Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00229

 

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00229

 

 

 

Х банк ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/03817 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Х банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.О-, Л.Б-, ХИ ХХК -д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 221 182 529,37 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нар, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Базаррагчаагийн хамтран гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т, А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.О- нь Хас банктай 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1090033182 дугаартай зээлийн гэрээ байгуулан 120 000 000 төгрөгийг 365 хоногт 17,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар үндсэн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч үндсэн зээлд 74 500 000 төгрөг, зээлийн хүүнд 28 483 142,98 мөнгө, нэмэгдүүлсэн хүүнд 12 010,62 мөнгө төлсөн. 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, хуримтлагдсан хүү 2 752 000,43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 67 740,82 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар, зээлийн дансны дугаарыг 1090040684 тоот болгон өөрчилсөн. Зээлдэгч нь гэрээнд өөрчлөлт оруулснаас хойш 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хүүний төлбөрөө төлөөгүй хугацаа хэтрүүлсэн.

Банк нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 5002315236 дугаартай зээлийн шугамын гэрээ байгуулан 60 000 000 төгрөгийг 365 хоногт 17,4 хувийн хүүтэй, ашиглаагүй зээлийн эрхийн үлдэгдэлд 2,4 хувийн үүрэг хүлээсний шимтгэлтэй, 24 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгийн зориулалтаар үндсэн зээлд 20 000 000 төгрөг, хүү 17 743 668 төгрөг, шимтгэлд 13 925 төгрөг төлсөн. 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн 5002315236 тоот шугамын зээлийн үлдэгдэл 40 000 000 төгрөгийг 365 хоногт 21,6 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай, зээлийн гэрээ байгуулж 5002315236 тоот шугамын дансыг хааж 1090039199 тоот болгож өөрчилсөн. 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ц.О-ийн 5002758415 тоот дансанд 40 000 000 төгрөгийг шилжүүлж зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн. Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн хүүнд 1 003 099,52 төгрөгийг төлсөн.

2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж хүү 3 139 366,24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 133 742,43 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төлөхөөр 1090039199 тоот зээлийн дансны дугаарыг 1090040680 болгож өөрчилсөн. Зээлдэгч нь гэрээнд өөрчлөлт оруулснаас хойш төлөх 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн төлбөрөө төлөөгүй хугацаа хэтрүүлсэн.

2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 1090037187 тоот зээлийн гэрээ байгуулан 150 000 000 төгрөгийг 365 хоногт, 17,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлдэгч нь үндсэн зээлд 41 666 666,70 төгрөг, хүү 19 399 340,49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16 187,68 төгрөгийг төлсөн. Банк нь 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, хуримтлагдсан хүү 6 340 617,69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73 890,42 төгрөгийг 2020 оны 8 дугаар сарыын 10-ны өдөр төлөхөөр 1090037187 тоот дансны дугаарыг 1090040682 тоот болгож өөрчилсөн. Гэрээнд өөрчлөлт оруулснаас хойш хүүний төлбөрийг төлөлгүй. Дээрх бүх зээлийн гэрээнд зээлдэгчийн нөхөр Л.Б- нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр, ХИ ХХК нь батлан даагчаар оролцсон.

1090033182, 1090037187, 1090039199 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1090033182-01 тоот баталгаат ипотекийн гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1090033182-02 тоот баталгаат ипотекийн гэрээ, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1090037187-01 дугаартай барьцааны гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1090039199-01 тоот ипотекийн гэрээгээр барьцаалсан. Х банк ХХК нь зээлдэгч, хамтран зээлдэгчид мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ гүйцэтгэлгүй өдийг хүрсэн.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дугээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1090033182 тоот зээлийн гэрээний 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар хүү 2 752 000,43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67 740 82 төгрөг, 1090040684 тоот зээлийн гэрээний үндсэн зээл 45 500 000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хүү 3 318 632,88 төгрөг, 1090037187 тоот зээлийн гэрээний үүрэг 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хүү 6 340 617,69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73 890,42 төгрөг, 1090040682 тоот зээлийн гэрээний үндсэн зээл 108 333 333 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хүү 7 901 506,83 төгрөг,

-1090039199 тоот зээлийн гэрээний үүрэг 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хүү 3 139 366,24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 133 742,43 төгрөг, 1090040680 тоот зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 40 000 000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл зээлийн хүү 3 621 698,63 төгрөг, нийт 221 182 529,37 төгрөгийг хариуцагч Ц.О-, Л.Б- нар болон ХИ ХХК-аас гаргуулж, хариуцагч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1090033182-01 тоот баталгаат ипотекийн гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1090033182-02 тоот баталгаат ипотекийн гэрээ, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1090037187-01 дугаартай барьцааны гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1090039199-01 тоот ипотекийн гэрээгээр, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Өлгийн 30 дугаар гудамж, 395Б тоот хаягт байршилтай ГД:00071080 тоот гэрчилгээний дугаартай, Г-2204014700 тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай 499 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, мөн тус хаягт байршилтай ГД:000166433 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2204011827 тоот эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй 950 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 9 дүгээр байрны 9 тоот хаягт байршилтай ГД:000093515 тоот гэрчилгээтэй, Ү-2204012131 тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууц барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.О-, Л.Б- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1090033182 дугаар зээлийн гэрээ байгуулан, 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 2018 оны 1090033182 дугаартай зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 1090037187 дугаар зээлийн гэрээ, 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 2019 оны 1090037187 дугаартай зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1090039199 дугаар зээлийн гэрээ, 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 2019 оны 1090039199 дугаартай зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ тус тус байгуулсан бөгөөд зээлдэгч Ц.О-, Л.Б- нар нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 30 дугаар гудамж, 3956 тоотод зочид буудал, диско баар, авто засвар, сэлбэгийн дэлгүүр түрээслэн ажиллуулж байсан, уг үйлчилгээний орлогоор банкнаас авсан дээрхи 3 зээлийн гэрээний төлбөрийг хийж байсан. Гэтэл коронавирусын цар тахалын улмаас 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Засгийн газрын 30 дугаар тогтоолоор улс орон даяар бэлэн байдлын зэрэгт шилжсэн тул Ц.О-, Л.Б- нар нь орлого муудсан учир банкинд хандаж, зээлийн эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулсан. Гэвч 2020 оны 01 дүгээр сараас ажлаагүй, түрээслээгүй, гэрээг цуцлан ажиллуулахаа больсон. Ц.О-, Л.Б- бид нар нь цаашид дээрх гэрээнүүдийн дагуу төлбөрийг хугацаанд нь төлөх боломжгүй нөхцөл байдал үүсэж, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасны дагуу гэрээнээс татгалсан.

Иймд 1. 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1090033182 тоот, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 1090037187 тоот, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1090039199 тоот гэрээнд 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээнүүдийг цуцлаж, дуугавар болгон зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү болон бусад үүргийг зогсоолгох хүсэлтийг 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр банкны төвд буюу Хан-Уул тооцооны төвд хүргүүлсэн. Хариуцагч бид гэрээнээс татгалзсан тул 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс хойших зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн 1 дэх шаардлагаас 216 900 төгрөг, 2 дахь шаардлагаас 516 440 төгрөг, 3 дахь шаардлагаас 3 621 698,63 төгрөг, нийт 4 355 038,63 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1, 457 дугаар зүйлийн 457.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.О-, Л.Б-, ХИ ХХК-аас 220 258 509,37 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 924 020 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ц.О-, Л.Б- нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох түүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Өлгийн 30 дугаар гудамж, 395-Б тоот хаягт байршилтай 18646311251759 нэгж талбарын дугаартай, Г-2204014700 тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай 499 м.кв газар, Ү-2204011827 тоот эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй 950 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг 16-р хороо, 16 дугаар хороолол, 9 дүгээр байрны 9 тоот хаягт байршилтай Ү-2204012131 тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 334 063 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.О-, Л.Б-, ХИ ХХК-аас 1 329 442 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нар, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа нар хамтран давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрээр Ц.О-, Л.Б- нарын барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангасан нь үндэслэлгүй бөгөед шүүхээс төлбөрийг сайн дураараа төлөхгүй бол хангуулахаар шийдвэрлэсэн байна. Хариуцагч Ц.О-, Л.Б- нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 4 355 038 төгрөгийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд уг төлбөрөөс гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлснээс хойш тооцсон 924 020 төгрөгийг шүүхээс хангаж шийдвэрлэсэн боловч 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 5002315236 дугаар 60 000 000 төгрөгийн гэрээг төлж дуусгавар болгож банк бүртгэл хийгээд, 40 000 000 төгрөгийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1090039199 дугаар гэрээ байгуулахдаа 40 000 000 төгрөгийг бэлэн олгоогүй, өмнөх гэрээний төлбөрийг шилжүүлэн олгож, хүчин төгөлдөр бус зээлийн гэрээ байгуулсны хүү гэх 3 431 018 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр хангуулах, мөн хүү 3 431 018 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Х банк ХХК нь хариуцагч Ц.О-, Л.Б- нар болон ХИ ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 221 182 529,37 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар  нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Зохигчдын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1090033182 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч Ц.О-, Л.Б- нар нь Хас банкнаас үндсэн хөрөнгийн зориулалтаар, 120 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 17,4 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлдэгч нь тогтоосон хуваарийн дагуу мөнгөн хөрөнгийг буцаан төлөх, мөн өдөр 5002315236 тоот зээлийн шугамын гэрээ байгуулж, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 60.000.000 төгрөгийг 365 хоногт 17,4 хувийн хүүтэй, ашиглаагүй зээлийн эрхийн үлдэгдэлд 2,4 хувийн үүрэг хүлээсний шимтгэлтэй, 24 сарын хугацаатай, мөн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 1090037187 тоот зээлийн гэрээ байгуулж, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 150 000 000 төгрөгийг 365 хоногт, 17,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар тус тус зээлж, баталгаат ипотекийн гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалжээ. /хх-ийн 28-33, 36-42, 48-50, 52-54, 66, 67 /

 

Дээрх зээлийн гэрээнүүд болон баталгаат ипотекийн гэрээнүүд нь талуудын хүсэл зоригийг илэрхийлэл болсон, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, барьцааны гэрээ нь мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

 

Мөн дээрх гэрээнүүдэд нэмэлт нөхцөл оруулж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн өөрчилж, 2018 оны 1090033182 тоот зээлийн гэрээний 1.1 дэх хэсэгт заасан 120 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 45 500 000 төгрөг хавсралт 1, 2 гэж, 2019 оны 1090037187 тоот зээлийн гэрээний 150 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 108 333 333 төгрөг болно, хавсралт 1, 2 гэж, 2019 оны 1090039199 тоот Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээний 1.1 дэх хэсэгт заасан 40 000 000 төгрөг, ерөнхий хугацааг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл сунгав гэж, 2019 оны 1090039199-1 тоот ипотекийн гэрээний 1.1 дэх хэсэгт заасан 1090039199 тоот Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ гэсний ард 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр болгон, зээлийн дансны дугаарыг болон зээлийн хугацааг сунгаж тус тус өөрчилсөн болох нь зээлийн гэрээний нэмэлт нөхцөл болон тусгай нөхцөл, нэмэлт, өөрчлөлтийн гэрээнүүдээр тус тус тогтоогдож байх ба эдгээр гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байна. Гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй. /хх-ийн 74-82 /

Мөн ХИ ХХК нь зээлийн гэрээнүүдээр хүлээсэн үүргээ зээлдэгч нь бүрэн биелүүлж чадна гэдгийг банкны өмнө баталж, зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд түүний өмнөөс үүрэг гүйцэтгэхээр 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус тус нэхэмжлэгч Х банк ХХК-тай батлан даалтын гэрээг байгуулсан нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд хариуцагч ХИ ХХК нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд батлан даалтын гэрээгээр үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс хариуцлага хүлээхээр тохиролцсон. /хх-ийн 34, 51, 65/

ХИ ХХК-ийн дүрэм болон компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргээс үзэхэд хариуцагч Ц.О- нь ХИ ХХК-ийн үүсгэн байгуулагч, нэг хувьцаа эзэмшигч байх тул батлан даалтын гэрээний дагуу үүрэг хүлээх этгээдэд зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үндэслэлтэй гэж үзнэ. /хх-ийн 20-22 /

Хариуцагч нар нь зээлийн болон зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл, хүүгийн эргэн төлөлтийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөлгүй үүргээ зөрчсөн болох нь зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүд, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлийн гэрээ болон зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарь, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, зээлийн шугамын гэрээ, бизнесийн зээлийн гэрээнд зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол нэхэмжлэгч талын буюу зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээ дуусгавар болох буюу түүнийг цуцлахаар заасан болон хариуцагч Ц.О-, Л.Б- нар нь 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах хүсэлтийг гарган гэрээнээс татгалзаж, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлтэй.

Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл, зээлийн хүүг буцаан төлөх, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар зохицуулагдсан байна. Нэхэмжлэгч талаас зээл, хүүгийн тооцооллыг баримтаар гаргаж өгсөн ба хариуцагч Ц.О-, Л.Б- нь  1090033182 тоот зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч үндсэн зээлд 74 500 000 төгрөг, хүүд 28 483 142,98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 12 010,62 төгрөгийг, 1090039199 тоот зээлийн гэрээний хүүд 1 003 099,52 төгрөгийг 1090037187 тоот зээлийн гэрээний үндсэн зээлд 41 666 666,70 төгрөг, хүүд 19 399 340,49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 16 187,68 төгрөгийг тус тус төлсөн болох нь хэргийн 100-106 дахь талд авагдсан зээл, зээлийн хүүгийн тооцооллын хүснэгт баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Хариуцагч Ц.О-, Л.Б- нар нь 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах хүсэлтийг гарган гэрээнээс татгалзсан нь тогтоогдсон тул шүүх 2020 оны 09 сарын 11-ний өдрөөс 2020 оны 9 сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 924 020 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцсон нь үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүх хариуцагч Ц.О-, Л.Б- болон ХИ ХХК-аас 220 258 509,37 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХАС банк ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 924 020 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт тус тус нийцжээ.

Хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1090033182-01 тоот, 1090033182-02 тоот баталгаат ипотекийн гэрээ, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1090037187-01 тоот барьцааны гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1090039199-01 тоот ипотекийн гэрээ хүчин төгөлдөр тул уг барьцаа хөрөнгийг шүүхийн журмаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхийг нэхэмжлэгчид Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар олгогдсон тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны зүйл болох Ц.О-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204014700 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Өлгийн 30 дугаар гудамж, 395Б тоот хаягт байршилтай 499 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, мөн тус хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2204011827 дугаарт бүртгэлтэй, 950 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ц.О-, Л.Б-, Б.Бүдханд, Б.Хандсүрэн нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204012131 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 9 дүгээр байрны 9 тоот хаягт байршилтай, 38 м.кв талбайтай 3 ороо орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Хариуцагч нар нь ...нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр хангуулах, мөн хүү 3 431 018 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа боловч 2018 оны 1 сарын 24-ний өдрийн 5002315236 тоот 60 000 000 төгрөгийн зээлийн шугаман гэрээний төлөгдөөгүй үлдэгдэл 40 000 000 төгрөгт 2019 10 сарын 23-ны өдөр 1090039199 тоот зээлийн гэрээг байгуулж, гэрээний хугацаа, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсоныг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх, уг гэрээг байгуулагдаагүй гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаар гаргасан хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Харин анхан шатны шүүх батлан даалтын гэрээний харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул зөвтгөн өөрчлөлт оруулж, хариуцагч нар, тэдгээрийн өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/03817 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 457 дугаар зүйлийн 457.1 гэснийг 458 дугаар зүйлийн 458.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА

Н.БАТЗОРИГ