Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2023/ДШМ/783

 

 

 

 

  2023               8              03                                       2023/ДШМ/783

 

    О.Тд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Төгсжаргал

шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Х.Отгончимэг

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/360 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Тын гаргасан давж заалдах гомдлоор О.Тд холбогдох 2310012520510 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

О.Т нь , 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 37 настай, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, Хархорин худалдааны төвд лангуу түрээслэн ажиллуулдаг гэх, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 14-186 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/,

Шүүгдэгч О.Т нь 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, “Монопол” нэртэй караокены гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Т-ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас үсдэж, нүүрийг нь хумсаараа маажиж, түүний эрүүл мэндэд чигчий хуруунд хумсны хугарч хуйларсан шарх, баруун чамархай, дух, хоёр нүдний зовхинд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: О.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Н.Т нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжпэх эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Т давж заалдах гомдол болон тус шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь хууль эрх зүйн мэдлэг ухамсар дорой, сургууль соёл төгсөөгүй  зангаасаа болж анхан шаны шүүх дээр өөрийн гэм бурууг дутуу ойлгож, зүй зохисгүй үйлдэл зан авир гаргасан хожим ухаарч ойлгож байна. Миний бие бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэлдээ маш их гэмшиж байна. Гэм буруугаа ч маш сайн ойлгосон бөгөөд хэрэг хийсэн хүнд заавал шүүхийн өмнө хариуцлага хүлээдэг гэдгийг ч маш сайн ойлгож хохирогч Э.Н.Т болон түүний ар гэрт өөрөө очиж, уучлалт гуйн эмчилгээний зардалд 1.500.000 /нэг сая таван зуун/ төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч Э.Н.Тийн хувьд адилхан эх хүн учраас намайг ойлгож уучилсан цаашид нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй гэдгээ бичгээр гаргаж өгсөн. Эмчилгээний зардлыг Э.Н.Тийн хаан банкны 00000000 тоот дансанд шилжүүлэв. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж гэм буруугаа ойлгон ухаарсан. Иймд миний гэм буруугаа ойлгосон хохирол төлбөрөө төлсөн зэргийг харггалзан үзэж анхан шатны шүүхээс надад оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг торгуулийн ялаар өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Тын өмгөөлөгч Х.Отгончимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч нь бага насны хүүхэдтэй учир нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлэхэд хүндрэл үүснэ. Харин торгуулийн ял оногдуулах юм бол төлж барагдуулах бүрэн боломжтой гэдгээ илэрхийлж байгаа. Иймд миний үйлчлүүлэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид хохирлоо бүрэн төлж барагдуулсан байдлыг харгалзаж анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар өөрчилж өгнө үү. ...” гэв.

Прокурор Л.Төгсжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Т-д оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдал, мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байдал зэрэгт тохирсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:     

1. Хэргийн бодит байдал, зүйлчлэл        

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох буюу хэрэгт нотолбол зохих байдлыг нотлох чиг үүргийн хүрээнд хийгдсэн мөрдөн шалгах, хяналт тавих ажиллагаанууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байх ба хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.       

Хэргийн бодит байдлыг нотолж буй тус эрүүгийн хэрэгт цугларч, бэхжигдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан үндэслэл, үйл баримтгүй, энэ хүрээнд маргаан бүхий асуудал гаргаагүй байна.     

Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны тал, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь бодит байдлаар шалгаж, үнэлсэний үндсэн дээр шүүгдэгч О.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал,

Шүүгдэгч О.Т нь 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Т-ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, түүний эрүүл мэндэд мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :  

- хохирогч Э.Н.Тийн“...Би 2023 оны 3 дугаар сарын 21-ний орой Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Макс “ нэртэй караокед нөхөр Ч.М, дүү Э.Б нарын хамт дуулахаар орсон, тэгээд харихаар явах гээд гадаа гарсан байхад 2 эмэгтэй нь дүү Б руу дайрч, хэл амаар доромжлоод зодох гэхээр нь тухайн 2 эмэгтэйг нь та хоёр ууж идсэн зүйлээ шингээ гэж хэлсэн чинь намайг янз бүрээр хэлээд, намхан эмэгтэй нь над руу дайраад миний үснээс зулгаахад нь би бас үснээс нь зулгаахад тухайн эмэгтэй намайг үсдээд, нүүр маажаад, газар унагаан, гар хөлөөрөө цохиод байх шиг байсан, намайг газар уначихсан байсан чинь манай нөхөр ирээд надаас салгаад машинд суулгасан. Би цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн /хх-13/,

- гэрч Э.Б “...Намайг согтуу эрэгтэйтэй маргаан хийж байхад хамт явж байсан 2 эмэгтэй нь эгч Н.Ттай муудалцаад зодолдоод, газар уначихсан, үснээс нь гараараа зулгаасан байхаар нь би хүргэн ахтай хамт очоод нөгөө 30 насны 2 эмэгтэй эгчээс холдуулаад эгч Тунгалгыг өөрийн машинд суулгасан чинь, эгчийн дух хэсгээс нь цус гарсан, үс нь уначихсан байхаар нь хүргэн М цагдаад дуудлага мэдээлэл өгсөн...” гэсэн /хх-18/,  

- гэрч  М.Ө: “...Тухайн үед би машинаас буугаад Б бид хоёр тухайн эрэгтэйчүүдтэй маргалдаж байхад ар талд Т нь тухайн хоёр залуутай хамт явж байсан эмэгтэйтэй маргалдаад байх шиг байсан...Тэр эмэгтэй зодуулсан, нүүрээ маажуулсан гээд байсан...” гэсэн /хх-26-27/,

- шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 4099 дүгээр дүгнэлт: Э.Н.Тийн биед баруун чигчий хуруунд хумсны хугарч хууларсан шарх, баруун чамархай, дух, хоёр нүдний зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 29-30/,

- шүүгдэгч О.Тын: “...2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 20:00 цагийн орчим ажпаасаа тараад нөхөр, түүний найз Ө, У нарын хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монопол нэртэй караокед орж дуулж, архи, пиво уусан...Тухайн караокеноос гараад У-ийн машинд суугаад хөдөлж байсан чинь нэг залуу Ө-ийн цонхыг онгойлгоод заамдаад хоорондоо маргалдаад байсан. У бид хоёр машинаас буугаад тухайн залууг Ө-с салгах гээд очсон чинь тухайн 2 залуутай хамт явж байсан нэг эмэгтэй нь намайг янз бүрээр хэлээд байсан. Тэгэхээр нь би үсэдсэн чинь тухайн эмэгтэй бид хоёрыг ноцолдоод газар зууралдаад хэсэг ноцолдсон...тэд эмэгтэй бид хоёрыг салгасан...” мэдүүлгүүд /хх-45/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Тухайн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан байх бөгөөд нотлох баримт бүхэлдээ эх сурвалжаа тодорхой заасан, харилцан эх сурвалжаа давхар нотолсон, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, эргэлзээгүй байх шалгуурыг хангасан байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн субьектив болон объектив шинж хангагдсан гэж үзнэ.    

2. Хохирол, хор уршиг  

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Э.Н.Т нь эм тариа, эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг авсан, гомдол саналгүй тухай баримтыг Давж заалдах шатны шүүхэд гаргасан /хх-105-106/ байх тул шүүгдэгч О.Тыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзнэ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудал           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ямар төрлийн ял шийтгэлийг оногдуулах эсэх нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.

Шүүгдэгч нь эд хөрөнгөгүй /хх-37/, түүний хүүхэдтэйг болон тогтмол эрхлэх ажил хөдөлмөр, орлоготойг нотолсон баримт тус хэрэгт цуглараагүй байна.   

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг доод хэмжээгээр буюу 240 цагийн хугацаагаар оногдуулахдаа харгалзах шалгуур, шаардлагын талаар бодитой дүгнэсэн байх тул тус оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзнэ.   

Иймд “анхан шатны шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, торгох ялаар шийтгүүлэх” тухай шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.             

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :    

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/360 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                  М.АЛДАР

ШҮҮГЧ                                                             Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                             Г.ГАНБААТАР