийн бүртгэл хийхэд бүрдүүлсэн баримтууд, Н.*******, эх Б.******* нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Н.*******ын өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, хүү *******гийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, Н.*******, эх Б.******* нарын 2015 оны 01 дүгээр сараас 2025 оны 01 дүгээр сарын хооронд Монгол улсын хилээр орсон, гарсан талаарх лавлагаа зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Н.*******, Б.******* нар нь хүү *******г *******, Э.******* нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Хүсэлт гаргагч нар нь дээрх хүсэлтийнхээ үндэслэлийг ...Бид 2015 онд гэр бүлээрээ Бүгд найрамдах Солонгос улс руу ажиллаж, амьдрахаар явж, тэндээ 1 жил гаруй хугацаанд хамт амьдарсан, 2016 онд хүү, охин хоёр маань сургуульд орохоор болж, хоёр хүүхдээ Монгол руу буцаасан, тухайн үед эхнэр Б.******* нь хууль ёсны оршин суух визтэй, харин Н.******* миний бие хараар ажиллаж байсан ба хүүхдүүдтэйгээ 6 жил орчим уулзаагүй, санаад хэцүү байсан учраас 2022 онд ядаж бага хүүтэйгээ уулзъя гэж бодсон, мөн Монгол улсад хүүхдүүдийг маань *******, ******* нар асран хамгаалах шаардлагатай байсан учраас хүү *******г өөрийн ихэр дүү болох *******, түүний эхнэр Э.******* нарт үрчлүүлж, хүүгээ *******тай хамт Солонгост ирүүлэхээр болсон боловч хүүгийн маань виз гараагүй, миний бие Монгол улсад буцаж ирээд хүүхдүүдийн хамт амьдарч байна, ээж нь удахгүй БНСУ-аас бүрмөсөн ирнэ, бид анхнаасаа хүүгээ үрчлүүлэх хүсэл, зорилго байгаагүй... гэж тайлбарлав.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, хүсэлт гаргагч нарын гарган өгсөн болон шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Хүсэлт гаргагч Н.*******, Б.******* нар нь гэр бүл болсноо 2009.12.11-ний өдөр албан ёсоор бүртгүүлсэн байх бөгөөд тэдний хамтын амьдралын явцад 2003.09.26-ны өдөр охин *******, 2010.03.04-ний өдөр хүү Э.Тэмүүжин нар төржээ.
Хүсэлт гаргагч Н.*******, Б.******* нар нь хоёр хүүхдийн хамт 2015 онд Бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж, амьдарсан байх ба, 2016 онд хүү Тэмүүжин нь эгчийн хамт Монгол улсад буцаж ирсэн, эцэг, эх нь БНСУ-д үлдсэн байна. Улмаар Монгол улсад хүүхдүүдийг харж хандах шаардлага үүссэн, түүнчлэн бага хүүгээ БНСУ-ын визэнд оруулах, виз гаргуулах, хүүтэйгээ уулзах зорилгоор Н.*******, Б.******* нар нь өөрсдийн зөвшөөрлөөр хүү Тэмүүжинг 2022 онд ихэр дүү болох *******, түүний эхнэр Э.******* нарт үрчлүүлсэн байх бөгөөд *******, эх Э.******* нар нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022.07.01-ний өдрийн А/425 дугаар захирамжийг үндэслэн хүү Тэмүүжинг 2022.07.28-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний бүртгэлд бүртгүүлэн үрчлэлтийн гэрчилгээ авснаар хүү Тэмүүжингийн хувьд эцэг, эх нь болжээ.
Харин хүү Тэмүүжингийн БНСУ-ын виз гараагүй, хүү Тэмүүжин нь бичиг баримтын хувьд *******, Э.******* нарт үрчлэгдсэн байх боловч бодит байдал дээр төрсөн эцэг Н.******* нь 2023 оны 04 сард Монгол улсад буцаж ирснээр аав, эгчийнхээ хамт амьдарч, эцгийнхээ асрамжид байгаа, энэ талаар үрчлэгдсэн хүү Тэмүүжин шүүхэд бичгээр тайлбар гаргасан байна.
3.Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно, 61.2-т Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно,
62 дугаар зүйлийн 62.1-д Үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь буцаах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6.-д Шүүх нэхэмжлэлийг хангавал хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох тухай шийдвэр гаргана гэж, 145.7.-д Шүүх энэ хуулийн 145.6-д зааснаар үрчлэлтийг хүчингүй болгосон бол хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгч тэдгээр нь байхгүй бол хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, Н.*******, Б.******* нар нь хүү Тэмүүжинг ихэр дүү болох *******, түүний эхнэр Э.******* нарт үрчлүүлэх чин хүсэл зориг байгаагүй, харин үрчлүүлсэн зорилго нь Монгол улсад хүүхдүүдийг асран хамгаалах шаардлага үүссэн, мөн бага хүүгээ БНСУ-ын визэнд оруулж виз гаргуулах, хүүтэйгээ уулзах явдал байсан, тэрээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, Э.******* нар нь хүү Тэмүүжинг бичиг баримтын хувьд эцэг, эхэд нь буцаах хүсэл зоригтой байгаа явдал нь Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2.-т заасан үрчлэлтийг хүчингүйд тооцох бусад үндэслэлд хамаарч байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6., 145.7., Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2., 62.1.-д зааснаар Н.*******, Б.******* нараас 2010.03.04-ний өдөр төрсөн хүү ******* /УК10230413/-г 2022.07.28-ны өдөр *******, Э.******* нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, хүү *******г төрсөн эцэг Н.*******, эх Б.******* нарын асрамжид буцаах нь зүйтэй гэж үзсэн болно.
4.Хүсэлт гаргагч Н.*******, Б.******* нарын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1., 133 дугаар зүйлийн 133.1.4.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6., Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2.-т зааснаар Н.*******, Б.******* нараас 2010.03.04-ний өдөр төрсөн хүү ******* /УК10230413/-г 2022.07.28-ны өдөр *******, Э.******* нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7., Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.-д зааснаар хүү *******г төрсөн эцэг Н.*******, эх Б.******* нарын асрамжид буцаасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хүсэлт гаргагч Н.*******, Б.******* нарын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА