Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2024/0902

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

            Гомдол гаргагч: “******* и*******” ХХК /РД:/

            Хариуцагч: Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О,

Гуравдагч этгээд: ын /РД:М/,

Гуравдагч этгээд: *******ийн /РД:Н/,

Гуравдагч этгээд: *******ын х /РД:УА/,

Гуравдагч этгээд: Аюушийн *******э /РД:ПК/ нарын хоорондын шийтгэлийн хуудастай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, гомдол гаргагчийн өмгөөлөгч С.Б, С.Э, хариуцагч Б.О, гуравдагч этгээд Э. /цахимаар/ нарыг оролцуулан “******* и*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Татварын улсын байцаагч Б.Од холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Гомдлын шаардлага:

            1.1.Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Огийн 2024 оны 04 сарын 22-ны өдөр 0 тоот шийтгэлийн хуудсаар 2,150,651,04 /Хоёр сая нэг зуун тавин мянга зургаан зуун тавин нэг/ төгрөгийн торгууль ногдуулсныг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Огийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн албан даалгаврыг хүчингүй болгуулах.

            Хоёр. Маргааны үйл баримтын тухайд:

            2.1.“******* и*******” ХХК-тай нэр бүхий 4 иргэн “Орон сууц зээлийн нөхцлөөр борлуулах гэрээг байгуулсан ба тус иргэд 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлбөрийн и-баримт олгоогүй гэх гомдол гаргасан байна.

            2.2. Иргэдээс гаргасан гомдлын дагуу Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Захиргаа, хуулийн тасгийн хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч Б.О хяналт шалгалт хийн, 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-д заасны дагуу зөрчлийн хэргийг нээсэн байна.

            2.3.“******* и*******” ХХК нь Татварын ерөнхий хуульд заасан холбогдох тайланг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт илгээж, холбогдох шалгалт уг газраас харьяаллын дагуу хийгддэг, гэтэл иргэний гомдол гэх нэрийн дор өөрт харьяалалгүй асуудлаар шалгалт хийж байгаа учир уг гомдлыг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газар руу шилжүүлэх агуулга бүхий хүсэлтийг Баянгол дүүргийн татварын хэлтэст гаргасан байх боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

            2.4.Улмаар “******* и*******” ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн прокурорын газарт зөрчлийн дугаар зөрчлийн хэрэгтэй холбогдуулан гомдол гаргасан ба тус прокурорын газрын хяналтын прокурор Х. 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 99 дугаар тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзаж, мөн өдрийн 411 тоот “Прокурорын хариу мэдэгдэх хуудас”-аар хариу хүргүүлснийг гомдол гаргагчаас эс зөвшөөрч 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн Ерөнхий прокурорт гомдол гаргажээ.

            2.5.Улмаар Баянгол дүүргийн Ерөнхий прокурор 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 114 дугаартай тогтоолоор “2024 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн 99 дугаартай “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” шийдвэр үндэслэлтэй байх тул “******* и*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй” гэх хариуг хүргүүлж, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 99 дугаартай тогтоолыг хэвээр үлдээсэн байна.

            2.6.Хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Огаас 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “******* и*******” ХХК-ийн холбогдох зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0 дугаартай шийтгэлийн хуудсыг үйлдэж, 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтны албан даалгавар”-ыг гаргасан байна.

            2.7. Улмаар гомдол гаргагч “******* и*******” ХХК нь уг шийтгэлийн хуудас, түүнийг дагалдан гарсан албан даалгаврыг эс зөвшөөрч 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

            Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

            3.1.Гомдол гаргагч шүүхэд гаргасан гомдлын шаардлагын үндэслэлдээ: "******* и*******" ХХК-ийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.О 2024 оны 04 сарын 22-ны өдөр 0 тоот шийтгэлийн хуудсаар 2,150,651.04 /Хоёр сая нэг зуун тавин мянга зургаан зуун тавин нэг/ төгрөгийн торгууль ногдуулсныг хүчингүй болгуулах. Мөн уг шийтгэлийн хуудсыг дагалдан гарсан ТУБ Б.Огийн 2024 оны 04 сарын 22-ны өдрийн "Албан даалгавар"-ыг хүчингүй болгуулах.

            Торгууль ногдуулсан шийтгэлийн хуудас нь хуулийн болон бодит үндэслэлгүй байх тул дор дурдсан үндэслэлээр гомдол гаргаж байна. Тэрээр "Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 заалтыг үндэслэн шийтгэлийн хуудас бичихдээ төлбөрийн баримт олгоогүй нь хохирогч, холбогдогчийн мэдүүлгээр нотлогдож байна" гэжээ.

            Энэхүү шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

            а."******* и*******" ХХК нь ТЕГ-ын Том татвар төлөгчийн газарт бүртгэлтэй, шууд харьцаж, татварынхаа тайлан мэдээг гарган өгдөг. Татварын ээлжит болон ээлжит бус бүх шалгалтуудыг ТЕГ-ын Том татварын газраас хийдэг. Энэ нь ТЕГ- аас тогтоосон журмын дагуу хийгддэг хэвшил болсон ажиллагаа юм.

            Манай компанийн татвар төлөлтийн байдлыг дүүргийн татварын хэлтсээс харьяалал зөрчин хянан шалгах эрх байхгүй юм. Дүүргийн ТУБ Б.О нь иргэдийн мэдээллээр шалгалт хийнэ гэж ирэхэд нь гомдлыг харьяаллын дагуу ТЕГ-ын Том татвар төлөлтийн газарт шилжүүлэхийг хүсэхэд хүлээж авалгүй Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн. Манай компанийн 2014-2018 оны татвар төлөлтийн байдлыг ТЕГ-ын Хяналт шалгалт арга зүйн газраас шалгаж, 2019.12.31-ний өдөр 3 тоот акт үйлдэн НӨАТ төлөлтийг баталгаажуулсан байсан бөгөөд энэ тухай түүнд хэлэхэд тоогоогүй.

            Б.О шалгалт хийхдээ удирдамж үзүүлээгүй. ТЕГ-аас хийсэн шалгалттай давхардуулан, нэг асуудлаар дахин шалгалт хийх нэрээр манай компанийг хэвийн үйл ажиллагаанд саад учруулж, ихээхэн чирэгдэл үүсгэсэн. Б.Огийн шалгасан асуудлаар Татварын улсын байцаагч н. 2018.02.28-ны өдөр бичсэн тоот шийтгэх хуудсыг УДШ-ийн 2019.11.25-ны 387 тоот тогтоолоор хүчингүй болгосон.

            б.Татварын улсын байцаагч Б.О нь хяналт шалгалтыг ганцаараа хийж ТЕХ-ийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх заалтыг зөрчсөн.

            в.Татварын улсын байцаагч Б.О баримт нэг бүрийг үзээгүй байна. Зөвхөн торгох сэдэлтэйгээр асуудалд хандсан. Тухайлбал гомдол гаргасан гэх 4 хүний 3 нь буюу Т.х 2018.07.19-ны 53/7, Э. 2018.05.23-ны 53/8, М. 2018.04.11-ний 53/7 тоот байруудыг худалдан авсан. Тэдгээр хүмүүс манай компанитай орон сууц зээлийн нөхцөлөөр борлуулах гэрээ байгуулахдаа, татварын хөнгөлөлт авсан тухайгаа баталгаажуулж гэрээ, түүний хавсралтад тодорхой зааж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан баримтыг тэр үзээгүй байна. Хэрэв Б.Огийн шийтгэврийн хуудсыг хүлээн авбал нэр бүхий иргэд татварын хөнгөлөлтийг 2 удаа авах, байгууллага нэг орон сууцыг 2 удаа борлуулахад хүрэх учраас компанийн хувьд и-баримт олгохгүй юм.       

            г.Иргэн А.нийн хувьд 2018.01.15 ний өдөр гэрээ байгуулан 53/10 тоот байрыг худалдан авсан боловч үнийг бүрэн төлж дуусаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй тул и-баримт бичигдэх болоогүй.

            Иймд Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.О 2024 оны 22-ны өдөр 0 тоот шийтгэлийн хуудас болон уг шийтгэлийн хуудсыг дагалдан гарсан татварын улсын байцаагч Б.Огийн 2024 оны 04 сарын 22-ны өдрийн “Албан даалгавар"-ыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

            3.2. Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: “******* и*******” ХХК (РД:2)-ийн нэхэмжлэлтэй Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Од холбогдох 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 0 дугаар "шийтгэлийн хуудас", түүнийг дагалдан гарсан "Эрх бүхий албан тушаалтны даалгавар"-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад хариуцагчаас дараах хариу тайлбарыг гаргаж байна.

            Баянгол дүүргийн татварын хэлтэст иргэн Э. Т.х, М., А.*******э нар нь ******* и******* ХХК-аас зээлээр орон сууц худалдан авахад төлбөрийн баримт олгоогүй гэх гомдол мэдээлэл ирүүлснийг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна" гэж заасны дагуу 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дугаартай зөрчлийн хэрэг бүртгэлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

            Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар гомдол гаргасан иргэдэд 1. ын (РД: М383051061)-д Улсын бүртгэлийн Ү- дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 201/292 дугаар гэрээний дагуу төлсөн 122,800,000.00 төгрөгийн төлбөрийн баримтыг олгоогүй;

            2. Иргэн *******ын х (РД: УА)-д Улсын бүртгэлийн Ү- дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2018/310 дугаар гэрээний дагуу төлсөн 109,060,000.00 төгрөгийн төлбөрийн баримтыг олгоогүй;

            3. Иргэн ийн (РД: Н)-д Улсын бүртгэлийн Ү- 4 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар гэрээний дагуу төлсөн 150,380,000.00 төгрөгийн төлбөрийн баримтыг олгоогүй;

             4. Иргэн Аюушийн *******э (РД: ПК)-д БГД-ийн 20 дугаар хороо Москвагийн гудамж 53/10 дугаар байрны 1 дүгээр орц 11 дүгээр давхар 54 тоот орон сууцыг худалдан авахад 2018 оны 01 дугаар сарын 15-ний өдрийн дугаар гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн 31,506,000.00 төгрөгийн төлбөрийн баримтыг тус тус олгоогүй болох нь дээрх иргэдийн төлбөрийн баримт олгоогүй гэх мэдүүлэг, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ, орон сууцны төлбөр шилжүүлсэн баримтууд, холбогдогчийн төлбөрийн баримт олгох боломжгүй гэх мэдүүлэг, ******* и******* ХХК-ийн албан бичиг, болон бусад баримтаар ******* и******* ХХК-нь зээлээр орон сууц худалдан борлуулахдаа 2018-2023 оны хооронд орон сууцны төлбөр баримт зэргээр "******* и*******" ХХК нь төлбөрийн баримт олгоогүй үйлдсэн нь нотлогдож байх тул 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 0 дугаар шийтгэлийн хуудсаар зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр 8 дах хэсгийн 8.1-т зааснаар борлуулалтын орлого болох Татварын удирдлагын нэгдсэн системд илгээсэн 2024 оны 02 дугаар сарын борлуулалтын орлого 107,532,552.22 төгрөгийн 2 хувь 2,150,651.04 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, гомдол гаргасан нэр бүхий 4 иргэнд 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дотор төлбөрийн баримтыг нөхөн олгохыг даалгаж шийдвэрлэсэн. Гомдол гаргагч гомдолдоо... 1. “******* и*******” ХХК-нь Том татвар төлөгчийн газарт бүртгэлтэй холбогдох татварын тайлангаа гаргаж өгдөг, харьяаллын дагуу том татвар төлөгчийн газар шалгуулах байсан, хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан, удирдамж үзүүлээгүй.. гэжээ..

            “******* и*******” ХХК-нь Баянгол дүүргийн 29 дүгээр хороо Энхтайвны өргөн чөлөө өөрийн байранд байрладаг бөгөөд улсын бүртгэлийн хуулийн этгээдийн лавлагаа, нэр бүхий иргэдэд худалдсан орон сууц зээлийн нөхцөлөөр худалдах гэрээ, орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээс үзэхэд нь Баянгол дүүргийн 29 дүгээр хороо ******* хорооллын орон сууцууд байна.

            Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна." гэж заасны дагуу төлбөрийн баримт олгоогүй зөрчил нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн тул хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

            “******* и*******” ХХК-д холбогдох 2014-2018 оны татвар ногдуулалт төлөлтийн байдалд татварын хяналт хийж шалгалтын хүрээнд гарсан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудас, Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Т.н үйлдсэн 2018.02.28-ны өдрийн шийтгэлийн хуудас, Улсын дэд шүүхийн 2019.11.25-ны 387 тоот тогтоолоор шийдвэрлэсэн асуудал хамааралгүй бөгөөд хариуцлага давхцаагүй зөвхөн нэр бүхий 4 иргэнээс 2018-2023 оны хооронд орон сууцны төлбөрт төлсөн мөнгөн дүнд төлбөрийн баримт олгоогүй зөрчилд нь хариуцлага оногдуулж, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ******* и******* ХХК-ийн үйл ажиллагааг нь зогсоох албадлагын арга хэмжээ авагдаагүй болно.

             Татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөгчийн борлуулалтын орлогоор нь бичил-иргэн, бичил, жижиг, дунд, том сигментийн ангилалд хамруулан татварын тайлан төлөлтөд тухайн харьяа алба хяналт тавьж ажилладаг бөгөөд үүний дагуу “******* и*******” ХХК нь Том татвар төлөгчийн газарт харьяалагдаж татварын тайлан, төлөлт хийгддэг хэдий ч зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу Баянголд дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй болно.

            2. ...Хяналт шалгалтыг ганцаараа хийж Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх заалтыг зөрчсөн гэжээ..

            Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана." 41.2-д “татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хуль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ." 41.4-д "Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хяналтаа татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана." гэх зохицуулалттай.

             Татварын улсын байцаагч Б.О миний бие иргэдээс ирүүлсэн төлбөрийн баримт дагуу зорчих гомдол мэдээлэлд “******* и*******” Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Татварын хяналт шалгалт хийгдээгүй учир Татварын ерөнхий хуулийн 41.9 дэх хэсгийг зөрчиж байна гэсэн нь үндэслэлгүй юм.

3. Татварын улсын байцаагч Б.О нь баримт нэг бүрийг үзээгүй зөвхөн торгох сэдэлтэйгээр асуудалд хандсан..... гэжээ.

            Иргэдээс ирүүлсэн гэрээ болон холбогдох баримтыг шалгаж үзэхэд төлбөрийн баримт олгохгүй, татварын хөнгөлөлт үзүүлсэн гэх зохицуулалт тусгаагүй, гэрээнд тусгасан байлаа ч Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д "Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх асуудлыг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан зохицуулах бөгөөд хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална." гэж заасны дагуу татварын алба татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд "******* и*******" ХХК нь орон сууц худалдан авсан иргэнд татварын хөнгөлөлт эдлүүлэх үндэслэлгүй юм.

            Татварын ерөнхий хуулийн 28.5-д "Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй" гэж заасан үүргээ биелүүлээгүй байсан тул торгох шийтгэл оногдуулсан болно.

            “******* интернэшл” ХХК-ийн төлбөрийн баримт олгоогүй зөрчлийн улмаас гомдол гаргасан иргэд буюу тус ХХК-аас орон сууц худалдан авсан иргэд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-д "энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгох;" 15 дугаар зүйлийн 15.2.2-д "сугалааны тохирлоор", Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д "Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна." гэж заасны дагуу сугалаанд оролцох, буцаан олголт авах, хөнгөлөлтөд хамрагдах боломжоо алдаж олон иргэд хохирч байна.

            Иймд 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 0 дугаар "шийтгэлийн хуудас", түүнийг дагалдан гарсан "Эрх бүхий албан тушаалтны даалгавар"-ыг хэвээр үлдээж ******* и******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            3.3. Гуравдагч этгээдээс шүүхэд гаргасан хариу тайлбар, хүсэлтдээ:

            3.3.1. Гуравдагч этгээд Э. шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь 2018 онд ******* И******* ХХК-аас зээлийн гэрээгээр орон сууц худалдан авсан бөгөөд 2023 онд төлбөрөө бүрэн төлж дууссан тул байраа нэр дээрээ шилжүүлэн авсан. Тухайн үед татварын буцаан авалтанд хамрагдахын тулд НӨАТ-ын баримт хэрэгтэй талаар мэдэгдэхэд тус байгууллагын нягтлан нь (утас ) "Бичиг баримт бүрдүүлэлтийг манай борлуулалтын ажилтан хариуцна, санаа зоволтгүй, бүгд л буцаалт авдаг болохоор бид нар мэддэг болсон, та зүгээр бидний бэлдсэн баримтуудыг л аваачиж өгөөд байрны ордероо авсныхаа дараа надад хэлэхэд л болно" гэж байсан боловч байрны ордероо авсны дараа утасаа авахгүй, холбогдох боломжгүй, сүүлдээ он гараад татварын буцаалт хөөцөлдөж эхлэх үед утасных нь орох ярианы эрх нь хаагдсан гэж байсан. ******* И******* ХХК нь борлуулалт хийсэн байрандаа НӨАТ баримт өгөхгүй, улмаар эрх бүхий байгууллагаас гаргасан НӨАТ баримтыг 2024 оны 5-р сарын 7-ны дотор нөхөж олгох шийдвэрийг зөрчин одоо болтол баримт гаргаж өгөлгүй хууль зөрчсөн ажиллагаа явуулж байгаагаас иргэн миний бие цаг хугацаа, эдийн засаг сэтгэл санааны ихээхэн хохирол амсаад байгаа тул асуудлыг шийдэхэд туслаж хохиролгүй болгож өгнө үү хэмээн иргэн миний бие хүсэж байна. ******* И******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд дараах хариу тайлбар хүргүүлж байна.

            Үүнд: 1. Иргэн миний бие нь байр худалдан авахдаа ******* И******* ХХК нь татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдэлдэг байгууллага биш гэж мэдээгүй. Татварын Ерөнхий Хуулийн 10.2 дугаар заалт болох "Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх асуудлыг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан зохицуулах бөгөөд хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална" гэсэн хуулийг зөрчин затварын хөнгөлөлттэй борлуулалт хийж байсан байна. Мөн хуулийн мэдлэггүйг минь далимдуулан "Гэрээ үйлдэх үеийн тэмдэглэл" гэж хүчин төгөлдөр бус бичиг баримт үйлдсэн, үүндээ татварын баримт өгөхгүй гэж дурьдсан нь хууль бус ажиллагаа.

             2. Байрны төлбөр бүрэн хийсний дараа "Худалдах худалдан авах гэрээ" гэж хийсэн боловч нэг хувийг нь захирлаар зуруулж нотариатаар батлуулаад буцаан өгнө гээд өгөөгүй. Аль нотариатаар батлуулсныг олж мэдэж чадаагүй тул одоо болтол гэрээний нэг хувиа авч чадаагүй байгаа.

            3.******* И******* ХХК 2018 оны баримт төлөөгүй зөрчилдөө торгууль төлсөн нь НӨАТ баримт олгохгүй байх үндэслэл болохгүй гэж бодож байна. 4. ******* И******* ХХК НӨАТ-ын баримт өгөөгүй талаар дээд шүүхэд маргаан үүсгэж өөрийн талд шийдүүлсэн. Гэхдээ энэ үйл баримт нь тус компанийн 2015 оноос үйл ажиллагаанд хамааралтай болно. Энэ нь 2018 онд надтай хийсэн 2018 оны байр худалдах худалдан авах харилцаатай огт хамааралгүй болно. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль нь тус хуулийн 4-р зүйлд заасанчлан 2014 оны 4-р сарын 1-нээс өмнөх тайлант хугацааны ажил гүйлгээнд хамааралтай тул надтай хийсэн 2018 оны борлуулалтанд хамааралгүй. Ийнхүү хууль бус үйл ажиллагаа явуулан, татварын албаны болон эрх бүхий байгууллагын тавьсан шаардлага биелүүлдэггүй байгууллагаас болж хохироод буй иргэн миний хүсэлтийг хүлээн авч хохирлыг минь барагдуулахад тусална уу гэжээ.

            3.3.2.Гуравдагч этгээд Т.х шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Баянгол дүүргийн 29-р хороо ******* хороолол тоотод оршин суугч Т.х миний бие 2018 оны 07-р сард ******* и******* ХХК-ийн орон сууцнаас 8 хувийн зээлээр байр худалдан авсан ба төлбөрөө хугацаанд нь төлж барагдуулсан. Татварын хөнгөлөлтөөс буцаан олголт авахаар материалаа БГД-ийн татварын хэлтэст өгсөн боловч байр худалдан авсан татварын баримт байхгүй ******* и******* ХХК өгөхгүй гэсэн шалтгаанаар БГД-ийн татварын хэлтэст хүсэлт гаргасан.

            Тухайн 2018 онд байрны ханш 1 сая 750,000-1 сая 900,000 төгрөгийн үнэ ханштай байсан, бид ******* и******* ХХК-с 1м кв 2 сая төгрөгөөр худалдан авч байсан. ******* и******* ХХК НӨАТ-н буцаан олголтын баримт өгөхгүй улмаас бид татварын хөнгөлөлт авч чадахгүйд хүрээд байна. Ард иргэд бид хуульд заасан эрхээ эдлэх эрхтэй гэж үзэж байна гэжээ.

            Бичгээр гаргасан хүсэлтдээ: Т.х миний бие энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа. Би төмөр замын салбарт ажилладаг тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Миний бие оролцохгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй. Шүүхийн шийдвэр яаж гарахаас үл хамаарч давж заалдах гомдол гаргахаа шийднэ гэжээ.

            3.3.3.Гуравдагч этгээд М. шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: М. миний бие энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа. Би орон нутагт сургуулийн засварын ажил хариуцан хийж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй. Шүүхийн шийдвэр яаж гарахаас үл хамаарч давж заалдах гомдол гаргахаа шийднэ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, Баянгол дүүргийн татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг шүүхээс дахин шинэ акт гаргах шаардлагатай гэж үзэн 3 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

            2. ”Баянгол дүүргийн татварын улсын байцаагчийн 2024 оны 04 сарын 22-ны өдрийн 0 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

            2.1.Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно”, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-т “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй” гэж тус тус заасан байна.

            2.2.“******* и*******” ХХК нь гуравдагч этгээд болох Т.хтэй 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр, Э.тэй 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр, М.тай 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр, А.*******тэй 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Орон сууц зээлийн нөхцлөөр борлуулах гэрээ”-г тус тус байгуулжээ.

            2.3.Тус гэрээг байгуулсан иргэд болох Т.хийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр, Э.гийн гэрчилгээ 2023 оны 07 дугаар сарын 20-ний өдөр, М.ын гэрчилгээ 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр тус тус гарсан байна. А.нийн хувьд тухайн үл хөдлөх хөрөнгийн төлбөрийг бүрэн төлж дуусаагүй тул үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй байна.

            2.4.Нэр бүхий 4 иргэн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн татварын хэлтэст “******* и*******” ХХК-аас зээлээр орон сууц худалдан авахад төлбөрийн баримт олгоогүй гэх гомдол гаргасан ба Баянгол дүүргийн татварын хэлтсийн Захиргаа, хуулийн тасгийн хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч Б.О 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тус гомдлыг хүлээн авчээ.

            2.5.Иргэдээс гаргасан гомдлын дагуу Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Захиргаа, хуулийн тасгийн хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч Б.О хяналт шалгалт хийн, 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-д заасны дагуу зөрчлийн хэргийг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

            2.6.Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.5-д Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй, тус хуулийн 1 дүгээр зүйлийн 1.5.1.1-т “энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” гэж заасан байна.

            2.7.2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 0 дугаар шийтгэлийн хуудсаар зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дах хэсгийн 8.1-т зааснаар борлуулалтын орлого болох Татварын удирдлагын нэгдсэн системд илгээсэн 2024 оны 02 дугаар сарын борлуулалтын орлого 107,532,552.22 төгрөгийн 2 хувь 2,150,651.04 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

            2.8.Хариуцагчаас шийтгэлийн хуудсаар төлбөр ногдуулсан үндэслэлээ ”… Зөрчлийн тухай хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 2 жил гэж заасан хэдий ч зөрчил нь 2018 онд гэрээ байгуулсан боловч 2023 оны 6 сар, өнөөдрийг хүртэл А.******* төлбөрөө төлж дуусаагүй, баримтыг тухай бүрт нь олгоогүй зөрчил үргэлжилж байга…а” гэх тайлбарыг өгсөн нь үндэслэлгүй байна. Учир нь энэхүү зөрчил нь орон сууцны төлбөрийг бүрэн төлж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан өдөр зөрчил үйлдэгдсэн гэж үзэх ба энэ үед гомдол гаргагчаас тухайн иргэдэд и-баримт өгөх үүрэг үүсэхээр байна.

            2.9.Улмаар Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж заасны дагуу гомдол гаргагчийн зөрчил үйлдэгдэж дууссан хугацаа нь тухайн иргэдийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан өдөр хүртэл тоологдох бөгөөд гуравдагч этгээд А.*******ий хувьд төлбөрийг бүрэн төлж дуусаагүй учраас одоогоор зөрчил үйлдэгдсэн гэж үзэхээргүй байна

            2.10.Иймд тухайн зөрчил үйлдэгдсэн гэх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан өдрөөс эхлэн Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг 6 сараар тооцох ба хугацааг тоолбол хамгийн сүүлийн хугацаа 2024 оны 01 дүгээр сард дууссан байна.

            2.11.Мөн Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрт хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй” гэж заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын баримт олгох боломж байсан эсэхийг шалгаж, тогтоож зөрчлийн шийтгэх хуудас гаргах ёстой байсан гэх гомдол гаргагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            3. Уг шийтгэлийн хуудсыг дагалдан гарсан “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Огийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн албан даалгаврыг” гурван сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

            3.1. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал тодорхойгүй байгаа нь татвар төлөгчийн хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг зөрчсөн нь дараах байдлаар тогтоогдоно. Үүнд:

            3.2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д ”Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: хууль ёсны итгэлийг хамгаалах”, Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх” гэж тус тус заасан байна.

            3.3. 2018 онд Татварын ерөнхий газраас “******* и*******” ХХК-д 2014 оноос 2018 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацааны татварын иж бүрэн хяналт шалгалтыг хийсэн бөгөөд уг шалгалт 2019 оны 12 дугаар сард дуусч, шалгалтын онуудад хамаарах 1.6 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгуулийг тавьсан байх ба “******* и*******” ХХК нь тухайн нөхөн татвар, торгуулийг төлсөн гэж тайлбарладаг.

            3.4. “******* и*******” ХХК нь Татварын ерөнхий хуульд заасан холбогдох тайланг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт илгээж, татварын шалгалт уг газраас харьяаллын дагуу хийгддэг, гэтэл иргэний гомдол гэх нэрийн дор өөрт харьяалалгүй асуудлаар шалгалт хийж байгаа учир уг гомдлыг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газар руу шилжүүлэх хүсэлтийг Баянгол дүүргийн татварын хэлтэст 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гаргасан байх боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

            3.5. “Улмаар “******* и*******” ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн прокурорын газарт зөрчлийн дугаартай хэрэгтэй холбогдуулан гомдол гаргасан ба тус прокурорын газрын хяналтын прокурор Х.ий 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 99 дугаар тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзаж, мөн өдрийн 411 тоот “Прокурорын хариу мэдэгдэх хуудас”-аар хариу хүргүүлснийг гомдол гаргагчаас эс зөвшөөрч 2024 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр Баянгол дүүргийн ерөнхий прокурорт гомдол гаргажээ. Улмаар Баянгол дүүргийн ерөнхий прокурор 2024 оны 04 дугаар сарын 17-ны өдрийн 114 дугаартай тогтоолоор “2024 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн 99 дугаартай “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” шийдвэр үндэслэлтэй байх тул “******* и*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй” гэх хариуг хүргүүлж, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 99 дугаартай тогтоолыг хэвээр үлдээсэн байна.

            3.6. Тус шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хяналт шалгалт хийх харьяаллыг тодруулахад зөрүүтэй тайлбаруудыг Татварын ерөнхий газраас өгсөн болно. Тухайлбал 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Татварын ерөнхий газраас 2020 онд “******* и*******” ХХК-ийг төлбөрийн баримт олгоогүй тухай иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийг шийдвэрлүүлэхээр харьяа алба болох Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаар албан бичгээр гомдлыг холбогдох баримтын хамт шилжүүлж байсан гэх хариуг ирүүлсэн байна.

            3.7 Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх” гэж заасан байх ба 2018 онд “******* и*******” ХХК-ийн татварын хяналт шалгалт Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт харьяалагдан хийгдсэн байтал 2024 онд Баянгол дүүргийн татварын хэлтсээс тус компанийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй эсэхийг шалган тогтоогоогүй атлаа төлбөрийн и-баримт олгоогүй гэх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь ойлгомжгүй байна.

            3.8. Мөн Татварын ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн тоот албан бичигт “… татварын алба нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн болон хуульд заасан харьяаллын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулдаг. Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Татварын албаны хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 2.13-т “Татварын албаны хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь татвар төлөгчийн харьяаллын дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэнэ” гэж заасан. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6 дахь хэсэг, Татварын ерөнхий газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны , А/ дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Татварын төлөгчийн бүртгэлийн журам”-ын 20.25-д тус тус заасны дагуу улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа орлогын хэмжээ, татварын албаны харьяаллыг Татварын ерөнхий газрын дарга тогтоодог. “******* и*******” ХХК нь Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/74 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Татвар төлөгчийн хууль тогтоомж мөрдөлтийн стратеги, ангилал, харьяалал тогтоох үйл ажиллагааны журам”-ын 3.2.1-т заасан “том” ангиллын татвар төлөгч тул том татвар төлөгчийн газарт харьяалагдана. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, газрын төлбөрийн төрлөөр Баянгол дүүргийн Татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгүүлсэн ба журмын 4.6-д заасны дагуу тухайн татвар ногдох зүйл оршин байгаа нутаг дэвсгэрийн татварын албанд тухайн татварын төрлөөр харьяалагдаж байна” гэх хариуг өгсөн байна.

            3.9.Дээрх албан бичгүүдэд “******* и*******” ХХК нь “том” ангиллын татвар төлөгч тул Том татвар төлөгчийн газарт харьяалагдана гэх хариуг өгсөн атлаа и-баримт олгоогүй гэх зөрчил нь Баянгол дүүргийн татварын хэлтэст харьяалагдана, бусад татварын шалгалтыг том татвар төлөгчийн газар шалгана гэх тодорхойгүй хариуг өгсөн байх ба өргөдлийг хэн шилжүүлэх, хэн шалгах, эсэх нь ойлгомжгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.8-т ”хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасны дагуу Захиргааны байгууллага захиргааны үйл ажиллагаа явуулахдаа Татвар төлөгчийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцээгүй үйл ажиллагаа явуулсан гэж үзэхээр байна.

            3.10.Гомдол гаргагч нь төлбөрийн и-баримтыг хэвлэж өгөх үүрэгтэй хэдий ч борлуулалт хийгдсэнээс дараа оны тайлант хугацаанд гуравдагч этгээд болох 4 иргэнд цахим төлбөрийн системээр и-баримтыг хэвлэж өгөх хууль зүйн болон програм хангамжийн боломж байгаа эсэхийг шалгалгүйгээр и-баримт олгоогүй гэх албан даалгавар бичсэнийг тодруулах шаардлагатай байна.

            3.11.Мөн өмнөх онуудад хийгдсэн татварын хяналт шалгалтын хугацаанд “******* и*******” ХХК-д гомдол гаргасан гуравдагч этгээдүүд хамрагдсан эсэхийг бүрэн гүйцэд тогтоож, авлага барагдуулалт мөн эсэх, тухайн иргэд шинээр борлуулалт хийсэн эсэхийг тогтоож албан даалгавар бичиж гүйцэтгүүлэх нь зүйтэй бөгөөд ингэхдээ  гуравдагч этгээдүүдийн татварын буцаан олголт, хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахад шаардагдах баримтын бүрдлийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэгтгэн дүгнэвэл зөрчил байгаа эсэхийг тогтоож, захиргааны акт гаргахаас илүүтэйгээр гуравдагч этгээдүүд татварын буцаан олголт, хөнгөлөлтөд хамрагдах эсэх нь энэ маргааны гол үйл баримт байна гэж шүүх дүгнэлээ.

            3.12.Иймд шүүх дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагч “******* и*******” ХХК-ийн “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Огийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн албан даалгаврыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг баримтлан хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.11, 106.3.13-т заасныг тус тус удирдлага  болгон ТОГТООХ нь:

            1.Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2.4 дүгээр зүйлийн 2, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д тус тус заасныг баримтлан “******* и*******” ХХК-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж Баянгол дүүргийн татварын улсын байцаагчийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 0 дугаар  шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, 2024 оны 04 сарын 22-ны өдрийн эрх бүхий албан даалгаврыг хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн тал шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор шийдвэрт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.ОДМАА