| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхтуяа |
| Хэргийн индекс | 181/2024/01004/И |
| Дугаар | 191/ШШ2025/01932 |
| Огноо | 2025-03-11 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 191/ШШ2025/01932
2025 03 11 191/ШШ2025/01932
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: З.Д нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ЦҮӨ ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 52,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч З.Д, өмгөөлөгч З.Ц,
Хариуцагчийн төлөөлөгч Ц.Г,
Гэрч Э.Э, Б.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие хариуцагч ******* ******* ******* ХХК-тай 2020.10.15-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн ... байрлах м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай байраа сарын 4,000,000 төгрөгөөр түрээслүүлсэн. Бид 2018 оноос эхлэн гэрээний харилцаатай байсан юм. Манай байр ******* төвд байрладаг бөгөөд түрээсийн үйл ажиллагааг ******* ******* ХХК хариуцдаг байсан. Тэгсэн Э.******* надтай уулзаж, би өмчлөгч болох чамтай шууд гэрээ байгуулья гэсэн учраас би зөвшөөрч, надтай шууд гэрээ байгуулсан байдаг юм.
Бидний хувьд энэ түрээсийн гэрээний үнэд ямар нэгэн өөрчлөлт огт оруулаагүй, хариуцагч нь 2,500,000 төгрөг, 1,500,000 төгрөг гэх мэтээр зөрүүтэй төлбөр яриад байна. Түрээсийн төлбөр 4,000,000 төгрөг нь тухайн үеийн зах зээлийн ханш байсан юм. Мөн бидний хооронд ямар ч барьцааны асуудал байхгүй. Анх 2018 онд барьцааны мөнгө авсан байж магадгүй юм. Гэхдээ би одоо санахгүй байна. 2020 оны түрээсийн гэрээний хувьд ямар ч барьцааны асуудал яригдаагүй байхад бас л барьцааны мөнгө гэж яриад байгааг ойлгохгүй байна, энэ нь баримтаар нотлогдохгүй байна.
Тус байранд ******* ******* ХХК нь сургалтын үйл ажиллагаа явуулж байсан. Гэрээ байгуулах үед ******* эгч өөрийгөө компанийн захирал гэж хэлсэн учраас итгээд гэрээ байгуулсан. Харин шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш захирал нь гэдэг нөхөр нь болохыг мэдлээ. Тухайн үедээ захирал гэж гэрээ байгуулчихаад одоо болохоор биш гэж тайлбарлах нь хэт өрөөсгөл. Тийм учраас бидний хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байна. Гэрээний дагуу ******* ******* ******* ХХК нь 2020.10.15-ны өдрөөс 2021.10.15-ны өдөр хүртэл манай объектод үйл ажиллагаа явуулах байсан боловч 2022.07.06-ны өдөр түрээсийн объектыг ашигласан. Тухайн түрээсийн зүйл нь гаднаас нэг том төмөр хаалгаар ордог, дотроо 4 өрөөтэй, тэр өрөөг бүхэлд нь ашиглах эсэх, эсхүл нэг хэсгийг нь ашиглах эсэх нь хариуцагчийн л асуудал, би түлхүүрийг хариуцагчид хүлээлгэж өгсөн. Сүүлд 2022 оны 10 сард хариуцагч байгууллагыг гарснаас хойш бид нэг 00-ын өрөөгөө томруулсан, үүнийг хариуцагч 5 өрөө байсан гэж маргаад байгааг ойлгохгүй байна. Мөн хариуцагч нь өөр хүнд нэг өрөөг нь түрээсэлсэн гэж тайлбарлаад байгааг ойлгохгүй байна. Бид түрээсийн зүйлийг хүлээлгэж өгсөн, хүлээн авсан талаар ямар нэгэн бичгийн баримт үйлдээгүй хэдий ч би тухайн үедээ 4 өрөө орон сууцны түлхүүрийг хариуцагчид хүлээлгэн өгсөн. Хариуцагч тухайн түрээсийн байрыг бүрэн ашиглах эсэх нь түүний л асуудал гэж бодож байна. Харин ч хариуцагч нь байрнаас гарахгүй 2022 оны 07 сар хүртэл ашигласан гэдэг нь сургалтын фэйсбүүк зараас нь харагддаг юм, хаяг дээр нь манай байгууллагын хаяг байгаа. Түүнийг би тухайн үед нь хэвлэж авч байсан, одоо шүүхээр үзүүлье гэхлээр хариуцагч тэр зараа устгачихсан учраас гарч ирэхгүй байгаа юм.
Ингээд төлбөрөө төлөхийг удаа дараа хариуцагчаас шаардсан, 2022 оны 07 сарын үед ******* эгчтэй уулзаж, бид хоёр тооцооныхоо асуудлыг ярьсан. Анх түрээсэлсэн цагаас түрээсийн зүйлийг хүлээн авах хүртэл буюу 2021.10.15-ны өдрөөс 2022.07.06-ны өдрийг хүртэл нийт 21 сар, сард 4,000,000 төгрөгөөр тооцоход 84,000,000 төгрөг болсон. Үүнээс хариуцагч нь түрээсийн төлбөрт 2021.01.19-ний өдөр 2,000,000 төгрөг, 2021.03.04-ний өдөр 300,000 төгрөг, 2021.08.12-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021.08.23-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021.12.06-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022.03.16-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022.03.16-ны өдөр 560,000 төгрөг, 2022.05.12-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022.08.02-ны өдөр 4,000,000 төгрөг, 2022.11.07-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 15,860,000 төгрөг төлсөн байна. Манайх нэхэмжлэлдээ 11,360,000 төгрөг төлсөн гэж бичсэн боловч зарим төлөлтийг нь дутуу орхигдуулсан байгаагаа мэдээд, тооцооллыг залруулж байна. Мөн тухайн цаг үед дэлхий нийтийг хамарсан цар тахал, ковид гарсан байсан учир миний хувьд түрээсийн төлбөрийг тодорхой хэмжээгээр бууруулж, 2020.11.11-ний өдрөөс 2020.12.04-ний өдрийг хүртэл 1 сар 3 өдөр, 2020.12.23-ны өдрөөс 2021.01.06-ны өдрийг хүртэл 14 хоног, 2021.02.11-ний өдрөөс 2021.02.23-ны өдрийг хүртэл 14 хоног, 2021.04.10-ны өдрөөс 2021.05.08-ны өдрийг хүртэл 1 сар, нийт 2 сар 29 хоног буюу 3 сарын түрээсийн төлбөрт 12,000,000 төгрөгийг хөнгөлж, авахгүй гэдгээ илэрхийлсэн. Тийм учраас гэрээ байгуулсан 2020.10.15-ны өдрөөс байрнаас гарсан 2022 оны 07 сарыг хүртэл нийт 21 сарын түрээсийн төлбөр, сарын 4,000,000 төгрөгөөр тооцон нийт 84,000,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 15,860,000 төгрөг болон хөнгөлсөн 12,000,000 төгрөгийг хасахад 56,140,000 төгрөг болсныг ******* эгч бид хоёр ярилцаж байгаад 52,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон юм. Үүнээс хойш хариуцагч нь төлбөрөө төлөхгүй, өнөөдрийг хүртэл намайг хохироож байгаа тул түрээсийн гэрээний төлбөрт хариуцагчаас нийт 52,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэгдүгээрт, нэхэмжлэгч нь түрээсийн гэрээг эрх бүхий этгээдтэй байгуулаагүй. ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал нь ******* биш харин түүний нөхөр болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Талуудын хооронд байгуулсан гэрээн дээр ******* гарын үсэг зурсан, байгууллагын тамга дарагдаагүй байна. Иймд энэхүү хэлцэл нь байгуулсан үеэсээ хүчин төгөлдөр бус байна.
Хоёрдугаарт, нэхэмжлэгчийн түрээслүүлсэн объектын хувьд улсын бүртгэлийн гэрчилгээндээ 4 өрөө гэсэн байдаг ч энэ нь 5 өрөө байсан гэдэг. Бидний хувьд мөн анх 4 өрөө объект түрээсэлж байгаад, цар тахал, ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор бусад өрөөг нь хүлээлгэж өгөөд зөвхөн 1 өрөөг нь түрээсэлсэн. Нэхэмжлэгч бусад өрөөгөө өөр хүнд түрээслүүлж байсан гэдэг. Тэгээд ч түрээсийн төлбөр 4,000,000 төгрөг байгаагүй, 2,500,000 төгрөг байсан гэдэг нь өмнө нь байгуулсан түрээсийн гэрээнээс харагддаг. Тухайн үед буюу 2020 оны 05 сард ковидын нөхцөл байдалтай байхад 2,500,000 төгрөг байсан түрээсийн төлбөрийг шууд 4,000,000 төгрөг болгох ямар ч боломжгүй юм. Харин ч талууд 1,500,000 төгрөг болгох талаар ярилцаж байсан гэдэг. Мөн 4 өрөө байр нь 5 өрөө болсон асуудал нь хариуцагчийг гарснаас хойш засвар хийснээр бий болгосон юм байна гэдгийг нь ойлголоо.
Гуравдугаарт, ******* ******* ******* ХХК-ийн хувьд маргаж буй үл хөдлөх хөрөнгийн нэг өрөөг 2020 оны 10 сараас 2021.10.15-ны өдрийг хүртэл түрээслэн үйл ажиллагаа явуулсан. Түүнээс хойш тухайн объектод ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, 2022 оны 07 сар гэдэг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт нийт 11,360,000 төгрөгийн төлбөрийг авсан гэх боловч манай гаргасан тооцооллоор нийт 15,860,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлсөн байна. Харин үүнийгээ нэхэмжлэгч хурал дээр ойлгоод залруулчихлаа.
Дөрөвдүгээрт, Бидний хувьд 2020 оны 10 сараас 2021 оны 10 сар хүртэл сарын 1,500,000 төгрөгийн төлбөртэй 1 өрөө объектыг нийт 12 сарын хугацаанд түрээсэлсэн ба нийт түрээсийн төлбөр нь 18.000.000 төгрөг болж байна. Үүнээс 15,860,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 2,140,000 төгрөгийг төлөхөөр байна. Гэхдээ манайх анх гэрээ байгуулахдаа 1,500,000 төгрөгийн барьцаа төлсөн учир тухайн барьцааг оролцуулж тооцоод, одоо ямар нэгэн төлөх төлбөр байхгүй гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгч тал нотлох баримтаар,
Иргэний үнэмлэхийн хуулбар, түрээсийн гэрээ, ... гэх фэйсбүүк хаягт ... гэх фэйсбүүк хаягтай хэрэглэгчтэй харилцсан цахим зурвас, ******* ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хуулбар/, Ц.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, маргаан бүхий орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ, Голомт банкны цахим гүйлгээний баримт, Худалдаа, хөгжлийн банкны гар утасны аппликейшны дансны хуулга, гэсэн баримтуудыг,
4.Хариуцагч тал нотлох баримтаар,
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* ******* ******* ХХК-ийн дүрэм, 2020.05.04-ний өдрийн ажлын байрны талбай түрээслэх гэрээ, Худалдаа, хөгжлийн банкны дансны хуулга, кредит дансны хуулга, Голомт банкны мемориалын баримт гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.
5.Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд,
Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтээр Duk Pupky гэх фэйсбүүк хаягт ... гэх фэйсбүүк хаягтай хэрэглэгчтэй харилцсан цахим зурваст үзлэг хийсэн тэмдэглэл,
Хариуцагч талын гаргасан хүсэлтээр Сүхбаатар дүүргийн ... байрлах м.кв талбайд үзлэг хийсэн тэмдэглэл, гэсэн баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулж түрээсийн гэрээний үүрэгт 52,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчийн гарган өгсөн, шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...хариуцагч нь гэрээнд заасны дагуу 1 жилийн хугацаанд байрыг ашиглах байсан боловч 2022 оны 07 сарыг хүртэл ашигласан, сард 4,000,000 төгрөг төлөх байсан, энэ төлбөрт ямар нэгэн өөрчлөлт ороогүй, энэ хугацаанд ковидын нөхцөл байдал бий болсон тул түрээсийн 3 сарын төлбөрт 12,000,000 төгрөгийг хөнгөлсөн, 2022 оны 07 сард байрыг хүлээлгэн өгөөд бид амаар ярилцаж, үлдэгдэл 52,000,000 төгрөгийг хариуцагч төлөхөөр болсон ч өнөөдрийг хүртэл төлбөрөө бүрэн төлөөгүй намайг хохироож байгаа тул шаардах эрхтэй... гэж тайлбарлав.
Хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...нэхэмжлэгч нь түрээсийн гэрээг эрх бүхий этгээдтэй байгуулаагүй, Э.******* байгууллагын захирал биш, харин Т. гэх тухайн байгууллагын захирал байна, гэрээнд байгууллагын тамга дарагдаагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл байна, бидний хувьд түрээсийн байрыг гэрээнд заасан 1 жилийн хугацаанд л ашигласан, энэ хугацаанд түрээсийн төлбөрийг төлж байсан, ковидын нөхцөл байдалтай үед түрээсийн төлбөрийг 4,000,000 төгрөгөөр тооцох ямар ч боломжгүй, харин талууд 1,500,000 төгрөг байхаар ярилцаж байсан, тийм учраас 1,500,000 төгрөгөөр түрээсийн төлбөрийг тооцоход бид төлбөрийг төлсөн байгаа учраас зөвшөөрөхгүй, нэхэмжлэл үндэслэлгүй... гэж тайлбарлан маргана.
3.Нэхэмжлэгч З.*******, хариуцагч ******* ******* ******* ХХК нь 2018 оноос эхлэн түрээсийн гэрээний харилцаатай байсан талаар зохигч маргаангүй, хэрэгт авагдсан 2020.05.04-ний өдрийн ажлын байрны талбай түрээслэх гэрээг ******* ******* ХХК, ******* ******* ******* ХХК-ийн захирал Э.******* нар байгуулж, ******* оффис цогцолборын 8 дугаар давхрын 8а тоотод байрлах 148,73 м.кв оффисын зориулалттай байрыг, сарын 2,000,000 төгрөгөөр 2020.05.01-ний өдрөөс 2020.09.01-ний өдрийг хүртэл түрээслэхээр тохиролцсон байна.
Энэхүү түрээсийн гэрээний зүйл болох, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн ... байрлах, 148,73 м.кв, 4 өрөө орон сууц нь нэхэмжлэгч З.*******ий өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байх ба, ******* ******* ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал нь Т. болох нь зохигчийн тайлбар, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмээр тогтоогдсон.
4.Харин хариуцагч ******* ******* ******* ХХК, Э.*******гийн тавьсан ...байрны өмчлөгчтэй гэрээ байгуулах... тухай хүсэлтийг нэхэмжлэгч З.******* хүлээн авснаар талуудын хооронд 2020.10.15-ны өдөр дахин түрээсийн гэрээ байгуулагдсан, энэхүү гэрээгээр хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгч З.*******ий өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн ... байрлах, 148,73 м.кв, 4 өрөө орон сууцыг оффисын зориулалтаар, сарын 4,000,000 төгрөгөөр, 2020.10.15-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай ашиглаж, түрээсийн төлбөр төлөх, нэхэмжлэгч З.******* нь өөрийн өмчлөлийн 4 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож, гэрээнд З.*******, ******* ******* ******* ХХК-ийн захирал Э.******* гарын үсэг зурсан, ямар нэгэн тамга дарагдаагүй, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна.
Зохигчийн дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцааг үүсгэсэн байх боловч талууд уг гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 43 дугаар зүйлийн 43.2.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг гарган, түрээсийн талбайн хэмжээ, зориулалтыг зааж, түрээсийн гэрээг хавсарган тус хуулийн 15 дугаар зүйлд заасан журмын дагуу Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх үүрэгтэй байтал уг үүргээ биелүүлээгүй, гэрээг ******* ******* ******* ХХК-ийн эрх бүхий этгээдтэй байгуулаагүй, Э.*******д гэрээ байгуулах эрх олгогдоогүй байх тул энэхүү түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болжээ.
5.Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх боловч нэхэмжлэгч З.******* нь түрээсийн объектыг хариуцагч ******* ******* ******* ХХК-нд хүлээлгэн өгсөн, хариуцагч ******* ******* ******* ХХК нь уг объектыг өөрийн үйл ажиллагаа болох сургалтын зориулалтаар ашиглаж, үр шимийг нь хүртсэн, тэрээр түрээсийн төлбөрт 2021.01.19-ний өдөр 2,000,000 төгрөг, 2021.03.04-ний өдөр 300,000 төгрөг, 2021.08.12-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021.08.23-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021.12.06-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022.03.16-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022.03.16-ны өдөр 560,000 төгрөг, 2022.05.12-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022.08.02-ны өдөр 4,000,000 төгрөг, 2022.11.07-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 15,860,000 төгрөгийг нэхэмжлэгч З.*******д төлсөн болох нь нэхэмжлэгч З.*******ий Голомт банк, Худалдаа хөгжлийн банкны дансы цахим гүйлгээний баримт, Э.*******гийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Голомт банкны мемориалын баримтуудаар тогтоогдсон.
Энэ талаар шүүх хуралдаанд оролцсон гэрч Э. ...би ******* ******* ******* ХХК-нд Япон хэл сурах зорилгоор анх очиж багш *******тэй танилцаж, улмаар 2019-2020 оныг хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсан, тухайн үед энэ сургалтын төв ******* төвийн 8 давхарт үйл ажиллагаа явуулдаг...1 том өрөө, 2 жижиг өрөө, 00-ын өрөө байсан, ... сургалтын төв 2020 оны 09 сард хамгийн захад байх номын сан байсан өрөөнд нүүж орсон, ...би хамгийн сүүлд 2022 оны 01 сард сургалтын төв дээр очиход ******* төвд үйл ажиллагаа явуулж байсан... гэх агуулга бүхий мэдүүлгийг,
Гэрч Б. ...би ******* төвийн оффис менежерээр ажиллаж байсан, ...би Э.******* буюу ******* ******* ******* ХХК-тай байгуулсан гэрээг хийсэн, тухайн үед баримт бичгийг нь шалгаагүй..., түрээсийн объект нь 4 өрөө, нэг том өрөө, хоёр жижиг өрөө, урт коридор, хоёр ариун цэврийн өрөөтэй, ... би өвчтэй байсны улмаас хэсэг хугацаанд зайнаас ажилласан, 2022 оны 9 сар хавьцаа нэг ариун цэврийн өрөөг сунгаж, сэндвичэн хавтангаар жижиг өрөө болгон зассан, ...2022 оны 07 сард З.******* намайг дуудаж уулзсан, тэр үед ******* ******* ******* ХХК-ийг гарч байгаа, төлбөрийн тооцоотой гэдгийг хэлж байсан... гэх агуулга бүхий мэдүүлгийг тус тус өгсөн.
6.Зохигч түрээсийн объектыг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талаар бичгийн баримтгүй байх ба, түрээсийн объектыг ашигласан цаг хугацааны талаар маргаантай. Харин шүүх гэрч Э.гийн дээрх мэдүүлэг болон гэрээ байгуулсан цаг хугацааг үндэслэн хариуцагч ******* ******* ******* ХХК нь түрээсийн объектод 2022.01.15-ны өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулсан байна гэж дүгнэлээ.
Учир нь нэхэмжлэгч талаас гарган өгсөн 2021 оны 03 сар, 12 сар, 2022.01.17-ны өдрийн ******* ******* ******* ХХК-ийн гадаад хэл сургалтын төвийн Японд сурцгаая гэсэн гарчигтай ******* гадаад хэл сургалтын төвийн фэйсбүүкийн зарлалуудад ... тоотод үйл ажиллагаа явуулж байгаа талаар тусгагдсан, эдгээр зарлалууд нотлох баримтын шаардлага хангахгүй боловч гэрч Э. нь тус сургалтын төв дээр буюу ******* төв болох түрээсийн объектод 2022 оны 01 сард биечлэн очсон болохоо мэдүүлсэн. Тиймээс шүүх гэрч Б.ын мэдүүлгээс илүүтэйгээр Э.гийн мэдүүлгийг бодит үнэнд нийцсэн гэж үзсэн ба гэрч Б. нь хариуцагч ******* ******* ******* ХХК-ийг түрээсийн байрнаас гарсан асуудлыг нүдээр хараагүй, харин нэхэмжлэгч З.*******өөс дам байдлаар сонссон болохоо мэдүүлсэн болно.
6.1.Хариуцагч тал нь түрээсийн объектыг 4 өрөө байх байтал шүүхээс үзлэг хийхэд 5 өрөө болсон байсан, бид ковидын үеэр номын сангийн гэх нэг өрөөнд нь нүүж орсон, үүнтэй холбоотой түрээсийн төлбөрийг 1,500,000 төгрөг байхаар ярилцсан, харин бусад өрөөгөө нэхэмжлэгч З.******* нь өөр хүмүүст түрээсэлж байсан гэж тайлбарлаж, шүүхийн үзлэгийн тэмдэглэлийг үндэслэл болгож байна.
Шүүхийн 2024.11.13-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, хавсралт болох гэрэл зургуудаар Сүхбаатар дүүргийн ... байрлах төвийн баруун талд нь нарийн коридор бүхий 802, 803, 804, 805 тоот өрөөнүүд байгаа болох нь тогтоогдсон.
Харин нэхэмжлэгч З.******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн түрээсийн байрнаас гарсны дараа буюу 2022 оны 09 сард түрээсийн байрны том ариун цэврийн өрөөг сунгаж, сэндвичэн хавтангаар жижиг өрөө болгосон, хариуцагч тал түрээсийн объект болох 4 өрөөний номын сан гэх жижиг өрөөнд нүүж орсон болох нь гэрч Э., Б. нарын мэдүүлгээр тогтоогдох боловч үүнтэй холбоотой түрээсийн төлбөр 1,500,000 төгрөг болсон, бусад өрөөг нэхэмжлэгч З.******* өөр хүмүүст түрээсэлсэн гэх байдал баримтаар тогтоогдохгүй байна. Иймд энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үгүйсгэгдэнэ.
6.2.Зохигчийн хооронд байгуулсан түрээсийн гэрээнд барьцааны талаарх зохицуулалт тусгагдсан байх боловч хэдэн төгрөг болох нь тодорхойгүй, тэрээр барьцаанд хэдэн төгрөгийг хэзээ төлсөн нь баримтаар тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй.
7.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэсэн зохицуулалтад хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-д заасан эрх зүйн хэм хэмжээ агуулагдаж байгаа, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх эрх зүйн харилцаа нь нэг талаас гэрээний бус харилцаанд хамаардаг атлаа гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа болдоггүй, нөгөө талаас гэрээний бус харилцаа боловч гэрээний харилцаанаас үүдэлтэй байх боломжтой байдаг онцлогтой.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч ******* ******* ******* ХХК нь 2022.01.15-ны өдөр түрээсийн объектыг нэхэмжлэгч З.*******д буцаан өгсөн хэдий ч ашигласан хугацаанд хамаарах төлбөрийг бүрэн төлөөгүй, улмаар үндэслэлгүйгээр түрээсийн зүйлийг ашигласан, энэхүү төлбөрөө төлөхийг нэхэмжлэгч З.******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-иас шаардсан, хариуцагч ******* ******* ******* ХХК, Э.******* нь мөнгө орж ирсэн үед төлбөр төлөхийг зөвшөөрч байсан болох нь фэйсбүүкээр хоорондоо харилцсан захидал, уг захидалалд шүүхээс үзлэг хийсэн 2024.04.25-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, хавсралт болох харилцсан захидлаар тогтоогдож байна.
8.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 52,000,000 төгрөгийг түрээсийн гэрээ байгуулсан 2020.10.15-ны өдрөөс 2022 оны 07 сарыг хүртэл 21 сар, сарын 4,000,000 төгрөгөөр тооцон, нийт 84,000,000 төгрөг, үүнээс түрээсийн төлбөрт төлсөн 15,860,000 төгрөгийг, ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор 2020.11.11-ний өдрөөс 2021.05.08-ны өдрийг хүртэл хөнгөлөлт үзүүлсэн 3 сарын түрээсийн төлбөр болох 12,000,000 төгрөгийг тус тус хасаад 56,140,000 төгрөг болсон хэдий ч бид хоорондоо ярилцаад төлбөрийг багасгасан гэж задлан тайлбарлана.
Энэхүү тооцооллыг хариуцагч тал зөвшөөрөхгүй байх ба, түрээсийн объектыг гэрээнд заасан 1 жилийн хугацаанд л ашигласан, талууд түрээсийн төлбөрийг 1,500,000 төгрөг байхаар ярилцаж байсан учраас 12 сарын хугацаанд нийт 18,000,000 төгрөг төлөхөөс 15,860,000 төгрөг төлсөн, үлдсэн төлбөрийг нь барьцааны мөнгөнөөс суутгуулан төлсөн гэж тайлбарлан маргана.
Шүүх тооцооллыг түрээсийн гэрээ, зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, банкны дансны хуулгуудыг үндэслэн, зохигч түрээсийн нэг сарын төлбөрийг 4,000,000 төгрөг байхаар тохиролцсон байдлыг харгалзан үзээд түрээсийн гэрээ байгуулсан 2020.10.15-ны өдрөөс 2022.01.15-ны өдрийг хүртэл нийт 15 сар, 1 сард 4,000,000 төгрөгөөр тооцвол 60,800,000 төгрөг, үүнээс хариуцагчийн төлсөн 15,860,000 төгрөгийг хасахад 44,140,000 төгрөг, үүнээс ковидын нөхцөл байдалтай холбоотой 2021 онд 3 сарын төлбөрийн хөнгөлөлт үзүүлсэн 12,000,000 төгрөгийг хасаж 32,140,000 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгч З.*******д төлөх үүрэгтэй байна гэж тогтоолоо.
9.Өөрөөр хэлбэл хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгч З.*******ий өмчлөлийн, түрээсийн объектыг өөрийн сургалтын үйл ажиллагаанд зориулан тодорхой хугацаанд ашигласны төлбөрийн үлдэгдэл болох 32,140,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжих хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгч З.******* нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар уг төлбөрийг хариуцагч ******* ******* ******* ХХК-иас шаардах эрхтэй, хариуцагч ******* ******* ******* ХХК нь төлбөрийг төлөх үүрэгтэй.
Иймд хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 32,140,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 19,860,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
10.Нэхэмжлэгч З.*******ий 2024.02.07-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 417,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 318,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.*******д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.‑д зааснаар хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 32,140,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 19,860,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар нэхэмжлэгч З.*******ий тэмдэгтийн хураамжид төлсөн 417,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 318,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА