Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 318/ШШ2025/00106

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч   ... аймгийн ... сумын ... дугаар багийн ... тоотод оршин суух, А ургийн овогт П-гийн Б (РД: ....)-н

“Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд 1983 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч П.Б;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч П.Б “Миний бие 1968 оны 01 дүгээр сарын 25-нд төрсөн. Би 1976 онд Завхан сумын бага сургуульд элсэн суралцаж 4 дүгээр анги төгсөөд сургуулиас гарч эцэг, эхийн хамт мал маллаж амьдрах болсон. Улмаар 1983 оны 01 дүгээр сараас Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд элсэж бог мал маллаж эхэлсэн ба 1990 оны хавар нэгдэл тарах хүртэл тухайн нэгдэлдээ малчнаар ажилласан. Миний тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр нэгдлийн тоо бүртгэгчид байж байгаад устаж алга болсон. Мөн тус нэгдэлд ажилд орсон, гарсан тушаал мөн олдохгүй байна. Би Завхан сумын Сандалай нэгдэлд 1983 онд ажиллаж байсан баримт материал олдохгүй, ажилласан жилээ тооцуулж чадахгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний нэхэмжлэлд хавсаргасан баримтыг үндэслэн намайг Завхан сумын Сандалай нэгдэлд 1983 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарын дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэх хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч П.Б: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаартай цалингийн тодорхойлолт, тус архивын тасгаас гаргаж өгсөн “хоньчин Бн цалингийн хүснэгт”-ийн хуулбар, гэрч Ц.Гий иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Б.Бийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч Б.Бийг 1986 оноос 1990 оныг хүртэл Сандалай нэгдэлд малчнаар ажилласныг тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 246 дугаартай шийдвэр зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ц.Г, Б.Б нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулан мэдүүлэг авч, шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагч П.Бн ХААТР-1 маягтын хуулбар, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасагт хадгалагдаж байгаа “Завхан сум 1983” гэх Сандалай нэгдлийн цалингийн хүснэгтүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, Пээ Бн 1983 оны цалингийн хүснэгт зэргийг бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч П.Бн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.  

2. Хүсэлт гаргагч П.Б Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд 1983 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг тус тус баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч П.Б нь Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд 1983 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

1976 онд Завхан сумын бага сургуульд элсэн суралцаж 4 дүгээр анги төгсөөд сургуулиас гарч эцэг, эхийн хамт мал маллаж амьдрах болсон. Улмаар 1983 оны 01 дүгээр сараас Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд элсэж бог мал маллаж эхэлсэн ба 1990 оны хавар нэгдэл тарах хүртэл тухайн нэгдэлдээ малчнаар ажилласан.

Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр нэгдлийн тоо бүртгэгчид байж байгаад устаж алга болсон. Мөн тус нэгдэлд ажилд орсон, гарсан тушаал мөн олдохгүй байна. Би Завхан сумын Сандалай нэгдэлд 1983 онд ажиллаж байсан баримт материал олдохгүй, ажилласан жилээ тооцуулж чадахгүй байгаа тул дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоолгож, өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах хугацаанд тооцуулах хүсэлтэй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасагт хадгалагдаж байгаа “Завхан сум 1983” гэх Сандалай нэгдлийн цалингийн хүснэгтүүдэд үзлэг хийхэд П Б гэх цалингийн хүснэгт гарч ирснийг хуулбарлан авсан.

Тус хүснэгтээс үзвэл П.Б нь Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдлээс 1983 оны 01-06 дугаар саруудад сар бүр 49.37 төгрөгийн, 07-08 дугаар саруудад сар бүр 684 төгрөгийн, 09-10 дугаар саруудад сар бүр 187 төгрөгийн, 11-12 дугаар саруудад сар бүр 950 төгрөгийн цалин хөлс авч байсан нь тогтоогдож байна.

4.2. Мөн гэрч Ц.Г, Б.Б нар хүсэлт гаргагч П.Бн сэргээн тогтоолгохыг хүссэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болсон цаг хугацаанд буюу 1983 онд Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд ажиллаж байсан талаар мэдүүлсэн байна.

Тодруулбал гэрч Ц.Гий “...Би Завхан суманд багийн дарга, тоо бүртгэгчээр ажиллаж байсан тул П.Бг сайн танина. ...П.Б нь 1983 оноос цалин хөлстэй ажиллаж эхэлсэн, түүнээс өмнө аав ээжтэйгээ мал маллаж байсан” гэх мэдүүлэг;

- Гэрч Б.Бийн “...П.Б бид хоёр Сандалай нэгдэлд мал маллаж байсан учир танина. ...П.Б 1983 оноос мал маллаж байсан” гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан П.Бн цалингийн хүснэгтээр давхар нотлогдож байх тул үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Иймд П.Бг 1983 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд малчнаар ажилласан гэж дүгнэв.

5. Хүсэлт гаргагч П.Б-н хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70’200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг тус тус баримтлан А ургийн овогт П-гийн Б (РД: ...)-г 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч П.Б-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70’200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.МӨНХЗАЯА