| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2018/0020/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/034 |
| Огноо | 2018-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/034
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч Д.Цогжавхлан,
Нарийн бичгийн дарга Э. Оюунтөгс,
Шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814000000016 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Ц.Д
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ц.Д нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Шинэ од” нэртэй зочид буудалд иргэн Л.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Ц. Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2017 оны 12 дугаар сарын 27-ны 23 цаг өнгөрч байхад би гадуур явж байгаад 300 грамм архи 1 лааз пиво уучихаад “Нью стар” буудалд орох гээд тэр буудлын ресепшенээс өрөө захиалж авчихаад тэгээд тооцоон дээрээс болоод тэр эмэгтэйтэй маргалдаад тэнд байсан галч эрэгтэйн малгайг нь авч шидээд, би хажуудаа байсан сандлыг ресепшен эмэгтэй уруу аваад шидтэл тэр сандлын хөл тэр эмэгтэйн уруулан дээр оноод уруулнаас нь цус гарсан. Тэгээд байж байтал цагдаа ирээд тэр эмэгтэйг 103 дээр буулгаж өгөөд намайг цагдаагийн байгууллага дээр аваачсан. Би олон нийтийн газар хэрүүл маргаан хийж хүн рүү сандал шидэж танхайрсан нь үнэн болно. Намайг тэр эмэгтэйтэй маргалдаж сандал авч тэр эмэгтэй уруу шидэх үед тэр газрын галч гэх эрэгтэй дэргэд байсанаас өөр хүн бид хоёрын дэргэд байгаагүй. Бид гурав гурвуулаа л байсан. Гаргасан асуудлынхаа хариуцлагыг хулээж арга хэмжээ авахуулахад татгалзах зүйл байхгүй. гэх мэдүүлэг. /хх-ийн 11-12 /... Миний хувьд тогтоолтой танилцсан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг ойлгож мэдлээ. Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шөнийн 01 цагийн үед “Шинэ од” нэртэй Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зочид буудалд орж өрөө авсан. Ингээд хамт явсан хүмүүс буудалд орохгүй гээд өрөөгөө буцаах гэхэд ор хэрэглэсэн байна гээд миний өгсөн 25,000 төгрөгнөөс 15,000 төгрөг суутгаж авна гэхэд нь би буудлын ажилтан эмэгтэйд уурлаад тэнд байсан галчын малгайг нь авч шидээд дараа нь күртикээр нь ороолгож аваад тэнд байсан сандлыг шидэж тэр эмэгтэйн биед хөнгөн гэмтэл учруулсанаа бүрэн хүлээн зөвшөөрч байна. Би тухайн асуудалд их гэмшиж гэм буруугаа ойлгож байгаа бусдад учруулсан хохирол мөнгийг төлж барагдуулна. Тухайн цаг хугацааанд буудлын эмэгтэй галч бид гураваас өөр хүн байгаагүй . Би тэр үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Миний хувьд энэ хэрэгтээ холбоотой ямар нэгэн маргаан байхгүй учир цагдаагийн байгууллагаар нэмж шалгуулаад байх зүйл алга хэргийг хурдан хугацаанд хялбаршуулсан журмаар түргэн хугацаанд шийдвэрлүүлэх саналтай байна. Мөн цаашид асуусан асуултанд хариулахгүй хэргийн талаар нэмж мэдүүлээд байх зүйлгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч Л.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:2017 оны 12 дугаар сарын 27-ны орой манай буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн залуу өрөөнд оръё гээд өрөөнд орчихоод жаахан байж байснаа гарлаа гэсэн. Тэгэхээр нь би явж ортол тэр залуу орон дээр хөлөө тавьсан байдалтай байхаар нь “чи ор дэвсгэрийн даавуу бохирдуулчихааад юу яриад байгаа юм бэ өрөөнийхөө мөнгийг төл” гэтэл тэр залуу өрөөний мөнгө 25000 төгрөгний асуудлаас болоод надтай маргалдаад “гичий, жингэр янхан минь чамайг хаанаа яваа газар чинь ална” гэх зэргээр хэлсэн. Тэгээд барьж байсан зүйлээ шидэхэд нь намайг оноогүй. Тэгээд манай галчын өмсөж явсан малгайг нь аваад шидээд мөн куртикээр намайг ороолгоод сандал аваад над уруу шидэхэд нь би гар хөл хоёроороо нь хаасан боловч сандал миний уруулыг оноод уруулнаас цус гарсан. Тэгтэл тэр хүн зугтаах гэхээр нь цагдаа дуудаад, эмнэлэг дээр очиж 6 оёдол урууландаа тавиулсан. Мөн миний гар болон хөл хөхөрсөн. Гэдэс орчим хөхөрсөн байдалтай байгаа Миний толгой дүүрч өвдөөд байгаа. гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 /,... Миний бие Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ од” буюу “Нью стар” нэртэй зочид буудалд хүлээн авагч хийдэг юм. Ингээд 2017 оны 12 дугаар сарын 27-ны би ээлжтэй байсан бөгөөд бид 2 ээлжтэй 24 цагаар гардаг юм. Ингээд би ажлынхаа байранд үүргээ гүйцэтгэж байхад буюу 2017 оны 12 дугаар сарын 28 -ны өдрийн шөнийн 01 цагийн үед гаднаас нэг эрэгтэй хүн манай буудалд орж ирсэн. Тэр хүн нь бага зэргийн архи уусан шинжтэй “бид нар 5-лаа яваа өрөө авая” гээд өрөө авч тооцоогоо хийсэн. Ингээд гарч яваад гаднаас 3 эмэгтэй нэг эрэгтэй хүнийг дагуулаад ороод ирсэн. Тэгсэн чинь хамт ирсэн 3 эмэгтэй хүн нь буудалд орохгүй гээд гараад явсан 2 эрэгтэй нь өрөөндөө ороод 10 гаран минутын дараа буцаж гарч ирээд “өрөө авахаа болилоо өрөөгөө буцаая” гэхлээр нь би өрөөгөө буцааж авах гээд өрөөнд нь ороход нэг нь орон дээр хэвтсэн нөгөө орон дээр нь суучихсан байсан. Тэгэхэд нь би өрөө авсан намайг сүүлд нь зодсон гэх залууд “чи өрөөнд ороод нэг орон дээр хэвтсэн нөгөө орон дээр нь суусан нэг хөнжлийн даавуун дээр нь гутлын мөр гарсан байна. Миний хувьд энэ хэрэглэсэн цагаан хэрэглэлийг аваад өөр шинэ цагаан хэрэгсэл тавина тэгэхээр таны өгсөн 25,000 төгрөгнөөс 15,000 төгрөгийг суутгаад 10,000 төгрөг өгнө” гэж хэлээд 10,000 төгрөг өгсөн чинь тэр анх өрөө авсан гэх Д гэх хүн нь намайг “чи намайг луйвардаж мөнгө авлаа” гээд намайг “янхан, гичий, жингэр, бөгсөө үнэлдэг” гээд намайг “чамайг хаана явсан газарт чинь ална” гэж заналхийлээд “чамайг авсан мөнгөнд чинь тааруулж зодно” гэж хэлээд гартаа байсан зүйлийг шидсэн юу байсныг нь мэдэхгүй тэр шидсэн зүйл нь намайг оноогүй тэгээд хажууд байсан манай галч Тын малгайг аваад надруу шидэж намайг оносон бас галчын куртикээр миний толгойруу 3 удаа ороолгосон. Тэгэхэд галч сууж байгаад босоод ирсэн чинь тэр Д гэх залуу “чи муу хоошоо сууж бай” гээд тэнд байсан төмөр рамтай модон сандлыг аваад надруу шидэж би гар хөлөөрөө хаасан боловч миний уруулыг оноод миний уруул сэтэрч цус гарсан. Тэгээд тэр хүн гарч явах гэхэд нь би тэр хүнийг гаргаагүй байлгаж байгаад галч Тыг цагдаа дуудаадах гэж хэлж дуудлага өгүүлсэн юм. Намайг зодож байхад манай галч Т, Д бид 3-аас өөр хүн байгаагүй. Намайг зодсон гэх амралтын өрөө нь камергүй учир ямар нэгэн бичлэг хийгдээгүй. Дтай хамт явсан нэг эрэгтэй хүн болохоор түрүүлээд гараад явсан байсан. Ингээд цагдаа ирэхэд Д нь наад хүн чинь өөрөө шатруу уначихаад намайг зодсон гээд гүтгээд байна гэж байсан. Энэ талаар гэрчлэх хүн бол манай галч Т байгаа юм.Миний хувьд маш их гомдолтой байгаа. Надад тухайн үеийн гар хөл гэдэс хэсэгт үүссэн хөхрөлтийг харуулсан гэрэл зураг байгааг би мэдүүлэгт хавсралт болгож 3 кадр зураг эм тариа авсан баримт 2 ширхэгийг тус тус хавсаргах хүсэлтэй байна. Мөн би ингэж зодуулсанаас болж өнөөдрийн байдлаар 115,500 төгрөгний эм тариа авсан. Мөн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойш ажлаа хийгээгүй манайх 2 ээлжтэй өнөөдрийг хүртэл би 5 удаагийн ээлжийн ажлаа хийгээгүй манайх нэг хоногийн 16,000 төгрөгөөр гардаг. Тэгэхээр би ээлжинд гараагүй 5 хоногийн цалин болох 80,000 төгрөг гээд нийт эмчилгээ 195,500 төгрөгний хохиролыг нэхэмжилж байна. Цаашид эмчилгээний зардал гарах юм бол эмчилгээний зардлыг нэмэлтээр баримтаа бүрдүүлж байгаад нэхэмжилнэ. гэх мэдүүлэг /хх-ийн 13-22 /,.. Ц.Д нь надаас уучлалт гуйсан бөгөөд надад учраад байсан 192,000 төгрөг хохиролыг төлсөн, мөн цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн 308,000 төгрөг буюу нийт 500,000 төгрөгний хохирол төлсөн байгаа. Надад одоо гомдол санал нэхэмжпэх зүйлгүй байхгүй. Ц.Дг би уучилж эвлэрсэн . Надад одоо цагдаагийн байгууллагаар нэмж шалгуулах зүйл байхгүй. Гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй гэж хэлэх байна. Өөр хэрэгтээ холбоотой нэмж мэдүүлээд байх зүйл алга.гэх мэдүүлэг /хх-ийн 25-27
4. Гэрч З.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2017 оны 12 дугаар сарын 27-ны 23 цаг өнгөрч байхад би ажил дээрээ байхад нэг залуу манай буудалд орох гэж байснаа буцаж гарч байсан бололтой мөнгө төгрөгний асуудлаас болоод ресепшентэй маргалдаад миний малгайг аваад ресепшенээр ажиллаж байсан Бийн өмнөөс шидээд, мөн миний куртикээр Бийн бие уруу нэг удаа ороолгосон. Тэгэхээр нь би “хөөе чи зүгээр бай” гээд хэлтэл “чи муу пизда сууж бай, дуугай бай” гээд надад хэлээд, Бийг “янхан, пизда” гээд доромжлоод, сандал аваад Б уруу шидэхэд сандал нь Бийн уруулан дээр оноод уруулнаас нь цус гарсан. Ингээд би цагдаа дуудсан. Тэр залуу нилээн согтуу байсан. Энэ асуудал болоход Б гэх эмэгтэй болон Бийг зодсон танихгүй залуу, бид гурав байсан. Өөр бид нарын дэргэд хүн байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 /,
5. Гэрч Ц.Шийрэвсамбуугийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:… Миний бие эхээс 6-лаа, ах Ц.Д нь дээрээсээ 2 дахь ах байгаа юм. Ц.Д ахын доор надаас гадна 3 дүү байгаа. Ц.Д ахын хувьд дээд боловсролтой компьютерийн инженер мэргэжилтэй, цэргийн алба хаагаагүй, өрх тусгаарлаж гараагүй эхнэр хүүхэд байхгүй, одоогоор аав ээж дүү нарын хамтаар амьдардаг. Мэргэжлээрээ ажллахгүй барилга дээр ажил хөдөлмөр эрхлэдэг юм.Зан аашийн хувьд миний ах Д нь их найрсаг, уг дуу цөөнтэй, бүрэг дуугай зантай, ажилсаг ажилдаа сайн , аливаа зүйлийн учрыг олохдоо хурдан, архи дарс уугаад байдаггүй , миний хувьд архи дарс хэрэглээд яваад байдгыг нь мэдэхгүй хараагүй. Надад үлгэр дуурайлал болсон сайн ах хүн байгаа юм.гэх мэдүүлэг / хх-ийн 28-30 /,
6. Гэрч Б.Цэрэннадмидийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Миний бие 6-н хүүхэдтэй, Ц.Д нь дээрээсээ 2 дахь хүүхэд, дээд боловсролтой, компьютерийн инженер мэргэжилтэй, цэргийн алба хааагаагүй, өрх тусгаарлаж гэрлээгүй, эхнэр хүүхэд байхгүй, одоогоор ээв ээж дүү нарын хамтаар амьдардаг. Мэргэжлээрэа ажиллахгүй барилга дээр ажилладаг юм. Зан аашийн хувьд миний хүү Ц.Д нь их томоотой, хэл ам татлаад яваад байдаггүй, найрсаг, үг дуу цөөнтэй, бүрэг дуугай зантай, ажил хөдөлмөрт сайн, архи дарс уугаад байдаггүй хүн яагаад ийм хэрэгт холбогдоод яваад байгааг нь мэдэхгүй байна надад хэргийн талаар хэлж яриагүй гэх мэдүүлэг. / хх-ийн 31-33 /,
7. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 602 дугаартай шинжээчийн
1. Л.Б-н биед тархи доргилт, урууланд шарх, зүүн шуу, хэвлий, зүүн өвдөгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ц. Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Ц. Дд холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Д нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч Ц.Д д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д заасан “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан” ял шийтгэл оногдуулна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан ял шийтгэлийг оногдуулав.
Шүүгдэгч Ц.Дгийн эзэмшлийн “Dell” компьютерийг битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 12-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх компьютерийг эзэмшигч Ц.Дд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ван овогт Ц.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ван овогт Ц.Дг дөрвөн зуун наян / 480 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 164 дугаар зүйлийн 164.1, 164 дүгээр зүйлийн 164.2-д зааснаар шүүгдэгч Ц.Дд оногдуулсан дөрвөн зуун наян / 480 / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхаар тогтоож, уг ялыг эдлүүлж, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлд зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Ц.Дгийн эзэмшлийн “Dell” компьютерийг битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 12-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх компьютерийг эзэмшигч Ц.Дд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ