Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/903

 

      

 

 

   2023             9             05                                         2023/ДШМ/903

Д.Гд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганхөлөг,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/428 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүхийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Гд холбогдох 2202001320196 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.Г, 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч ажилтай, ам бүл 0, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, 0 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:00000000/;

Д.Г нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 19 дүгээр хорооны хэсгийн байцаагчаар ажиллаж байхдаа 2021 оны 02 дугаар сарын 19-25-ны өдрийн хугацаанд иргэн Т.Уоос гаргасан гомдлыг хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа ач холбогдол бүхий хохирогч Т.Уын мэдүүлэг, Б.Уийн гараар бичиж өгсөн тайлбар зэргийг устгасан, хохирогч Т.Уын мэдүүлгийн эх сурвалжийг өөрчлөж, мөн шинээр насанд хүрээгүй гэрч Б.Уийн мэдүүлэг, холбогдогч Т.Уын мэдүүлэг, Т.Ут шийтгэл оногдуулсан зөрчлийн шийтгэвэр зэргийг хуурамчаар үйлдэж, насанд хүрээгүй гэрч Б.У, насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэгт оролцсон нийгмийн ажилтан Т.Ө, Т.Уын хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, 1225870 дугаартай шийтгэлийн хуудас зэрэг хуурамч гарын үсэг бүхий хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт,

мөн Т.Уоос 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Д.Эт холбогдуулан гаргасан “Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл”-ийг хүлээн авч 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа бүртгэлийн 1161 дугаартай зөрчлийн материалд нотлох баримтыг хуурамчаар үйлдэн Т.Уыг Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50,000 төгрөгөөр торгосон баримтыг бүрдүүлж, Д.Эт Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар холбогдуулан шалгаж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шийтгэл оногдуулах асуудлыг шүүхээр шйидвэрлүүлэлгүйгээр Т.У худал дуудлага мэдээлэл өгсөн мэтээр шийтгэлээс чөлөөлөх нөхцөл байдлыг үүсгэж, давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Д.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэнийг гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Гг хууль сахиулагч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, хуурамчаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гг 6000 нэгж буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Гг торгуулийн ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргалаа.

Товч тайлбарлавал, Д.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21, 22 дугаар бүлэгт заасан хоёр гэмт хэрэгт холбогдсон. Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтууд нь холбогдсон хоёр гэмт хэрэгт аль алинд нь хамааралтай бөгөөд буруутгах үндэслэлийг бүхэлд нь үгүйсгэж байхад шүүхээс нэг гэмт хэргийн үйлдэл холбогдлыг эргэлзээ үүссэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь өрөөсгөл шийдвэр боллоо. Д.Г санаатай хоёр гэмт хэрэг үйлдсэнийг прокурор хангалттай нотолж чадаагүй бөгөөд шүүгдэгчийн гэмт буруутай эсэхэд үүссэн эргэлзээ нь холбогдсон бүх гэмт хэрэгт хамаарч байгааг шүүх буруу дүгнэж орхигдуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэнгүй. Тодруулж хэлбэл, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг буюу 4, 5 дугаар талд албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий боловч мөрдөн байцаалтаар тогтоож чадаагүй гэж үзсэн хэргийн үйл баримт нь нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэгтэй салшгүй холбоотой, тусад нь авч үзэх боломжгүйг анхаарч зөв шийдвэрлээгүй байна. Шүүхийн дүгнэлтэд ... хууль сахиулагч Д.Г нь гэрч Д.Эын гуйлтаар түүнд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давуу байдал олгосон, эсхүл гэрч Т.Уын зөвшөөрснөөр мэдүүлгийг өөрчилж бусад зөрчлийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг өөрчлөх, хуурамчаар үйлдсэн үү, эсхүл анхнаасаа гэрч Д.Эын зөрчлийн шинжгүй үйлдэл буюу худал дуудлага хүлээн авсан уу зэрэг аль үйл баримт болсон нь эргэлзээтэй гэж зөв үндэслэлтэй дүгнэсэн атлаа зарим хэрэгт гэм буруутай гэж үзэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд гомдолтой. Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэх замаар үнэлж, нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд сая Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Прокурор Г.Ганхөлөг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “2021 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Т.Уоос цагдаагийн байгууллагад гэмт хэргийн талаарх гомдол гаргасан. Үүнтэй холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах хугацаанд Т.Уын хохирогчоор 2 удаагийн мэдүүлэг, зөрчилд холбогдогчоор мэдүүлэг, насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Уг зөрчлийг худал мэдүүлэг өгснөөр 50.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан. Тухайн зөрчлийн материалыг баталгаажуулан прокурорт явуулсан байдаг. Гэвч Т.Уын өгсөн мэдүүлэг, шийтгэлийн хуудас дахь гарын үсэг, тэмдэглэл дэх гарын үсэг, насанд хүрээгүй гэрч Б.Уийн гарын үсэг, Т.Өийн гарын үсэг зэрэг нь шинжээчийн дүгнэлтээр тохирохгүй болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.Г “Т.Уын гарын үсгийг би өөрөө харж зуруулсан, харин Б.У, Т.Ө нарын гарын үсгийг зуруулснаа санахгүй байна” гэдэг. Мөн “шийтгэлийн хуудас дахь гарын үсгийн хувьд тухайн үед ковидын нөхцөл байдал байсан учраас Т.У биш би өөрөө гарын үсэг зурсан юм” гэх байдлаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлдэг. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.У, Т.Ө нарын мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлт дэх үйл баримттай бүрэн тогтоогддог. Ийм учраас тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан Д.Г нь нотлох баримтуудыг хуурамчаар үйлдэж байсан болох нь нотлох баримтаар бүрэн тогтоогддог. Иймд өмгөөлөгчийн гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Д.Г нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 19 дүгээр хорооны хэсгийн байцаагчаар ажиллаж байхдаа 2021 оны 02 дугаар сарын 19-нөөс 25-ны өдрийн хугацаанд иргэн Т.Уоос гаргасан гомдлыг хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа ач холбогдол бүхий хохирогч Т.Уын мэдүүлэг, Б.Уийн гараар бичиж өгсөн тайлбар зэргийг устгасан, хохирогч Т.Уын мэдүүлгийн эх сурвалжийг өөрчилж, мөн шинээр насанд хүрээгүй гэрч Б.Уийн мэдүүлэг, холбогдогч Т.Уын мэдүүлэг, Т.Ут шийтгэл оногдуулсан зөрчлийн шийтгэвэр зэргийг хуурамчаар үйлдэж, насанд хүрээгүй гэрч Б.У, насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэгт оролцсон нийгмийн ажилтан Т.Өнөрчимэг, Т.Уын хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, 1225870 дугаартай шийтгэлийн хуудас зэрэг хуурамч гарын үсэг бүхий хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Т.Уын “...2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа М.Хүдэрбаатар нь тайлбар мэдүүлэг авахдаа надад 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн шалгаж шийдвэрлэсэн “Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хэргийн материал”, Хан-уул дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн “Зөрчлийн тухай гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзсан тухай” материалуудыг үзүүлж, дээрх материалд зурагдсан гарын үсэг таны гарын үсэг мөн үү гэж үзүүлсэн. Тэгээд би дээрх 2 материалд авагдсан гарын үсгийг харахад миний гарын үсэг биш байсны дээр миний өгсөн мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн буюу үйл баримтыг өөрөөр тэмдэглэн гарын үсгийг дуурайлган зурсан байсан юм. Мөн дээр нь намайг 50.000 төгрөгөөр торгосон торгуулийн баримт үйлдсэн байсан. Би ямар нэг торгуулийн арга хэмжээ цагдаагийн байгууллагаас авхуулаагүй бөгөөд түүн дээрх гарын үсгийг мөн хуурамчаар зурсан байсан. ...” /1хх 49-50/,

насанд хүрээгүй гэрч Б.Уийн “...Дээрх гарын үсэглэлүүд нь бүгд миний гарын үсэг биш байна. Би ярьсан зүйлээс огт өөрөөр буюу Э ахыг агсан согтуу тавиагүй мэтээр бичсэн байна. Ерөөсөө ийм зүйл цагдаагийн байгууллагад мэдүүлээгүй юм. Дээр нь надаас насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг аваагүй бөгөөд би бичгийн А4 цаасан дээр урд, ар талыг дуустал нь болсон асуудлыг нь бичиж өгсөн юм. ...” /1хх 53/,

гэрч Б.Өын “...гэрчийн мэдүүлэгт зурагдсан нийгмийн ажилтан Б.Ө гэдэг урд талд зурагдсан гарын үсэглэл нь миний гарын үсэглэл биш байна. Яагаад миний гарын үсгийг уг мэдүүлэгт зурсныг мэдэхгүй байна. ...” /2хх 20/,

гэрч Г.Цын “...надад гарын үсгийн талаар хэлэхдээ “чи гарын үсгийг зурсан байна лээ” гэж хэлсэн. Би тэгэхээр нь гайхаад яагаад гэхэд Д.Г нь би Эрүүгийн хуулийг өмгөөлөгчийн хамтаар судалж үзсэн. Хэрвээ уг хэргийг шалгаж байгаа албан тушаалтан биш өөр хүн гарын үсэг зурсан байх юм бол гэмт хэргийн субьект болохгүй, мөн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх юм билээ, хариуцлага хүлээхгүй гэж хэлсэн. Тэгтэл өнөөдөр өмгөөлөгчөөр намайг гэмт хэрэг үйлдсэн мэтээр дамжуулан бичиж өгсөн байна. Би Д.Г ахмадыг арай ийм зүйл хийнэ гэж бодоогүй явсан юм. Би энэ зүйлийг сонсоод маш их гайхаж байна. Би ямар учраас, ямар ашиг сонирхлын үүднээс цагдаагийн ахмад Д.Ггийн материалд гарын үсэг зурах вэ дээ, ойлгохгүй байна. ...” /2хх 224/,

Г.Ц, Д.Г нарыг нүүрэлдүүлж авсан “... Яллагдагч Д.Г: “Г.Цын хувьд гэрчийн мэдүүлгийг өөрчлөх боломж байхгүй. Яагаад гэхээр би материалыг өөрөө шалгаж байсан учраас боломжгүй. Харин материалыг тухайн үед ковидын үе байсан болохоор Г.Ц бид хоёрын хэн нь ч прокурорт өгсөн байж магадгүй юм. Миний хувьд өмгөөлөгч нартаа би хэлэхдээ тухайн зөрчлийн материалыг би шалгаад хохирогч, насанд хүрээгүй гэрч нараас мэдүүлэг аваад гарын үсгийг зуруулаагүй прокурорын хяналтад хүргүүлэх явцад цагдаа Г.Ц гарын үсэг зурагдаагүй зөрчлийг арилгах гээд гарын үсгийг зурсан байх гэж хэлсэн юм. Учир нь анх дээрх зөрчлийн асуудал шалгагдаж эхлэх үед материалыг архиваас аваад Г.Цын хамт тасгийн даргын өрөөнд хувилж байхад Г.Ц надад хандаж би Т.Уын гарын үсэг зурагдаагүй байхад нь зурсан байх гэж хэлж байсан юм”; Гэрч Г.Ц: “Би тийм зүйл ярьсан эсэхээ мэдэхгүй байна, тийм зүйл яриагүй. Дээр нь намайг прокурорт материал өгсөн гэдэг нь эргэлзээтэй байна. Намайг дахин ингэж гүтгэх шинжтэй үйлдэл хийх юм бол би гомдлоо гаргаад шалгуулах болно”; Яллагдагч Д.Г: “...тиймээ би 2022 оны 7 дугаар сард Г.Цтой уулзсан. Миний өмгөөлөгч надад хэлэхдээ хэрэв мэдүүлэг дээр гарын үсэг зурагдаагүй байхад гарын үсгийг нөхөж зурсан бол гэмт хэрэг болохгүй гэснийг би Г.Цд дамжуулж хэлсэн юм.” /3хх 87-88/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 1165 дугаар “...Шинжилгээнд хүргүүлсэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн гомдол мэдээллийн 1161 дугаарт бүртгэгдсэн зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 16 хуудас материалын: “3-4 дүгээр хуудас дахь 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн “Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл”-ийн “Т.У” гэсний урд зурсан шинжилж буй гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Т.Уын гэх бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй байна. 11-13 дугаар хуудас дахь 2021 оны 2 цугаар сарын 22-ны өдрийн “хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл”-ийн 1 дүгээр нүүрний доод болон Т.У гэсний урд зурсан шинжилж буй гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Т.Уын гэх бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй байна. 14 дүгээр хуудсанд үдсэн 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн №1225870 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ны “холбогдогч” гэсэн хэсэгт “Т.У” гэсний урд зурсан шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Т.Уын гэх бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй байна. 15 дугаар хуудсан дахь 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”-ийн доод хэсэгт “Т.У” гэсний урд зурсан шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Т.Уын гэх бичгийн овгийн загваруудтай тохирохгүй байна. ...Шинжилгээнд ирүүлсэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн гомдол мэдээллийн 1161 дугаарт бүртгэгдсэн зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 16 хуудас материалын: 3-4 дүгээр хуудас дахь 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн “Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл”-ийн “Т.У” гэсний урд зурсан шинжилж буй гарын үсгүүд нь шинжилгээнд харцуулах загвараар ирүүлсэн Т.Уын гэх бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй байна. 8-10 дугаар хуудсан дахь 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн “Насанд хүрээгүй гэрчээс тайлбар авсан тэмдэглэл”-ийн “Б.У” гэсний урд зурсан шинжилж буй гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Б.Уийн гэх гарын үсэг, бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй байна. ...” /1хх 70-78/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 3603 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хэргийн материал, Гомдол, мэдээллийн бүртгэлийн дугаар 1161, “...материалын 8-10 дугаар хуудаст байх 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Насанд хүрээгүй гэрчээс тайлбар, мэдүүлэг авсан тэмдэглэл” гэсэн 3 хуудас баримтын 1 дүгээр хуудас буюу 8 гэж дугаарлагдсан хуудасны дунд хэсэгт “Нийгмийн ажилтан” гэсний ард “Б.Ө” гэсний урд байх гарын үсэг болон 3 дугаар хуудас буюу 10 гэж дугаарласан хуудасны дээд хэсэгт “Байлцсан: Хууль ёсны төлөөлөгч” гэсний ард “Б.Ө” гэсний урд байх гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Б.Өын гэх гарын үсгийн чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна...” /3хх 52-55/ гэсэн дүгнэлтүүд,

Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн 1161 дугаартай зөрчлийн материалууд /1хх 120-137/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Д.Гг хууль сахиулагч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, хуурамчаар үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүгдэгч Д.Ггийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хохирогч Т.Уын мэдүүлэг, Б.Уийн гараар бичиж өгсөн тайлбар зэргийг устгасан, хохирогч Т.Уын мэдүүлгийн эх сурвалжийг өөрчилж, мөн шинээр насанд хүрээгүй гэрч Б.Уийн мэдүүлэг, холбогдогч Т.Уын мэдүүлэг, Т.Ут шийтгэл оногдуулсан зөрчлийн шийтгэвэр зэргийг хуурамчаар үйлдэж, насанд хүрээгүй гэрч Б.У, насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэгт оролцсон нийгмийн ажилтан Т.Ө, Т.Уын хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, 1225870 дугаартай шийтгэлийн хуудас зэрэг нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гг 6.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх агуулгад нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Д.Ггийн өмгөөлөгч З.Хүрэлсүх “...Анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, ...мөрдөн байцаалтаар тогтоож чадаагүй гэж үзсэн хэргийн үйл баримт нь нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэгтэй салшгүй холбоотой, тусад нь авч үзэх боломжгүй, ...эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарал, талуудын тайлбар, мэдүүлэг, мэтгэлцээнд тулгуурлан болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтоох ажиллагаа явуулсны эцэст шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн, эсхүл түүний үйлдэл гэмт хэргийн шинжийг агуулсан гэж бүрэн дүүрэн үнэлэлт, дүгнэлт өгч чадахгүйд хүрвэл үүнийг үндэслэл бүхий эргэлзээнд тооцох ба ашигтайгаар шийдвэрлэх үндэслэл болно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэл, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлэх, эх сурвалжийг магадлах аргаар нягтлан шалгаж, тал бүрээс нь бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч Д.Гг хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдсэн үйл баримтыг хөдөлбөргүй зөв тогтоосон бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх, улмаар шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Д.Ггийн гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүхийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субъектийг нийтийн албан тушаалтан байхаар хуульчилсан бөгөөд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлж өөртөө, эсхүл бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Гэмт санаа нь хуулиар хүлээсэн чиг үүргээ урвуулан ашиглаж давуу байдал олж авах гэсэн зорилгод үндэслэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Анхан шатны шүүхээс “... хууль сахиулагч Д.Г нь гэрч Д.Эын гуйлтаар түүнд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давуу байдал олгосон, эсхүл гэрч Т.Уын зөвшөөрснөөр мэдүүлгийг өөрчилж бусад зөрчлийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг өөрчлөх, хуурамчаар үйлдсэн үү, эсхүл анхнаасаа гэрч Д.Эын зөрчлийн шинжгүй үйлдэл буюу худал дуудлага хүлээн авсан уу зэрэг аль үйл баримт болсон нь эргэлзээтэй, ...Д.Г нь хууль сахиулагчаар ажиллаж байхдаа гэрч Д.Эт холбогдох зөрчлийн шинжтэй хэргийг шалгахдаа хээл хахууль авч шийдвэрлэсэн, эсхүл хэн нэг дээд албан тушаалтны даалгавар, гуйлтаар шийдвэрлэсэн гэх үйл явдал болсон эсэхийг мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаагаар шалгасан боловч хөдөлбөргүй нотлон тогтоосон баримт хэрэгт авагдаагүй, авагдсан бичгийн нотлох баримтууд нь эргэлзээтэй, ... гэрч Д.Эын холбогдсон зөрчлийн хэрэг нь улсын яллагчийн яллах дүгнэлтэд бичигдсэн шиг зайлшгүй шүүхээр шийдвэрлүүлэх үйл баримт болох байсныг одоо шүүх дүгнэх боломжгүй юм...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Гд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Тухайлбал, Д.Эыг зөрчлийн шинжтэй үйлдэл хийснийг нотолж тогтоосон нотлох баримт байхгүй, зөрчлийн хэрэг гэж үзэх үйл баримт тодорхой биш байхын зэрэгцээ Д.Г нь нотлох баримт устгах, хуурамчаар үйлдэх үйлдэл хийхдээ санаа сэдлийн хувьд Д.Эт давуу байдал олгох зорилготой байсныг нотолж тогтоогоогүй байна.   

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/428 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР