| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2206047701421 |
| Дугаар | 2023/ДШМ/901 |
| Огноо | 2023-09-05 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхтулга |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2023/ДШМ/901
2023 9 05 2023/ДШМ/901
Г.У, Э.А, П.О нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Мөнхтулга,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/914 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Я.Болортуяагийн бичсэн 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаартай эсэргүүцлээр Г.У, Э.А, П.О нарт холбогдох 2206047701421 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Г.У, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 0, эх, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, 0 дугаар гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:0000000/;
2. Э.А, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “СU” сүлжээ дэлгүүрт борлуулалтын жолоочоор ажилладаг, ам бүл 0, эгч, хүргэн ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Цагдаа хотхон 00 байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:0000000/;
3. П.О, 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “СU” сүлжээ дэлгүүрт борлуулалтын жолооч ажилтай, ам бүл 0, эцэг, эхийн хамт Баянгол дүүргийн 0 дүгээр хороо, Горький 0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:00000000/;
Э.А, Г.У, П.О нар нь бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 16-ны өдрийн хугацаанд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянголын ам гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үр болох 170.3 кг хуш модны самрыг бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.У, Э.А, П.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.У, Э.А, П.О нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 220604770 дугаартай хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар байгаль орчинд учруулсан гэх 84.213.350 төгрөгийн экологи эдийн засгийн хохирлыг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож Цагдаагийн ерөнхий газрын Хангамж, үйлчилгээний төвийн тусгай зориулалтын хөргүүртэй агуулахад хадгалагдаж байгаа 3 /гурав/ шуудай 170.3 кг хуш модны цайруулсан самрыг худалдан борлуулж орлогыг Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, энэ хэрэгт Г.Уийн эзэмшлийн Mitsubishi minicab маркийн 35-11 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр битүүмжилсэн 4 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт Г.У, Э.А, П.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Я.Болортуяа бичсэн эсэргүүцэлдээ: “...Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэн” гэдэг ойлголтод хуш модны самар дангаараа хамаарахгүй, хуш мод, түүний үр, эрхтэн самрынхаа хамт цогцоороо буюу нэгэн ургамал болохынхоо хувьд энэ гэмт хэргийн халдлагын зүйл болно. Ойн тухай хуульд зааснаар хуш модны самар нь “Ойн дагалт баялаг” мөн тул энэ харилцааг зохицуулсан Ойн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан тушаал, журам зэргийг хэрэглэн хууль зүйн дүгнэлт хийлээ” гэж дүгнэжээ.
1.1. Хуш модны самар ховор ургамал болох нь: Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.12-т “Ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг хэлнэ” гэж тодорхойлсон байдаг. Үүнээс үзвэл, Ойн тухай хуульд зааснаар хуш модны самар нь ойн дагалт баялагт хамаарч байна. Харин Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан нэн ховор, ховор, элбэг гэж ангилах ба байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамлыг ховор ургамалд хамааруулан авч үзэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батлахаар хуульчилсан. Хуульд заасны дагуу, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар “Ховор ургамлын жагсаалт”-ыг баталж, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 410 дугаартай тогтоолоор “Ховор ургамлын жагсаалт”-ын 355-д заасан “Нарсны төрлийн модны үр” гэснийг “Нарсны төрлийн модны үр /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ/ гэж өөрчлөлт оруулснаар ойн дагалт баялаг болох “Хуш модны самар”-ыг ховор ургамлын жагсаалтад багтаажээ. Хэдийгээр хуш модны самар нь ойн дагалт баялаг мөн боловч “ховор ургамал”-ын байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй гэх шинжийг харгалзан үзээд “Ховор ургамлын жагсаалт”-д тусгасан нь холбогдох хууль, тогтоомжид нийцсэн байна.
1.2. Байгалийн ургамлын тухай хуулийн зохицуулалтад хамаарах нь: Байгалийн ургамлын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь ой болон таримал ургамлаас бусад ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, Ойн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тус тус заасан. Хэдийгээр, Ойн тухай хуулиар “Ойн дагалт баялаг”-тай холбоотой харилцааг зохицуулсан боловч Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан ховор ургамлын жагсаалтад хуш модны самар нь багтсан тул Байгалийн ургамлын тухай хуулиар зохицуулсан ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбоотой харилцааг нарийвчилсан зохицуулалт гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.3. Хуш модны самар нь гэмт хэргийн халдлагын зүйл болох нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаар өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан” тохиолдолд байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор хуульчилсан.
Харин Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Зохих зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд заасан хугацаа, хэмжээ, ургамал түүж бэлтгэх журам зөрчиж байгалийн ховор ургамлыг ахуйн хэрэгцээнд түүж бэлтгэсэн” тохиолдолд Байгалийн ургамлын тухай хууль зөрчих зөрчилд, мөн хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг бэлтгэсэн” тохиолдолд Ойн тухай хууль зөрчих зөрчилд тооцохоор тус тус хуульчилсан.
Дээрх хууль тогтоомжид заасныг авч үзвэл, ховор ургамлын жагсаалтад багтсан, ойн дагалт баялаг болох “Хуш модны самар”-ыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн үйлдэл нь зөрчлийн болон гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байгаа бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэн” гэж тусгайлан хуульчилснаар Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн халдлагын зүйлээс ялгагдаж байх тул яллагдагч Г.У, Э.А, П.О нарын зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаар өөр зорилгоор бэлтгэж, тээвэрлэсэн хуш модны самар нь гэмт хэргийн халдлагын зүйлд хамаарч байна.
Тухайлбал, тус хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Экологийн шинжилгээний газрын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2908 дугаартай шинжээчийн дүгнэлтээр шинжилгээнд хүргүүлсэн ургамлын дээжийг Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du tour-ны цайруулсан самар болохыг тогтоож, Сибирь нарс нь Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамалд хамаарах талаар дүгнэсэн байдаг.
2. Хууль зүйн дүгнэлт:
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/914 дугаартай цагаатгах тогтоолоор яллагдагч Г.У, Э.А, П.О нарт холбогдох 2206047701421 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэн” гэж тус гэмт хэргийн халдлагын зүйлийг “Нэн ховор ургамал”, “Нэн ховор ургамлын үр”, “Нэн ховор ургамлын эрхтэн”, “Ховор ургамал”, “Ховор ургамлын үр”, “Ховор ургамлын эрхтэн” гэж тус тус хамааруулан авч үзсэн байхад, анхан шатны шүүхээс тус хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, ховор ургамлын жагсаалтад багтсан, ойн дагалт баялаг болох Хуш модны самрыг гэмт хэргийн халдлагын зүйлд дангаараа хамаарахгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/914 дугаартай цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичлээ” гэжээ.
Прокурор Б.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Прокуророос Г.У, Э.А, П.О нарыг бүлэглэн “2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 16-ны өдрийн хугацаанд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянголын ам гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үр болох 170.3 кг хуш модны самрыг бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12 дахь хэсэгт “Ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг хэлнэ гэж тодорхойлжээ. ...170.3 кг буюу журамд заасан хэмжээнээс хэтрүүлэн, журамд заасан эрхийн бичиг авалгүйгээр, хориглосон бүсээс ахуйн хэрэгцээндээ хэрэглэх, худалдаж мөнгө олох зорилгоор түүж бэлтгэсэн үйлдэл нь зөрчлийн шинжийг агуулж байна. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэн” гэдэг ойлголтод хуш модны самар дангаараа хамаарахгүй, хуш мод, түүний үр эрхтэн самрынхаа хамт цогцоороо буюу нэгэн зүйл ургамал болохынхоо хувьд энэ гэмт хэргийн халдлагын зүйл болно. ...Хуш модны самар нь Байгалийн ургамлын тухай хуульд заасан “ховор ургамал, түүний үр” боловч үүнтэй холбоотой Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд заасан зохицуулалт, шинж нь давхардсан, хэрэглэхэд эргэлзээтэй байна. Харин Ойн тухай хуульд зааснаар хуш модны самар нь “Ойн дагалт баялаг” мөн тул энэ харилцааг зохицуулсан Ойн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан тушаал, журам зэргийг хэрэглэн хууль зүйн дүгнэлт хийлээ. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн а/ зохих зөвшөөрөлгүйгээр, б/ ховор ургамлын үрийг, в/ бэлтгэсэн, г/ тээвэрлэсэн” гэх шинжийг хангасан гэж үзэж Г.У, Э.А, П.О нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Г.У, Э.А, П.О нарыг цагаатгахаар шийдвэрлэв” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол ...” гэж,
Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйл /Байгалийн ургамлын тухай хууль зөрчих/-ийн 1 дэх хэсэг/зохих зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд заасан хугацаа, хэмжээ, ургамал түүж бэлтгэх журам зөрчиж/-ийн 1.1 дэх заалтад “байгалийн ховор ургамлыг ахуйн хэрэгцээнд;” гэж,
мөн хэсгийн 1.2 заалтад “... түүсэн, бэлтгэсэн, худалдсан бол ...” гэж тус тус заажээ.
“Байгаль орчныг хамгаалах тухай хууль” болон ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан “Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т “Ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан дараах байдлаар ангилна: үүнд нэн ховор, ховор, элбэг гэж ангилна., 4-т “ховор ургамал”-д байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац нөөц багатай, устаж болзошгүй ургамлыг хамааруулан ойлгоно. Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална.” гэж заасан байна.
Г.У, Э.А, П.О нарын машинд тээвэрлэж явсан 170.3 кг хуш модны самрыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2908 дугаартай дүгнэлтээр “...Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour-ны цайруулсан самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу үр байна...” /хх 49/ гэж дүгнэжээ.
Самар /үр/ нь Сибирь Хуш-Сибирь Хуш-Pinus sibirica Du Tour-ны үржлийн эрхтэн байдаг байх ба Сибирь Хуш (Pinus sibirica Du Tour)-ны үр /самар/ нь Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар “Ховор ургамлын жагсаалт”-д орсон байна.
Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлд “Байгалийн ургамлын тухай хууль зөрчих”-д хариуцлага хүлээлгэхээр заасан ба тус зүйлийн 1 дэх хэсэгт “зохих зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд заасан хугацаа, хэмжээ, ургамал түүж бэлтгэх журам зөрчиж гэж, мөн хэсгийн 1.1 дэх заалтад “байгалийн ховор ургамлыг ахуйн хэрэгцээнд” гэж зааснаас үзэхэд байгалийн ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрлийг зөрчиж ахуйн хэрэгцээнд түүж бэлтгэсэн үйлдэл хамаарахаар байна.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлын үр түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр заасан нь дээрх Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан зохицуулалттай давхардсан гэж үзэхгүй.
Иймд улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/914 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Г.У, Э.А, П.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР