Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2017/0747

 

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар0221/МА2017/0747

Улаанбаатар хот

М.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Ц.Цогт, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, хариуцагч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг дарга Д.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 113/ШШ2017/0009 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын гаргасан давж заалдах гомдлоор М.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч М.Мөнх-Эрдэнэ 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Баянтал сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох”-ыг хүсчээ.

Хоёр. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 113/ШШ2017/0009 дүгээр шийдвэрээр:

“Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-д заасныг тус тус баримтлан М.Мөнх-Эрдэнийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Сүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгож, М.Мөнх-Эрдэнийг Баянтал сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч /түр орлон гүйцэтгэгч/-ийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор М.Мөнх-Эрдэнийг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Эрүүл мэндийн төвийн Эрхлэгчийн үүргийг орлон гүйцэтгэгчээр томилон захирамж гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг дарга Д.Мөнх-Эрдэнэ дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1. Анхан шатны шүүхээс “...Баянтал сумын Засаг дарга 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийг гаргахдаа М.Мөнх-Эрдэнийн гаргасан зөрчилд тохирсон буюу хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулаагүй, уг захирамжид заасанчлан ажлаас чөлөөлөхдөө Эрүүл мэндийн тухай хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй, Захиргааны ерөнхий хуульд тодорхойлсон зарчмыг хэрэгжүүлээгүй, оролцогчийн эрхийг хангаагүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд баримтлах журмыг баримтлаагүй нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь ...хууль дээдлэх зарчим баримтална” гэж заасныг зөрчихөөс гадна Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан хуульд үндэслэх зарчимд нийцээгүй, ...нэхэмжлэгч М.Мөнх-Эрдэнийн төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг түр хугацаагаар эрхэлж байснаас үл хамааран хөдөлмөрлөх эрх, “сонгон шалгаруулалт зарлагдаж, тэнцэх хүн томилогдох хүртэл” хугацаанд уг албан тушаалыг эрхлэх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж дүгнэн” шийдвэр гаргасан.

М.Мөнх-Эрдэнийг тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Д.Энх-Амгалангийн хүсэлтийг харгалзан үзэж, Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнх-Одтой зөвшилцсөний үндсэн дээр 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Б/12 дугаар захирамжаар сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулж байсан. Д.Энх-Амгалан 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр “Сургуульд суралцах болсон тул яаралтай ажлаа өгөх шаардлагатай байна” гэсэн өргөдөл өгсний дагуу 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөн яаралтай дараагийн эрхлэгч томилж өгөх хүсэлтийг харгалзан үзэж Эрүүл мэндийн газрын даргын санал болгосон М.Мөнх-Эрдэнийг 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр томилон ажиллуулсан.

Дээрх нөхцөл байдалд М.Мөнх-Эрдэнийг томилуулахаар Авлигатай тэмцэх газарт урьдчилсан мэдүүлэг хянуулах боломжгүй байсан.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д “Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж, энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу М.Мөнх-Эрдэнэ нь томилогдсоноосоо хойш 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ сумын Засаг даргын Тамгын газарт өгөх үүргээ биелүүлээгүй.

М.Мөнх-Эрдэнийг “Авлигатай тэмцэх газарт ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулах шаардлагатай байна” гэж удаа дараа мэдэгдсэн боловч ажлын байрны тодорхойлолт нь шаардлага хангаагүй, материал бүрдүүлж явуулах шаардлагыг мөн хангаагүй байсан. 2017 оны 1 дүгээр сард дахин шаардлага тавихад аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай урьдчилан ярьсан, боломжгүй гэсэн хариу өгч байсан.

М.Мөнх-Эрдэнэ нь анх томилогдохдоо Авлигатай тэмцэх газарт ашиг сонирхлын зөрчлийн тухай урьдчилсан мэдүүлэг гаргаж өгөөгүй болох нь Авлигатай тэмцэх газрын шалгалтын дүнд тогтоогдсон ба 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 05/2360 дугаар албан бичиг ирж захирамжийг хүчингүй болгох талаар дурдсан.

Нэхэмжлэгч нь хуулийн хугацаанд урьдчилсан мэдүүлгээ, жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тус тус гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул манайхаас ашиг сонирхлын мэдүүлгийг хүргүүлэх боломжгүй байсан.

Иймд М.Мөнх-Эрдэнийг ажилд томилох тухай 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Б/12 дугаар захирамж нь өөрөө хуулийн шаардлага хангаагүй, хууль бус шийдвэр болсон тул Авлигатай тэмцэх газрын 2017 оны 3 дугаар сарын 7-ны 05/2360 албан бичиг болон бусад хуулийн заалтыг үндэслэн “Захирамж хүчингүй болгох тухай” Б/11 дүгээр захирамж гарсан.

Энэ нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасны дагуу, мөн хууль дээдлэх зарчмын дагуу М.Мөнх-Эрдэнийг томилсон хууль зөрчсөн шийдвэрээ хүчингүй болгосон. Засаг дарга би өөрийн санаачилгаар бус Авлигатай тэмцэх газраас ирсэн 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 05/2360 албан бичгийн үндсэн дээр уг шийдвэрийг гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Б/12 дугаар захирамжаар М.Мөнх-Эрдэнийг ажлын байрны сонгон шалгаруулалт явагдаж тэнцсэн хүн томилогдох хүртэл хугацаанд сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон ч, 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар түүнийг хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ гаргаж өгөөгүй гэсэн үндэслэлээр томилсон захирамжаа хүчингүй болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр өмнө ажиллаж байсан Д.Энх-Амгалан сургуульд суралцахаар болж ажлаасаа чөлөөлөгдсөнтэй холбогдуулан тухайн сул ажлын байранд нэхэмжлэгчийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон, энэ тохиолдолд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасны дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг М.Мөнх-Эрдэнээр гаргуулах шаардлагагүй болно.

Өөрөөр хэлбэл түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон албан тушаалтны хувьд дээрх хуулийн дагуу урьдчилсан мэдүүлэг гаргах үүргийг түр орлон гүйцэтгэгчид хүлээлгэх боломжгүй.

Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт төрийн алба хаагчид албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болохоор, харин Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх журам”-д албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх хүртэл хугацаанд тухайн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр зохицуулжээ.

Уг журмын 4.6-д “Эрх бүхий тушаалтны шийдвэр гарсны дараа албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагчид тухайн ажилтны ажлыг хүлээлгэх өгч, шийдвэрт заасан хугацаа дууссаны дараа эргүүлэн хүлээх авна”, 4.7-д “Албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагчийг үндсэн албан албан тушаалаас нь чөлөөлөхгүйгээр албан үүргийнх нь зэрэгцээ түр орлох албан тушаалыг гүйцэтгүүлнэ”, 5.3-т “Энэхүү журмын 3.3-т заасан сул орон тооны албан үүргийг түр орлон гүйцэтгэх тохиолдолд тухайн албан тушаалын үндсэн цалингийн зөрүүг түр орлон гүйцэтгэсэн хугацаагаар бодож олгоно”, 5.4-т “...сул орон тоо гарсан албан тушаалын албан үүргийг энэ журамд зааснаас бусад этгээдээр түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаас үзэхэд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-ын зохицуулалт нь түр хугацаанд томилогдон ажиллаж буй этгээдэд бус харин нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдэд хамааралтай.

Цаг хугацааны хувьд М.Мөнх-Эрдэнийг “Баянтал сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлын байранд сонгон шалгаруулалт явагдаж, тэнцсэн хүн томилогдох” хүртэл хугацаанд уг албан тушаалд түр томилсноос хойш одоогийн маргаан бүхий захирамж гарсны дараа буюу 2017 оны 4 дүгээр сарын 10, 11, 12-ны өдрүүдэд дээрх болон бусад удирдах албан тушаалтны ажлын байранд сонгон шалгаруулалт явуулсан, харин  нэхэмжлэгчийн тухайд Баянтал бус Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад бүртгүүлж өрсөлдсөн боловч тэнцээгүй байна.

Маргаан бүхий захирамж гарахаас өмнө буюу 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр батлагдсан нэхэмжлэгчийн түр томилогдон ажиллаж байсан Баянтал сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтод төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх ерөнхий шаардлага тавигдсан учраас 2015 онд АШУИС төгссөн  нэхэмжлэгчийн хувьд энэхүү шаардлагыг хангахгүй байсны улмаас Баянтал сумын бус дээрх ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцжээ.

Үндсэндээ түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан, тухай ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй, мөн зарласан сонгон шалгаруулалтад оролцоогүй нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоох боломжгүй, түүнчлэн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх сэргэхээргүй байна. 

Харин давж заалдах гомдол дурдсанчлан мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргах тухай зохицуулалтыг зөрчсөн гэж нэхэмжлэгчийг Авлигатай тэмцэх газраас буруутгаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

Иймд Авлигатай тэмцэх газрын 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийн тухай” 05/2360 дугаар албан бичгийг үндэслэн хариуцагчаас өмнө гаргасан захирамжаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасны дагуу хүчингүй болгосон нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 113/ШШ2017/0009 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 21 дүгээр зүйлийн 21.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Мөнх-Эрдэнийн “Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Баянтал сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг дарга О.Мөнх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН