Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2018/ШЦТ/035

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* д холбогдох 1714003520012 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-2-13Б тоотод 2017 оны 12 сарын 22-ны орой 19 цагийн үед иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 сарын 22-ны орой 19 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-2-13Б тоотод иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...

Хохирогч *******ы ... Энэ хүмүүс өмнө нь архи уусан байдалтай бүгд халамцуухан байсан бөгөөд бид хоёрыг ******* нь хоол идээд гар гэхэд нь би Жамъянсүрэнд хандаж сандал аваад өгчих гэж хэлсэн чинь хажуугаас нэг залуу нь яасан даварсан гөлөг вэ гэж хэлээд миний нүүрлүү гараа зангидаж байгаад цохиж авхад нь би бариад авсан. Тэгээд бид хоёр зууралдаж байгаад гэрээс гарсан чинь үүдэнд намайг мөргөөд миний толгой эргээд би манарч доош суусан. Тэгэхэд тэнд байсан хүмүүс салгаад намайг манай ах *******орждагвын гэрт хүргэж өгсөн. Тэгээд манай ах намайг хараад цагдаад мэдэгдсэн ... миний хувьд гомдол санал байхгүй надад учирсан хохирлыг бүрэн төлсөн. ******* бид 2 эвлэрсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-8, 11-13/,

Гэрч *******ийн ... Өнөөдөр буюу 2017 оны 12 сарын 22-ны өдрийн орой 20 цагийн үед манай хашааны хаалга хүн цохиж би гараад уулзахад манай дүү У нь хүмүүстэй ирсэн байсан. Тэгээд намайг хүн зодчихлоо гэхэд нь би яасан юм гэхэд *******гийнд байсан чинь ******* гэж дууддаг залуу мөргөсөн гэж хэлж байсан. Ингээд царайг нь харсан чинь нүд нь хөхөрсөн юм шиг байхаар нь гэртээ орж харсан чинь хамар нь цөмөрч мурийсан байдалтай байхаар нь би түргэн дээр авчираад дараа нь цагдаад дуудлага өгсөн юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/,

Гэрч *******ийн ... ******* нь яаж байгаа юм наадах чинь муу ч гэсэн төрийн албан хаагчийн тэргүүн гээд хэлэхэд хамт орж ирсэн залуу нь юун сүртэй юм гээд маргалдаж эхлэхэд нь би тэр хамт орж ирсэн залууг гэрээс аваад гарсан. Тэгээд би буцаад ороод ирсэн чинь нөгөө хар дээлтэй залуу нь доош тонгойсон *******г нүүрлүү мөргөчихлөө гэж хэлээд сууж байхаар нь би та нар больцгоо архи ууж чадахгүй юм байна гээд тэд нарыг тарааж мөргүүлсэн гэх залууг ахынх нь гэрт хүргэж өгөөд салаад явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18/,

Шүүгдэгч *******ы ... тухайн үед буюу 2017 оны 12 сарын 22-ны өдөр 19 цагийн үед Жамъянсүрэн гэж ахынхаа гэрт ах Намхайгийн хамтаар очиж бид нар 1 шил архи задлаад ууж байтал гаднаас ******* нь нэг залуугийн хамтаар орж ирсэн. ******* нь нилээд согтсон шинжтэй орж ирсэн. Ингээд ширээн дээр байсан ахын малгайг цохиж газар унгасан. Тэгэхэд нь би яаж байгаа юм гэж хэлж маргалдаж бид хоёр барилцаж аваад нэг удаа хамарлуу нь мөргөсөн. Тэгэхд хамраас нь цус гарч цусыг нь цэвэрлэж өгөөд *******оржравдан ахынх нь гэрт хүргэж өгөөд явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37/,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 сарын 25-ны өдрийн 34 тоот шинжээчийн ... *******ы биед хамар ясны хугарал, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэсэн дүгнэлт /хх-ийн 27-28/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.   

Хохирогч *******, шүүгдэгч ******* нар нь эвлэрч хэргийн 74-75 дугаар хуудсанд эвлэрлийн гэрээг байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ы эзэмшлийн I phone 5 маркийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ы цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ы эзэмшлийн I phone 5 маркийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА