Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 74

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Барилга, хот байгуулалтын яамны

Төрийн нарийнбичгийн дарга, тус яамны Тендерийн үнэлгээний

хороонд холбогдох захиргааны хэргийн тухай

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:            Л.Атарцэцэг,

            Шүүгчид:                          Г.Банзрагч,

                                                     Х.Батсүрэн,

                                                     Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:                Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж,

            Нэхэмжлэлийн шаардлага: Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр, захиалагч Барилга, хот байгуулалтын яам болон “Н” ХХК-ийн хооронд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Завхан аймгийн төв хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах, БХБЯ-ЗҮ-2018/ХII.4.1-2 дугаартай тендерийн баримт бичигт дахин үнэлгээ хийхийг даалгах

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0758 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2019/0019 дүгээр магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч “А” ХХК-ийн өмгөөлөгч А.К, гуравдагч этгээд “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч, Н.А нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгч “А” ХХК-ийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0758 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7, 36.16, 39 дүгээр зүйлийн 39.2, 39.6, 39.7, 39.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн гаргасан “Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр, захиалагч Барилга, хот байгуулалтын яам болон “Н” ХХК-ийн хооронд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Завхан аймгийн төв хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах, БХБЯ-ЗҮ-2018/ХII.4.1-2 дугаартай тендерийн баримт бичигт дахин үнэлгээ хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2019/0019 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0758 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, А.К нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 58 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2019/0019 тоот магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй тул хүчингүй болгуулахаар хяналтын журмаар дараах үндэслэл бүхий гомдлыг гаргаж байна. Үүнд:

4. Анхан болон давж заалдах шатны шүүх маргаан бүхий хэрэгт шийдвэр гаргахдаа ТБОНӨХБАҮХАтХ-н 16 дугаар зүйл “Техникийн чадавх болон туршлагыг үнэлэх” 16.1.1 Тендерт оролцогчийн удирдах, хяналт тавих, тодорхой ажил, үйлчилгээ гүйцэтгэх ажилтан, ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадварыг үнэлнэ гэх заалтыг хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны “Үнэлгээний хороо” зөрчсөн нь тогтоогдсон байхад уг хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй юм. Хуулийн дээрх зохицуулалтаар Тендерийн үнэлгээний хороо нь тендерт оролцогчийн техникийн чадавх болон туршлагыг үнэлэхдээ “...Тендерт оролцогчийн ажил үйлчилгээ гүйцэтгэх ажилтан, ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадвар”-г үнэлэх чиг үүргийг хүлээсэн ба харин уг хуулийн дагуу хэрэгжүүлэх чиг үүргийг, /оноо өгөх, үнэлэх дүгнэлт гаргах/ Захиалагчаас тавьсан шаардлага, ТӨХ, /ТӨХ-Тендерийн өгөгдлийн хүснэгт/ мөн Сангийн яамнаас баталсан тендерийн санал боловсруулах зааварчилгаа /ТСБЗ/-ны дагуу хэрэгжүүлэх юм.

5. Дээрх маргаан бүхий хэргийн “Завхан аймгийн төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, зөвлөх үйлчилгээний гүйцэтгэлийг сонгон шалгаруулах тендер”-т гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан “Н” ХХК-ийн тендерт ирүүлсэн материал нь тендерийн санал боловсруулах зааварчилгааны 6 дугаар зүйл “Саналын үнэлгээ” 6.5 Санал болгож буй мэргэжилтний намтар, намтар нь тухайн мэргэжилтэн болон санал ирүүлж буй эрх бүхий этгээдээр гарын үсэг зурагдсан байх, тухайн байгууллагад ажилласан жил, сүүлийн 10 жилийн хугацаанд түүний хариуцаж байсан ажил албан тушаалын талаарх мэдээллийг агуулсан байна гэх шаардлагыг огт хангаагүй оролцогчийн тендерийн материалыг дээрх ТСБЗ-ны заалтад нийцүүлэн үнэлээгүй, хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт хууль зөрчөөгүй гэх шүүхийн шийдвэр, магадлал тун ойлгомжгүй болжээ. Угтаа бол хэрэгт авагдсан гуравдагч этгээд “Н” ХХК-ийн ТӨХ-н 4.4-т заасан ажил үйлчилгээнд санал болгож буй мэргэжилтнүүдийн намтар байхгүй, намтарт мэргэжилтэн өөрөө гарын үсэг зураагүй гэх үйл баримтууд хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад тогтоогдсон, шүүхийн шийдвэр, магадлалд ч тэр дурдагдсан байна.

6. Үүнээс зарим нэгийг нь дурдвал гуравдагч этгээд “Н” ХХК-ийн хот төлөвлөлтийн эдийн засагчаар санал болгож буй мэргэжилтэн П.Энхээ нь хэрэгт авагдсан мэргэжилтний намтар, мөн хамтран ажиллах гэрээнд өөрөө гарын үсэг зураагүй зэрэг үйл баримтыг гуравдагч этгээд хүлээн зөвшөөрсөн геодезийн инженерийн ажлыг гүйцэтгэхээр санал болгосон “Геомэп инженеринг” ХХК, уг компани геодезийн ажлыг хийж гүйцэтгэхээр санал болгосон мэргэжилтэн О.Хандсүрэн, Б.Гансүх гэх мэргэжилтнүүдийн намтар, мэргэжлийн зэргийн нотлох баримтууд, холбогдох бусад бүрдүүлж өгсөн баримтуудад огт гарын үсэг зураагүй зэрэг үйл баримтууд хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны үед тогтоогдсон ч шүүх уг үйл баримтыг маргаан бүхий хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий талаас нь үнэлээгүй нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүйд хүргэж байгаа юм.

7. Өөрөөр хэлбэл Тендерийн үнэлгээний хороо дээрх гүйцэтгэгчээр шалгаруулсан “Н” ХХК-ийн тендерийн материалыг тендерийн санал боловсруулах зааварчилгааны 6.5, мөн ТСБЗ-ны 5.3 Санал болгож буй голлох мэргэжилтнүүдийн олонхи нь тухайн зөвлөх компанийн үндсэн ажилтан байх, эсхүл байнгын түүнтэй тогтвортой хамтран ажилладаг байвал зохино гэх шаардлагыг хангаагүй. “Н” ХХК нь хоёрхон үндсэн ажилтантай, энэ тэндээс мэргэжлийн хүмүүсийн материалыг бүрдүүлэн өгч тендерт оролцож байгаа үйл баримт нь тодорхой байхад мөн ТСБЗ-ны дээрх заалтыг хэрэгжүүлээгүй, уг компанийг гүйцэтгэгчээр шалгаруулсан нь ТСБЗ-ны 5.3, 6.5 дахь заалтыг зөрчиж, хариуцагч Тендерийн үнэлгээний хороо мөн ТБОНӨХБАҮХАтХ-н 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан хуулиар хүлээсэн чиг үүргээ бодитойгоор хэрэгжүүлээгүй байгаа нь тогтоогдсон байхад шүүх, үнэлгээний хорооны шийдвэр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж дүгнэж буйд туйлын их гомдолтой байна. Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч компанийн хот төлөвлөлтийн эдийн засагчид санал болгосон мэргэжилтэн Ц.Хосжигүүр, Б.Хуаншбек Холбоо дохиоллын инженерт санал болгосон мэргэжилтэн Н.Батбаяр нарын авах ёстой оноог өгөөгүй, хууль бусаар үнэлсэн гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаарх дүгнэлт хийхдээ мэргэжлийн шаардлага хангахгүй гэж үзэж үнэлгээний хороо 0 оноо өгсөн нь буруутгах боломжгүй гэж дүгнэж байгаа юм.

8. Гэтэл “А” ХХК-ийн бүрдүүлж өгсөн тендерийн материалд дээрх санал болгож буй мэргэжилтнүүдийн мэргэжил, мэргэшлийн зэргийг нотлох баримт бичиг тендерийн материал /138, 201 дэх тал/ авагдсан байхад чухам ямар үндэслэлээр мэргэжлийн шаардлага хангахгүй гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй, шүүх энэ тухай дүгнэлт хийхгүй байгаа нь шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх магадлалын хянах хэсэгт “...Үнэлгээний хорооны гишүүдийн өгсөн үнэлгээний талаар дүгнэх эрх шүүхийн тухайд хязгаарлагдмал гэсэн мөртлөө, “А” ХХК-ийн техникийн саналд өгсөн Үнэлгээний хорооны шийдвэр хууль зөрчөөгүй гэх дүгнэлт нь тун ойлгомжгүй зүйл болжээ. Нөгөө талаараа тендерийн үнэлгээний хорооны тендер үнэлэх, дүгнэх, шийдвэр гаргах асуудал нь хууль, захиргааны хэм хэмжээний актаар зохицуулагдсан, үүнийг захиргааны байгууллага хэрэгжүүлсэн үү, зөв хэрэгжүүлсэн үү, хэрэгжүүлээгүй байна уу гэх асуудлыг шүүх шийдвэрлэхгүй гэх нь үндэслэлгүй байна. Ийм учраас 2 шатны шүүх хуулийн дээрх дүгнэлтээр хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй байна гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх магадлалын хянах хэсэгт “...Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг цаг хугацааны хувьд хангах боломжгүй байна гэх дүгнэлтийг хийсэн байна. Уг дүгнэлтийн үндэслэлд “...Дээрх тендерийн ажиллагаа 60 орчим хувьтай хийгдсэн талаар гуравдагч этгээдийн талаар тайлбарласан, нэгэнт хэрэгжиж эхлээд тодорхой гүйцэтгэлтэй явж буй тендерт шалгаруулалтыг хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэсэн ба нэг ёсондоо нөгөө нэг “ Эрхийг чинь яаж сэргээх үү” гэх асуултыг магадлалаар уламжилсан байна.

9. Харамсалтай нь нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар мөн өдрийн хүсэлтээр шүүхэд нэгэнт захиргааны хэрэг үүссэн тул дээрх Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр, захиалагчтай байгуулсан гэрээний биелэлтийг уг хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа дуустал түдгэлзүүлж өгөх хүсэлт гаргасныг шүүх хуулийн хугацаанд шийдвэрлэхгүй байсаар 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан, үндэслэлгүй захирамж гаргасан юм. Гайхамшигтай нь хэргийн оролцогч уг шүүгчийн захирамжид гомдол гаргах, хянуулах Үндсэн хуульд заасан “шүүхийн шийдвэрт гомдол гаргах, давж заалдах” эрхийг ЗХШХШтХ-н 122.4 дах заалтаар хязгаарлаж өгсөн ба шүүгчийн уг захирамжийн дараах нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шүүхээр сэргээгдэх боломжгүй болж эхэлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс нэгэнт тендерийн маргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх, эс түдгэлзүүлэх эсэхээс шалтгаалж шийдвэр гардаг болсон энэ буруу жишгийг арилгах үүднээс, нөгөө талаар буруу шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтнаар хохирлоо барагдуулж, зөрчигдсөн эрхийг маань сэргээлгэх үүднээс энэхүү хяналтын журмаар гомдол гаргаж байгааг нэн түрүүнд дурдах нь зүйтэй байна.

10. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 58 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар 221/МА2019/0019 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.

                                                                             ХЯНАВАЛ:

11. Нэхэмжлэгч “А” ХХК нь Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга, тус яамны Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан “Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр, захиалагч Барилга, хот байгуулалтын яам болон “Н” ХХК-ийн хооронд 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Завхан аймгийн төв хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах, БХБЯ-ЗҮ-2018/ХII.4.1-2 дугаартай тендерийн баримт бичигт дахин үнэлгээ хийхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

12. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, маргаанд хэрэглэгдэх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцжээ. 

13. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны А/25 дугаар тушаалаар “Аймгийн төвүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороог байгуулсан байх бөгөөд тус үнэлгээний хороо нь “Завхан аймгийн төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах БХБЯ-ЗҮ-2018/XII.4.1-2” дугаартай тендер шалгаруулалтыг 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр зарлаж, оролцох хүсэлтээ ирүүлсэн аж ахуйн нэгжүүдээс хураангуй жагсаалтад орсон “А” ХХК, “Н” ХХК, “Зураг төсөл консалтинг” ХХК зэрэг 11 аж ахуйн нэгжид тендерийн урилгыг хүргүүлсэн байна.

14. Улмаар тендерийн үнэлгээний хороо нь техникийн саналд авбал зохих /доод онооноос дээш/ оноо авсан “А” ХХК /80.3 оноо/, “Н” ХХК /89.3 оноо/-иудад санхүүгийн санал нээх мэдэгдэл хүргүүлж, эдгээр компаниудын техникийн болон санхүүгийн саналын үнэлгээг хосолмол үнэлгээний аргыг хэрэглэн нэгтгэхэд, “Н” ХХК 89.91 оноогоор 1 дүгээр байр, “А” ХХК 84.24 оноогоор 2 дугаар байр эзэлсэн, үнэлгээний хороо уг нэгдсэн дүнг үндэслэн “Н” ХХК-г зөвлөх үйлчилгээний тендерийн гүйцэтгэгчээр шалгаруулж, тус компанитай “Завхан аймгийн төв хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах гэрээ”-г 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулжээ.  

15. Дээрх байдлаар, “Завхан аймгийн төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах БХБЯ-ЗҮ-2018/XII.4.1-2” дугаартай тендерийн үнэлгээний хорооны  шийдвэр, үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7, 36.8, 36.9, 36.13, 36.14, 39 дүгээр зүйлийн 39.6, 39.7, 39.8-д заасантай нийцсэн, өөрөөр хэлбэл үнэлгээний хороо нь зөвлөх сонгох /зөвлөх үйлчилгээний тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах/ болон хосолмол үнэлгээний аргыг хэрэглэх талаарх хуульд заасан журмыг зөрчөөгүй, энэ талаар 2 шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

16. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...гуравдагч этгээд “Н” ХХК-ийн хот төлөвлөлтийн эдийн засагчаар санал болгож буй мэргэжилтэн П.Энхээ..., ...геодезийн ажлыг хийж гүйцэтгэхээр санал болгосон мэргэжилтэн О.Хандсүрэн, Б.Гансүх... /нар/ ...намтар, холбогдох бусад бүрдүүлж өгсөн баримтуудад гарын үсэг зураагүй зэрэг үйл баримтууд ...тогтоогдсон ч шүүх уг үйл баримтыг маргаан бүхий хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий талаас нь үнэлээгүй..., “... “Н ХХК нь хоёрхон үндсэн ажилтантай, энэ тэндээс мэргэжлийн хүмүүсийн материалыг бүрдүүлэн өгч тендерт оролцож байхад уг компанийг гүйцэтгэгчээр шалгаруулсан нь ТСБЗ-ын 5.3, 6.5 дахь заалтыг зөрчсөн, ...“А” ХХК-ийн бүрдүүлж өгсөн тендерийн материалд ...санал болгож буй мэргэжилтнүүдийн мэргэжил, мэргэшлийн зэргийг нотлох баримт бичиг тендерийн материал /138, 201 дэх тал/ авагдсан байхад чухам ямар үндэслэлээр мэргэжлийн шаардлага хангахгүй гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй, ...” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй юм.

17. Тухайн тендерийн Зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгааны 4.4.(3)-т “Санал болгож буй голлох мэргэжилтнүүдийн олонхи нь тухайн зөвлөх компанийн үндсэн ажилтан, эсхүл түүнтэй тогтвортой хамтран ажилладаг байвал зохино”, 4.4.(4)-т “Санал болгож буй ажилтан ТӨХ-д заасан туршлагын доод шалгуурыг хангасан байх шаардлагатай”, 4.5.(5)-д “...Намтар нь тухайн мэргэжилтэн болон санал ирүүлж буй эрх бүхий этгээдээр гарын үсэг зурагдсан байх...” гэж тус тус заажээ.

18. Тус тендерт оролцогч компаниудын ирүүлсэн тендерийн баримт бичгүүдээс үзэхэд гуравдагч этгээд “Н” ХХК нь геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий “Геомэп инженеринг” ХХК, “Буурь хөрс” ХХК-тай туслан гүйцэтгэх гэрээ, хамтран ажиллах санамж бичиг зэрэг гэрээг байгуулж, мөн инженер техникийн ажилчид болон бусад мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулан тендерт оролцжээ. Мөн, “Геомэп инженеринг” ХХК-ийн инженер Б.Гансүх, С.Хандсүрэн нарын намтарт тус компанийн захирал С.Цэцэг-Өлзий төлөөлөн гарын үсэг зурсан, хот төлөвлөлтийн эдийн засагчаар санал болгож буй П.Энхээгийн намтарт “Н” ХХК-ийн захирал Д.Чинзолбоо гарын үсэг зурсан байна. Иймд шүүхүүдийн, гуравдагч этгээдийн ирүүлсэн баримт бичиг /санал/ нь Зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгааны 4.4.(3)-д заасан “...тогтвортой хамтран ажилладаг байвал зохино”, 4.5.(5)-д заасан “...Намтар нь ...санал ирүүлж буй эрх бүхий этгээдээр гарын үсэг зурагдсан байх...” гэсэн шаардлагыг зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.  

19. Түүнчлэн нэхэмжлэгч “А” ХХК-ийн, тус үнэлгээний хороо нь тус компанийн санал болгосон хот төлөвлөлтийн эдийн засагч, холбоо дохиоллын инженерийн мэргэжилтний чадварт 0 оноо өгсөн нь үндэслэлгүй гэсэн гомдлын тухайд, нэхэмжлэгч хуулийн этгээдээс хот төлөвлөлтийн эдийн засагчид “эдийн засагч” мэргэжилтэй Ц.Хосжигүүрийг, холбоо дохиоллын инженерт “мэдээллийн технологи” мэргэжилтэй Н.Батбаярыг санал болгосон нь мэргэжлийн шаардлагыг хангахгүй байна. Иймд тус тендерийн үнэлгээний хороог, “А” ХХК-ийн тендерийн баримт бичгийг үнэлэхдээ хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй талаар шүүхүүд зөв дүгнэжээ.

20. Ийнхүү дээрх байдлаар хариуцагч үнэлгээний хороо нь өөрийн эрх хэмжээний хүрээнд  “А” ХХК болон “Н” ХХК-ийн тендерийн баримт бичигт үнэлгээ хийж “Н” ХХК-ийг зөвлөх үйлчилгээний тендерийн гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан нь хуульд нийцсэн талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0758 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2019/0019 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын  журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Л.АТАРЦЭЦЭГ

                  ШҮҮГЧ                                                                       Б.МӨНХТУЯА