Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 557

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн “4” дүгээр танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч  “Т” СӨХ нэхэмжлэлтэй, 

Хариуцагч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Газар барилгажилтын зөвлөлд холбогдох /Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамжны 7/1, Хангарьд ордон/ холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: “Газар барилгажилтын зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрээс “ДМК” ЗГБХН-д холбогдох хэсгийг, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 554 дүгээр архитектур төлөвлөлтийн даалгаврыг тус тус хүчингүй болгуулах тухай” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: “Т” СӨХ-ны гүйцэтгэх захирал Д.Д, “У” СӨХ-ны гүйцэтгэх захирал Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “У” СӨХ, “******* төв” СӨХ, “Т” СӨХ-оос шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Нийслэлийн Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/702 тоот шийдвэрийг үндэслэн 2014 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын дарга /Ш.Т*******/ ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 1, 2, 2-1, 2-3, 24, 24а, “*******” төв гэсэн байрнуудын дунд, Засгийн газрын ордны хойд талд, “******* төв”-ийн урд талын талбайд 360 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар “ДМК” ЗГБХН эзэмшүүлэхээр 0******* тоот газар эзэмших гэрчилгээ олгосон байна. Гэтэл “ДМК” ЗГБХН нь оршин суугч нараас ямар ч санал авахгүйгээр барилга барих хүсэлтийг 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр, 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр тус тус Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар хандсан байна. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас тухайн асуудлыг судалж үзээд “Орон сууцны барилгын зураг төсөл, төлөвлөлт” БНбД 31-01-10-ийн 1.6 дугаар заалтын 12 дугаар хүснэгтэд тусгагдсан барилга хоорондын зай хэмжээ, 13 дугаар хүснэгтэд тусгагдсан авто машины ил зогсоол болон дулаан зогсоолын норматив хангагдахгүй байна...” хэмээн татгалзаж, энэ тухайгаа 1, 2, 24 дүгээр байрнуудын “У” СӨХ-д мэдэгдсэн юм.

Эрх бүхий байгууллагаас ийм шийдвэр гарсаар атал “ДМК” ЗГБХН-аас барилга барих хүсэлт дахин гаргасан бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Газар Барилгажилтын зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ээлжит хурлаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5/14 дүгээр тогтоолын 4 дүгээр бүлэг /Барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн оролцоог хангах, саналыг тусгах/ гэсэн заалтыг үндэслэн барилга барихыг татгалзсан шийдвэр гаргасан. Тус журмын 4 дүгээр зүйлийн 4.3-д орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга барих тохиолдолд нэгж талбарын хил хязгаарыг тогтоосон эргэлтийн цэгүүдээс тус журамд заасан хэмжээнд байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс саналыг авахаар тусгасан байдаг. “ДМК” ЗГБХН нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Газар барилгажилтын зөвлөлд хандахдаа иргэдээс санал авсан боловч тухайн орчмын иргэдийн 90 орчим хувь нь барилга барихыг “ДМК” ЗГБХН 3 дахь удаагаа барилга барих хүсэлт гаргасныг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Газар, барилгажилтын зөвлөлийн ээлжит 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хурлаар хэлэлцэж барилга барихыг дахин татгалзаж шийдвэрлэсэн юм. “ДМК” ЗГБХН нь олон орон сууцны байрнуудын дунд орших өчүүхэн талбайд өндөр байшин барихаар зүтгэж, оршин суугч нарын эрхийг огт авч хэлэлцэлгүй, тэдгээрийн саналыг нь хүлээж авалгүй, барилгын талаарх норм, дүрмүүдийг мөрдөхгүйгээр барилгын зөвшөөрөл авахаар улайран хөөцөлдөх болсон. 

Гэтэл Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газрын мэргэжилтэн А.Б******* нь Газар, барилгажилтын зөвлөлийн ээлжит 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар “ДМК” ЗГБХН-ийн барилга барих хүсэлтийг дахин оруулан, хэлэлцэж барилга барихыг зөвшөөрсөн шийдвэрийг гаргуулсан байна. “ДМК” ЗГБХН нь 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Газар, барилгажилтын зөвлөлд барилга барих тухай хүсэлт оруулахдаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан журамд зааснаар иргэдийн саналыг огт аваагүй байна.  Дээрх талбайд барилга барихыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Газар, барилгажилтын зөвлөлийн удаа дараагийн хурлаас хууль, журмын тодорхой үндэслэл заан татгалзсан шийдвэрүүд гарснаас нэгхэн сарын дараа хууль, дүрэм журамд өөрчлөлт ороогүй, өмнө гаргасан шийдвэрийг үгүйсгэх, хүчингүй болгох нөхцөл бүрдээгүй байхад гэнэт өмнөх шийдвэрүүдээ үгүйсгэн хууль, дүрэм журам зөрчсөн шийдвэр гаргаж байгаад оршин суугчид бид маш их гомдолтой байна. Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам, Зам тээвэр, Хот байгуулалтын Сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаар тушаалаар батлагдсан “Орон сууцны барилгын зураг төсөл, төлөвлөлт”-ийн норм дүрэм зэрэг холбогдох бүхий л хууль тогтоомжууд хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад хууль дүрмийг эс хэрэгсэн ийнхүү барилга барихыг зөвшөөрч байгааг гайхаж байна. Дээрх талбай нь Улаанбаатар хотын ногоон байгууламжид багтсан буюу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тогтоолын дагуу шинэ байшин барилга барих зөвшөөрөл олгохгүй гэж тогтоосон 1300 га ногоон бүсийн талбайд хамаарагдаж байгаа юм. Энэхүү талбай нь эргэн тойронд байрлах 7 орон сууцны байранд ногдох цорын ганц хүүхдийн тоглоомын талбай юм. Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, барилгын норм, дүрмийг судалж үзэхэд “ДМК” ЗГБХН-д тухайн газарт газар эзэмшүүлэх, барилга байшин бариулах хуулийн болон бодит үндэслэлгүй болохыг олж мэдсэн. 7 орон сууцны барилгын дунд ногдох ганц хүүхдийн тоглоомын талбайг оршин суугчдын зөвшөөрлийг ч авахгүйгээр ийнхүү хүчээр эзэмшин хашаа барьж, улмаар барилга барих гэж санаархаж буй үйлдлийг бид тууштай эсэргүүцэх болно. Нийслэлийн өмчийн харилцааны газар нь Газрын тухай хуульд заасан эрх үүргийнхээ хүрээнд тухайн газар эзэмших асуудлаар хяналт тавьж, Нийслэлийн засаг даргад танилцуулан, хэрэв Нийслэлийн газрын төлөвлөгөөнд багтаагүй, нийтийн эзэмшил болон ногоон бүсэд байвал хүчингүй болгуулах саналыг Нийслэлийн Засаг даргад танилцуулан шийдвэрлүүлэх ёстой. Бид энэхүү нэхэмжлэлээр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт холбогдуулан хуульд заасны дагуу хяналт, шалгалт хийж, тухайн газар эзэмших эрхийг хүчингүй болгох саналыг Нийслэлийн Засаг даргад гаргахыг даалгах нэхэмжлэл гаргаж байгаа. Иргэд бид Нийслэлийн Засаг даргын газар эзэмшүүлэх тухай захирамжийг огт мэдээгүй байж байтал, гэнэт байрны дундах талбай дээр хашаа барьж эхэлсэн тул холбогдох байгууллагуудад гомдол гаргаж эхэлсэн. Иймд, Газар, барилгажилтын зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Хуралдаанаар ******* дүүргийн 6 дугаар хороо, ******* төвийн орчимд барилга барихыг “ДМК” ЗГБХН-д зөвшөөрсөн шийдвэр, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 554 дугаартай Архитектур төлөвлөгөөний даалгаврыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...“ДМК” ЗГБХН-д олгосон 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2016/06-02 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон болохыг үүгээр мэдэгдэж байна. Тус Архитектур төлөвлөлтийн даалгавар нь: “ДМК” нөхөрлөлийн төлөвлөсөн үйлчилгээний зориулалттай барилга нь БНбД 31-01-10 / Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт/-ын 1.6 дугаар заалтын 12 дугаар хүснэгтэд заасан барилга хоорондын зай хэмжээг хангахгүй,  БНбД 30-01-01 / Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм/-ийн заавал мөрдөх 14 дүгээр хавсралтын тээврийн хэрэгслийн зогсоолын тоо хэмжээ хангахгүй байсан тул Газар барилгажилтын зөвлөлийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаар хурлын шийдвэрээр хүчингүй болгосон бөгөөд энэ тухай 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 02/1937 дугаар албан бичгээр “ДМК” нөхөрлөлд мэдэгдсэн. Мөн “ДМК” нөхөрлөлд 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 554 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгавар олгогдоогүй болно. Иймд, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасны дагуу нэхэмжлэгчийг нэхэмжлэлээс нь татгалзуулж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “У” СӨХ, “Т” СӨХ, “******* төв” СӨХ нараас анх “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 8 сарын 14-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” А/702 дугаар захирамжийн “ДМК” ЗГБХН-д холбогдох хэсэг, Газар барилгажилтын зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Хуралдаанаар ******* дүүргийн 6 дугаар хороо 1, 2, 2-1, 2-3, 24, 24а, “*******” төв гэсэн байрнуудын дунд, Засгийн газрын ордны хойд талд, “******* төв”-ийн урд талын талбайд байрлах газарт барилга барихыг “ДМК” ЗГБХН-д зөвшөөрсөн шийдвэрийг, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 554 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг тус тус хүчингүй болгуулах, санал гаргахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 4908 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн А/702 дугаар захирамжаас ДМК ЗГБХН-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах санал гаргахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үлдэх “Газар барилгажилтын зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар “ДМК” ЗГБХН-д холбогдох хэсгийг, ******* дүүргийн 6 дугаар хороо, орон сууцны байрны хойд талд барилга барихыг дэмжсэн шийдвэрийг, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 554 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг тус тус хүчингүй болгуулах” шаардлагаар захиргааны хэрэг үүсгэн /энэхүү шүүгчийн захирамжид хэргийн оролцогч гомдол гаргаагүй, хуулийн хүчин төгөлдөр болсон/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан бөгөөд дараах нөхцөл байдал тогтоогдсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. “У” СӨХ, “Т” СӨХ, “******* төв” СӨХ-ны нэхэмжлэл бүхий Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Газар барилгажилтын зөвлөлд холбогдох “Газар барилгажилтын зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар ******* дүүргийн 6 дугаар хороо, Засгийн газрын ордны хойд талд, “******* төв”-ийн урд талын талбайд “ДМК” ЗГБХН-д барихыг дэмжсэн шийдвэрийг, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 554 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 11/2044  дүгээр албан бичгээр ирүүлсэн тайлбарт “ДМК” ЗГБХН-д 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 2016/06-02 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон бөгөөд нэхэмжлэлд дурдсан 554 дүгээр даалгавар олгогдоогүй болно” гэжээ. Ийнхүү нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй ******* дүүргийн 6 дугаар хороо, орон сууцны байрны хойд талд баригдах барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавар “554” биш, “2016/06-02” дугаартай болох нь тогтоогдож, нэхэмжлэгч дээрх даалгаврыг хүчингүй болгуулахаар маргаж байна.

“ДМК” ЗГБХН-д олгогдсон 2016/06-02 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, тус нөхөрлөлд барилга барихыг зөвшөөрсөн шийдвэрээ  Газар, барилгажилтын зөвлөл 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаар хурлаар дахин хэлэлцээд “ДМК” нөхөрлөлийн төлөвлөсөн үйлчилгээний зориулалттай барилга нь БНбД 31-01-10 /Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт/-ын 1.6 дугаар заалтын 12 дугаар хүснэгтэд заасан барилга хоорондын зай хэмжээг хангахгүй, БНбД 30-01-01 /Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм/-ийн заавал мөрдөх 14 дүгээр хавсралтын тээврийн хэрэгслийн зогсоолын тоо хэмжээ хангахгүй”  гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах, сэргээн тогтоох явдал болно. 

Тухайн тохиолдолд, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Газар, барилгажилтын зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “ДМК” ЗГБХН-д ******* дүүргийн 6 дугаар хороо, орон сууцны байрны хойд талд барилга барихыг дэмжсэн шийдвэрээ хүчингүй болгосон, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас урьдах 2016/06-02 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон, өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага гаргасан шийдвэрээ өөрөө хүчингүй болгосноор маргаан  бүхий захиргааны актын эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж, биелэгдэх боломжтой, эрх зүйн ач холбогдолтой үр дагавар үүсгэж байх ёстой. Гэтэл маргаан бүхий захиргааны акт хүчингүй болж, эрх зүйн үйлчлэлгүй болсон байхад шүүхээс үүнийг дахин хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байх тул “У” СӨХ, “Т” СӨХ, “******* төв” СӨХ нарын “Газар барилгажилтын зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хурлын “ДМК” ЗГБХН-д холбогдох хэсгийг, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 554 /2016/06-02/ дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасны дагуу “Шүүх хуралдааныг товлон зарлах тухай” шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хуралдааныг 2016  оны 7 дугаар сарын 27-ны өдөр хийхээр товлож, товыг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдсэн боловч нэхэмжлэгч “******* төв” СӨХ-ны гүйцэтгэх захирал У.Ө*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгч нараас шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4, 91.5 дах хэсгийг тус тус үндэслэн шүүх хэргийг шийдвэрлэсэн болно. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “...Захиргааны хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах, сэргээн тогтоох явдал болно”, болон Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг тус тус үндэслэн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн газар барилгажилтын зөвлөлд тус тус холбогдуулан гаргасан “Газар барилгажилтын зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрээс ДМК ЗГБХН-д холбогдох хэсгийг, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 554 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий “У” СӨХ, “Т” СӨХ, “******* төв” СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.МӨНХТУЛГА