| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2202005630430 |
| Дугаар | 2023/ДШМ/893 |
| Огноо | 2023-08-31 |
| Зүйл хэсэг | 20.7.1., 20.7.2., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 2023/ДШМ/893
2023 8 31 2023/ДШМ/893
Г.Э, Г.С, Д.М нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Г.Ганбаатар, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ө.Мөнхнавч,
яллагдагч Г.Эийн өмгөөлөгч Т.Даваажав,
яллагдагч Г.Сгийн өмгөөлөгч Б.Энхболд,
яллагдагч Д.Мийн өмгөөлөгч Б.Оюунчимэг,
нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЗ/1138 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаартай эсэргүүцлээр Г.Э, Г.С, Д.М нарт холбогдох 2202005630430 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Г.Э, 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Оддын хотхон, 0 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/;
Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоног хорих ялаар,
Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 6 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,
2. Г.С, 1992 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймагт төрсөн, 0 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эцэг, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны 230 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:НЭ92011705/;
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсэн,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 284 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан,
3. Д.М, 0000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 0, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, консулын 0 тоотод оршин суух, /РД:00000000/,
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 294 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн;
Г.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оддын хотхон орчим НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,5 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг Г.Сд тоглоомын ID-г 100,000 төгрөгөөр цэнэглэж өгсний хариу төлбөрт таксины жолоочоор дамжуулан өгсөн буюу хууль бусаар Г.Сд 100,000 төгрөгөөр худалдсан,
мөн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 23 цаг 20 минут орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хүүхдийн паркийн хашаа дотор Сөүл рестораны баруун хойно 24-84 УАР улсын дугаартай “Мерседес Бенз Е300” загварын тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 5,6585 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,
мөн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 4 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оддын хотхоны авто зогсоолд байсан эхнэр П.Нын эзэмшлийн 8880 УНР улсын дугаартай Волксвоген Тигуан маркийн тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,3284 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,
мөн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй тарианы шилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Д.Мд худалдаалах зорилгогүйгээр өгсөн,
Яллагдагч Г.С нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны гадна НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,4373 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөрөө хэрэглэх зорилгоор Г.Эөөс 100,000 төгрөгийн хариу төлбөрт авсан буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
Яллагдагч Д.М нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Доржийн гудамж, Их засаг цогцолбор сургуулийн хажууд явж байхдаа Г.Эөөс НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, өөрийн биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Г.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Г.С, Д.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...шүүх шүүгдэгч Г.Э, Г.С, Д.М нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан. Гэтэл дээрх хуулийн заалтуудыг биелүүлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэмж хийлгэх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тогтоогдлоо.
Тодруулбал,
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д “хойшлуулшгүйгээс бусад тохиолдолд сэжигтнийг баривчлах саналыг шүүхэд хүргүүлэх, баривчлах ажиллагаа явуулахыг мөрдөгчид даалгах” гэж прокуроын эрх, мөн хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “энэ хуульд заасны дагуу сэжигтнийг баривчлах”, мөн хэсгийн 2.9-д “сэжигтнийг баривчлах шүүхийн зөвшөөрөл авах тухай саналыг прокурорт гаргах” гэж мөрдөгчийн эрхийг тус тус хуульчилсан.
Яллагдагч Г.Сгийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Яллах дүгнэлтийн хавсралтад яллагдагч Г.С 2023 оны 4 дүгээр сарын 24-нөөс 2023 оны 4 дүгээр сарын 29-нийг хүртэл 5 хоног ... цагдан хоригдсон гэж бичсэн боловч яллагдагчийг цагдан хорих талаар хэрэгт авагдсан шүүгчийн захирамж, прокурорын санал байхгүй. Хууль зөрчиж цагдан хорьсон...” гэсэн, яллагдагч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт “...Намайг үндэслэлгүйгээр 5 хоног цагдан хорьсон. Үүнтэй холбоотой гомдол гаргах гэсэн боловч байцаагч манай ээж рүү залгаад гомдол гаргахыг нь болиулаад өгөөч гэж хэлж байсан...” гэсэн тайлбарыг тус тус гаргасан байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч Г.Сг 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 5 хоног цагдан хоригдсон гэх боловч мөрдөгчийн болон прокурорын санал, цагдан хорих зөвшөөрөл авагдааүй, ямар үндэслэлээр яллагдагч Г.Сг 5 хоног цагдан хорьсон үндэслэл тогтоогдохгүй, энэ талаарх холбогдох баримт байгаа эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзлээ.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолын 1-т “шинжээчийн 5793 дугаартай дүгнэлтээр ...2 тусдаа зиплок түгжээтэй гялгар уутны хамт нийт 1.3 грамм жинтэй цагаан өнгийн зүйл, цагаан өнгийн ... 5,6585 грамм жинтэй мөс гэх нэршилтэй” гэсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5793 дугаартай дүгнэлтийн 3-т “...шинжилгээнд ирүүлсэн мөс мэт зүйл цэвэр жин нь 0,4778 гр”, мөн 5853, 5854 дугаар дүгнэлтэд “...шинжилгээгээр ирүүлсэн бодисын бодит хэмжээг тогтоох боломжгүй...” гэсэн, яллах дүгнэлтийн хавсралт 5-д “...нийт 1,3 грамм жинтэй цагаан өнгийн зүйл” гэж, мөн “...цахилгаан гар жин 1...” гэж эд мөрийн баримт болон сэтгэцэд нөлөөт бодисын грамм зөрүүтэй бичигдсэн нь ойлгомжгүй, гэмт хэрэгт ач холбогдол бүхий эд мөрийн баримтын тоо тодорхойгүй зэрэг байдлууд тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс, гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг тооцно.” гэж заасан бөгөөд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж тухайн сэтгэцэд нөлөөлөх бодисын хэмжээ, эд мөрийн баримтаар хурааж авсан баримтуудыг бүрэн тодорхойлж, эд мөрийн баримтаар тооцсон тогтоолыг зөвтгөж хавтаст хэрэгт хавсаргах нь хэргийн бодит байдлыг хөдөлбөргүй тогтоох, гэмт хэрэг үйлдсэн хүнийг илрүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэхэд төдийгүй, гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх чухал ач холбогдолтой.
3. Тус дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Сг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны гадна НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,4373 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөрөө хэрэглэх зорилгоор Г.Эөөс 100,000 төгрөгийн хариу төлбөрт авсан буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оддын хотхон орчим нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,5 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг Г.Сд тоглоомын ID-г 100,000 төгрөгөөр цэнэглэж өгсний хариу төлбөрт таксины жолоочоор дамжуулан өгсөн буюу хууль бусаар Г.Сд 100,000 төгрөгөөр худалдсан гэж яллах дүгнэлт ирүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Г.С тоглоомыг 100,000 төгрөгөөр цэнэглэж өгсөн байхад үүнийг шалгаагүй, худалдан борлуулах зорилго байсан эсэх, мөнгө шилжүүлсэн эсэхийг тогтоогоогүй гэж маргадаг бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Г.Э нь “мөс” гэх нэршилтэй 0,5 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг Г.Сд худалдаалах зорилготой байсан эсэх, Г.С нь 100,000 төгрөг шилжүүлсэн эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзээд мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийг прокурорт буцааж, хэрэг прокурорт буцаж байгаатай холбогдуулан шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. ...” гэжээ.
Прокурор Ө.Мөнхнавч бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Хэргийг прокурорт буцаасан үндэслэлийн тухайд:
Шүүгчийн захирамжийн “ТОДОРХОЙЛОХ” хэсэгт “...Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч Г.Сг 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 5 хоног цагдан хоригдсон гэх боловч мөрдөгчийн болон прокурорын санал, цагдан хорих зөвшөөрөл авагдаагүй, ямар үндэслэлээр яллагдагч Г.Сг 5 хоног цагдан хорьсон үндэслэл тогтоогдохгүй, энэ талаарх баримт байгаа эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзлээ...” гэх заалтыг үгүйсгэн няцаах дараах нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Үүнд: 2 дугаар хавтаст хэргийн 136-137 дугаар хуудаст хоригдол Г.Сг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр хаалттай хорих ангиас шилжүүлэн авч, цагдан хорих тухай прокурорын санал, 138-140 дүгээр хуудаст Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 182 дугаартай “яллагдагчийг шилжүүлэн цагдан хорих тухай” захирамж /яллагдагч Г.Сгийн цагдан хоригдсон хугацааг... хорих 461 дүгээр ангид шилжүүлсэн өдрөөс эхлэн тоолохоор заасан/, 143-144 дүгээр хуудаст “хоригдол шилжүүлэн авах тухай” прокурорын зөвшөөрөл, 148-149 дүгээр хуудаст “баривчлах, цагдан хорих шийдвэрт заасан этгээд мөн эсэхийг хоригдогчийг хүргэн ирсэн албан тушаалтныг байлцуулан хамтран магадалсан тэмдэглэл” /хорих 461 дүгээр ангид хүлээн авахдаа үйлддэг тэмдэглэл/, 149 дүгээр хуудаст “мөрдөгчийн тэмдэглэл”, 150-151 дүгээр хуудаст “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” прокурорын санал, 154-156 дугаар хуудаст Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 300 дугаартай “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” захирамж, 3 дугаар хавтаст хэргийн 66-70 дугаар хуудаст Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаартай магадлал тус тус авагдсан. Дээрх нотлох баримтуудаар яллагдагч Г.Сг 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр хаалттай хорих ангид шилжүүлэн хорьж, 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих байрнаас сулласан ба нийт 5 хоног цагдан хоригдсон байхад шүүх дээрх нотлох баримтуудыг анхаарч судлалгүй орхигдуулсан. Дээрх нотлох баримтыг тодруулах шаардлагатай гэж үзсэн нь шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байхаар заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй, мөн шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус зөрчсөн байна гэж үзлээ.
“...Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолын 1-т “шинжээчийн 5793 дугаартай дүгнэлтээр ...2 тусдаа зиплок түгжээтэй гялгар уутны хамт нийт 1,3 грамм жинтэй цагаан өнгийн зүйл, цагаан өнгийн ...5,685 грамм жинтэй мөс гэх нэршилтэй” гэсэн, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5793 дугаартай дүгнэлтийн 3-т “...шинжилгээнд ирүүлсэн мөс мэт зүйл цэвэр жин нь 0,4778 гр” мөн 5853, 5854 дугаар дүгнэлтэд “...шинжилгээгээр ирүүлсэн бодисын хэмжээг тогтоох боломжгүй гэсэн, яллах дүгнэлтийн хавсралт 5-д “...нийт 1,3 грамм жинтэй цагаан өнгийн зүйл” гэж, мөн “...цахилгаан гар жин 1..” гэж эд мөрийн баримт болон сэтгэцэд нөлөөт бодисын грамм зөрүүтэй бичигдсэн нь ойлгомжгүй, гэмт хэрэгт ач холбогдол бүхий эд мөрийн баримтын тоо тодорхойгүй зэрэг байдлууд тогтоогдож байна...” нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж тухайн сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ, эд мөрийн баримтаар хурааж авсан баримтуудыг бүрэн тодорхойлж, эд мөрийн баримтаар тооцсон тогтоолыг зөвтгөж хавтаст хэрэгт хавсаргах нь хэргийн бодит байдлыг хөдөлбөргүй тогтоох, гэмт хэрэг үйлдсэн хүнийг илрүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэхэд төдийгүй, гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх чухал ач холбогдолтой....” гэсэн заалтыг үгүйсгэх дараах нөхцөл байдлууд хэрэгт авагджээ.
Мөрдөгчийн “эд мөрийн баримтаар тооцох” тухай тогтоол 1 дүгээр хавтаст хэргийн 200-201 дүгээр хуудаст, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5793 дугаартай дүгнэлт 2 дугаар хавтаст хэргийн 30-33 хуудаст, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 5853 дугаартай дүгнэлт 2 дугаар хавтаст хэргийн 49-52 хуудаст, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 5854 дугаартай дүгнэлт 2 дугаар хавтаст хэргийн 44-46 дугаар хуудаст тус тус авагдсан байх бөгөөд дээрх тогтоол, шинжээчийн дүгнэлтийн агуулгаас тасалж аваад бичсэн нь ойлгомжгүй байх бөгөөд мөрдөгчийн тогтоолд эд мөрийн баримтыг хайрцагтай, уутанд савласан байдлаар жинлэсэн хэмжээг, шинжээчийн дүгнэлтэд тухайн бодисын цэвэр жинг тус тус тусгасан байгааг нэг ижил байх ёстой мэтээр бичсэн нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байхаар заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй,
“...Г.Э нь “мөс” гэх нэршилтэй 0,5 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг Г.Сд худалдаалах зорилготой байсан эсэх, Г.С нь 100,000 төгрөг шилжүүлсэн эсэхийг тодруулах шаардлагатай...” гэсэн заалтыг үгүйсгэх дараах нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Яллагдагч Г.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад интернэтээр мөрийтэй тоглодог 1Xbet сайтад бооцоо тавьж хожоод, Г.Эийн 1Хbеt-ийн дансыг 100,000 төгрөгөөр цэнэглэж өгсөн талаар мэдүүлсэн байдаг. 1Хbet гэх цахим бооцоо тавих сайт нь Оросын Холбооны Улсад төвтэй компани, Монгол Улсад ямар нэгэн хариуцсан төв гэж байхгүй, уг цахим бооцооны дансыг гуравдагч этгээд цэнэглэх байдлаар тоглоомын эрх цэнэглэгддэг, тухайн 1Хbet-ийн дансны хуулга эсхүл дансны гүйлгээний түүх гэх зүйл тухайн сайтдаа байдаггүй тул дээрх 1Хbet цахим бооцооны сайтаас бусдын дансыг цэнэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй юм. Тухайн сайтад хандаж байгаа хүн нь хаана байгаагаас хамаарахгүйгээр, интернэтийн орчинд ганцхан утасны дугаар, эсхүл имэйл хаягаараа бүртгүүлж бас өөрийн ID-гаа устгаж болдог цахим сайт тул гэмт хэрэг гарснаас хойш 8-9 сарын дараа тухайн 1Хbet сайтад үзлэг хийх мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь өөрөө учир дутагдалтай юм.
Яллагдагч Г.Эийн Г.Сд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар худалдсан үйлдлийг мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа, Г.Эийн дансны хуулга зэргийг шүүх хуралдаан дээр шинжлэн судлах замаар тогтоох боломжтойг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг зөрчсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан тул яллагдагч Г.Э, Г.С, Д.М нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой юм.
2. Шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тухайд:
Захирамжийн “ТОДОРХОЙЛОХ” хэсэгт “...Хэрэг прокурорт буцаж байгаатай холбогдуулан шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв...” гэсэн атлаа “ЗАХИРАМЖЛАХ” хэсэгт “Шүүгдэгч Г.Э, Г.С нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Д.Мөнх- Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй...” гэж өөр өөрөөр бичсэн,
Мөн захирамжид “...3. Тус дүүргийн прокурорын газрын шүүгдэгч Г.С...”, “...хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаасугай”, “Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй” гэж тус тус буруу, агуулгын хувьд алдаатай ойлгомжгүй байдлаар бичигдсэн нь “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийг 3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзнэ.
Харин шүүгчийн захирамжийн 4 дэх заалтад “...Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг танилцуулсугай...” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь заалтад байхгүй “шүүгдэгч” гэх оролцогчийг нэрлэн зааж, яллагдагч нарын гомдол гаргах эрхийг хязгаарласан байна гэж үзэхээр байна.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1138 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.
Яллагдагч Г.Сгийн өмгөөлөгч Б.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Яллагдагч Г.Э, Г.С, Д.М нарт холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснээр яллагдагч нарын өмгөөлөгч нар шүүхэд хүсэлт гаргаж, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг явуулсан. Анхан шатны шүүхээс хэргийг прокурор руу буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, яллагдагч Г.Сг 5 хоног ямар нэгэн тогтоол, шийдвэргүйгээр хорьсон нь үндэслэлгүй хэмээн анхан шатны шүүхээс үзсэн. Гэтэл прокурор 5 хоног хорьсонтой холбоотойгоо шүүгчийн захирамж, тогтоол, бусад баримтууд хавтаст хэрэгт авагдсан гэж эсэргүүцэлдээ бичсэн байсан. Яллагдагч Г.Сд анхан шатны шүүхээс 1 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байдаг. Уг ялыг эдэлж байх хугацаандаа ял эдлэхээс зайлсхийсэн гэж үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг солиулах саналыг анхан шатны шүүхэд гаргасан. Анхан шатны шүүхээс яллагдагч Г.Сг зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэхээс зайлсхийсэн гэж үзэж 10 сар 28 хоногийн хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Эд мөрийн баримттай холбоотой асуудлыг шүүгчийн захирамжид тусгасан. Үүнд, өмгөөлөгчийн зүгээс урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд саналаа хэлж байсан. 2484 УАР дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд цагаан нунтаг, 8880 дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд 0.3 граммтай “мөс” гэх нэршилтэй бодисыг олсон байдаг. Хойшлуулшгүй ажиллагааг хүчинтэйд тооцож, прокурор тогтоол үйлдсэн байдаг. Гэтэл тээврийн хэрэгслээс олсон цагаан нунтаг эд зүйл болон 0.3 граммтай “мөс” гэх нэршилтэй бодисыг хүчинтэйд тооцсон тогтоол үйлдэхдээ 5.6 гэдгийг 1.3 гэж, 0.3 гэдгийг 1.3 гэж зөрүүтэй бичсэн. Өөрөөр хэлбэл, 5.6 гэдгийг 1.3 гэж бичсэн болох, бусад цагаан нунтаг яасан эсэх нь тодорхойгүй. Эд мөрийн баримтаар тооцож байгаа эд зүйлсийн хэмжээ нь багасаж бичигдсэн. Прокуророос 2484 УАР дугаартай тээврийн хэрэгслээс №2 гэж дугаарласан цахилгаан жин, Хан-Уул дүүргийн Оддын хотхон 38-5 тоот орон сууцад нэгжлэг хийх явцад №2 гэж дугаарласан цахилгаан гар жин олддог гэж байна. Дээрх хоёр цахилгаан жинг эд мөрийн баримтаар тооцсон байсан. Гэтэл яллах дүгнэлтийн хавсралтад 1 цахилгаан жинг л шүүхэд шилжүүлсэн байдаг. Энэ агуулгаар шүүгчийн захирамж гарсан. Прокуророос цагаан нунтаг эд зүйлийн бодит жинг тогтоосон гэдэг боловч яллагдагч Г.Э, Д.М нарыг нэг үйлдэлд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байдаг. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцид багтах “мөс” гэх нэршилтэй бодисыг, тарианы шилтэй Д.Мд өгсөн гэж үзэж, Д.Мийг хууль бусаар олж авсан гэж ялласан. Гэтэл “мөс” гэх нэршилтэй бодисын хэмжээг тодорхойлох боломжгүй гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Бодис байгаа бол түүнд жин байх ёстой. Тийм учраас дахин нэмэлт шинжилгээ хийлгэх нь зүйтэй гэж үзэж өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд санал гаргаж байсан. Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид энэ талаар мөн дурдсан байсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж өгнө үү” гэв.
Яллагдагч Г.Эийн өмгөөлөгч Т.Даваажав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хорих ангиас ялтан шилжүүлэх тухай захирамж авч, яллагдагч Г.Сг хорих асуудал яригддаг. Яллагдагч Г.С нь 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 10 сар 28 хоногийн ял шийтгэл авч, 461 дүгээр хорих ангид хоригдсон байсан. Яллагдагч Г.Сгийн давж заалдах хугацааны дагуу 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж шийдвэр гаргахдаа шийдвэр гүйцэтгэгчийг хуурамч гарын үсэг зурсан байна, нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй хэмээн цагаатгаж шийдвэрлэсэн. Гэтэл мөрдөгч гарын үсэг зуруулна гэж дуудаад хорьсон бөгөөд ялтан биш болсон хүнийг хорих ангиас ялтан шилжүүлэх 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн захирамжаар 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хорьж болох уу. 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 15 дугаар магадлалаар суллагдсан хүнийг 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ямар нэгэн тогтоолгүй хоригдож, 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр суллагдсан. Хавтаст хэрэгт 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 182 дугаар захирамж, захирамжийг хүчингүй болгосон 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаар магадлал байгаа. Прокурор, мөрдөгч нарыг үндэслэлгүйгээр хорьсон гэж гомдол гаргах үндэслэлтэй. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Мөн миний үйлчлүүлэгч Г.Эөөс хураан авсан “мөс” гэх нэршилтэй бодис болон мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол байхгүй, алга болсон. Мөн “мөс” гэх нэршилтэй бодисын хэмжээ 1.3 грамм болж, 1 граммаар нэмэгдсэн бөгөөд хэмжээг нь 0.4, 0.5, 5.6 грамм гэж 3 өөр хэмжээгээр шалгагддаг. 1Xbet сайтыг Оросын Холбооны Улсад төвтэй гэсэн ч хавтаст хэрэгт энэ талаараа шалгаж тогтоогоогүй. Яллагдагч Г.Сгийн 1Xbet дэх дансыг 100.000 төгрөгөөр цэнэглэсний үндсэнд худалдаалсан гэх зүйлээр ял сонсгосон учраас өмгөөлөгчийн хувьд зөвшөөрөхгүй хэмээн урьдчилсан хэлэлцүүлэг хийх хүсэлт өгсөн. Энэ хавтаст хэргийн хувьд нотлох баримт их дутуу байдаг. Мөн яллагдагч Д.Мийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан, яллагдагч Г.Эийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалсан гэж ялладаг. Шинжээчийн дүгнэлтээр мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээг тогтоох боломжгүй гэсэн атлаа яллаж байгаа нь эргэлзээтэй. 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд мэдээлэл өгсөн, нотлогдсоны улмаас гэж 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр миний үйлчлүүлэгч Г.Э 2 нунтаг бодисоор шалгагддаг. Гэтэл шалгагдаж байгаа цагаас нь өмнө буюу 2022 оны 11 дүгээр сарын 17-ны орой Г.Эийг баривчилсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж дахь “...Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаасугай...” гэснийг “...Нийслэлийн прокурорын газарт буцаасугай...” хэмээн залруулга хийх нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй” гэв.
Яллагдагч Д.Мийн өмгөөлөгч Б.Оюунчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаахад миний үйлчлүүлэгч Д.Мтэй холбоотой заалт байхгүй. Прокурорын эсэргүүцэлтэй холбоотой хэлэх тайлбар байхгүй. Харин яллагдагч Г.С, Г.Э нарын өмгөөлөгчийн зүгээс миний үйлчлүүлэгч Д.Мтэй холбоотой асуудлыг ярьсан учраас тайлбар хэлэх шаардлага гарч байна. Д.Мийн хувьд 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр биед нь үзлэг хийх үед Д.М өөрөө сайн дураараа тарианы шил гаргаж өгсөн байдаг. Тухайн тарианы шилийг мөрдөгч нь дүгнэлт гаргуулахаар шинжээч томилуулахаар хүргүүлсэн. Тухайн тарианы шил дэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ 1.6 грамм байсан. Шинжээч томилж дүгнэлт гаргуулахад тухайн эд зүйлийн бодит жинг тогтоох боломжгүй, гэхдээ тухайн бодисоос арчдас авч, шинжилгээ хийхэд “мөс” нэршилтэй бодис илэрсэн гэх дүгнэлт гарсан. Яллагдагч Г.Сгийн өмгөөлөгчийн зүгээс Д.Мтэй холбоотой асуудлаар дахин нэмэлт шинжилгээ хийлгэх саналтай гэж байна. Нэмэлт шинжилгээ хийлгэснээр ямар ч үр дүн гарахгүй. Д.Мийн хувьд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан гэж яллагдагчаар татагдаж, яллах дүгнэлт үйлдэгдсэн. Яллагдагч Г.Э нь ямар нэгэн байдлаар Д.Мд худалдсан гэх байдлаар яллах дүгнэлт үйлдэгдээгүй. Өмгөөлөгчийн хувьд Д.Мийг гэм буруугийн хуралдаанаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...ямар үндэслэлээр яллагдагч Г.Сг 5 хоног цагдан хорьсон үндэслэл тогтоогдохгүй, энэ талаарх холбогдох баримт байгаа эсэхийг тодруулах шаардлагатай, ... эд мөрийн баримт болон сэтгэцэд нөлөөт бодисын грамм зөрүүтэй бичигдсэн нь ойлгомжгүй, гэмт хэрэгт ач холбогдол бүхий эд мөрийн баримтын тоо тодорхойгүй, ... нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж тухайн сэтгэцэд нөлөөлөх бодисын хэмжээ, эд мөрийн баримтаар хурааж авсан баримтуудыг бүрэн тодорхойлж, эд мөрийн баримтаар тооцсон тогтоолыг зөвтгөж хавтаст хэрэгт хавсаргах нь хэргийн бодит байдлыг хөдөлбөргүй тогтоох, ... Г.Э нь “мөс” гэх нэршилтэй 0,5 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг Г.Сд худалдаалах зорилготой байсан эсэх, Г.С нь 100,000 төгрөг шилжүүлсэн эсэхийг тодруулах шаардлагатай...” гэсэн үндэслэл заан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Түүнчлэн, яллагдагч, тэдний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт байгаа эсэх, тэдгээрийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэх, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, цагаатгах үндэслэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэн зарчимд нийцнэ.
Өөрөөр хэлбэл, Г.Э, Г.С, Д.М нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай шинжээч, гэрчийг талуудын хүсэлтээр оролцуулан яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгов.
Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан яллагдагч Г.Э, Г.С, Д.М нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЗ/1138 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Яллагдагч Г.Э, Г.С нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, яллагдагч Д.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах тус тус таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР