Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/912

 

           

 

 

  2023             9              12                                      2023/ДШМ/912

Ш.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Батцэцэг,

шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/499 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Чинбатын бичсэн 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаартай эсэргүүцлээр Ш.Бд холбогдох 2211012440715 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш.Б, 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, ******* дугаар гудамжны ** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:**0000000/;

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 585 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан;

Ш.Б нь 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, 5-н буудал орчимд хохирогч Д.Бгийн эзэмшлийн “Самсунг эс-6” загварын гар утас, бэлнээр 710.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ш.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Быг 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Быг зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүгийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг тус тус хориглож, шүүгдэгч Ш.Б нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөн зорчихыг анхааруулж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, шүүгдэгч Ш.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл хурааж битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.Баас 885.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Бд олгохоор шийдвэрлэжээ.

Прокурор Б.Чинбат бичсэн эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоолыг 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Зорчих эрх хязгаарлах ял нь 2015 онд батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Эрүүгийн хуульд ялын нэг төрөл болж шинээр хуульчлагдсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Уг ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар зорчихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийн хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.

Хэдийгээр шүүгдэгч Ш.Бд оногдуулсан 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотын 6 дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар зорчих эрх хязгаарласан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх боловч тус ял нь эрүүгийн хуулийн зорилгод нийцэхгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго нь “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлага болоод зорчих эрхийг хязгаарлах ялын үр нөлөө, зорилгод шүүхээс оногдуулсан ял нийцэхгүй байгаагаас гадна хуулийн үзэл санаа нь шүүгдэгчийг өөрийн харьяалагдах газраас өөр газарт зорчихыг хязгаарлахаар заасан байтал нутаг дэвсгэрийн хүрээг тэлж Улаанбаатар хотын 6 дүүргийн хэмжээнд тогтоосон нь буруу байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/499 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоох” гэж өөрчлөлт оруулуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичлээ.” гэжээ.

Прокурор Б.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэргийн зүйлчлэлд өөрчлөлт оруулахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Прокуророос Ш.Быг эрхэлсэн тодорхой ажилгүй гэж байгаа боловч шүүгдэгч нь “Сангад хөгжил групп” ХХК-д бууз чимхэгчийн ажлыг тасралтгүй 8 жил хийж байгаа, тогтмол ажилтай, өдрийн 50.000 төгрөгийн орлоготой. Мөн үүнийхээ хажуугаар бусад буузны үйлдвэрлэл явуулдаг цехүүдэд очиж бууз чимхэгчийн ажлыг цагаар хийдэг. 1-16 насны 6 хүүхэдтэй, өрх толгойлсон эх бөгөөд нөхрөөсөө салаад 7 жил болж байна. Энэхүү хувийн байдалтай холбогдох баримтууд бүгд хэрэгт авагдсан. Мөн хэрэгт байх Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 5-51 гэсэн иргэний үнэмлэх дээрх хаяг нь түүний эхийн хаяг бөгөөд манай үйлчлүүлэгч Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 1 гэдэг тоотод айлын хашаанд гэр барьж, хашаа түрээсэлж амьдарч байгаа. 6 хүүхдийн 3 нь сургуульд, 2 нь цэцэрлэгт явдаг ба хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгдөг. Прокурор нь шүүгдэгчийг хүүхдийн тэтгэмжийн мөнгөөр амьдардаг гэж байгаа боловч миний үйлчлүүлэгч хүүхдүүдийнхээ тэтгэмжийн мөнгийг нэг ч удаа авч хэрэглэж байгаагүй. Зөвхөн өөрийнхөө орлогоор үр хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүргээ хүлээдэг. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор хуульд нийцүүлж гаргасан гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ш.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Ш.Б нь 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, 5-н буудал орчимд хохирогч Д.Бгийн эзэмшлийн “Самсунг эс-6” загварын гар утас, бэлнээр 710.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Бгийн “...Би Хаан банкны карт болон Самсунг А6 загварын гар утсаа алдсан. Алдсан Хаан банкны картны данс минийх биш, миний эхнэр болох Ганцэцэгийн 5065511451 дугаартай данснаас 710.000 төгрөг алдсан. ...” /хх 32/,

Ш.Бын яллагдагчаар өгсөн “...Би 70.000 төгрөг шилжүүлэх гэж байгаад 700.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед миний гар утсанд мэдээлэл ирээгүй учраас ороогүй гэж бодоод дахиад 10.000 төгрөг шилжүүлж авсан. ...” /хх 85/ гэсэн мэдүүлгүүд,

Хаан банкны 5065514051 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 15/, Хаан банкны 5025539786 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 20/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэгдэглэл, гэрэл зураг /хх 22-26/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 44-45/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Ш.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүгдэгч Ш.Бын хохирогч Д.Бгийн Хаан банкны карт, гар утсыг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар банкны картнаас 710.000 төгрөг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Прокурор Б.Чинбат “...Улаанбаатар хотын 6 дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар зорчих эрх хязгаарласан ял нь ... Эрүүгийн хуулийн зорилгод нийцэхгүй байна. ... Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь /ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх/ шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бд 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх агуулгад нийцсэн байх боловч зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг тогтоохдоо Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох гэж хэт өргөн хүрээнд тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна.

Шүүгдэгч Ш.Б нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд оршин суух бүртгэлтэй байх бөгөөд түүний хувийн байдлыг харгалзан тухайн дүүрэгт нь ажил хөдөлмөр эрхлэх боломжоор ханган зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх нь зүйтэй гэж үзээд зорчих эрх хязгаарлах ялыг эдлэхдээ эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зорчих үүрэг хүлээлгэх байдлаар уг ялын хүрээ хязгаарыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/499 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Быг зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүгийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг тус тус хориглосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зорчих үүрэг хүлээлгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР