Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/02311

 

 

Г Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/03006 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Зд холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 7 947 601 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хуралдаанд тайлбартаа: Н.З нь Г Б ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 4 500 000 төгрөгийг жилийн 27.60 хувийн хүүтэй 18 сарын хугацаатайгаар зээлсэн. Уг зээлийг төлөх хугацаа нь 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр дууссан боловч Н.З нь зээлийг төлөхгүй. Иймд үндсэн зээл 3 044 995 төгрөг, үндсэн хүү 4 133 613 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 768 992 төгрөг, нийт 7 947 601 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Г Б ХХК-аас 4 500 000 төгрөгийн цалингийн зээлийн найзынхаа гуйлтаар авч өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэл мөнгө авч өгсөн хүнээ олохгүй өдий хүрсэн. Миний бие 2015 оноос хойш элэгний хавдар оноштойгоор хяналтад байгаа. Цаашид байнгын эмчилгээ хийлгэх шаардлагатай. Удахгүй хагалгаанд орох гэж байгаа учир үндсэн зээлээ хувааж төлнө. Өөр мөнгийг төлөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 77 дугаар зүйлийн 77.1, 82 дугаар зүйлийн 82.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Згаас зээлийн гэрээний үүрэг нийт 7 947 601 төгрөг 51 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэгч Г Б ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142 111 төгрөг 60 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Н.З нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үндсэн зээлийг хувааж төлнө, өөр мөнгийг төлөх боломжгүй гэсэн. Өөрөөр хэлбэл, үндсэн зээл 4 500 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй гэж заасан байна. Гэтэл анхан шатны шүүх талуудын мараагүй зүйл болох хөөн хэлэлцэх хугацааг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд шийдвэр тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Голом банк ХХК нь хариуцагч Н.Зд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3 044 995 төгрөг, зээлийн хүү 4 133 613 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 768 992 төгрөг, нийт 7 947 601 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч Г Б ХХК нь зээлдэгч Н.Зд 4 500 000 төгрөгийг жилийн 27.60 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлэх, зээлдэгч нь төлбөрийг гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсноос үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. /хх-10-13/

 

Нэхэмжлэгч Г Б ХХК зээлийн гэрээний дагуу 4 500 000 төгрөгийг хариуцагч Н.Зд шилжүүлэн өгсөн болон зээлдэгч зээлийн төлбөрөөс үндсэн зээл 3 044 995 төгрөг, зээлийн хүү 4 133 613 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 768 992 төгрөг, нийт 7 947 601 төгрөг төлөөгүй талаар зохигчид маргаагүй.

 

Зээлийн гэрээний 2.1.2-т Зээлийн хугацаа 18 сар гэж талууд тохиролцжээ. Иймээс зээлдэгч нь үндсэн зээл болон зээлийн хүүг 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд зээлдүүлэгчид буцаан төлөх үүргийг хүлээсэн байна.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан тул 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс шаардах эрхийн хугацааг тооллох нь зүйтэй. Мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зааснаар дүгнэхэд зээлдүүлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр дуусгавар болсон байна. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Н.З 4 500 000 төгрөгийн цалингийн зээлийг найздаа авч өгсөн бөгөөд тухайн хүнээ олохгүй өдий хүрсэн. 2015 оноос хойш элэгний хавдар оноштойгоор эмчийн хяналтад байгаа, удахгүй хагалгаанд орох гэж байгаа учир үндсэн зээлээ хувааж төлнө, өөр мөнгө төлөх боломжгүй гэсэн тайлбарыг үндэслэл болгож шүүх талуудын маргаагүй зүйл болох хөөн хэлэлцэх хугацааг үндэслэл болгосон нь буруу, үүрэг гүйцэтгэгч үүргээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа дуусан эсэх нь ач холбогдолгүй гэж гомдолд дурджээ. Хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс хойш иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбарыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхгүй.

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 77 дугаар зүйлийн 77.1, 82 дугаар зүйлийн 82.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Згаас зээлийн гэрээний үүрэг нийт 7 947 601 төгрөг 51 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэгч Г Б ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/03006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 142 111 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Д.БАЙГАЛМАА