| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2017/0172/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/030 |
| Огноо | 2018-01-15 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., 17.12.1., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2018/ШЦТ/030
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж
Улсын яллагч: Д.Цогжавхлан
Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа
Шүүгдэгч Б.Н, Д.Б, тэдгээрийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Н, Д.Б нарт холбогдох эрүүгийн 171400030008 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1.Монгол улсын иргэн, Б.Н
2.Монгол улсын иргэн,, Д.Б
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Б.Н нь Баянхонгор аймгийн Баацагаан 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Баянтээг” гэх газраас 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Б.Бын 3 тооны адууг хулгайлсан,
Шүүгдэгч Б.Н, Д.Б нар нь Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг "Харзан тээг” гэх газраас 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр иргэн Ц.П, Л.М нарын эзэмшлийн 5 тооны адууг хулгайлсан,
мөн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ханхарын эх” гэх газраас 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Портер маркийн 72- 42 БНХ улсын дугаартай автомашины цонхыг хагалж машин дотор байсан шуудайтай ноолуураас 1 шуудайтай 14 килограмм ноолуурыг нууцаар авч 812000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдожээ. /яллах дүгнэлтэд бичигдэснээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Д.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Б.Н бид хоёр түүний хар өнгийн ямаха маркийн мотоцикльтой Баянхонгор аймгийн Баацагаан сумын 2 дугаар баг "Цагаан гол" гэх газарт хүнтэй уулзахаар очсон боловч уулзах хүн байгаагүй ба буцаж Баянхонгор аймаг руу явсан. Шөнө болсон 00 цаг өнгөрч байхад Баян-Овоо сумын "Харзан тээг" гэх газарт зам дээр 30-40 тооны адуу уснаас гараад явж байсан. Би өмнө нь Б.Нд "агтанд өгөх адуу байна уу" гэж асууж байсан. Б.Н уг адуунуудын тэнд очоод "хоёулаа энэ адуунаас хэдийг авчихуу" гэхээр нь би зөвшөөрч хоёр тооны халтар морь, хоёр тооны зээрд морь, нэг тооны алаг морийг адуун дотроос тасдаад мотоциклиор туусаар Баянхонгор аймагт өглөө орж ирсэн. Б.Н агт авдаг Б гэх айл очиход эзгүй байсан. Агтыг уг хашаанд оруулаад агт авна гэж бичсэн машины жолоочтой уулзаж агтыг зарахаар болж нийлүүлээд 2600000 төгрөгөөр зарсан. Б.Н мотоциклийн үлдэгдэл мөнгө гээд хамт агт зарсан хүнд өгсөн.Баянхонгор аймгийн төвөөс Б.Н бид хоёр түүний мотоцикльтой 2017 оны 06 дугаар сарын 13-ний өдөр Баацагаан суманд байх Б.Нгийн гэрт, цааш нь би өөрийн гэр болох Баянхонгор аймгийн Жинст сумын "Хүйсийн гол гэх газарт байх гэртээ харихаар явж байсан. 14 цагийн орчимд Өлзийт сумын 1 дүгээр баг "Ханхарын ам" гэх газарт явж байхад замын урд талд машинтай айл байхаар бид хоёр очсон. Тэнд очиход нүүж ирээд удаагүй, дөнгөж ирсэн гэмээр байдалтай айл байсан. Гэрийн хажууд байсан портер маркийн автомашин дотор цонхоор нь харахад шуудайтай ноолуурууд харагдсан. Гэтэл Б.Н надад "энэ ноолуураас хоёул авах уу" гэхээр нь би зөвшөөрсөн. Б.Н машины баруун талын хаалганы шилийг хага цохиод гараа дотогш оруулан хаалгыг онгойлгож ноолуураас нэг шуудайтайг аваад мотоциклийг Б.Н жолоодож би араар нь ноолуурыг бариад сууж буцаж аймаг орж ирээд зах дээр танихгүй хүнд 14 килограмм болж нэг килограммыг 55000 төгрөгөөр тооцож нийт 770.000 төгрөгөөр зарсан... гэх мэдүүлэг /хх-ийп 125-126, 130-132 /
Шүүгдэгч Б.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Баянхонгор аймгийн Баацагаан сумын 2 дугаар баг "Шар дов" гэх газарт байхад 2017 оны 04 дүгээр сарын сүүлээр би аав Б.Бын адуунаас 3 тооны чагтан тамгатай хоёр хээр морь, нэг бор зүсмийн адууг ганцаараа тухайн үед унаж байгаад зарчихсан ягаан өнгийн мотоцикльтой тууж Баянхонгор аймагт оруулж ирээд агт авдаг төв кпонкийн урд байх айлын хашаанд тууж авч ирээд зарсан. Энэ миний адуу байгаа юм, хулгайн энэ тэрийн адуу биш, би найдвартай гэж хэлээд нэг адууг 550000 төгрөгөөр бодож 1650000 төгрөгөөр зарсан. Мөнгийг нь найргаж цэнгээд дуусгасан. Мөн 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр би Д.Б бид хоёр миний аваад удаагүй байсан хар өнгийн улсын дугааргүй ямаха маркийн мотоцикльтой Баянхонгор аймгийн Баацагаан сумын 2 дугаар баг "Цагаан гол" гэх газарт очиж хүнтэй уулзах гэсэн боловч уг хүн байгаагүй. Тэгээд бид буцаж Баянхонгор аймгийн төв руу явж байхад Баян-Овоо сумын "Харзан тээг" гэх газарт шөнө 00 цагийн орчимд явж байтал зам дээр 30-40 тооны адуу уснаас гараад явж байсан. Гэтэл Д.Б хоёулаа агтанд өгөх адуу хулгайлах уу гэхээр нь би зөвшөерч тэндээс 2 халтар морь, 2 зээрд морь, 1 алаг морийг мотоциклиор хөөсөөр Баянхонгор аймагт өглөө 09 цагийн орчимд ирсэн ба агт авдаг Б гэх айлын хашаанд очтол байхгүй байсан. Тэгэхээр нь хашаа руу уг 5 тооны адууг оруулаад өөр агт авдаг хүн хайгаад явсан. Би хар өнгийн ямаха мотоцикль худалдаж авсан Надмид гэх хүн рүү яриад "агт авдаг таньдаг хүн байна уу, таван тооны агт өгөх гэсэн юм, таны мотоциклийн үнийн үлдэгдэл 1200000 төгрөгийг өгнө" гэж хэлсэн. Тэгээд Надмидтай уулзсан ба адуу өгөх гэж байгаа тухайгаа хэлсэн. Надмид "хулгайн адуу биш биз" гэхээр нь "үгүй хулгайн адуу биш, бид хоёр гэрээсээ авч ирсэн юм" гэж түүнд хэлсэн. Д.Б, Надмид бид гурав баруун бүсийн урд талын ШТС дээр урд цонхон дээрээ адуу авна гэж бичсэн цагаан өнгийн машин байхаар нь очиж уулзаад адууг байгаа газар нь очиж харуулсан. Тэр агт авдаг хүн гарал үүслийн бичиг нь байгаа юу гэхэд "гарал үүсэл нь байхгүй шүү дээ, манай адуу байгаа юм, найдвартай" гэж хэлэхэд нөгөө агт авч байсан хүнд Надмид "гарал үүсэл нь найдвартай, би хийгээд өгнө" гэж хэлээд 5 тооны адууг нийт 2600000 төгрөгөөр өгсөн. Надмидад 1200000 өгөөд үлдсэн мөнгийг нь Д.Б бид хоёр үрээд дуусгасан. Б.Б бол өргөмөл аав байгаа юм. Би айлын өргөмөл хүүхэд. Тэр гурван тооны адуу бол миний аавын эзэмшлийн адуу байгаа юм.2017 оны 06 дугаар сарын 13-ний өдөр би гэртээ харих гээд хүнээс худалдаж авсан хар өнгийн ямаха маркийн мотоцикльтой найз Д.Бйн хамт явсан. 14 цагийн орчимд Өлзийт сумын 1 дүгээр баг "Ханхарын ам" гэх газарт явж байхад замын урд талд гаднаа цэнхэр өнгийн портер маркийн машин зогссон нэг гэртэй айл байхаар нь бид хоёр очсон. Тэнд очиход нүүж ирээд удаагүй дөнгөж ирсэн гэмээр байдалтай айл байсан. Гэрийн хажууд байсан портер маркийн автомашины цонхоор нь харахад шуудайтай ноолуурууд харагдсан. Тэгэхээр нь би Д.Бд “энэ ноолуураас хоёул авах уу" гэхэд Д.Б зөвшөөрсөн. Машины хаалга цоожтой байхаар нь тэнд байсан нэг төмрийг аваад машины баруун талын хаалганы шилийг цохиод гараа дотогш оруулан хаалгыг онгойлгож ноолуураас нэг шуудайтайг авч Д.Б бид 2 буцаж аймагт орж ирээд зах дээр танихгүй хүнд зарсан. 14 килограмм болсон ба 55000 төгрөгөөр нэг килограммыг тооцож 770000 төгрөгөөр нийт ноолуурыг тушаасан…гэх мэдүүлэг /хх-ийн 127-129, 134- 135/
Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Баянхонгор аймгийн Баацагаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Баянтээг" гэх газарт 2017 оны 04 дүгээр сард нутаглаж байсан. Манайхаас ойролцоо байсан "Шар дов" гэх газарт байсан адуунаас тус сарын 24-ний өдөр 3 тооны адуу алдагдсан. Эдгээр адуу нь бор морь, 2 хээр морь алдагдсан. Бүгд чагтан тамгатай адуунууд байсан. Гэтэл миний алдагдсан адуунуудыг миний өргөмөл хүү Н хулгайлаад зарчихсан байсан. Н тусдаа гараагүй хөрөнгө мөнгө тасдаж өгөөгүй байгаа ... гэх мэдүүлэг /х.х-ийн 55-56/
Хохирогч Ц.Пгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би адуугаа Л.М гэх айлын адуунд нийлүүлэн тавьсан байсан. 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр би адууг бүртгэж услахад бүрэн байсан. Тэгээд адуу Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын "Халзан тээг" гэх газарт хоносон ба маргааш нь 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 46 тооны адуунаас 5 тооны адуу алдагдсан. Халтар морь 2, хүрэн морь 2, нэг алаг морь байхгүй байсан. Тэр алаг морь нь миний адуу байсан юм. Бусад дөрөв нь Л.Мынх ба бид нар 4 өдөр хайсан боловч олдоогүй. Тэгээд дараа нь олж авсан … гэх мэдүүлэг.... /хх-ийн 60-61/
Хохирогч Л.Мын мөрдөн байцаалтанд өгсөн:...Манайх Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Халзан тээг" гэх газарт байх хаваржаандаа байхад 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр манай нийт 46 тооны адуунаас 2 халтар морь, 2 хүрэн морь, 1 алаг морь байхгүй байсан. Нэг алаг морь нь манай саахалт айлын Пгийнх, гэтэл сүүлд нь манайхаас алдагдсан 4 тооны адууг Б.Н, Д.Б гэх хоёр залуу хулгайлаад аймагт агт авч байсан хүнд зарчихсан байсан. Алдагдсан адуунууд минь 2017 оны 06 дугаар сарын 3-4-нд шилжих шөнө 4 тооны адуунууд бүгд бүрэн бүтнээрэй өөрсдөө гүйгээд ирсэн. Одоо адуунууд манайд байгаа ... гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 /
Хохирогч Г.Оюунтогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр манайх Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1 дүгээр баг "Ханхарын ам" гэх газарт нүүж ирсэн. Манай нөхөр түрүүлээд 72- 42 БНХ улсын дугаартай автомашинаар гэр болон бусад зүйлээ ачаад очсон. Би араас нь малаа туугаад явж байсан. Нөхөр С.Олзвой 14 цагийн орчимд гэрээ буулгачихаад ирлээ гээд мотоцикльтой ирсэн. Бид хоёр хамт малаа туугаад нүүж ирсэн газраа иртэл манай машины баруун талын хаалганы цонхыг хагалаад дотор нь байсан 3 шуудайтай ноолуураас 1 шуудайтай 14 килограмм ноолуурыг авч явсан байсан бөгөөд би цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 74-75/
Иргэний нэхэмжлэгч Б.Сүхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос агт авахаар Баянхонгор аймагт ирсэн. Би Бөмбөгөр сум руу явах гээд Баянхонгор аймгийн захын урд талын ШТС дээр өөрийн эзэмшлийн Рав-4 маркийн 45-29 УНЯ улсын дугаартай машиндаа шатахуун хийгээд байж байхад над дээр гурван залуу ирж уулзаад "адуу авах уу" гэхээр нь адуу авна, гэхдээ өнөөдөр авахгүй Бөмбөгөр сум руу явж байна, маргааш орой аймагт ирнэ гэж хэлэхэд "ах маргаашийг хүртэл хүлээж чадахгүй, та өнөөдөр авчих, одоо очоод үзчих" гэхээр нь " энд таних айл байхгүй, адууг аваад хадгалах хашаа байхгүй, тэгэхээр маргааш авна" гэхэд Надмид гэх залуу нь "та манай хашаанд үлдээчих, найдвартай, та өнөөдөр авчих" гэхээр нь би адууг үзэхээр болсон. Тэр гурван залууг Н,Б, Надмид гэж өөрсдийгөө танилцуулж байсан. Намайг дагуулаад аймгийн баруун талын төв "Петровис" ШТС-аас урагш нэг айлын хашаанд аваачиж үзүүлсэн. Үзэхэд 5 тооны адуу байсан ба 5 үсгэн тамгатай халтар морь, онгин тамгатай хүрэн морь, онгин тамгатай алаг морь, онгин тамгатай сартай хүрэн морь, онгин тамгатай халтар морь гэсэн нийт таван тооны адуу байсан. Тэр гурваас энэ адуунуудын гарал үүслийн бичиг нь хаана байна гэхэд ” авчраагүй " гэж байсан. Надмид гэх залуу нь "гарал үүслийн бичгийг нь би маргааш авчраад өгнө, найдвартай, манай хоёр найз хөдөө явах гээд байна. Өнөөдөр мөнгийг нь өгчих" гээд байхаар нь би 550000 төгрөгөөр 4 адууг, нэг адууг нь 400000 төгрөгөөр тооцож авахаар болж мөнгийг нь тоолж бэлнээр Н, Д.Б Надмид нарт өгсөн. Би адууг нэг айлын хашаанд түр үлдээгээд Бөмбөгөр сумаас адуу авч тэндээс Мөнхдалай гэх жолоочийг хөлслөөд адууг Баянхонгор аймагт авч ирсэн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Бөмбөгөр сумаас авч ирсэн 9 тооны адуү Н, Б, Надмид нараас авсан 5 тооны адуутай нийлүүлээд Мөнхдалайгийн хашаанд түр үлдээгээд Заг сум руу явсан. Энэ хойгуур 2017 оны 06 дугаар сарын 01- ний өдөр адуунууд алга болсон байсан. Тэгээд адуунуудыг 4 хоног хайхад 9 тооны адуу нь олдсон ба 5 тооны адуу нь гэртээ гүйгээд очсон байсан. Ингээд би адуу авсан 2600000 төгрөг, алга болсон адууг эрж хайсны зардал 1600000 төгрөг, Өвөрхангай аймгаас ачааны автомашин дуудсан байсан ба ирэх хооронд адуу алга болж эрж хайсан, ачааны автомашины жолооч хүлээлгэсний мөнгө гэж 1 хоногийн 200000 төгрөг нийт 800000 төгрөг нийт 5000000 төгрөгийн хохирол учирсан. Энэ мөнгийг нэхэмжилж байна. Би хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Надмид гэх хүн "найдвартай, маргааш гэхэд гарал үүслийг нь бэлэн байлгана" гээд байхаар нь авсан. Харахад хулгай хийхээр хүн биш байсан. Надмид нь 86282982 гэсэн дугаар өгөөд маргааш гэхэд гарал үүслийг бэлэн байлгана гэж хэлсэн. Тэгээд маргааш нь өгсөн дугаар руу залгасан чинь утас нь дуудаж байгаад сүүлдээ холбогдохоо больсон. Одоо би хохирлоо бүрэн төлүүлж авмаар байна. Хохирлыг бүрэн барагдуулах юм бол гомдолгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 68-70/
Гэрч Д.Цэрэннадмидын мөрдөн байцаалтанд өгсөн:
...Д.Б гэх хүнийг бол танихгүй. Б.Н нь миний эхнэрийн хамаатны айлаар байгаад байдаг байсан. Түүнтэй ах дүү төрөл садангийн холбоо хамаарал байхгүй. Б.Н нь 2017 оны 05 дугаар сарын сүүлээр надаас Ямаха маркийн улсын дугааргүй гаалийн бичигтэй хар өнгийн мотоциклийг 1200000 төгрөгөөр авсан. Тэгээд мөнгийг нь 2 хоногийн дараа авч ирж өгөөрэй гэхэд зөвшөөрсөн. 3 хоногийн дараа Б.Н над руу яриад хүрээд ирээ адуугаа туугаад ирлээ, та үзээдэх гэхээр нь би "та нар өөрсдөө адуугаа өгчихөөд . мөнгийг нь надад өг" гэтэл таксидаад хүрээд ир гээд байхаар нь би Б.Нтай уулзахад Д.Б гэдэг хүнтэй хамт байсан. Тэгээд баруун бүсийн хажуу талын "Хөрс" гэх нэртэй ШТС-ийн тэнд Б.Н, Д.Б бид гурав таксидаад явж байтал "агт авна" гэж бичсэн саарал бага оврын жийп машин байсан. Б.Н, Д.Б хоёр тэр агт авах залуутай уулзаж байгаад төв ШТС-ийн урд байх нэг хашаанд очоод таван тооны адууг үзүүлж агт авч байсан Сүхбаатар гэх хүнд зарсан. Сүхбаатар нь "гарал үүсэл нь байхгүй " гэхээр нь би " гарал үүслийг би маргааш авч ирээд өгнө" гэж хэлсэн. Би тухайн адуунуудыг хулгайн адуу гэж мэдээгүй ба тэр адуугаа зарж байж миний мотоциклийн үнийг өгнө гэхээр нь би гарал үүслийн бичгийг нь олж өгч болох байх гэж бодсон. Б.Н надад 1200000 төгрөг өгсөн ба миний адуунууд байгаа юм гэж хэлж байсан. Би маргаашнаас нь ургийн баяр болоод явсан байсан хойгуур Сүхбаатар над руу олон залгасан байсан. Б.Н, Д.Б хоёр нь надвартай манай адуу байгаа юм, хулгайн адуу бишээ гэж надад хэлсэн. Надад тухайн үед мөнгөний хэрэг байсан учир би адууг нь гялс заруулаад мөнгөө авъя найдвартай юм чинь гэж бодсон ... гэх мэдүүлэг /хх-ийн 89-91/
Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “ ... эд зүйлсийг 1800000 төгрөгөөр, 2700000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт /хх-ийн 94-95/,
Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “ ... ноолуурыг 812000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт /хх-ийн 101-102/,
Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “ ... машины баруун талын хаалганы шил 70000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт /хх-ийн 105-106/
-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1-4/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 25-32/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 43-46/, шүүгдэгч нарын хувийн байдлын талаар шүүгдэгч Б.Нгийн иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 137/, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 143-151/, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 151 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 152-158/, шүүгдэгч Б.Нгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 136/, шүүгдэгч Д.Бйн иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 139/, /, Баянхонгор аймгийн Жинст сумын 2 дугаар багийн Засаг даргын 2017.08.01-ний өдрийн 105 тоот тодорхойлолт /хх-ийн 138/ шүүгдэгч Д.Бйн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 140/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц , хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог.
Шүүгдэгч Б.Н нь Баянхонгор аймгийн Баацагаан 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Баянтээг” гэх газраас 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Б.Бат- Очирын 3 тооны адууг хулгайлж, бусдад үлэмж хэмжээний буюу 1800000 төгрөгийн хохирол учруулсан
Шүүгдэгч Б.Н, Д.Б нар нь Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг "Харзан тээг” гэх газраас 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр иргэн Ц.П, Л.М нарын эзэмшлийн 5 тооны адууг хулгайлж, үлэмж хэмжээний буюу 2700000 төгрөгийн хохирол учруулсан
мөн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ханхарын эх” гэх газраас 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Портер маркийн 72- 42 БНХ улсын дугаартай автомашины цонхыг хагалж машин дотор байсан шуудайтай ноолуураас 1 шуудайтай 14 килограмм ноолуурыг нууцаар авч бусдад үлэмж хэмжээний буюу 812000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь
шүүгдэгч Д.Бйн …. Шөнө болсон 00 цаг өнгөрч байхад Баян-Овоо сумын "Харзан тээг" гэх газарт зам дээр 30-40 тооны адуу уснаас гараад явж байхаар нь хоёр тооны халтар морь, хоёр тооны зээрд морь, нэг тооны алаг морийг адуун дотроос тасдаад мотоциклиор туусаар Баянхонгор аймагт өглөө орж ирсэн, агтыг нийлүүлээд 2600000 төгрөгөөр зарсан,
.... Б.Н машины баруун талын хаалганы шилийг цохиод гараа дотогш оруулан хаалгыг онгойлгож ноолуураас нэг шуудайтайг аваад мотоциклийг Б.Н жолоодож би араар нь ноолуурыг бариад сууж буцаж аймаг орж ирээд зах дээр танихгүй хүнд зарсан. 14 килограмм болэ нэг килограммыг нь 55000 төгрөгөөр тооцож нийт 770.000 төгрөгөөр зарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 125-126, 130-132 /
шүүгдэгч Б.Нгийн… аав Б.Бын адуунаас 3 тооны чагтан тамгатай хоёр хээр морь, нэг бор зүсмийн адууг ганцаараа тухайн үед унаж байгаад зарчихсан.
... Д.Б бид хоёр Баян-Овоо сумын "Харзан тээг" гэх газарт 30-40 тооны адуу уснаас гараад явж байхаар нь 2 халтар морь, 2 зээрд морь, 1 алаг морийг мотоциклоор хөөсөөр Баянхонгор аймагт өглөө 09 цагийн орчимд ирсэн. 5 тооны адууг нийт 2600000 төгрөгөөр өгсөн.
...машины хаалга цоожтой байхаар нь тэнд байсан нэг төмрийг аваад машины баруун талын хаалганы шилийг цохиод гараа дотогш оруулан хаалгыг онгойлгож ноолуураас нэг шуудайтайг авч Д.Б бид 2 буцаж аймагт орж ирээд зах дээр танихгүй хүнд 14 килограмм болсон ба 55000 төгрөгөөр нэг килограммыг тооцож 770000 төгрөгөөр нийт ноолуурыг тушаасан…гэх мэдүүлэг /хх-ийн 127-129, 134- 135/
хохирогч Б.Бын... "Шар дов" гэх газарт байсан адуунаас 3 тооны адуу алдагдсан. Эдгээр адуу нь бор морь, 2 хээр морь , бүгд чагтан тамгатай адуунууд байсан. Гэтэл миний алдагдсан адуунуудыг миний өргөмөл хүү Н хулгайлаад зарчихсан байсан.... гэх мэдүүлэг /х.х-ийн 55-56/
хохирогч Ц.Пгийн... 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 46 тооны адуунаас 5 тооны адуу алдагдсан. Халтар морь 2, хүрэн морь 2, нэг алаг морь байхгүй байсан. Тэр алаг морь нь миний адуу байсан юм. Бусад дөрөв нь Л.Мынх ба бид нар 4 өдөр хайсан боловч олдоогүй….гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/
хохирогч Л.Мын … "Халзан тээг" гэх газраас 46 тооны адуунаас 2 халтар морь, 2 хүрэн морь, 1 алаг морь байхгүй байсан. Нэг алаг морь нь манай саахалт айлын Пгийнх, гэтэл сүүлд нь манайхаас алдагдсан 4 тооны адууг Б.Н, Д.Б гэх хоёр залуу хулгайлаад аймагт агт авч байсан хүнд зарчихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 /
хохирогч Г.Оюунтогтохын… манай машины баруун талын хаалганы цонхыг хагалаад дотор нь байсан 3 шуудайтай ноолуураас 1 шуудайтай 14 килограмм ноолуурыг авч явсан байсан бөгөөд би цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 74-75/
иргэний нэхэмжлэгч Б.Сүхбаатарын … 5 тооны адуу байсан ба 5 үсгэн тамгатай халтар морь, онгин тамгатай хүрэн морь, онгин тамгатай алаг морь, онгин тамгатай сартай хүрэн морь, онгин тамгатай халтар морь гэсэн нийт таван тооны адуу байсан. би 550000 төгрөгөөр 4 адууг, нэг адууг нь 400000 төгрөгөөр тооцож авахаар болж мөнгийг нь тоолж бэлнээр Н, Д.Б Надмид нарт өгсөн. Ингээд би адуу авсан 2600000 төгрөг, алга болсон адууг эрж хайсны зардал 1600000 төгрөг, Өвөрхангай аймгаас ачааны автомашин дуудсан байсан ба ирэх хооронд адуу алга болж эрж хайсан, ачааны автомашины жолооч хүлээлгэсний мөнгө гэж 1 хоногийн 200000 төгрөг нийт 800000 төгрөг нийт 5000000 төгрөгийн хохирол учирсан... гэх мэдүүлэг /хх-ийн 68-70/
гэрч Д.Цэрэннадмидын ... Б.Н, Д.Б хоёр тэр агт авах залуутай уулзаж байгаад төв ШТС-ийн урд байх нэг хашаанд очоод таван тооны адууг үзүүлж агт авч байсан Сүхбаатар гэх хүнд зарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 89-91/
Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай тайлан / хх-ийн 94-95, 101-102, 104-105/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-т тус тус зааснаар Б.Н, Д.Б нарт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон ба
2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 9 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсонг оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан заалтыг үндэслэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон өөрчилж, хөнгөрүүлэн
ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. Тухайлбал 2015 оны Эрүүгийн хуулиар оногдуулах ялын хэмжээ 2-8 жил бол 2002 оны Эрүүгийн хуулиар 2-5 жилийн хорих ял оногдуулахаар байгаа бөгөөд шүүгдэгч нь ялгүй тооцох хугацаа өнгөрөөгүй байхад дахин, бүлэглэж, машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хүндрүүлэн ял оногдуулдаг байсан нь тухайн хүний эрх зүйн байдлыг дордуулж, тухайн гэмт хэрэгт нь зөвхөн нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимтай харшилж байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг авч үзээгүй болно.
Шүүхээс Б.Н, Д.Б нарыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, давтан, машин механизм хэрэглэж, бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Н, Д.Б нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Н, Д.Б нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн н зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг бүлэгдэн үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хүндрүүлэх нөхцөлд тооцож, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэснийг үндэслэл болгов.
Шүүгдэгч Б.Нямдаа, Д.Б нар энэ хэргийн учир 2017.08.02-ний өдрөөс 2017.09.02-ны өдөр, 2017.09.19-ний өдрөөс 2018.01.15-ны өдрийг хүртэл нийт 149 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.Нямдаа, Д.Б нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажилгааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул тэдгээрийн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан улсын дугааргүй, ямаха маркийн хар өнгийн мотоциклийг шүүгдэгч Б.Нгаас хурааж, улсын орлого болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Жинст сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, шүүгдэгч нарын хувийн байдал , хувьд ногдох хөрөнгөгүй зэргийг харгалзан үзэж шүүгдэгч нарын эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хуульд заасан ялыг оногдуулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дэх хэсгийн 3.1, 3,2, 3.3, 3.5 3.6, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага
ТОГТООХ нь
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч Б.Н, Д.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Бадний овогт Б.Н, шүүгдэгч Шаргалжуут овогт Д.Б нарыг бүлэглэн, давтан үйлдлээр, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.Нгийн эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.Бйн эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан хоёр жилийн хугацаагаар, Д.Бд оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Д.Б оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, тус бүр хоёр жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.
6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн шүүгдэгч Б.Н, Д.Б нарт засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүгдэгч Б.Нямдаа, Д.Б нарын 2017.08.02-ний өдрөөс 2017.09.02-ны өдөр, 2017.09.19-ний өдрөөс 2018.01.15-ны өдрийг хүртэл нийт 149 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Н, Д.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Нгийн эзэмшлийн Yamaha маркийн улсын дугааргүй мотоциклийг хурааж, улсын орлого болгосугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Н, Д.Б нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэрэглэн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Н, Д.Б нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА