2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/00755

 

 

 

 

 

 

 

 

2025  01  29

192/ШШ2025/00755

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,  тоотод байрлах, ***** сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ***** тоотод оршин суух, ***** ургийн овогтой *****ын *****од холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 487,122 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ш, хариуцагч Ё.*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ***** СӨХ нь хариуцагч Ё.*****од холбогдуулан 487,122 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: Оршин суугч Ё.***** нь 30 гаруй жил энэ байранд амьдарч байгаа бөгөөд Монгол улсын иргэний хувьд 147.1, 147.4 заалтуудыг сүүлийн 15 жил биелүүлэлгүй жил болгон заавал Шүүхээр нэхэмжлүүлж байж төлбөрөо төлдөг. Ингэж 15 жил Шүүх болон СӨХ-ны ажлыг хүндрүүлж, чирэгдэл учруулдаг, иргэний үүргээ санаатай биелүүлдэггүй заавал ШШГА-ны шийдвэрээр төлбөр төлдөг гажиг үзэгдэлийг бүрэн зогсоох талаар Шүүх холбогдох арга хэмжээг авч өгнө үү. Иргэн Ё.*****ын санаагай төлөхгүй байгаа 2023 оны 3-р сараас 12 сар дуустал хугацаанд төлөх ёстой 288,790 төгрөг, 2024 оны 1-р сараас бсар дуустал хугацаанд төлөх 180,600 тог нийт 469,390 төгрөгийн СӨХ-ны төлбөр ба төлбөртэй холбоотой нийт 487,122 тогрогийг төлүүлж СӨХ-ны хэвийн ажиллагааг хангаж өгч туслана уу гэжээ.

 

2.Хариуцагч Ё.***** хариу тайлбартаа: Миний бие тус байранд ойролцоо 30 жил болж байна. Эхэн үед тус СӨХ-ийн дарга нь Тогоо байлаа. Тэгэхэд СӨХ-ны төлбөрөө төлөөд явдаг байсан. Гэвч оронд нь энэ ***** болсноор би ч төлбөрөө өгөхөө болилоо. Ингээд бид 1,2 жил болоод шүүхээр асуудлаа шийдүүлдэг боллоо. Учир нь манай дээврээс дусаал дусдаг болсон. Эхэндээ гайгүй байсан ч энэ жил бүр их болсон. СӨХ-д хэлэхэд ямар ч нэмэргүй, өнгөрсөн жил Сэлэнгэ гэх шүүгч болсон. Ирж үзчихээд толгой сэгсрээд явсан, гэтэл шүүхийн шийдвэр нь яг хэвээрээ гарсан. Яаж байгаа юм гэхэд төлбөрөө төлөх ёстой гээд мөнгө авсан. Энэ жил манай байранд, тухайлбал урд талын 2 байрны дээврийг янзалж байна. Барилгын хүмүүстэй уулзахад та нар өөрсдөө төлбөрөө төлөөд янзлуулаад ав гэсэн. Би тэгвэл төлбөрөө танд өгье гэсэн. Тэгж тохиролцоод одоо болж байна. 32 дугаар хорооны Засаг даргад өргөдлөө өгсөн. Энэ жил амжихгүй дараагийн жилд оруулж өгье гэсэн гэжээ.

 

3.Хэрэгт нэхэмжлэгчээс гэрчилгээ /хх-ийн 4/, Удирдах зөвлөлийн тогтоол /хх-ийн 5/, 2024 оны төлөгдөөгүй СӨХ-ны төлбөрийн жагсаалт /хх-ийн 6/, Төрийн банк ХК-ийн харилцагчийн мэдээлэл /хх-ийн 7,8/, хариуцагчаас фото зураг /хх-ийн 15,16/ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч ***** СӨХ нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Баянгол дүүрэг, ***** тоотод оршин суух Ё.***** нь тс байранд оршин суудаг боловч 2023 оны 03 сараас 2024 оны 06 дугаар сарын СӨХ-ны төлбөр 487,122 төгрөг төлөөгүй. СӨХ-ны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байна. гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ СӨХ-ны дарга мөнгө аваад байранд засвар үйлчилгээ хийдэггүй. Манай байр 9 давхар бөгөөд манайх байрны 9 давхарт байдаг. Зун болохоор борооны ус дээврээс гоождог. Дээврийн ус гоожиж байгааг янзалж өгөхгүй байгаа учир СӨХ-ны төлбөр төлөхийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

4.Хэрэгт нолтох баримтаар авагдсан Засаг даргын 2004 оны 03 дугаар сарын 03-ны өдөр олгосон 08 дугаартай гэрчилгээгээр ***** СӨХ нь Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13, 14 дүгээр байрны сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалан ажилладаг болох нь тогтоогдож байна.

 

5.Төрийн банкны төлбөрийн нэхмжлэх баримтаар Баянгол дүүрэг, ***** тоотод оршин суудаг, уг орон сууцны өмчлөгч мөн болохоо хүлээн зөвшөөрч, 2023 оны 03 сараас 2024 оны 06 дугаар сарын СӨХ-ны төлбөр 487,122 төгрөг төлөгдөөгүй болох нь нотлогдож байна. /хх-ийн 7-8/

 

6.Хариуцагч Ё.***** нь Баянгол дүүрэг, ***** тоотод оршин суудаг, уг орон сууцны өмчлөгч мөн болохоо хүлээн зөвшөөрч, 2023 оны 03 сараас 2024 оны 06 дугаар сарын СӨХ-ны төлбөр 487,122 төгрөг төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

  7.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх үүрэг хүлээдэг.

 

8.***** СӨХ нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нараас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдон гарах зардлыг шаардах эрхтэй.

 

9.Хариуцагч Ё.***** нь ***** СӨХ-д сар бүр өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөр 487,122 төгрөг төлөөгүй байх тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу төлөх үүрэгтэй.

 

10.Хариуцагч байрны дээврээс ус гоождог, засаж өгөхгүй байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байх боловч энэ талаар хэрэгт авагдсан баримтгүй байна. Өөрөөр хэлбэл байрны дээврийн завсварын ажил хийгээгүйгээс дундын өмчлөлийн засвар үйлчилгээтэй холбоотой тогтоосон төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

11.Иймд хариуцагч Ё.*****оос 472,390 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***** СӨХ-нд олгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

12.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,732 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 14,732 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ё.*****оос 472,390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***** сууц өмчлөгчдийн холбоонд олгоБ, үлдэх 14,732 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ***** СӨХ-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,732 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё.*****оос улсын тэмдэгтийн хураамжинд 14,732 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 


 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР