Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 59

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2018       02        20                                          59

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч Б.Догмиддорж, шинжээч Б.Ууганбаатар, Ц.Мягмарсүрэн, иргэний  нэхэмжлэгч Г.Г, шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;      

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б.Т-д холбогдох эрүүгийн 1721003170002 дугаартай хэргийг 2018 оны 01 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1989 оны 5 сарын 16-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Шинэ хөгжил сургуульд багш ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Хивсний 9-01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл:, бие эрүүл, /РД:.........../, Х овогт Б.Т

 Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 11 сарын 19-ний өдрийн шөнө 22 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Хивсний шинэ замын уулзварт Nissan bluebird маркийн 14-11 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5, 8 дугаар бүлгийн 8.11, 9 дүгээр бүлгийн 9.3, 10 дугаар бүлгийн 10.1а, 10.6в дэх хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчиж, иргэн Г.Г-ийн жолоодож явсан 69-75 ДОР улсын дугаартай Honda Loga маркийн тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас явган зорчигч Т.Н-д мөргүүлж биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 11 сарын 19-ний орой 22 цаг 30 минутын орчим Дорнод Хэрлэн сумын 10 дугаар багын нутагт өөрийн эзэмшлийн машинаар Хивсний шинэ зам дагуу урдаас хойшоо чиглэлтэй зорчиж явсан хөх өнгийн машины араас дагаад явж байсан. Араас нь дагаж явж байгаад уулзвар дөхөөд ирэхэд тухайн машиныг эргэх дохио өгөхгүй болохоор нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байхад хөх өнгийн машины жолооч гэнэт эргэх дохио өгсөн. Тэгээд гэнэт дохио өгөхөөр нь би осол гаргахгүйн тулд залаад эргэх үйлдэл хийсэн. Тэгээд замын хажуугийн шонгийн ойролцоо бид 2 шүргэлцсэн. Би шууд зогсох үйлдэл хийсэн. Харин нөгөө машины жолооч зогсох үйлдэл хийхгүйгээр 15 гаруй метрийн зайтай байсан явган зорчигчийг очиж мөргөсөн. Уулзварын налуу дээр зогсоход хүүхдүүд уйлаад байхаар нь би машинаа доошоо буулгасан. Би автын шинжээчийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл бүхэл бүтэн хүн мөргөөд гэмтээчихээд байгаа жолоочийг буруутгаагүйг ойлгохгүй байна. Харин хохирогч Н-ын биед учирсан хохирол дээр хэлэх зүйл байхгүй. Би хохирлын хувьд зарим нэг баримтыг үндэслэлгүй байна гэж үзэж байна. Шүүхээс тогтоож өгсөн бодит хохирлыг төлнө. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэв.

Хохирогч Т.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 11 сарын 19-ний өдрийн орой 22 цаг 30 минутын үед хүүхдийн хамт явган хүний замаар урагшаа явж байсан. Такси барих гээд урдаас машин ирж байна уу? гээд хараад явж байтал 2 машин нэлээд зайтай ирж байсан. Гараа өргөөд зогсооно гэж бодоод байж байтал гэнэт хурдтай ирээд явган хүний зам дээр гарч ирээд намайг мөргөсөн. Яагаад дохио өгдөггүй юм бэ? гэхэд нэг жолооч дохио өгсөн гэж хэлсэн. Тоормосоо дарахгүй яаж байгаа юм бэ? гэсэн. Тэгээд нэг мэдэхэд би эмнэлэгт байж байсан. Тэгээд дараа нь Г манай гэрт аавтайгаа ирээд миний тоормос болохгүй байсан гэж хэлж байсан. Осолд орсноосоо хойш би 3 хүүхдийн хамт хот руу эмнэлгийн машин хөлсөлж явсан. Энэ нь эм тарианы зардал юм. Мөрдөн байцаалтад өгсөн баримтууд ороод нийт 3.500.000 төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой байна гэв.

Иргэний нэхэмжлэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 11 сарын 19-ний өдрийн орой 23 цагийн үед урдаас хойшоо чиглэлтэй явж байсан. Би хувиараа таксинд  явдаг юм. Тухайн өдөр  дэлгүүрээс хүн авах гээд явж байсан. Би зүүн гар тийшээ эргэх гээд дохиогоо өгөөд явж байтал гэнэт хажуу талаас мөргөсөн. Би зам дээр байсан 3-н явган зорчигчийг харсан. Б.Т гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд миний машиныг мөргөх үед явган зорчигч нар руу машин чиглэсэн.  Тэр үед тэр гурван хүн сандраад өөр өөр тийшээ бутарсан. Хохирогч настай хүн болохоор сандраад миний урдуур гүйгээд гараад ирсэн. Энэ хүмүүс явган хүнийхээ зам дээр байсан бол би энэ хүнийг хэзээ ч мөргөхгүй байсан. Өөрөө гүйгээд урдуур гараад ирсэн. Би мөргөөд л зогссон. Би эргэх үйлдэл хийх гээд гэрлэн дохио өгсөн байсан. Би өөрийн явж байсан замаар явж байсан. Механик тэрэг болохоор хурдаа бууруулаад явж байсан. Хэргийн газар тод хараар үлдсэн мөр бол Б.Т-ийн машины мөр, тэр их холоос тоормосоо гишгэсэн. Би Б.Т-оос гэм хорын хохиролд 225200 төгрөг нэхэмжилж байна гэв.

Шинжээч Ц.Мягмарсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 11 сарын 28-ны өдөр 48 дугаартай дүгнэлтийг гаргасан. Миний гаргасан энэ дүгнэлтийг бүрэлдэхүүнтэй шинжээч нар бататгасан. Жолооч мэдээлэх тэмдэг харчихаад уулзвар гарц дээр гүйцэж түрүүлсэн нь осол гарах гол шалтгаан юм. Хөдөлгөөний чиг өөрчлөх гэдэг нь огт өөр ойлголт. Нэмж хэлэхэд уулзвар гарц дээр гүйцэж түрүүлсэн үйлдэл чинь осол гарах үндсэн шалтгаан болсон байна. Мөргүүлсэн машин инерцээрээ гулгаад явган зорчигчийг очиж мөргөсөн. Шүүгдэгч Б.Т нь уулзвар гарцан дээр гүйцэж түрүүлж эхний ослыг гаргаагүй байсан бол Г.Г хохирогчийг очиж мөргөхгүй байсан. Энэ нь хамгийн гол асуудал юм гэв.

Шинжээч Б.Ууганбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэгт авагдсан схем зурагт тусгагдсан 26.50 метр тоормосны мөр бол Б.Т-ийн машины мөр юм. Тээврийн хэрэгслийн хурдыг хурд тооцоолох аргачлалын дагуу бодож гаргасан. Осол гарах болсон үндсэн шалтгаан бол зохицуулдаггүй уулзвар дээр гүйцэж түрүүлснээс болсон. Эргэх дохио өгсөн ч бай, өгөөгүй ч байсан уулзвар дээр гүйцэж түрүүлэх нь хориотой. Уулзвар гарц нь үзэгдэх орчин хориотой. Аюул осол хаанаас ч гарч ирэх боломжтой. Явган зорчигч зам дээр такси барихаар зогсож байсан. 2 машин хоорондоо мөргөлдөхийг харчихаад сандраад гүйсэн. Жолооч Г.Г-ийн машин замын хөвөөн дээр гарч ирэхийг хараад явган зорчигч зам руу орж ирсэн. Жолооч Г-ийн машин нь эргэх үйлдэл хийж, зүүн гар тал руу дарж байсан. Шууд шулуун зогсож байхад мөргөсөн бол эвдрэл их гарна. Уг зам нь сүүлд баригдсан шинэ зам гадаргуу нь гөлгөр зам болохоор 15 метр гулгах магадлалтай. Явган зорчигч нь замын зорчих хэсэг дээр байсан гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон. Тоормосны мөр гарахгүйгээр тоормос гишгэж болно. Уг жолооч нь 20-30 км-ийн хурдтай хурдаа хасаад явж байсан бол мөр гарахгүй байх магадлалтай гэв.

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 сарын 15-ны өдрийн 23 тоот дүгнэлтэд: "1.Т.Н-ын биед баруун дунд чөмөгний төвгөр дайрсан далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна” гэжээ. /хх-ийн 51/

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 11 сарын 28-ны өдрийн 48 тоот дүгнэлтэд: "1. Жолооч Б.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5-д заасан ”Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 8 дугаар зүйлийн 8.11-д “Жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна”, мөн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.3-д ”Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 10.6.а-д зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр /баруун гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд/, 10.6.в-д явган хүний гарц дээр гүйцэт түрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыгтус тус зөрчсөн байна. Жолооч Г.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн нь тогтоогдохгүй байна. 2. Явган зорчигч Т.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9.б-д заасан “Аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн байна. 3. Хондо Лого маркийн 69-75 ДОР улсын дугаартай авто машины дугуйн тоормосны мөр хэрэг, ослын газарт илрээгүй байх тул хурдыг тогтоох боломжгүй. Ниссан брюверд маркийн 14-11 ДОР улсын дугаартай авто машины дугуйн тоормосны мөр нь хэрэг, ослын газарт 26, 50 метр илэрснийг тоормосны мөрний уртаар хурдыг тодорхойлох аргын дагуу томёололд оруулан тооцоход 65.4 км хурдтай зорчиж явсан байна./Зам дугуйн барьцалтын итгэлцүүр 0.7, тоормосны идэвхжилийн итгэлцүүр 1.1 тооцоолов/ 4. Цагдаагийн байгууллагын туслах тоо бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас жолооч Б.Т /ЖЗ.........../ дугаараар лавлагааг шүүз үзэхэд /В-........./ жолооны эрхийн үнэмлэх хүчинтэй, жолооч Г.Г /........./ дугаараар лавлагааг шүүз үзэхэд /В-.........../ жолооны эрхийн үнэмлэх хүчинтэй байна. 5.Жолооч Б.Т, Г.Г нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна. 6.Жолооч Б.Т нь тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзлээ. 7. 8. Авто осолд холбогдох Ниссан брюверд маркийн 14-11 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Хондо Лого маркийн 69-75 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Э.Энхтүвшингийн хийсэн үзлэгээр техникийн хувьд бүрэн гэсэн тэмдэглэл зэргээс үзэхэд уг тээврийн хэрэгслүүд нь техникийн хувьд бүрэн байх үндэслэлтэй байна гэжээ. /хх-ийн 55-56/

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэйгээр тогтоосон шинжээчийн 2017 оны 12 сарын 14-ний өдрийн 50 тоот дүгнэлтэд: 1. Жолооч Б.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5-д заасан ”Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 8 дугаар зүйлийн 8.11-д “Жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна”, мөн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.3-д ”Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 10.1.а-д Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцөлүүдийг анх мэдсэн байвал зохино./уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх/, 10.6.в-д зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр /баруун гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн, жолооч Г.Г  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн цагдаагийн ахмад Ц.Мягмарсүрэнгийн гаргасан №48 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Т.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9.б-д заасан “Аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн цагдаагийн ахмад Ц.Мягмарсүрэнгийн гаргасан №48 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 3. Хондо Лого маркийн 69-75 ДОР улсын дугаартай авто машины дугуйн болон тоормосны мөр хэрэг, ослын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, схем зураглалд тэмдэглээгүй байх тул хурдыг тогтоох боломжгүй. Ниссан брюверд маркийн 14-11 ДОР улсын дугаартай авто машины дугуйн тоормосны мөр нь хэрэг, ослын газарт 26, 50 метр илэрснийг тоормосны мөрийн уртаар хурдыг тодорхойлох аргачлалын дагуу томъёололд оруулан тооцоход 65.4 км хурдтай зорчиж явсан гэсэн цагдаагийн ахмад Ц.Мягмарсүрэнгийн гаргасан №48 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Зам дугуйн барьцалтын итгэлцүүр 0.7, тоормосны идэвхжилийн итгэлцүүр 1.1 тооцоолов/. 4. Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвийн жолоочийн цахим сангаас Б.Т /............/ дугаараар лавлагааг авахад /В-................./ жолооны эрхийн үнэмлэх хүчинтэй, жолооч Г.Г/...............3/ дугаараар лавлагааг шүүз үзэхэд /В-............../ жолооны эрхийн үнэмлэх хүчинтэй байна. 5.Жолооч Б.Т, Г.Г нараас авсан гэрчийн мэдүүлэгт аль аль нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна. 6.Жолооч Б.Т-ийн жолоодон явсан Ниссан брюверд маркийн 14-11 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйн тоормосны мөр нь хэрэг, ослын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлд 26, 50 илэрснийг тоормосны мөрийн уртаас хурдыг тодорхойлох аргачлалын дагуу томъёололд оруулан тооцоход 65.4 км хурдтай зорчиж явсан байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу тээврийн хэрэгслийг суурин газарт 60 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 7. Зам тээврийн осолд холбогдсон Ниссан брюверд маркийн 14-11 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Хондо Лого маркийн 69-75 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд 2017 оны 11 сарын 24-ний өдөр замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Э.Энхтүвшингийн хийсэн үзлэгээр техникийн хувьд бүрэн гэсэн тэмдэглэл зэргээс үзэхэд тээврийн хэрэгслүүд нь техникийн хувьд бүрэн байх үндэслэлтэй байна. 8. Жолооч Г.Г-ийн Хондо Лого маркийн 69-75 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормос нь хэвийн ажиллагаатай байсан. Жолоочийг самбаачлах хугацаа гэдэг нь саадыг харсан цэгээс тоормосны дөрөөн дээр гишгэсэн цэг хүртэл зайг хэлнэ гэжээ. /хх-ийн 61-62/

            -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8/,

-Зам тээврийн ослын схем зураг /хх-ийн 9-10/

-Зам тээврийн осол хэрэгт холбогдсон Хондо Лого маркийн 69-75 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11/

-Зам тээврийн осол хэрэгт холбогдсон Ниссан блюверд маркийн 14-11 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12/ 

- Авто машин техникийн үзлэгийн тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /14-15, 17-18/

- Гэрч П.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-41/

- Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 42/

- Хохирогч Т.Н-ын хохирол нэхэмжилсэн талаарх баримт /хх-ийн 80-99/

- Шүүгдэгч Б.Т-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 66-68/  зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

            Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 11 сарын 19-ний өдрийн шөнө 22 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Хивсний шинэ замын уулзварт Ниссан блюверд маркийн 14-11 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5-д заасан ”Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 8 дугаар зүйлийн 8.11-д “Жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна”, мөн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.3-д ”Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 10.6.а-д зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр /баруун гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд/, 10.6.в-д явган хүний гарц дээр гүйцэт түрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэний нэхэмжлэгч Г.Г-ийн жолоодож явсан 69-75 ДОР улсын дугаартай “Хондо Лого” маркийн тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас уг мөргөгдсөн тээврийн хэрэгсэл гулсаж очин замын зорчих хэсэгт зогсож байсан хохирогч Т.Н-ыг мөргөж  биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Т-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ”... 2017 оны 11 сарын 19-ний өдрийн орой 22 цаг 30 минутын орчим Дорнод Хэрлэн сумын 10 дугаар багын нутагт өөрийн эзэмшлийн машинаар Хивсний шинэ зам дагуу урдаас хойшоо чиглэлтэй зорчиж явсан хөх өнгийн машины араас дагаад явж байсан. Араас нь дагаж явж байгаад уулзвар дөхөөд ирэхэд тухайн машиныг эргэх дохио өгөхгүй болохоор нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байхад хөх өнгийн машины жолооч гэнэт эргэх дохио өгсөн. Тэгээд гэнэт дохио өгөхөөр нь би осол гаргахгүй тулд залаад эргэх үйлдэл хийсэн, тэгээд замын хажуугийн шонгийн ойролцоо бид 2 шүргэлцсэн...” гэх мэдүүлэг, түүнийг давхар нотолсон хохирогч Т.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ”... 2017 оны 11 сарын 19-ний орой 22 цаг 30 минутад хүүхдийн хамт явган хүний замаар урагшаа явж байсан. Такси барих гээд урдаас машин ирж байна уу? гээд хараад явж байтал 2 машин нилээд зайтай ирж байсан. Гараа өргөөд зогсооно гэж бодоод байж байтал гэнэт хурдтай ирээд явган хүний зам дээр гарч ирээд намайг мөргөсөн. Яагаад дохио өгдөггүй юм бэ? гэхэд нэг жолооч дохио өгсөн гэж хэлсэн. Тоормосоо дарахгүй яаж байгаа юм бэ? гэсэн. Тэгээд нэг мэдэхэд би эмнэлэгт байж байсан...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”... Би зүүн гар тийшээ эргэх гээд дохиогоо өгөөд явж байтал гэнэт хажуу талаас мөргөсөн. Би зам дээр байсан гурван явган зорчигчийг харсан. Б.Т нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд миний машиныг мөргөх үед явган зорчигч нар руу машин чиглэсэн.  Тэр үед тэр гурван хүн сандраад өөр өөр тийшээ бутарсан. Хохирогч настай хүн болохоор сандраад миний урдуур гүйгээд гараад ирсэн. Энэ хүмүүс явган хүнийхээ зам дээр байсан бол би энэ хүнийг хэзээ ч мөргөхгүй байсан. Өөрөө гүйгээд урдуур гараад ирсэн. Би мөргөөд л зогссон...” гэх мэдүүлэг, гэрч П.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Гэтэл манай гэр рүү явдаг Хэрлэн сумын 10 дугаар багийн шинэ замаар явж байтал гэнэт манай машин урд машины хажуугаар ороод мөргөөд замын хажуу тийшээ буусан. ...Тэгээд бид нар машинаас буугаад харахад зам дээр нэг хөх өнгийн машин зогсож байсан ба бид нарыг яваад очиход хүн мөргөчихсөн байсан...” мэдүүлэг /хх-ийн 40-41/, гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...М ахыг дагуулаад гэрээс нь гарахад араас Н эгч цуг гарсан ба бид 3 шинэ тавигдсан замын баруун талд буюу автобусны буудлын эсрэг талд гарч такси барих гээд зогсож байтал урдаас хойшоо чиглэлтэй Хондо лого маркийн хар хөх өнгийн машин ирж байсан ба уулзвар дөхөөд зүүн гар тал руугаа эргэх дохио өгч байгаа харагдсан. Гэтэл араас нь саарал өнгийн машин их хурдтай ирээд Хондо лого маркийн хөх өнгийн машиныг араас нь мөргөхөд хөх өнгийн машин чигээрээ бид нарын зогсож байсан зүг рүү чиглээд ирэхэд нь М ах зам руу гүйж би зогсож байсан газраа үлдээд харин Н эгч М ахын араас гүйж яваад хөх өнгийн машинд мөргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 42/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 сарын 15-ны өдрийн 23, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 11 сарын 28-ны өдрийн 48 тоот, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 12 сарын 14-ний өдрийн 50 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан Замын цагдаагийн тасгийн шинжээч Ц.Мягмарсүрэнгийн 2017 оны 11 сарын 28-ны өдрийн 48, зам тээврийн осолд бүрэлдэхүүнтэйгээр  гаргасан шинжээчдийн 2017 оны 12 сарын 14-ний өдрийн 50 дүгнэлтүүд нь 2017 оны 11 сарын 19-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол дээр тогтоосон акт, схем зурагт тус тус үндэслэгдсэн өөр хоорондоо зөрүүгүй, хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий, эргэлзээгүй байх тул  үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

     Хохирогчийн биед учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгч Б.Т-ийн Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн, тухайлбал, замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцөлүүдийг анх мэдсэн байвал зохино: а/уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, 10.6.б-д зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр /баруун гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд/, 10.6.в-д явган хүний гарц дээр гүйцэт түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн  үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

Хохирогч Т.Н  нь шүүх хуралдаанд ... “Би замын хажуу талын явган хүний гарцан дээр гараа өргөөд зогсож байсан, зам руу гүйж ороогүй” гэж мэдүүлж байгаа боловч энэ нь гэрч Б.Б-ын өгсөн: “...Саарал өнгийн машин их хурдтай ирээд лого маркийн хөх өнгийн машиныг араас нь мөргөхөд хөх өнгийн машин чигээрээ бид нарын зогсож байсан зүг рүү чиглээд ирэхэд нь М  ах замын тал руу гүйж би зогсож байсан газраа үлдээд харин Н эгч М ахын араас гүйж яваад хах өнгийн машинд мөргүүлсэн. ...Уг нь Н  эгч зогсож байсан газраа байсан бол мөргүүлэхгүй байсан, тухайн үед настай хүн сандраад л замын баруун тал руу гарах гэж байгаад мөргүүлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 42/, иргэний нэхэмжлэгч Г.Г-ийн өгсөн: “...Миний машины хажуу талаас машин мөргөхөд ..хүмүүс сандраад зам руу гүйсэн ба 2 эрэгтэй хүний нэг нь зүүн тийшээгээ, нөгөө хүн зүүн хойшоогоо гүйсэн. Тэр үед настай эмэгтэй нь зам дээр гүйж яваад миний машин гулсаж очоод мөргөсөн. Тухайн үед тэр эмэгтэй явган хүний зам дээр зогсож байсан бол мөргүүлэхгүй байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 30/,  Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 11 сарын 28-ны өдрийн 48 тоот дүгнэлийн 2-т “Явган зорчигч Т.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9.б-д заасан “Аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт зэргээс үзэхэд хохирогчийн “Би замын хажуу талын явган хүний гарцан дээр гараа өргөөд зогсож байсан, зам руу гүйж ороогүй гэж мэдүүлж байгаа мэдүүлэг нь дээрх нотлох баримтуудаар няцаагдаж байна.

 Иймд шүүгдэгч Б.Т-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:       

Шүүгдэгч Б.Т-ийн шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Тогоо нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.  

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болно.

Хохирогч Т.Н  нь шүүгдэгч Б.Т-оос эмчилгээний зардалд нийт 3500000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч хэрэгт авагдсан эмчилгээний зардлын нотлох баримтуудыг нэг бүрчлэн тооцож бодож үзэхэд хохирогчийн мөрдөн байцаалтад гаргаж өгсөн нотлох баримтаар нийт 1723902 төгрөг болж байх бөгөөд үүнээс хүүхдийн тээврийн зардлын 16300 төгрөгийг хасч, үлдсэн 1707602 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Н-д олгох нь зүйтэй байна. Харин хохирогч Т.Н нь бусад үлдсэн 1759798 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Г.Г  нь 225200 төгрөгийн үнэлгээ гаргасан баримтаас өөр нэг ч нотлох баримт байхгүй байх тул энэ талаарх нотлох баримтаа тус тус бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөртэй тул тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн эзэмшлээс улсын бүртгэлийн Г-0609000082 дугаартай 350 м2 талбай бүхий газрыг битүүмжилсэн Прокурорын 2018 оны 01 сарын 10-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, уг битүүмжилсэн газрын шүүгдэгчид ногдох хэсгээс хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх албадлагын арга хэмжээ  хэрэглэх нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр хураагдан ирсэн иргэний үнэмлэхний лавлагааг шүүгдэгчид буцаан олговол зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8. 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1.Шүүгдэгч Х овогт Б.Т-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.      

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийн цалин, орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүхээс тогтоосон ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүйг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 1707602 /Нэг сая долоон зуун долоон мянга зургаан зуун хоёр/ төгрөгийг гаргуулан хохирогч Т.Н-д олгож, түүний нэхэмжлэлийн шаардлагаас 16300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь бусад 1759798 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Г.Г нь 225200 төгрөгийн талаарх нотлох баримтаа тус тус бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэн гарган шийдвэрлүүлэх эрхтэйг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийн эзэмшлээс битүүмжилсэн газрын ногдох хэсгээс хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгчийн эзэмшлээс улсын бүртгэлийн Г-0609000082 дугаартай 350 м2 талбай бүхий газрыг битүүмжилсэн Прокурорын 2018 оны 01 сарын 10-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр хураагдан ирсэн иргэний үнэмлэхний лавлагааг шүүгдэгчид буцаан олгосугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох шүүгдэгч Б.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР