Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/892

 

           

 

 

  2023             8             31                                       2023/ДШМ/892

Б.Э, М.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Г.Ганбаатар, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Амарзаяа,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/562 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э, М.Т нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар тэдэнд холбогдох 2305012180765 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б.Э, 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баянсуудал, Гандан гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: 00000000/;

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 10 хоног хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1243 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 43 дугаартай тогтоолоор “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, эдлэх ялыг хоёр дахин багасгаж 6 сар хорих ял болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг хоёр дахин багасгаж 1 жил 6 сар хорих ял болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн, эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож тус тус өөрчлөлт оруулсан,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хоёр дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 43 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1243 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 6 сарын хорих ял оногдуулсныг 2 жил хорих ял болгон өөрчлөлт оруулсан уг ялыг нэмж нэгтгэн, 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 169 дугаартай шүүгчийн захирамжаар 7 сарын хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон;

2. М.Т, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 0 дүгээр баг, Баян-Арцат, Энхтайван гудамжны 0 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Сэлэнгэ аймгийн Мандал сумын 0 дугаар баг, Баянсуудал, Гандан гудамжны 00 тоотод оршин суух, /РД:00000000/;

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр эрүүгийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон;

Шүүгдэгч Б.Э, М.Т нар бүлэглэн 2023 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөгжил” хотхоны байрны дундах тоглоомын талбайн орчим хохирогч Л.Ан нүүр хэсэгт 3 удаа цохиж, улмаар хохирогчийн өмсөж явсан юүдэнтэй цамц, north face загварын куртик, цэргийн хагас түрийтэй гутал, Самсунг А72 загварын гар утас, нүдний шил зэрэг нийт 885.000 төгрөгийн эд зүйлийг, мөн хохирогч Г.Аыг “цагаа өгөхгүй бол ална” гэж сүрдүүлэн Rоlех загварын 224.000 төгрөгийн үнэ бүхий бугуйн цагийг тус тус авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Э, М.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Т, Б.Э нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх буюу Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч М.Тад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Эад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т, Б.Э нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т, Б.Э нарын цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т, Б.Э нараас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 100.000 /нэг зуун мянга/-н төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтоож, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нар нь хохирол нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч М.Т, Б.Э нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн эдлэх хорих ялыг 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Т давж заалдах гомдолдоо: “...Миний зүгээс энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байгаа дараах хувийн шалтгааныг минь хүлээн авч шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг багасгаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шийдвэрлэж өгнө үү гэж энэхүү гомдлыг гаргаж байна. Миний бие анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Ар гэрийн хувьд ам бүл 7, эхнэр Б, 2-оос 12 насны 5 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал суманд амьдардаг бөгөөд эхнэр маань хөл гар муутай, харж туслах хүнгүй, ажилгүй, хүүхдүүдээ харж гэртээ байдаг, өрхийн орлого багатай. Одоогийн байдлаар 12 настай охин маань цайны газар зөөгч хийж ээж, дүү нараа авч явж байгаа. Миний хувьд ар гэрээ авч явж тэжээдэг бөгөөд одоогийн байдлаар хүүхдүүд болон эхнэр маань маш хүнд байгаа. Энэхүү тогтоолд заасан гэмт хэргийн улмаас үүссэн хохирлыг төлж барагдуулсан бөгөөд хохирогчийн зүгээс гомдолгүй байгаа.

Дээрд дурдсан нөхцөл байдал, амьдралын аргагүй шалтгааныг нь минь харгалзан үзэж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 562 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад зааснаар надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн багасгаж, хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Гандангийн гудамжны 0 тоотод ээж, эхнэр, хүү, 2 эмэгтэй дүүгийн хамт оршин суудаг. Ээж Б маань сумандаа зоогийн газарт ажилладаг, эхнэр О.У маань одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй, гэртээ хүүхдээ харж, дүү нар болох Б.Х, Б.Н нар нь Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг. Би 2021 онд эхнэр О.Утой нэг гэрт орж ханилан суугаад 2022 онд хүү Э.Э маань төрж ар гэрээ авч явах түшиг тулгуур нь болсон. Мөн би гэм буруугаа хүлээн зөвшөөрч ийм хэрэг үйлдсэндээ үнэн голоосоо гэмших үүднээс бусдад учруулсан хохирол төлбөрөө сайн дураараа төлж барагдуулж уг шийтгэх тогтоолоор бусдад төлж барагдуулах өр байхгүй. Иймд ар гэрийн байдлыг минь хүндэтгэн авч үзэн нярай хүүхэдтэйг маань харгалзан үзэж, надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг минь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан багасгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Миний үйлчлүүлэгч хэргийг шалгаж байх явцад үнэн зөвөөр мэдүүлэг өгч, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн өөрийн үйлдэлдээ гэмшиж байгаа талаар хэлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломж хуулиар олгосон заалт байгаа. Иймд Б.Эын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлсөн нөхцөл байдал зэргийг харгалзан, түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг хоёрны нэгээр багасгаж өгнө үү гэсэн саналтай байна. Хавтаст хэргийн 66, 180 дугаар хуудаст хохирогч нарт эд зүйл буцаан олгогдсон, хохирол төлбөрийг М.Т болон Б.Э нарын зүгээс хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэх баримт авагдсан. Мөн хавтаст хэргийн 182 дугаар хуудаст хүүхдийнх нь төрсний гэрчилгээ авагдсан. Эдгээр баримтыг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж, Б.Эын хүсэлтийг хүлээн авч, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хариуцлага оногдуулахад гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалздаг. Шүүгдэгч Б.Эын хувийн байдлын тухайд урьд нь 2 удаа дээрэмдэх гэмт хэрэг, 2 удаа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өмчлөх эрхий эсрэг гэмт хэргээр 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Энэ бүх шийтгэх тогтоолуудад насанд хүрээгүй, өсвөр насны яллагдагч, шүүгдэгч гэдэг байдлаар оногдуулсан ялыг хойшлуулж, 2 дахин багасгадаг. 2022 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хугацаанаас нь өмнө буюу 7 сарын өмнө тэнсэн сулласан байгаа. Шүүгдэгч Б.Э нь шүүгдэж байгаа хэрэгтээ гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруудаа маргахгүй байна гэж байгаа боловч урьд хийсэн хэрэгтээ гэмшээгүй байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Энэ гэмт хэргийн хувьд шүүгдэгчид шөнийн цагаар, бүлэглэж үйлдсэн. Хоёр хохирогчийн эд зүйлийг дээрэмдэж авахдаа эрүүл мэндэд нь халдаж цохисон. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүх рүү шилжлүүлэх үед яллагдагч нар гэмт хэргийн улмаас учруулсан 577.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байсан. Харин шүүхийн шатанд уг хохирлыг барагдуулсан байгаа. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшсэн байдал гэдэгт бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байхыг шаарддаг. Гэтэл шүүгдэгч нар тухайн үед хохирлыг төлөөгүй байсан. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдэх үеийн арга нөлөөлөх ёстой. Хавтаст хэрэгт авагдсан баримт, хохирогч нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт дүгнэлт хийж үзэхэд хохирогч нараас эд зүйлийг нь дээрэмдэж авч явахдаа хохирогч нарын гутлын үдээсийг хооронд нь холбож үдээд орхисон байсан. Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй. Шүүгдэгч М.Т нь давж заалдах гомдолдоо “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” гэж бичсэн байсан. Шүүгдэгч М.Т урьд нь Төв аймгийн шүүхээр Байгаль орчны эсрэг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Б.Э, М.Т нар нь бүлэглэн 2023 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөгжил” хотхоны байрны дундах тоглоомын талбайн орчим хохирогч Л.Айн нүүр хэсэгт цохиж, улмаар хохирогчийн өмсөж явсан юүдэнтэй цамц, north face загварын куртик, цэргийн хагас түрийтэй гутал, Самсунг А72 загварын гар утас, нүдний шил зэрэг нийт 885.000 төгрөгийн эд зүйлийг, мөн хохирогч Г.Аыг “цагаа өгөхгүй бол ална” гэж Rоlех загварын 224.000 төгрөгийн үнэ бүхий бугуйн цагийг тус тус авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Л.Агийн “...бид хоёрыг өдөөд дуудаад сандал дээр суулгаад анх надаас тамхи асуусан залуу миний нүүр лүү цохиод авсан. Тэгээд утас байна уу гэхээр нь нэгжгүй утас байгаа гэтэл миний халаасанд байсан Самсунг А72 гар утсыг авчихсан. Утсаа авах гэтэл намайг дагаад яв гэсэн. Ингээд найз бид хоёр тэр хоёр эрэгтэйг дагаад явтал хөгжил хотхоны дотор байрлах тоглоомын талбайд очоод янз бүрийн зүйл яриад миний куртик, хагас түрийтэй гутал, юүдэнтэй цамц зэргийг, манай найзын цагийг аваад явсан. ...” /хх 14/,

хохирогч Г.Аын “...тамхи асууж байхад яаж байна гээд бид хоёртой яриа өдөөд замын хажуу талын сандал дээр суулгаж байгаад ... манай найзыг алгадаад хэрүүл өдөөд маргалдсан. Нэг нь Л.Ан утсыг “утсаа өгч бай утсаар яриадахъя” гээд аваад ... өөр хүмүүстэй утсаар яриад цаашаагаа зам дагуу алхаад яваад өгсөн. Тэгээд бид хоёр нэг нэгээрээ уг хоёр ахыг дагаад явсан. Бид хоёр дагаж явдаг санаа нь Л.Ан утсыг авчихаад өгөхгүй урд нь алхаад нэг нь яваад байсан. Замаар явж байгаад Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгжил хотхоны байрны дунд тоглоомын саадны хажууд сандалд очиж суусан. Та хоёр яг баян айлын хүүхдүүд байна гээд бид хоёрыг хэл амаар дарамтлаад миний бугуйнд зүүсэн байсан Роlех-ийн цагийг тайлаад өгдөө үзье гэхээр нь би өгтөл үзэж байгаад өгөхгүй бид хоёрыг дарамтлаад ална гэж байгаад бид хоёрын өмсөж явсан гутлыг сольж өмсөж үзээд миний гутлыг өмсөж үзээд таарахгүй байна гээд буцаагаад надад өгсөн. Л.Ан гутал, куртик, утас, нүдний шил, дотуураа өмссөн байсан малгайтай цамцыг аваад надаас бугуйн цагийг аваад явсан. Тэгээд Л.А бид хоёрын гутлын үдээсийг хооронд нь холбож уяж зангидаад тэр хоёр ах яваад өгсөн. ...” /хх 19-20/,

Б.Эын яллагдагчаар өгсөн “...Тухайн залуу босож ирэх үед М.Т түүнээс утас асуух үед тэр залуу халаасандаа байх гар утсаа гаргаад өгөх үед нь утсыг нь өгөлгүй аваад цаашаа алхсан. Би араас нь нөгөө хоёр залуутай алхаад Өргөө кино театрын замын урдуур байран дундуур яваад Хөгжил хотхоны байрны дунд тоглоомын талбайн сандал дээр бид дөрөв очиж суусан. Суугаад хэл амаар доромжилж байгаад би хагас түрийтэй гутлыг нь өөрийнхөө өмсөж явсан гуталтай сольж өмсөөд, манай хойд эцэг куртик, нүдний шил, бугуйн цаг, юүдэнтэй цамцыг нь тус тус аваад бид хоёр тэр хоёр залууг сандал дээр нь суулгаад манай хойд аав тэр хоёрын гутлыг үдээсээр холбож үдээд бид хоёр яваад өгсөн. ...” /хх 51/,

М.Тын яллагдагчаар өгсөн “...Тэгээд тэр хоёр залууг дагуулж яваад байрны дунд тоглоомын талбайн дунд сандал дээр суулгаж байгаад Б.Э бид хоёр куртик, нүдний шил, бугуйн цаг, юүдэнтэй цамц, хагас түрийтэй гутал, гар утсыг нь авсан. Тухайн үед нилээн согтолттой байсан болохоор нэг мэдсэн тэр хоёр залуугийн эд зүйлүүдийг аваад тэр хоёр залуугийн гутлын үдээсийг нь хооронд нь уяж орхиод бид хоёр яваад өгсөн. ...” /хх 61/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 4/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-9/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 35-37, 39-40/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 63-67/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Э, М.Т нарын хохирогч Л.Айгийн бие махбодид хүч хэрэглэн халдах байдлаар, Г.Аыг үг хэллэгээр айлгах байдлаар тус тус эрхшээлдээ оруулан эд зүйлсийг нь авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч М.Т, Б.Э нар “...2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь /ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх/ шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Шүүгдэгч М.Т, Б.Э нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Л.Ай, Г.А нарын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж буюу Л.Айг хавсарч унаган, нүүр хэсэгт нь цохиж юүдэнтэй цамц, north face загварын куртик, цэргийн хагас түрийтэй гутал, Самсунг А72 загварын гар утас, нүдний шил зэрэг эд зүйлсийг, Г.Аыг үг хэллэгээр айлгах байдлаар Rоlех загварын бугуйн цагийг тус тус авсан нөхцөл байдал тогтоогдсон ба гэмт хэргийн улмаас хохирогч нарт нийт 1.109.000 төгрөгийн хохирол учруулсан, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч М.Т, Б.Э нарт анхан шатны шүүхээс тус тус оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар багасгах үндэслэлгүй гэж үзлээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 2 жил хугацаагаар хорих ял шийтгэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх агуулгад нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ нь гэмт хэргийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулах агуулга бүхий зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, хохирол нөхөн төлүүлэхэд чиглэсэн, нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой хэм хэмжээ гэж үзнэ.

Анхан шатны шүүх “гар утсыг 100.000 төгрөгөөр бусдад зарж, ашиг олж өөрсдийн санхүүгийн хэрэгцээг хангасан, ... гэмт хэрэг үйлдэж олсон орлого” гэж дүгнээд шүүгдэгч нараас 100.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул уг заалтыг хүчингүй болгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх шүүгдэгч нарын бусдын эд хөрөнгийг дээрэмдэн авсны улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр заасан байх бөгөөд дээрэмдэх гэмт хэргийн үр дүнд олж авсан эд зүйлсийг бусдад худалдан борлуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзээд шүүгдэгч нараас гаргуулах нь хууль хэрэглээний хувьд нийцээгүй байна гэж үзэв.   

Харин шүүгдэгч нарын “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Э, М.Т нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 58 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/562 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Т, Б.Э нарын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т, Б.Э нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 58 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР