| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2018/00058/Э |
| Дугаар | 58 |
| Огноо | 2018-02-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 58
2018 02 19 58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга*******г суулган улсын яллагч *******, шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Б,А-д холбогдох эрүүгийн 1821000160040 дугаартай хэргийг 2018 оны 02 сарын 19-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1978 оны 5 сарын 21-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 13-17 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 12 сарын 04-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр 1 жил хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн Монгол Улсын хуулийн 2000 оны хуулийн дагуу өршөөгдсөн, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 6 сарын 17-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, нийт эдлэх ялыг 3 жил 3 сар 10 хоногийн хорих ялаар тогтоож, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 3 сарын 07-ны өдрийн 10 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 01 сар 05 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ........... регистрийн дугаартай, С овогт Б. А.
Шүүгдэгч Б.А нь 2017 оны 12 сарын 28-ны өдөр 15 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг комиссын дэлгүүрт үйлчлүүлж байсан хохирогч Б.Ц-ийн гар цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж нийт 346000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч Б.Ц мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 12 сарын 28-ны өдрийн 15 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг СМУ-ийн хашаанд байрлах Сэнгээ гэж олны хэлдгээр нэрлэдэг засварын газрын баруун талаас нь ордог комиссын дэлгүүрт үйлчлүүлж байхдаа өөрийнхөө барьж явсан гар цүнхээ тухайн дэлгүүрийн хувцсан дээр нь тавиад хуучин даавуунууд үзэж байгаад эргээд цүнхээ авах гэтэл цүнх маань алга болчихсон байсан. Намайг доторх даавуунууд үзээд цүнхээ анхаарах сөхөөгүй байгааг далимдуулаад миний цүнхийг авчихсан юм шиг байна. ...Тухайн хэрэг болсон өдрөөс хойш 2017 оны 12 сарын 30-ны өдөр би Б.А-аас цүнхтэй эд зүйлээ хүлээж авсан бөгөөд доторх эд зүйлийг нь бүртгэж үзэхэд дотроос нь миний нэг ширхэг бөгж дутуу байсан бөгөөд бэлэн мөнгөнөөс минь 23000 төгрөг л буцааж өгсөн. ...А нь миний хохирлыг бүрэн барагдуулсан. Иймд энэ хэргийг хурдан шуурхай, хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21, 51/
- Үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 8-9/
- Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 14-15, 16-17/
-Шүүгдэгч Б.А-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-38/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Б.А нь 2017 оны 12 сарын 28-ны өдөр 15 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг комиссын дэлгүүрт үйлчлүүлж байсан хохирогч Б.Ц-ийн гар цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 346000 /гурван зуун дөчин зургаан мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.А-ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би 2017 оны 12 сарын 28-ны өдөр 15 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах СМУ-гийн хорооллын дундуур явж байгаад хүмүүс ярьж сурснаар Сэнгээгийн засварын хоёр давхарт байдаг комиссын дэлгүүр рүү өөртөө оймс авахаар орсон бөгөөд орсон чинь уг дэлгүүрт нэг эгч үйлчлүүлж байсан бөгөөд эгчийн хажуу талд нь хүрэн өнгийн цүнх байхаар нь хүмүүс харж байгаад авч гарсан. ...Ц эгчийн хохирлыг бүрэн барагдуулж, уучлалт гуйсан...“ гэж /хх-ийн 37-38/, түүнийг давхар нотолсон хохирогч Б.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “ ...Би 2017 оны 12 сарын 28-ны өдрийн 15 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг СМУ-ийн хашаанд байрлах Сэнгээ гэж олны хэлдгээр нэрлэдэг засварын газрын баруун талаас нь ордог комиссын дэлгүүрт үйлчлүүлж байхдаа өөрийнхөө барьж явсан гар цүнхээ тухайн дэлгүүрийн хувцсан дээр нь тавиад хуучин даавуунууд үзэж байгаад эргээд цүнхээ авах гэтэл цүнх маань алга болчихсон байсан..” гэх мэдүүлэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.А-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:
Шүүгдэгч Б.А нь шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.А-ын .............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг шүүгдэгчид буцаан олговол зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Б. А-ыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болмогч баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн .............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг түүнд буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР