Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/902

 

               2023             9            05                                        2023/ДШМ/902

Э.Жд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Ариунаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

шүүгдэгч Э.Жийн өмгөөлөгч О.Алтанчулуу,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/868 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Жөд холбогдох 2303002400227 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Э.Ж, 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Гранд оч окто” ХХК-д мужааны туслах ажилтай, ам бүл 0, эцэг, эх, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Хайрханы 0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/;

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1070 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан;

Э.Ж нь 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миний дэлгүүр”-ийн баруун замд “Hyundai Sonata” маркын 07-61 УЕЕ улсын дугаартай, бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо харанхуй үед өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүйгээс зам хөндлөн гарч явсан явган зорчигч Э.Баг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Э.Жийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жийг 600,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Ж цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жөөс нийт 1,056,650 төгрөг гаргуулж, хохирогч Э.Бд 287,650 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн банкны 100900020080 тоот дансанд 769,000 төгрөгийг тус тус олгож, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс яллагдагчид оноосон шийтгэл дээр бид маргахгүй. ...Иймд яллагдагчаас сэтгэл санааны хохирол буюу ослын улмаас сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилж байна. Үүнд: Нийгмийн даатгалын сангаас төлөгдсөн эмчилгээний зардал. Бид цаашид ослын улмаас шалтгаалан хагалгаа, эмчилгээний өвчин хүндрэлийг эмчлүүлэх санхүүгийн боломж байхгүй, 287.000 төгрөг. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед болон ар гэрээс үзүүлсэн бодит зардал 1.500.000 төгрөг. Дахин эмнэлэгт хэвтэж хадаас авхуулах, мөн ар гэрээс хоол унаа, протезийн гутал зэрэг эмчилгээ, үйлчилгээний зардал багтсан байх, ойролцоогоор 2.673.000 төгрөг. Мөн эмнэлэгт хэвтэж байгаа үеийн хугацаа, гэртээ асруулж байх үеийн хөдөлмөрийн хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцэх 543.250 төгрөгийг 4 сараар тооцсон болно. Хойшид ослын улмаас ямар өвчин хүндрэл гарах, амьдралын чанар яаж өөрчлөгдөхийг бид мэдэхгүй. Иймд бидний гомдлыг хангаж өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Бгийн өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлын нөхөн төлүүлэх зорилготой байтал энэхүү зорилгод нийцээгүй. Шүүгдэгч нь мөнгө төгрөг өгдөггүй, үйлчлүүлэгч маань гомдолтой байгаа. Иймд хохирол төлбөр нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхиж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Миний үйлчлүүлэгч гэм буруугийн талаар маргаагүй, бодит хохирлыг төлж барагдуулсан, мөн анхан шатны шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн хохирол төлбөрийг өгсөн. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор А.Ариунаа тус шүүх хуралаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан бодит хохирлыг тогтоож, төлүүлэхээр шийдвэрлэсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдолд дурдсан эмчилгээний зардлууд нь баримт нотолгоо байхгүй бөгөөд хохирогчийн мэдүүлэг баримтаар нотлогдох ёстой. Баримтгүй хохирлын мөнгөн дүнг шүүхээс гаргах боломжгүй учир хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Э.Ж нь 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миний дэлгүүр”-ийн баруун замд “Hyundai Sonata” маркын 07-61 УЕЕ улсын дугаартай, бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо харанхуй үед өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүйгээс зам хөндлөн гарч явсан явган зорчигч Э.Бг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Бын “2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр би Яармагт найз нарын хамт 3 том пиво уучихаад салаад гэгээ тасарч байхад автобусанд суугаад унтчихсан байсан. Би Баянхошууны 7 дугаар хорооны буудал дээр буух ёстой байсан юм. Яг хаана бууснаа бол мэдэхгүй байна. Цонхоор харж байгаад л буусан. Хүнээс “Баруун салаа руу яаж явах вэ” гэж зам асуухад “зам гараад нөгөө талаас нь суу гэсэн”. Зам руу ороод явж байхад хурц гэрэл харагдсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй. Нэг мэдэхэд Гэмтлийн эмнэлэгт ухаан орсон. ... Явган хүний гарц байсан ч надаас хол харагдаж байсан. Машины хөдөлгөөн бага байсан болохоор нь шууд явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарсан. Баруун өвдөгний болон шилбэ яс үйрч хугарсан. ...” /хх 18-19/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Бгийн “...Манай охин Э.Б одоо хэвтрийн байдалтай, босож явж чадахгүй байгаа. Баруун хөлийн шилбэний яс нь хугарсан, хадуулсан. Гэмтлийн эмнэлэгт хэвтэн баруун хөлөндөө хагалгаанд орсон. Хохирлын баримтуудаа өгч буруутай этгээдээс нэхэмжилмээр байна. ...” /хх 23/,

иргэний нэхэмжлэгч Д.Гийн “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,540,000 төгрөгийн зардал эмчилгээ үйлчилгээ авсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг Э.Жөөс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...” /хх 26/,

Э.Жийн яллагдагчаар өгсөн “...Би өөрийн гэм буруутай байдлаа хүлээн зөвшөөрч байна. ... тэр хүнийг машиныхаа баруун урд хэсгээр шүргэсэн. ...” /хх 76/ гэсэн мэдүүлгүүд,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан текникийн хяналтын үзлэгийн төвийн “...“Hyundai Sonata 6” загварын 07-61 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. ...Зүүн ойрын их гэрэл ажиллахгүй, урд 2 оврын гэрэл ажиллахгүй, баруун тоормосны гэрэл ажиллахгүй, баруун хойд дохио ажиллахгүй, зүүн хойд оврын гэрэл ажиллахгүй, дугаарын гэрэл зүүн ажиллахгүй, урд гуфер зүүн булан хэсэг бага зэрэг цуурсан, нэмэлт гэрэл байхгүй, зүүн крило урд хэсэг сэвтэй, хойд хоёр крило сэвтэй, хойд гуфер зүүн хэсэг сэвтэй, хойд хоёр хамгаалах бүс байхгүй гэх эвдрэл гэмтлүүд нь ослоос өмнө үүссэн байх гэмтлүүд юм. ... Уг тээврийн хэрэгслийн зүүн талын ойрын гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй байна” /хх 45-46/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 4863 дугаар “...Э.Бын биед баруун шаант ясны дунд 1/3 ташуу зөрүүтэй далд хугарал, баруун доод зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. ... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдоо. ...” /хх 56/ гэсэн дүгнэлтүүд,

Мөрдөгчийн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 566 дугаартай “...Жолооч Э.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. ...” гэсэн магадлагаа /хх 63/,

зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх 4-5/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 6-7/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Э.Жийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүгдэгч Э.Ж нь зүүн ойрын их гэрэл ажиллахгүй, урд 2 оврын гэрэл ажиллахгүй автомашиныг харанхуй үед жолоодохдоо өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүйгээс хохирогч Э.Бг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Жийн автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх агуулгад нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б “...сэтгэл санааны хохирол буюу ослын улмаас сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилж байна. Үүнд: эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед болон ар гэрээс үзүүлсэн бодит зардал 1.500.000 төгрөг, дахин эмнэлэгт хэвтэж хадаас авхуулах, мөн ар гэрээс хоол унаа, протезийн гутал зэрэг эмчилгээ, үйлчилгээний зардал багтсан байх, ойролцоогоор 2.673.000 төгрөг, мөн эмнэлэгт хэвтэж байгаа үеийн хугацаа, гэртээ асруулж байх үеийн хөдөлмөрийн хөлс, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцэх 543.250 төгрөгийг 4 сараар тооцсон болно. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийг зохицуулсан холбогдох зүйл, заалтыг баримталж гэм буруутай этгээдийн бусдад учруулсан хохирлыг төлүүлэх үндэслэл, шалтгааныг бодитой тогтоодог.

Шүүгдэгч Э.Жөөс хохирогч Э.Бд мөрдөн шалгах ажиллагааны шатанд 379.750 төгрөг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 407.900 төгрөг, нийт баримтаар 787.650 төгрөгийг нэхэмжилсэн ба хохирол төлбөрт 500.000 төгрөг төлөгдөж, үлдэх 287.650 төгрөгийг гаргуулах талаар анхан шатны шүүх дүгнэлт хийсэн байх бөгөөд үүнээс өөр гэм хорын хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг хохирогчоос шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Анхан шатны шүүх хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, цаашид хийгдэх эмчилгээний төлбөртэй холбоотой асуудлыг иргэний журмаар жич шийдвэрлүүлэхээр заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана” гэсэн хуулийн зохицуулалтад нийцжээ.

Түүнчлэн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт учирсан 1.538.000 төгрөгийн хохирлоос шүүгдэгчийн зүгээс иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гийн нэхэмжилсэн 1.538.000 төгрөгөөс 769.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр зохих өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/868 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

6 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жөөс нийт 1,056,650 төгрөг гаргуулж, хохирогч Э.Бд 287,650 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд 769,000 төгрөгийг тус тус олгосугай” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жөөс нийт 1,825,650 төгрөг гаргуулж, хохирогч Э.Бд 287,650 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд 1.538.000 төгрөгийг тус тус олгосугай” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Бгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР