| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2017/0207/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/031 |
| Огноо | 2018-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/031
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс,
Хохирогч *******,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Золжаргал нарыг оролцуулан хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх саналтайгаар ирүүлсэн хэргийг тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн Прокурорын газраас *******д холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1714000000090 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, эрэгтэй, *******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр баг 3-30 тоотод 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр *******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Зтэй маргалдаж надаас зуураад байхаар нь түлхэж бас гар хөлнөөс нь чанга барьсны улмаас биед нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг / хх- ийн 40-41/
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн...******* нь амьдарлаа бодохгүй архи уулаа, хэрэггүй найз нөхдөөсөө сал гэхээр уурлаж маргаан эхэлдэг. ******* гарнаас барьж мушигсанаас болж миний зүүн гарын алганы ар хэсэгт, шууны дотор доод хэсэгт хөхөрсөн, мөн хэвлий зүүн хажуу хэсэгт нэг удаа өшиглөж хөхөрсөн. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан санал хүсэлт байхгүй. Би *******тай эвлэрсэн одоо надад санал хүсэлт байхгүй гэх мэдүүлэг/ хх-ийн 15-20/
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 490 дугаартай:
1.Згийн биед тархи доргилт, зүүн гарын шуу, сарвуу, хэвлийд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. *******гийн биед 2017 оны 10 дугаар сарын 02- ны өдрөөс өмнө гэмтэл авсан гэх шинж тэмдэг тогтоогдсонгүй.
4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ...гэх дүгнэлт /хх-ийн 28-29 /
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 1-2/, Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал /хх-ийн 3/, Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/, Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 58-62/, шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2017.10.12-ны өдрийн 9/240 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 63/, дипломын хуулбар / хх-ийн 64-67/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 75-78/ шүүгдэгч *******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 69/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр баг 3-30 тоотод 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр *******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч *******ын ... Зтэй маргалдаж надаас зуураад байхаар нь түлхэж бас гар хөлнөөс нь чанга барьсны улмаас биед нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг / хх-ийн 40-41/ ,
хохирогч *******гийн.. ******* гарнаас барьж мушигсанаас болж миний зүүн гарын алганы ар хэсэгт, шууны дотор доод хэсэгт хөхөрсөн, мөн хэвлий зүүн хажуу хэсэгт нэг удаа өшиглөж хөхөрсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-20/ , Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №490 шинжээчийн... Згийн биед тархи доргилт, зүүн гарын шуу, сарвуу, хэвлийд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо... гэх дүгнэлт / хх-ийн 28-29/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1, 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******ыг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч ******* нь Төгс цэлмэг ХХК-д барилгын туслах, засал чимэглэлийн ажил хийдэг талаарх 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн захирал Болдоогийн тодорхойлолт, Хаан банкны Баянхонгор аймаг дахь салбарын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн № 5247/2 дугаар тооцооны төвийн эрхлэгч Р.Пүрэвбадамын .... *******ын 5225283703 тоот дансанд 497300 төгрөгийн үлдэгдэлтэй...гаргасан тодорхойлолт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувьд ногдох хөрөнгө, хувийн байдал болон ажил , хөдөлмөр эрхэлдэг /цалин хөлс / шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах шаардлагагүй гэж үзэх түүнд торгох ял оногдуулж, шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан 450000 төгрөгийг торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн № 145 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулснаас 4 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял үлдсэн бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар ...шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах... прокурорын санал гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь шүүгдэгч *******д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ нэмж санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй, прокурорын саналд тусгагдаагүй эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь хуулийг буруу хэрэглэж байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5-т “..нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна..” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т “...Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно...” гэж заасныг үндэслэл болгож шүүгдэгч *******д шүүхээс хэд хэдэн шийтгэх тогтоолыг нэмж нэгтгэхгүйгээр тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******ын эзэмшлийн “...шаргал өнгийн гэрийн модон ком тавилга...”-ийг битүүмжилсэн тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд худалдан борлуулж орлогын тусгай дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэж, торгох ял биелэгдсэн тохиолдолд эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу дээрхи зүйлсийг эзэмшигч *******д буцаан олгож шийдвэрлэж, уг хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжэээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч *******д оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн “...шаргал өнгийн гэрийн модон ком тавилга...”-ийг битүүмжилсэн тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд худалдан борлуулж орлогын тусгай дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэж, торгох ял биелэгдсэн тохиолдолд эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу дээрхи зүйлсийг эзэмшигч *******д буцаан олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА