| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2018/0025/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/037 |
| Огноо | 2018-01-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2018/ШЦТ/037
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч В. Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга Э. Оюунтөгс,
Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1714003010007 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол , Д.Э
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч . Д.Э нь2017 оны 11 дүгээр сарын 24-нөөс 2017 оны 11 дүгээр сарын 25-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Номгон” 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Оргил” бааранд Б.Гийг зодож бие эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2017 оны 11 дүгээр сарын 24-ний шөнийн 23 цагийн үед байх би найздаа гар утсыг нь өгөх гээд Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах “Оргил" бааранд орсон чинь манай найз байгаагүй бөгөөд түүний хайгаад 00-н өрөө рүү орсон чинь бас байхгүй байсан. Тэгээд 00-н өрөөнөөс гараад ирсэн чинь Б.Гтэй таарсан бөгөөд тэрээр ганцаараа нилээн согтчихсон намайг барьж аваад “хоёулаа нэг зодолдоодох уу” гээд хэрүүл гуйхаар нь би түүнийг түлхээд салгасан чинь тэрээр шалан дээр уначихаад босож өшиглөөд авахаар нь би түүний нүүрлүү гараараа нэг удаа цохьсон чинь тэрээр бас шалан дээр унасан. Тэгтэл түүнийг найз бололтой нэг залуу ирсэн би шууд гараад явсан. Түүнээс хойш Б.Гтэй уулзаагүй. Би Б.Гийг эхлээд нэг удаа цээжрүү түлхсэн чинь тэрээр шалан дээр унасан. Тэгээд босож ирээд намайг өшиглөөд авахаар нь би түүний нүүрэн тус газар нь зүүн гараараа цохьсон. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Би түүнийг цохьсоныхоо дараа нүүр амыг нь ажиглаж хараагүй .Намайг Б.Гийг цохих үед дэргэд ямар нэгэн хүн байгаагүй. Харин бүжгийн талбай дээр хэдэн хүмүүс бүжиглэж байгаа харагдаж байсан. Тэдгээр хүмүүс хэн гэдэг, ямар хүмүүс байсаныг би мэдэхгүй. Б.Гийг цохичихоод гарах үед найз нь бололтой нэг залуу түүн дээр очиж байх шиг харагдсан. Хэн гэдгийг нь мэдэхгүй. Шинжээчийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байна. гаргах санал хүсэлт байхгүй. гэх мэдүүлэг. /хх-ийн 43 - 45 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч Б.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн орой Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Оргил” бааранд найзууд болох Амартүвшин, Уламбаяр нарын хамт орсон. Тийшээ ороод бид гурав нэг шил 0.5 литрийн багтаамжтай архи, 3 шил 0.5 литрийн багтаамжтай шар айраг ууцгаасан. Тэгээд 00 цаг цаг өнгөрч байхад баар хаах гэж байхад би тооцоо хийх гээд тек рүү явж байтал бүжгийн талбай дээр байсан Буба гэх зүс таних залууг би мөрлөөд гарчихсан юм шиг байна лээ. Тэгээд Буба бид хоёр хоорондоо маргалдсан ба Буба миний хамар хэсэг рүү нэг удаа, баруун нүд рүү цохьсон ба хамраа цус гараад би газарт унасан. Тэгээд цаанаас манай найз Амартүвшин ирж намайг босгосон. Тэгээд миний халаасанд байсан хэтэвч байхгүй болсон байсан ба би цагдаа дуудчихаад байж байхад Буба явчихсан байсан. Гэтэл миний хэтэвчийг газарт унасан байхад нь Амартүвшин авсан байсан ба надад өгсөн доторх эд зүйлүүд нь бүрэн бүтэн байсан. Надад ямар нэгэн гомдол санал гэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 /
... Э намайг зодох үед хажууд хүн байгаагүй. Харин зайдуу баарны бүжгийн талбай дээр хүмүүс бүжиглээд байх шиг байсан. Ямар хүмүүс бүжиглэж байсаныг мэдэхгүй. Д.Э намайг зодчихоод явсаны дараа манай найз Амартүвшин ирсэн. Мөн түүний араас Уламбаяр ирсэн гэж байсан. Миний биеийн байдал зүгээр болсон. Надад Д.Эаас нэхэмжлэх зүйл, гомдол санал гэх зүйл байхгүй. Бид хоёр сайн дураараа эвлэрч гэрээ байгуулсан. Хэргийн шуурхай шийдүүлмээр байна. гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 /,
4. Гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2017 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө 22-23 цагийн үед Б.Г, С.Уламбаяр бид 3 “Оргил” бааранд орсон бөгөөд би ширээн дээр сууж байтал Б.Г баарнаас гарч ороод яваад байсан. Тэгээд би нэг харсан чинь баарны бүжгийн талбайн хажуу талд Б.Г нь шалан дээр уначихсан байхаар нь би очоод босгосон чинь түүний хамраас цус гоожихсон, бас түүний түрийвч нь газар уначихсан байхаар нь аваад Б.Гийг угаалгын өрөөнд оруулаад нүүр гарыг нь угаалгаад яасан талаар асуусан чинь тэрээр “Буба цохьчихлоо” гэж байсан. Тэгээд угаалгын өрөөнөөс гарч ирээд би ширээн дээр сууж байтал Б.Г баарнаас гарахаар нь би араас нь гарсан чинь Цагдаагийн алба хаагч нар ирчихсэн Б.Г “Миний түрийвч алга болчихсон байна” гэхээр нь би “Надад түрийвч чинь байна” гээд өгсөн. Тухайн үед Буба нь яваад өгчихсөн бололтой бааранд байгаагүй. Би Б.Гийг бусдад зодуулж байхыг хараагүй, тэрээр өөрөө хэлэхдээ “Буба намайг цохьчихлоо” гэж байсан. Б.Гийг босгоход түүний хамраас нь цус гарчихсан, уруул нь жоохон хавдчихсан харагдсан. Өөр зүйл мэдэгдээгүй. С.Уламбаяр нь хамт явах нь явсан. Гэхдээ “Оргил” бааранд ороод алга болчихсон байсан бөгөөд би Б.Гийг босгоод угаалгын өрөөнд оруулаад нүүр гарыг нь угааж байхад л орж ирсэн. Тэрээр болсон зүйлийг сайн мэдээгүй.Нэмж хэлэх зүйл байхгүй.гэх мэдүүлэг / хх-ийн 26-27/
5. Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
… Би Б.Г гэх залууг бааранд орж ирдэг болохоор зүс танина. 2017 оны 11 дүгээр сарын 24-ний орой Б.Г нь манай бааранд орж ирээд үйлчлүүлж байсан бөгөөд шөнийн 23 цаг өнгөрч байх үед нэг харсан чинь 00-н өрөөний наад талд бүжгийн талбайн хажууд Б.Г нь дээшээ хараад уначихсан байсан чинь найз нь бололтой нэг залуу ирээд аваад гарсан. Миний хувьд түүнийг хүнд зодуулж цохиулсан талаар нь мэдэхгүй байна. гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/
6. Гэрч П.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Д.Э нь тайван, найрсан зан ааштай, олон найз нөхөдтэй, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй гэж бодогддог. Тэрээр архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглээд байдаггүй. Хааяа баяр ёслолын үеэр найз нөхөдтэйгээ нийлж архи согтууруулах ундааны зүйлийг бага хэмжээгээр хэрэглэдэг. Хэрэглэсэн үедээ тайван дөлгөөн зан ааштай. Д.Э нь багаасаа буюу 1-2 дугаар анги хүртлээ Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд эцэг эхийнхээ асаргаанд байдаг байсан. Тэрээр багадаа сайн хүмүүжилтэй хүухэд байдаг байсан гэж бодож байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг. / хх-ийн 30-31 /,
7. Гэрч Б.Л мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Д.Э нь энгийн гоё зан ааштай, олон найз нөхөдтэй, тэдгээр найзынх нь нэг би байгаа юм. Тэрээр хаа нэгтээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ тайван дөлгөөн зан ааштай, зодоон цохион хийгээд байдаггүй.
.гэх мэдүүлэг / хх-ийн 32-32/,
8. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 648 дугаартай шинжээчийн
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д. Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Д. Эд холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч Д.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Оргил” баранд иргэн Б.Гийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Д.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан ял шийтгэлийг оногдуулав.
Шүүгдэгч Д. Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Эы эзэмшлийн Iphone 6s битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 05 -ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх Iphone 6s гар утасыг эзэмшигч Д. Эд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Д. Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д. Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Өөлд овогт Д.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Өөлд овогт Д.Эыг найман зуун / 800 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган / 800000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар найман зуун / 800 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган / 800000 / төгрөгийг шүүгдэгч Д.Эыг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2, 160.3-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Д. Эы эзэмшлийн “Iphone 6s” битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 05 -ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх “Iphone 6s” гар утасыг эзэмшигч Д. Эд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ