| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Модоогийн Мянганбаяр |
| Хэргийн индекс | 125/2024/0002/З |
| Дугаар | 125/ШШ2024/0054 |
| Огноо | 2024-12-05 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 125/ШШ2024/0054
2024 12 05 125/ШШ2024/0054
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мянганбаяр би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: Ховд аймгийн Засаг дарга нарын хооронд үүссэн төрийн албатай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээд *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/35 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн *******йн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/149 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Ховд аймгийн *******йн 2022 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж 35.4 хувийн үнэлгээ өгч, 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн зөвлөмж өгсөн, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/97 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг дээрх зөвлөмжийн хэрэгжилтийг хянаж 37 хувийн үнэлгээ өгч, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, санхүүгийн зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл оногдуулсан Ховд аймгийн Засаг даргын 2023 оны Б/35 дугаар захирамжийг гаргажээ.
3. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа:Миний бие Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаад Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/61 дүгээр захирамжаар *******йн даргын үүрэг гүйцэтгэгчээр, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаар захирамжаар уг албан тушаалд жинхлэн томилогдсон. Тухайн үед миний эрх зүйн байдлыг дордуулахгүй гэх үүднээс Хууль зүйн хэлтсийн даргын албан тушаалын цалингаар буюу төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээ ТЗ-9 дэх шатлалаар цалин өгөхөөр тушаал гаргаж цалин олгож байсан ба одоо ч гэсэн тус байгууллагын даргаар ажиллаж байгаа ******* нь ТЗ-4 дэх шатлалаар цалин авч байгаа.
Гэтэл Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 11 сарын 23-ны өдрийн Б/35 дугаар захирамжаар надад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл оногдуулсан. Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 11 сарын 23-ны өдрийн Б/35 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг миний бие тухайн цаг хугацаанд гарсныг нь мэдээгүй. 2023 оны 12 сарын 07-ны өдөр надад гардуулж, ажил хүлээлцсэн.
2023 оны 3 дугаар сард Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ-үнэлгээний хэлтсээс *******йн 2022 оны үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус гэнэтийн хяналт шалгалт хийсэн. Ингээд 2022 оны үйл ажиллагаа нь хангалтгүй буюу 35,4 хувийн үнэлгээ өгч, тодорхой ажил үүрэг гүйцэтгэх зөвлөмж өгсөн. Энэхүү зөвлөмжид дурдсан ажлуудыг хийхээр манай байгууллага төлөвлөгөө гарган ажилласан ба зөвлөмжид дурдсан ажлуудыг бүрэн биелүүлсэн. Улмаар 2023 оны 9 сард дээрх зөвлөмжийн хүрээнд дахин хяналт-шинжилгээ үнэлгээ хийсэн ба байгууллагын зүгээс төлөвлөгөө гарган бүрэн биелүүлсэн байхад дахин 37 хувийн үнэлгээ өгсөн. Энэхүү үнэлгээг байгууллагын хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Учир нь тухайн үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан ******* нь намын хурал дээрээ “******* өөр намын хүн тул ажлыг нь авна” гэж ярьсан талаар Бумцэнд гэх хүн надад хэлсэн. Дээр дурдсан хяналт шалгалт нь миний ажлыг авах зорилгоор хийгдсэн хяналт шалгалт хийгдсэн гэж үзэж байна.
Маргаан бүхий захирамж гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалтыг үндэслэсэн нь хууль бус юм. Учир нь миний бие Төрийн захиргааны албан тушаалтан ба Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтанд заасан цалингийн сүлжээ болох ТЗ-9-4 дэх шатлалаар цалин авч байсан. Гэтэл төрийн захиргааны албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль бус гэж үзэж байна.
Мөн миний бие аймгийн Засаг даргатай байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулан ажиллаж ирсэн ба 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулахаар аймгийн Засаг даргад хүргүүлсэн боловч 5 байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлаагүй үлдээсэн байсан. Учрыг нь асуухад тус байгууллагын дарга нарыг нь солих гэж байгаа юм гэж хэлсэн. 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулахаар аймгийн Засаг дарга *******тай уулзах гэсэн боловч сарын дараа уулзах цаг байна гэж туслах нь хэлсэн.
Манай байгууллагад хийсэн хяналт шалгалтын дараа Ховд аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албанаас санхүүгийн хяналт шалгалт хийж манай байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байсан *******тай холбоотой зөрчил илрүүлж акт тогтоосон нь үнэн. *******йн нягтлан бодогчийг бусад байгууллагын нягтлан бодогч хавсран гүйцэтгэж, 40 хувийн цалин авахаар зохицуулж ирсэн байдаг. Гэтэл ******* нь 2023 оны 1 дүгээр сараас 9 дүгээр саруудад 100 хувиар цалингаа авсан, ингэхдээ төрийн сангийн программаар гүйлгээ хийхдээ хэрэглэдэг кодыг надад өгөлгүйгээр өөрөө ашиглаад цалингаа 100 хувиар тооцож авсан байсан ба би үүнийг мэдээгүй. *******гийн энэ үйлдэлтэй холбоотой цагдаагийн байгууллага шалгаж, шүүхээр ял шийтгүүлсэн ба тухайн шийтгэх тогтоолд намайг нягтлан бодогчийн тэрхүү үйлдэлд хяналт тавих боломж байхгүй байсан гэдгийг тогтоосон.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэв.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд маргаан бүхий захиргааны акт нь ямар нэгэн хууль зөрчөөгүй болно.
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас жил бүр захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийдэг. Энэхүү хяналт, шалгалтыг Засаг дарга санаачилгаараа хийдэггүй бөгөөд тусгай хууль, дүрэм, журмын дагуу шалгалтыг хийдэг. Өөрөөр хэлбэл Засгийн газрын 2020 оны 06 дугаар тогтоолын дагуу хяналт, шалгалт хийдэг. Ховд аймгийн Сум дундын Ойн анги нь Засаг даргын эрхлэх асуудлын агентлагт хамаардаггүй боловч сум дундын ойн ангийн даргыг аймгийн Засаг дарга томилж, чөлөөлдөг тул тухайн байгууллагад хяналт, шалгалт хийдэг.
Ховд аймгийн Засаг даргын 2023 оны А/149 дугаартай захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгХовд аймгийн *******йн 2022 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж 35.4 хувийн үнэлгээ өгч, хангалтгүй үнэлгээ авсан тул 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн зөвлөмж өгсөн.
Улмаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/97 дугаар тушаалаар аймгийн Засаг даргын 2023 оны А/149 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах, тус захирамжийн дагуу хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлт зөвлөмжийн хэрэгжилт, биелэлтэд хяналт хийх ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсэг *******йн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж 37 хувийн үнэлгээ буюу хангалтгүй гэх үнэлгээ өгч, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлт гаргасан.
Мөн Ховд аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албанаас тус байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, санхүүгийн зөрчил илрүүлж төлбөрийн акт тогтоосон.
Уг хяналт шалгалтаар тус байгууллагын нягтлан бодогч ******* нь хууль зөрчиж өөртөө 8.8 сая төгрөгийн илүү цалин олгож давуу байдал бий болгосон нь тогтоогдсон зэрэг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Засгийн газрын 2015 оны 24 дүгээр тогтоол, мөн Сангийн сайдын 2017 оны 216 тоот тушаалыг зэргийг зөрчсөн байсан.
Иймд Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 11 сарын 23-ны өдрийн Б/35 дугаар захирамжаар *******г 2 удаагийн шалгалтын дүнгээр албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, хууль журам зөрчиж санхүүгийн үйл ажиллагаа явуулсан тогтоогдсон, бусдад давуу байдал олгон санхүүгийн зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл оногдуулсан.
Нэхэмжлэгч нь захиргааны албан хаагчийг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж маргадаг. Одоогийн байдлаар 21 аймгийн Ойн ангийн дарга нар харилцан адилгүй байдлаар цалинждаг. Мөн ихэнх ойн ангийн дарга нар төрийн үйлчилгээний албан хаагч хэмээн тооцогддог. Нэхэмжлэгчийн тухайд Ховд аймгийн Сум дундын Ойн ангийн даргаар томилогдохоосоо өмнө Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан тул цалин хөлсийг нь буруулахгүй гэх хуулийн зохицуулалтын дагуу төрийн захиргааны албан хаагч хэмээн тооцон цалинжуулж ирсэн байдаг. Тухайн албан хаагч нь төрийн захиргааны албан хаагч юм уу, эсхүл төрийн үйлчилгээний албан хаагч юм уу гэдгийг албан тушаалын тодорхойлолтыг үндэслэн тогтоодог.
Гэтэл Ховд аймгийн Сум дундын Ойн ангийн даргын албан тушаал нь 2024 оны 03 дугаар сар хүртэл албан тушаалын тодорхойлолтгүй явж ирсэн байдаг. Тийнхүү 2024 оны 03 дугаар сард Ховд аймгийн *******йн даргын албан тушаалын тодорхойлолтыг баталсан. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ойн газраас 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр албан бичиг ирүүлсэн ба тухайн албан бичгээр Ойн ангийн даргыг ТҮ-11 зэрэглэлээр цалинжуулах чиглэл өгсний дагуу Ховд аймгийн Сум дундын Ойн ангийн даргын албан тушаал нь төрийг үйлчилгээний албан тушаалд хамаарна хэмээн үзэж Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Гуравдагч этгээд ******* нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие төрийн албанд 16 дахь жилдээ ажиллаж байгаа ба 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/73 дугаар тушаалаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар томилогдон 6 жил гаруй ажиллаж байгаад сул орон тоо гарсны дагуу Ховд аймгийн Засаг дарга *******гийн санал, ажлын зайлшгүй шаардлагаар харилцан тохиролцсоны дагуу төрийн ажил эрчимжүүлэх, сайжруулах зорилгоор 2024 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар Ховд аймгийн Сум дундын ой ангийн даргаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасны дагуу шилжин томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Би энэхүү албан тушаалд томилогдохоосоо өмнө төрийн захиргааны албан хаагч байсан тул хуулийнхаа дагуу төрийн захиргааны албан хаагчаар цалинждаг.
Ховд аймгийн Засаг дарга ******* “Ховд аймгийн Сум дундын Ойн ангийн ажил сайн явагдахгүй байна, ажил, мэргэжлийн тухайд таныг тохирох хүн гэж үзэж байгаа тул энэ ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна” гээд намайг энэхүү албан тушаалд шилжүүлэн томилсон.
Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дахь Ойн бүсийн газар чөлөөлөх, аймгийн Соёл амралтын хүрээлэн болгох зураг төсөл хийлгэх гэх мэт ажил эрчимжүүлэх үүрэг чиглэл авч томилогдсон. ******* нь сүүлийн 2 жилийн хугацаанд аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ болон байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулаагүй байсан ба миний бие томилогдсоны дараа Засаг даргатай хамтран ажиллах гэрээ болон байгууллагын гүйцэтгэлийнтөлөвлөгөөг батлуулж хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Иймд нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Засаг дарга 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/35 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийг ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан байдаг. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалтуудыг үндэслэн тус захирамжийг гаргасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн Б/30 дугаартай захирамжаар маргаан бүхий албан тушаалд жинхлэн томилогдохдоо ТЗ-9 зэрэглэлийн 4 дэх шатлалаар цалинжиж ирсэн.
Аймгийн Засаг дарга нэхэмжлэгч *******г ажлаас халахдаа 2023 оны 05 дугаар сарын 10 болон 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хяналт, шалгалтаар 35,4 болон 37 оноо авч, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэсэн. Гэтэл тухайн хяналт шалгалтын дүнгийн нэгтгэл нь ойлгомжгүй байдлаар гарсан байна. Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн А/05 дугаар “Ажлын хэсэг байгуулж, удирдамж батлах тухай” захирамжид шүүхээс үзлэг хийсэн байдаг. Тухайн үзлэгийн тэмдэглэлээс товлосон өдрөө хяналт, шалгалт хийгдээгүй гэдгийг харж болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д “ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл дээрх хяналт, шалгалтууд болон Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны шалгалтаар ирүүлсэн зөрчлүүд нь зөвхөн нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас үүссэн асуудал биш, эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт нягтлан бодогч хамаарах тухай Улсын Дээд шүүхийн тайлбар дурдсан байдаг.
Иймд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/35 тоот захирамжийг хүчингүй болгож, Ховд аймгийн Сум дундын Ойн ангийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.
7. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Аймгийн Засаг даргын 2023 оны А/149 дүгээр захирамжийн дагуу хийсэн хяналт үнэлгээгээр ******* 35.4 хувийн үнэлгээ авсан, ажлын хэсгээс өгсөн зөвлөмжийн хэрэгжилтээр дахин 37 хувийн үнэлгээ авсан, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны хяналт шалгалтаар хууль, журам зөрчиж санхүүгийн үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон, бусдад давуу байдал олгон санхүүгийн зөрчил гаргасан тул Ховд аймгийн Засаг дарга 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/35 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Ховд аймгийн Сум дундын Ойн ангийн дарга төрийн үйлчилгээний албан хаагчаар цалинждаг байсан гэх тайлбарыг гаргаж байгаа учир дээрх маргаан бүхий захиргааны актыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалтуудыг үндэслэн гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байна.
Байгууллагын дарга санхүүгийн гүйлгээнд нэгдүгээр гарын үсэг зурах эрх бүхий этгээд бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хяналт, шалгалтын танилцуулгын дүгнэлт хэсэгт “...заалтуудыг зөрчиж дээрх зөрчлүүдийг гаргасан нь байгууллагын санхүүгийн сахилга бат, дотоод зохион байгуулалт сул байгааг харуулж байна” гэжээ. Дээрх дүгнэлтийн дагуу байгууллагын нягтлан бодогчийг цагдаагийн газар шалгаж, гэм буруутай нь тогтоогдон шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээсэн байдаг. Нягтлан бодогч ******* энэхүү хэрэгт мэдүүлэг өгсөн бөгөөд, тухайн мэдүүлэгтээ “гүйлгээ хийхээсээ өмнө даргад танилцуулж гарын үсэг зуруулдаг байсан” гэсэн байдаг. Үүнээс харахад нэхэмжлэгч санхүүгийн гүйлгээнд зөвшөөрөл өгдөг байсан нь харагдаж байна.
Гуравдагч этгээдийн тухайд 2024 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар Ховд аймгийн Сум дундын Ойн ангийн даргын албан тушаалд албан ёсоор томилогдон ажиллаж байгаа.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь
1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч ******* нь гуравдагч этгээд *******ийг Ховд аймгийн *******йн даргын албан тушаалд шилжүүлэн томилсон Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/62 дугаар захирамжтай холбогдуулан маргаагүй хэдий ч “...урьд эрхэлж байсан Ховд аймгийн *******йн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гуравдагч этгээд *******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх тул түүнийг тус хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулсан болно.
3. Хэргийн нөхцөл байдал, үйл баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаад Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/61 дүгээр захирамжаар *******йн даргын үүрэг гүйцэтгэгчээр, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаар захирамжаар уг албан тушаалд жинхлэн томилогдсон байна.
3.2. Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/149 дүгээр захирамжаар нийт 5 байгууллагын 2022 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, зөвлөн туслах ажлын хэсэг байгуулж, хяналт шалгалтын удирдамжийг баталсан ба дээрх 5 байгууллагад Ховд аймгийн ******* багтсан байна.
3.3.Хяналт шалгалтын ажлын хэсэг 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн *******йн 2022 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, “...Ойн анги нь “Улаан” буюу 35.4 хувийн үнэлгээ авсан, цаашид үйл ажиллагаагаа анхаарах шаардлагатай ангилалд орсон тул зөвлөмж дүгнэлт өгөх шаардлагатай...” гэж үзэж 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн зөвлөмж гарган *******д хүргүүлсэн.
3.4. Улмаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/97 дугаар тушаалаар аймгийн Засаг даргын 2023 оны А/149 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах, тус захирамжийн дагуу хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлт зөвлөмжийн хэрэгжилт, биелэлтэд хяналт хийх ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсэг *******йн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж 37 хувийн үнэлгээ өгч, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлт гаргасан.
3.5. Дээрх хяналт шалгалтын явцад илэрсэн санхүүгийн зөрчлийг тогтоолгохоор Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд хандаж, тус албаны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 35-01/17 дугаартай хяналт шалгалтын удирдамжийн дагуу *******йн 2022-2023 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж 33.361.504 төгрөгийн санхүүгийн зөрчил илрүүлснээс нийт 17.183.146 төгрөгийн 7 төлбөрийн акт тогтоосон байна.
3.6. Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/35 дугаар захирамжаар “...ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны хяналт шалгалтаар санхүүгийн зөрчил гаргасан нь тогтоогдсон...” гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5, 123 дугаар зүйлийн 123.2.5-д зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцлах сахилгын шийтгэл оногдуулжээ.
4. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...намайг өөр намын хүн тул ажлыг нь авна гэж Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Болормаа нь намын хурал дээр ярьсан талаар хүмүүс хэлсэн, 2023 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлсэн боловч 5 байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлаагүй үлдээсэн байсан, учрыг нь асуухад дарга нарыг нь солих гэж байгаа юм гэж хэлсэн. Хяналт шалгалтыг миний ажлыг авах зорилгоор хийсэн. Нягтлан бодогч санхүүгийн хувьд зөрчил гаргасан гэдэг нь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон. Тэр асуудалд миний буруу байхгүй...” гэх агуулгаар,
4.2. Хариуцагчаас “... Нэхэмжлэгч нь өмнө нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан тул цалин хөлсийг нь бууруулахгүйгээр Төрийн захиргааны албан тушаалын цалингийн шатлалаар цалинжуулж байсан, *******йн 2022 оны үйл ажиллагаанд 2023 онд хяналт-үнэлгээ, шинжилгээ хийхэд 35.4 оноо авсан тул зөвлөмж өгсөн, зөвлөмжийн хүрээнд дахин 2023 оны 9 сард хяналт- үнэлгээ хийхэд 37 оноо авсан ба хангалтгүй үнэлүүлсэн тул *******г албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, мөн санхүүгийн зөрчил гаргасан нь тогтоогдсон гэх үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон...” гэх агуулгаар тус тус тайлбарлан маргасан.
4.3. Ховд аймгийн *******йн даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан төрийн захиргааны албан тушаал, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалын аль болох талаар дүгнэлт өгөх нь зүйтэй байна.
4.4. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалт, Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын 1.2-т тус тус зааснаар “Албан тушаалын тодорхойлолт” гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын тусгай шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг ойлгоно”, гэж мөн журмын 1.3-д “Албан тушаалын тодорхойлолт нь төрийн албан хаагчийн тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэх, гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, биелэлтийг хариуцах үндэслэл болно” гэж заасан.
4.5. Өөрөөр хэлбэл албан тушаалын тодорхойлолт нь тухайн албан тушаалыг хэрэгжүүлэгч албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, туршлага, ур чадварын шаардлагыг тодорхойлохоос гадна тухайн албан тушаалын чиг үүрэг, ангилал, албан тушаалын зэрэглэлийг тогтоосон баримт бичиг юм.
4.6. Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.8-д “аймгийн байгаль орчны газрын харьяанд сум дундын ойн анги, нийслэлийн байгаль орчны газарт ойн асуудал эрхэлсэн нэгж байгуулж, бүтэц, орон тоог батлан, тэдгээрийн даргыг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлөх” эрхийг аймгийн Засаг даргад олгосон байна.
4.7. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолоор баталсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын 3.2-т “Албан тушаалтны тодорхойлолтын төслийг томилох эрх бүхий этгээдийн шийдвэрээр тухайн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагч, эсвэл ажлын хэсэг хариуцан бэлтгэнэ”, 5.1.-д “Албан тушаалын тодорхойлолтыг томилох эрх бүхий этгээд шийдвэр гаргаж, албан тушаал тус бүрээр батална” гэж заасан, маргаан бүхий энэ тохиолдолд *******йн даргын албан тушаалын тодорхойлолт боловсруулж батлах эрх, үүргийг аймгийн Засаг дарга хэрэгжүүлэхээр байна.
4.8. Гэтэл Ховд аймгийн *******йн даргын албан тушаалын тодорхойлолтыг дээрх журамд зааснаар аймгийн Засаг дарга боловсруулж батлаагүй, *******йн даргын албан тушаалын тодорхойлолт гэх төрийн үйлчилгээний ангиллын, албан тушаалын ТҮ-11 дэх зэрэглэлээр цалинжуулахаар заасан албан тушаалын тодорхойлолтыг маргаан бүхий захиргааны акт гарснаас хойш баталсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...2024 оны 03 дугаар сар хүртэл Ховд аймгийн *******йн даргын албан тушаалын тодорхойлолт байгаагүй. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр албан бичиг ирүүлсэн ба тухайн албан бичигт Ойн ангийн даргыг ТҮ-11 зэрэглэлээр цалинжуулах чиглэл өгсний дагуу 2024 оны 03 дугаар сард Ховд аймгийн Сум дундын Ойн ангийн даргын албан тушаалын тодорхойлолтыг баталсан...” гэх тайлбараар тогтоогдож байна.
4.7. Хэрэгт авагдсан Ховд аймгийн *******йн даргын албан тушаалын тодорхойлолт гэх нэхэмжлэгч *******гийн өөрийнх нь баталсан албан тушаалын тодорхойлолт нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолоор баталсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын 4 дүгээр зүйл /Албан тушаалын тодорхойлолтыг хянаж, зөвшөөрөл олгох/, 5 дугаар зүйлд /Албан тушаалын тодорхойлолт батлах/ заасныг зөрчсөн, өөрөөр хэлбэл Төрийн албаны зөвлөлөөс олгосон зөвшөөрлийн үндэслэн томилох эрх бүхий этгээд шийдвэр гаргаж батлаагүй байх тул уг баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
4.8. Нэхэмжлэгч *******гийн “...Ховд аймгийн *******йн даргаар томилогдсоноос хойш Төрийн захиргааны албан тушаалын ангиллаар цалин авч байсан, өмнө нь Засаг даргаар гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулж ирсэн ба 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлсэн боловч Засаг дарга батлаагүй...” гэх тайлбар, гуравдагч этгээд *******ийн “...Би энэхүү албан тушаалд томилогдохоосоо өмнө төрийн захиргааны албан хаагч байсан тул хуулийнхаа дагуу төрийн захиргааны албан хаагчаар цалинждаг...” гэх тайлбар болон хэрэгт нэхэмжлэгч *******гийн ойн ангийн даргаар ажиллаж байх хугацаанд авч байсан цалингийн дэлгэрэнгүй лавлагаа зэргээс харахад нэхэмжлэгч нь төрийн захиргааны албан тушаал эрхэлж, төрийн захиргааны албан хаагчийн цалингийн сүлжээгээр цалин авч байсан нь тогтоогдсон, энэ үйл баримттай талууд маргаагүй болно.
4.9. Иймд Ховд аймгийн *******йн даргын албан тушаал нь Төрийн захиргааны албан тушаалд хамаарах тул Төрийн албаны тухай хуулийн 4.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасан зохицуулалтад хамаарна гэж үзлээ.
4.10. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.2 - 3.5-д дурдсанаар 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн *******йн 2022 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ үнэлгээ хийж, ажлын хэсгээс 35.4 оноо буюу хангалтгүй гэж дүгнэж зөвлөмж өгсөн, улмаар ажлын хэсэг зөвлөмжийн хүрээнд дахин хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж 37 оноо буюу дахин хангалтгүй үнэлгээ өгч, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлт гаргасан, нэхэмжлэгчээс хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын хэсгийн дүгнэлтүүдтэй маргаагүй болно.
4.11. Гэрч гийн “...өмнө нь өгсөн зөвлөмжийн биелэлтийг шалгахаар ажлын хэсэг байгуулагдсан, би санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн, цалин бодолтын баримтыг үзэхэд тус байгууллагын нягтлан бодогч хагасаар цалинжих ёстой байхад бүтэн цалин авснаас болж нийгмийн даатгал, татвар дээр өр үүссэн байсан, мөн үндсэн ажлаас гадуур олсон орлогоо байгууллагын дансанд оруулаагүй зөрчил илэрсэн. Улмаар санхүүгийн хяналт дотоод аудитын албанаас санхүүгийн хяналт шалгалт хийх ёстой гэж үзэж холбогдох газарт албан бичиг хүргүүлсэн...” гэх мэдүүлгээс үзэхэд Ховд аймгийн *******йн 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж илрүүлсэн зөрчлийг тогтоолгохоор Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд хандсан, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудит албанаас тус байгууллагын 2022-2023 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж 33.361.504 төгрөгийн санхүүгийн зөрчил илрүүлснээс нийт 17.183.146 төгрөгийн 7 төлбөрийн акт тогтоосон, уг төлбөрийн актуудтай нэхэмжлэгч маргаагүй ба энэхүү үйл баримттай талууд маргаагүй болно.
4.12. Өөрөөр хэлбэл Ховд аймгийн *******йн 2022 оны үйл ажиллагаанд 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр болон 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж 2 удаа хангалтгүй гэж дүгнэсэн, Санхүүгийн хяналт, дотоод аудит албаны улсын байцаагчийн тогтоосон17.183.146 төгрөгийн 7 төлбөрийн акт нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хяналт-шинжилгээ, үнэлгээний явцад илрүүлсэн санхүүгийн зөрчлийн дагуу хяналт шалгалт хийж тогтоосон акт ба энэ үйл баримтуудтай талууд маргаагүй.
4.13. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч ******* нь 2 удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдож байна.
4.14. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” бол төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халахаар заасан.
Хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлээ “...албан үүргээ хангалтгүй биелүүлсэн...” гэж тайлбарлан маргаж буй энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 47.1.1-д зааснаар 3 ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлснийг тогтоох ёстой байна.
4.15. Гэтэл нэхэмжлэгч *******г албан үүргээ 2 удаа хангалтгүй биелүүлснийг тогтоосон хэрнээ хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл оногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно”, 49.2-т “Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно”, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д төрийн жинхэнэ албан хаагч “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” баталгаагаар хангагдана” гэж заасныг тус тус зөрчсөн тул Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/35 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4.16. Нэгэнт нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас Ховд аймгийн *******йн даргын албан тушаалаас хууль бусаар чөлөөлөгдөж улмаар цалин, хөлс авах эрхээр хохирсон нь тогтоогдож байх тул Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй, 101 дүгээр зүйлийн 101.2-т Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна, 102 дугаар зүйлийн 102.1-т Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа болох нэхэмжлэлийн шаардлагад зааснаар 2023 оны 11 дүгээр сарын 13-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг дуусталх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг тооцож олгох, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.7 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/35 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгч *******г урьд эрхэлж байсан Ховд аймгийн *******йн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг тооцож олгохыг, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч /Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар/-аас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д зааснаар энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасан хугацаанд гардаж аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МЯНГАНБАЯР