| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/01284/И |
| Дугаар | 192/ШШ2025/00540 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2025/00540
| 2025 01 22 | 192/ШШ2025/00540 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ***** тоотод оршин суух, ***** ургийн овогтой *****ийн ***** /РД:Ч/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 177,330,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т.***** нь хариуцагч Н.*****д холбогдуулан 177,330,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч Т.***** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 120 000 000 төгрөгийг нэг сарын 15 хувийн хүүтэй нийт 2 сарын хугацаатай, хугацаа хэтэрвэл өдрийн 0,5% алданги тооцохоор, мөн өдөр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Хан-Уул дүүргийн ***** тоот, 52,08м.кв, 2 өрөө, улсын бүртгэлд бүртгэгдсэн орон сууц мөн ***** тоот 480м.кв хувийн сууц,грааш хамт улсын бүртгэлд бүртгэгдсэн, 469м.кв гэр бүлийн зориулалтаар өмчлөгдсөн газар улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж барьцаа болон зээлийн гэрээг нотариатаар батлуулж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт гэрээг бүртгүүлсэн. Зээлийн гэрээний дагуу 120 000 000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд зээлдэгч Н.*****ын ХААН банкны ***** дугаарын дансанд мөнгийг бүрэн шилжүүлсэн. Зээлийн гэрээ байгуулсанаас хойш 1 сар 2 хоногын дараа буюу 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 18000 000 төгрөгийн хүүг Н.***** надад буцаан төлсөн. Өөр эргэн төлөлт хийгээгүй өнөөдрийг хүрлээ. Үндсэн зээл 120 000 000 төгрөг, 1 сарын хүү 18000 000 төгрөг үүнээс Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн дүн 120 000 000+18000 000 нийт 138000 000 төгрөгөөс гэрээнд зааснаар 0,5% алданги хоногт 690 000 төгрөг болж байгаа ба нийт 57 хоног зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн байх тул нийт алданги 39330 000 төгрөг болж байх ба зээлдэгч Н.*****ын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр надтай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт 177330 000 /нэг зуун далан долоон сая гурван зуун гучин мянган /төгрөг гаргуулж зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн ***** тоот, 52,08м.кв, 2 өрөө, улсын бүртгэлд бүртгэгдсэн орон сууц мөн *****тоот 480 м.кв талбай бүхий хувийн сууц, грааш хамт улсын бүртгэлд бүртгэгдсэн, 49 м.кв гэр бүлийн зориулалтаар өмчлөгдсөн газар улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Н.***** нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Т.***** нь ***** надад холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргасантай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Би Т.*****ийг огт танихгүй. ***** нь Чингэлтэй дүүргийн 15-р хорооны засаг дарга найз юм. 2023 оны 08 сарын 15-ны өдөр найз Цийн танил З болон Ц гэдэг хүмүүсээр зуучлуулан иргэн Ж.*****тэй анх танилцаж байсан. Би ***** болон ***** нартай танилцаад 6 сар л болж байгаа. Зээлийн болон барьцааны гэрээ байгуулан авсан мөнгийг нэхэмжлэгч *****ийн найз ***** шилжүүлэн авсан. [Дансны хуулгыг хавсаргав]. Хорооны засаг дарга гэх Ж.***** нь танилцсаныхаа дараа Гутлын үйлдвэртээ материал авна гэж хэлээд {арьс, цавуу, ул}хүүтэй мөнгө зээлээч, сезон орохоор дор нь гаргаад өгчихнө гээд дансны хуулга, Хайлаастад байрлах машин угаалгын газар, гутлын үйлдвэр, 170 м2 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэргийг үзүүлж би Чингэлтэй дүүргийн 15-р хорооны засаг дарга, төрийн албан хаагч учраас хүнд худлаа хэлэхгүй яаралтай мөнгөний хэрэг байна гэсэн. Тэрээр 2023 оны 08-р сарын 15-ны өдрөөс 2023 оны 12-р сарын 15-ний өдрийг хүртэл 4 сарын хугацаатай 6 хувийн хүүтэйгээр үл хөдлөх эд хөрөнгө барьцаалуулж, 70,000,000 сая төгрөгийг авсан. Ингээд 3 хоногийн дараа захын наймаачид чи мөнгө хаанаас олсон юм бэ? Надад олоод өгөөч гээд байна. Би 7 хоног, 10 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж байсан. Та тэгж зээлж болно, найдвартай хүмүүс байгаа гээд олон удаа над руу ярьсаар 1.5 сая, 3.0 сая, гэх мэтээр бага байгаар зээлж авсан. Дараа нь хороодын засаг дарга нарт хөнгөлөлттэй зээл улсаас өгч байгаа, манай хороодын засаг дарга нар өмнөх зээлээ хаагаад ахиад зээл авах гэнээ, надад бас унацтай шагнал өгнө гэнэ, та ч бас боломжийн ашиг олно, мөнгө яаралтай олоод өгөөч гэсэн. Эхэн үедээ 3 сая, 5 сая байна уу? Гэдэг байснаа сүүлдээ 40, 50, 60 сая байна уу гэдэг болсон. Тэгж ярихдаа 7-хон хоногийн хугацаатай, хүүг нь найдвартай өгнө гэдэг болсон. Тэгээд мөнгө аваад хүүгээ зарим үед хүүгээ өгч байсан болохоор цаашид өгчих байх гэж бас итгэсэн. Гэтэл сүүлдээ үндсэн мөнгөө төлөх болохоор эндээс ийм зээл авах гэж байна, ийм банк, тийм ББСБ зээл өгнө гэсэн. Энэ зээлээ хаачихмаар байна. Тэгж л байж л зээл авна, тэгж байж л таны мөнгийг өгөх гээд байна. Та туслахгүй бол таны мөнгийг ч өгч чадахгүй болоод байна гэх зэргээр барьцааны шинжтэй зүйл ярьж эхэлсэн. Энэ үеэс л түүнийг худлаа хэлж, миний мөнгийг буцаан өгөх зорилгогүй байгаа, анхнаасаа намайг залилах санаатай байсан юм байна гэж бодсон. 5.Миний бие ***** *****, Ганзориг нарт залилуулсан. Миний бие *****т ах дүү ойр дотны хүмүүсээс нийлээд 20 гаруй удаагийн гүйлгээгээр 276,550,000 төгрөгийг зээлсэн. Мөн нэхэмжлэгч Т.*****өөс 120,000,000 төгрөгийг , Ганзориг гэх хүнээс 45,000,000 төгрөг, өөрийнхөө хадгаламжаа барьцаалж 70,000,000 төгрөг зээлж уг мөнгөө бүгдийг нь *****т шилжүүлсэн. Иргэн Т.***** нь ***** надад холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргасантай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд Би Т.*****ийг огт танихгүй. ***** нь Чингэлтэй дүүргийн 15-р хорооны засаг дарга *****ийн найз юм. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 120,000,000 төгрөгөөс 2023 оны 10-р сарын 17-ны өдрийн 17 цаг 04 минутад *****ийн Хаан банкны дансаар 65,000,000 төгрөг Н.***** миний 5019103635 тоот дансанд шилжиж орж ирсний дараа 17 цаг 07 минутад 20,000,000 төгрөгөөр 2 удаа, 25,000,000 төгрөгөөр 1 удаа тус тус бараа гэх гүйлгээний утгаар нийт 65,000,000 төгрөгийг *****т, 2023 оны 10-р сарын 17-ны өдрийн 17 цаг 30 минутад *****ийн Хаан банкны дансаар 5,000,000 төгрөг шилжиж орж ирснийг 3 удаагийн гүйлгээгээр *****ийн данс руу 1,400,000 төгрөг, *****ийн мөнгө хийчих гэсэн 2 дансанд 1,550,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 1,030,000 төгрөгөөр тус тус шилжүүлсэн. 2023 оны 10-р сарын 18-ны өдрийн 13 цаг 41 минутад *****ийн Хаан банкны дансаар 50,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, 14 цаг 14 минутад 28,000,000 төгрөг, 22,000,000 төгрөгөөр нийт 50,000,000 төгрөгийг *****т тус тус шилжүүлсэн. Тухайн үед тэрээр үйлдвэртээ бараа авах гэсэн яаралтай мөнгөний хэрэг гарлаа гэхээр нь зээл аваад түүнд өгсөн. Гэтэл огт танихгүй *****, ***** нарыг мөнгө зээлдэг гэж дагуулж ирээд, өөрөө зээл авахгүй, миний эд хөрөнгийг барьцаалуулж, зээл гаргуулж, өөртөө шилжүүлэн авсан нь анхнаасаа тэд бүлэглэн, зохион байгуулалттайгаар залилсан гэж харагдаж байна. *****ийн бусадтай нийлж намайг болон бусдыг залилсан асуудлыг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтэс шалгаж байгаад харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3-р хэлтэс рүү шилжүүлж, одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Иймд *****ийн нэхэмжилсэн мөнгийг миний бие хариуцахгүй, зээлийг би аваагүй, зээлийн гэрээ байгуулан авсан гэх мөнгийг ***** надаас шууд шилжүүлэн авч намайг залилсан тул 177,330,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хэрэгт нэхэмжлэгчээс 2023 оны 10 сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ /хх-ийн 3/, 2023 оны 10 сарын 18-ны өдрийн барьцааны гэрээ /хх-ийн 4,5/, Хаан банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 6-8/, Т.*****ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 9/, мэдүүлэг хүлээн авсан баримт /хх-ийн 67-69/, 2023 оны 10 сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ /хх-ийн 7/, 2023 оны 10 сарын 18-ны өдрийн барьцааны гэрээ /хх-ийн 72,73/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 74/, итгэмжлэл /хх-ийн 75/, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2024 оны 06 сарын 27-ны өдрийн 11/5-5022 тоот албан бичиг /хх-ийн 115/, мөрдөгчийн тогтоол /хх-ийн 116/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2024 оны 0 сарын 02-ны өдрийн 4/608 тоот албан бичиг /хх-ийн 117/, сиди, хариуцагчаас Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2024 оны 02 сарын 23-ны өдрийн 240601008 дугаар тогтоол /хх-ийн 19/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2024 оны 04 сарын 02-ны өдрийн 4/608 тоот албан бичиг /хх-ийн 20/, Н.*****ын хүсэлт /хх-ийн 21,22/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2024 оны 02 сарын 23-ны өдрийн 240601008 дугаар тогтоол /хх-ийн 23/, Хаан банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 24/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2024 оны 06 сарын 03-ны өдрийн хүсэлтийн хариу /хх-ийн 77/, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2024 оны 06 сарын 27-ны өдрийн 11/5-5022 тоот албан бичиг /хх-ийн 78/, Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 79/, шүүхээс үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 54,55/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2024 оны 06 сарын 21-ний өдрийн 1/3512 тоот албан бичиг /хх-ийн 66/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 10 сарын 15-ны өдрийн 5/12774 тоот албан бичиг /хх-ийн 94-114/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2024 оны 10 сарын 29-ний өдрийн албан бичиг, хавсралт /хх-ийн 124-140/ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэгсийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Би хариуцагч Н.*****тай 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 120,000,000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, хугацаа хэтэрвэл 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хан-Уул дүүрэг, ***** тоот, 52.08м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн Баянзүрх дүүрэг, *****тоот, 480м.кв хувийн сууц, граш, 469м.кв гэр бүлийн зориулалтаар өмчлөгдсөн газар барьцаалсан. Н.***** гэрээ байгуулснаас хойш 1 сар 2 хоногийн дараа 18,000,000 төгрөгийн хүү төлсөн. Гэрээний хугацаа дууссан ч зээл, хүүг төлөөгүй. Иймд зээл 120,000,000 төгрөг, хүү 18,000,000 төгрөг, 57 хоног хугацаа хэтрүүлсэн алданги 39,330,000 төгрөг нийт 177,330,000 төгрөг гаруулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. Эрүүгийн хэрэгт н.*****т холбогдох хэрэг шалгаж байгаа бөгөөд хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээнд хамааралгүй. гэж тайлбарласан.
3.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Нэхэмжлэгч Т.*****ийн нэхэмжилж буй 120,000,000 төгрөг Н.***** миний ***** тоот дансанд шилжиж орж ирсэн. Энэ мөнгийг би н.*****т шилжүүлсэн. Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ж.*****т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Н.*****ыг хохирогчоор тогтоон шалгаж байгаа. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлажээ.
4.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч Т.*****, хариуцагч Н.***** нар 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 1276 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн байна. Гэрээгээр нэхэмжлэгч Т.***** нь 120,000,000 төгрөгийг хариуцагч Н.*****д шилжүүлэх, хариуцагч 120,000,000 төгрөгийг сарын 15 хувийн хүүгийн хамт, 2 сарын хугацаанд буцаан төлөх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна. /хх-ийн 3/
4.2.Мөн өдөр нэхэмжлэгч Т.*****, хариуцагч Н.***** болон Б.***** нар 1276 дугаар Барьцааны гэрээ байгуулж, тус гэрээгээр Б.*****ын өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, ***** тоот 52.08м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Н.*****ын өмчлөлийн, улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, ***** тоот хаягт байршилтай, 480м.кв хувийн сууц, гарааш, 469м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалсан байна./хх-ийн 4/
5.Зээл, зээлийн хүү, алданги нийт 177,330,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд
5.1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.
5.2.Талууд хүсэл зоригоо илэрхийлэн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 1276 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн, гэрээг хүсэл зоригоо илэрхийлэн сайн дураар байгуулсан болох шүүхээс 2024.06.20-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл, талуудын тайлбараар тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.
5.3.Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1., 282.3.-т зааснаар нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол зээлдүүлэгч хүү авах эрхээ алдана.
5.4.Зээлийн гэрээгээр тохиролцсон хүүгийн хэмжээ сарын 15 хувь байгаа нь зээлдэгчийг ашиг олох зорилготой гэж үзэх, зээлдэгч зээлийн үйл ажиллагаа буюу нэхэмжлэгч эрхлэх этгээдээр бүртгэлгүй байна.
5.5.Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д заасан Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй иргэн байнга, ашиг олох зорилгоор хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон бол хүү авах эрхээ алдана гэж заасан.
5.6.Дээрхээс дүгнэвэл хариуцагч зээлийн хүү 18,000,000 төгрөг зөвшөөрч төлсөн байна. Харин үлдэх 1 сарын хүү 18,000,000 төгрөгийг хуулийн дээрх зохицуулалтын дагуу төлөхөөс татгалзах үндэслэлтэй байна.
5.7.Зээлийн гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө гэж заасан тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.
5.8.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж, 222 дугаар зүйлийн 222.1, 222.1.1-д Үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Хариуцагч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч зээлийн гэрээнд тохиролцсон алданги шаардах эрхтэй.
5.9.Алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 120,000,000 төгрөгөөс нэхэмжлэлд тодорхойлсноор 57 хоногт 34,200,000 төгрөг тооцогдоно. Дээрх үндэслэлээр хариуцагч Н.***** нь зээл 120,000,000 төгрөг, алданги 34,200,000 төгрөг нийт 154,200,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.*****д төлөх үүрэгтэй.
6.Барьцаа хөрөнгийн шаардлагын тухайд
6.1.2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан 1276 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар нэхэмжлэгч Т.*****, хариуцагч Н.***** болон барьцаа хөрөнгийн өмчлөгч Б.***** нар мөн өдөр 1276 дугаар Барьцааны гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлэн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байна. /хх-ийн 4-5, 94, 100-109/
6.2.Барьцааны гэрээгээр барьцаалуулагч *****ын өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, ***** байр, 2 тоот, 52.08м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, барьцаалуулагч, хариуцагч Н.*****ын өмчлөлийн, улсын бүртгэлийн ***** тоот хаягт байршилтай, 480м.кв хувийн сууц, гарааш, 469м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалсан байна./хх-ийн 4/
6.3.Тус гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156,1, 156.2-д заасан бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгэгдсэн байх шаардлагад тус тус нийцсэн, хүчин төгөлдөр байна.
6.4.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасан.
6.5.Хариуцагч зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй учир нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг дээрх 2 барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр хангуулахаар шаардлага гаргах эрхтэй. Гэхдээ уг шаардлагыг гэрээний дагуу үүрэг хүлээсэн этгээдээс шаардах эрхтэй. Тодруулбал Барьцааны гэрээг барьцаа хөрөнгийн өмчлөгчид болох хариуцагч Н.*****аас түүний барьцааны үүрэг, Б.*****аас түүний барьцаалсан хөрөнгөтэй холбоотой үүрэг шаардах юм. Н.***** нь Б.*****аас 2023 оны 10 сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах, гэрээнд гарын үсэг зурах зэрэгт төлөөлөх итгэмжлэл авч, уг итгэмжлэлийн дагуу барьцааны гэрээг байгуулсан боловч шүүхэд барьцааны гэрээний тал болох Б.*****ыг төлөөлөх, холбогдох барьцааны гэрээний шаардлагыг хариуцах этгээд болохгүй.
6.6.Иймд хариуцагч Н.*****ын өмчлөлийн, улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, ***** тоот хаягт байршилтай, 480м.кв хувийн сууц, гарааш, 469м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг албадан дуудлага худалдаагаар худалсан үнээс үүргийг гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангах, Б.*****ын өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, ***** тоот, 52.08м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
7.Хариуцагч зээлтэй холбоотой асуудлаар эрүүгийн журмаар шалгаж байгаа нь уг хэргийг иргэний журмаар шийдвэрлэхгүй гэж тайлбарласан. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 76 дугаартай Хүсэлтийг хэсэгчлэн хангах тухай тогтоол, мөн өдрийн хариу мэдэгдэх хуудас зэргээр *****т холбогдох хэрэг бүртгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох нь тогтоогдож байна. /хх-ийн 139, 140/
8.***** Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэрэгт шалгагдаж байгаа нь уг хэрийг хэргийг хэрэгсэхгүй болгох талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлд хамааралгүй.
9.Иймд хариуцагч Н.*****аас 154,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.*****д олгож, үлдэх 23,130,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Н.*****ын өмчлөлийн, улсын бүртгэлийн *****дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, ***** тоот хаягт байршилтай, 480м.кв хувийн сууц, гарааш, 469м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг албадан дуудлага худалдаагаар худалсан үнээс үүргийг гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлээс Б.*****ын өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, ***** 2 тоот, 52.08м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
10.Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,114,800 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 999,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу хариуцагч Н.*****аас 154,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.*****д олгож, үлдэх 23,130,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Н.***** 154,200,000 төгрөг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол Н.*****ын өмчлөлийн, улсын бүртгэлийн *****дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, *****тоот хаягт байршилтай, 480м.кв хувийн сууц, гарааш, 469м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг албадан дуудлага худалдаагаар худалсан үнээс үүргийг гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлээс Б.*****ын өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг,***** байр, 2 тоот, 52.08м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 71.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.*****өөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,114,800 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.*****аас 999,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР