Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/891

 

           

    2023            8             31                                       2023/ДШМ/891

С.Уд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ундрах,

шүүгдэгч С.Угийн өмгөөлөгч Ч.Атарболд,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/479 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Атарболдын гаргасан давж заалдах гомдлоор С.Уд холбогдох 2209025830540 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

С.У 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр Увс аймагт төрсөн, 0 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 0, эцэг, эх, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: 00000000/;

Хан- Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 399 дүгээр шийтгэх тоггоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн;

Шүүгдэгч С.У нь 2022 оны 7 дугаар сарын 21-нээс 22-ны өдрүүдэд “Дизель түлш зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Б.Угаас 8.165.000 төгрөгийг өөрийн найз Ө.Аын Хаан банкны 5059570158 дугаартай дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: С.Угийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдпыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Уг 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Уд оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Баянзүрх дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар хэрэгжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч С.Уд сануулж, шүүгдэгч С.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Угаас 8.165.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Уд олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Атарболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч болох С.У нь анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн асуудал дээр огт маргадаггүй, учруулсан хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн, цаашид гарах төлбөр мөнгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг. Анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлуудад үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр түүнд зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн зорилго, зарчимд нийцэхгүй байна гэж дүгнэж байна. Учир нь, хохирогч Б.У нь шүүгдэгчтэй ажил хэргийн холбоотой бөгөөд шүүгдэгчийг түлшний бизнес эрхэлдэг гэдгийг шүүхийн хэлэлцүүлэг болон хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ дурьджээ. “Надад түлш өмнө нь ажлын хөлсөнд өгөхдөө өөрөө авч ирэн өгч байсан юм” гэх мэдүүлэг. /хх 16/ Би өгсөн 8.165.000 төгрөгөө авчихбал өөр асуудалгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт дурьджээ. /Хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг/

Шүүгдэгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нь гэм буруугийн асуудал дээр маргадаггүй, мөн хохирогч Б.Угаас шилжин орж ирсэн мөнгөний зарцуулалт хэрхэн хаашаа шилжүүлсэн талаарх дансны хуулгыг гаргаж өгсөн, түлш зарсан, түлшний захиалгаа өгсөн хүмүүсээс өр төлбөрөө авч чадахгүй байгаа талаар дурьдаж мэдүүлсэн.

Миний үйлчлүүлэгч С.У нь хувиараа бизнес эрхэлдэг буюу дизель түлшний бизнес эрхэлдэг бөгөөд Сэлэнгэ аймаг руу явах, дизель түлшний томоохон хадгалах клонкууд байрладаг Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр байнга явах, худалдан авалт, борлуулалт хийх нөхцөл байдал байнга үүсдэгээс хамаарч шийтгэх тогтоолд дурьдагдсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт заасан аж ахуй эрхлэх буюу хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөх нөхцөл байдал үүсэх бөгөөд мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагын зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй, хязгаарлалтын бүсийг зөрчсөн тохиолдолд шүүхээс оногдуулсан 8 сарын зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор сольж эдлүүлдэг бөгөөд энэ нь үйлчлүүлэгчийн маань эрх зүйн байдлыг улам дордуулах болно.

Иймд дээр нөхцөл байдлыг харгалзан үзэж С.У нь тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол мөнгөө төлөхөө илэрхийлсэн, ажил мэргэжлийн онцлог, хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 479 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сар зорчих эрх хязгаарласан ялыг торгох ялаар сольж өгнө үү.” гэв.

Прокурор Г.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Иймд прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.У нь 2022 оны 7 дугаар сарын 21-нээс 22-ны өдрүүдэд “Дизель түлш зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан иргэн Б.Угаас 8.165.000 төгрөгийг өөрийн найз Ө.Аын Хаан банкны 5059570158 дугаартай дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Угийн “...У гэдэг хүнээс түлш худалдан авахаар болж 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр эхнэр Дгийн 000000000 дугаарын данснаас 00000000 дугаарын данс руу 4.615.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайт 43-716 тоот хаягнаас шилжүүлсэн. Мөн дүү Г.Ч өөрийн Хаан банкны 000000000 дугаарын данснаас 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 00000000 дугаарын данс руу Сүхбаатар дүүргийн 12 дугаараас хорооноос гэрээсээ шилжүүлсэн. Мөн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 20 цаг 39 минутад Г.Эын Хаан банкны 000000000 дугаарын данснаас 000000000 дугаарын данс руу Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах миний дэлгүүрийн АТМ-ээс шилжүүлсэн. ...” /хх 16/,

гэрч Ө.Аын “... 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр С.Утай хамт явж байсан бөгөөд С.У нь ажлынхаа мөнгийг чиний дансаар шилжүүлээд авъя гэж хэлээд тэгээд над руу эхний 4.615.000 төгрөг шилжин орж ирсэн. Тэгээд тэр доор нь 000000000 дугаарын данс руу буюу С.Угийн данс руу шилжүүлсэн. Мөн маргааш нь дахин мөнгө шилжин орж ирсэн бөгөөд би тэр мөнгийг нь ч гэсэн С.Угийн данс руу хийсэн. ...” /хх 21/,

С.Угийн яллагдагчаар өгсөн “...Иргэн Б.У гэх хүнээс авсан 8.165.000 төгрөгийн хохирлыг энэ оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн дотор төлж барагдуулна. ...” /хх 65/ гэсэн мэдүүлгүүд,

Ө.Аын Хаан банкны 000000000 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх 27-31/, Г.Чийн Хаан банкны 000000000 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх 9/, А.Дгийн Хаан банкны 00000000 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх 10/, Г.Эын Хаан банкны 0000000000 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх 11/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч С.Уг зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдпыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүгдэгч С.Угийн хохирогч Б.Уд “дизель түлш зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 8.165.000 төгрөг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Атарболд “... 8 сар зорчих эрх хязгаарласан ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь /ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх/ шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Шүүгдэгч С.У нь зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан нөхцөл байдал тогтоогдсон ба гэмт хэргийн улмаас хохирогч Б.Угийн эд хөрөнгөд учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч С.Уд анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар солих үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Угийн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх агуулгад нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Харин шүүх С.Уд 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа ялтны чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон байдлаар тогтоосон нь түүний хувийн байдалд тохироогүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд шүүгдэгч С.Угийн оршин суугаа газар нутаг дэвсгэр буюу Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн хүрээнд зорчих эрхийг хязгаарлах өөрчлөлтийг оруулж, өмгөөлөгч Ч.Атарболдын “зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар солих” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/479 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Уд оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаалах ялыг Баянзүрх дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар хэрэгжүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Уд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт зорчих үүрэг хүлээлгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Ч.Атарболдын “зорчих эрх хязгаарласан ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР