Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 209

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Ц.Ариунтуяа,

Хохирогч Б.Б,

Гэрч Н.Цагаанбаатар, Б.Баттулга, Б.Мөнгөнзул,

Шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч С.Энхбат /ҮД:0213/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Тгийн Э-т холбогдох 1708010280194 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар  сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, Нийслэлийн Газрын албаны “Драгон” төвд байрлах салбарт кадастрын зургийн мэргэжилтэн, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо “Очир” хорооллын ...тоотод оршин суух, Харчин овогт Тгийн Э /РД:.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.Үүнд:

            Нэг:Яллах болон цагаатгах талын нотлох баримтууд.

1.1.Хохирогч Б.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооллын автозамын уулзварт замын цагдаагийн зохицуулагч ажил гүйцэтгэж байтал орой 22 цагийн үед ...ТӨВ улсын дугаартай мөнгөлөг өнгийн Приус-30 маркын машинтай жолооч зүүн талаас урсгал сөрөөд эгнээ байр хаагаад ороод ирэхээр нь би явж очоод дүрэм зөрчөөд байна та бичиг баримтаа гаргаад ир, та яагаад дүрэм зөрчиж урсгал сөрөөд байна, та маргааш Сонгинохайрхан дүүргийн замын цагдаа дээр ирж уулзаад асуудлаа шийдүүлнэ үү гэж хэлээд бичиг баримтыг нь хураагаад та юу ч гэсэн авто машинаа зогсоол дээр тавьчихаад буцаад хүрээд ир гэсэн чинь уг ...ТӨВ улсын дугаартай мөнгөлөг өнгийн машины жолооч хөөш чи муу цагдаа минь чи яахаараа миний бичиг баримтыг хурааж авч явдаг юм бэ гэж миний араас орилж хашгираад байхаар нь би дөхөж очоод та тайвшир над руу битгий орилоод бай гэж хэлтэл намайг өөдөөс түлхэхээр нь би хойшоогоо савахдаа гартаа барьж байсан дохиураараа мөр лүү нь халт шүргэсэн юм. Тэгсэн уг жолооч чи яахаараа намайг цохидог юм гэж уурлаад миний дүрэмт хувцаснаас заамдан авч, миний нүүрэн тус газарт гараараа 7-8 удаа цохиж танхайрсан. Энэ үед хажуу талаас 2 автомашинтай зорчиж явсан жолооч нар хараад бууж ирж намайг цохиж байхад салгаж үйлдлийг нь таслан зогсоосон. Үүний дараа би өөрөө 102 руу залгаж энд намайг жолооч зодоод байна гэж дуудлага өгч, мөн давхар цагдаагийн ёс журам руу залгаж мэдэгдсэн. Би амнаас шингэн зүйл гараад байхаар нь шүлсээ хаятал цус гарч байсан. Мөн дээд талын шүдний хажуу талын шүд нь хөдөлсөн байсан. ...Одоо миний биед зүүн талын хацар хавдсан, мөн дээд талын үүдэн урд хэсгийн шүдний хажуу талын 1 шүд хөдөлсөн байна. ...Би шүдээ янзлуулж амжаагүй байна, шүд янзуулбал эмчилгээний зардалд гарсан баримтыг өгнө, яг одоо баримт байхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 х/,

 

1.2.Хохирогч Д.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... та бичиг баримтаа гаргаад ир гэтэл би уулзвар луу орчихоогүй байна шүү гэхээр нь та цагдаагийн ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлээд бичиг баримтаа гаргаад ирээ гэтэл гаргаж өгөхөөр нь би бичиг баримтыг нь хурааж аваад хөдөлгөөний нягтрал ихтэй байсан учраас та машинаа зогсоол дээр тавьчихаад буцаж ирээд уулзаарай гэж хэлээд эргээд явах гэтэл араас хөөе цагдаа зогсож бай би яаж бичиг баримтаа авах юм бэ гээд бууж ирээд орилоод байхаар нь би эргэж очоод  хөөе та тайвшир битгий орилоод бай гэтэл миний өөдөөс түлхсэн тэгтэл би хойшоо савахдаа санаандгүй дохиур модоороо зүүн мөр лүү нь хальт шүргэчихсэн, тэгтэл нөгөө залуу чи намайг цохилоо гээд намайг заамдаж аваад нүүр лүү 7-8 удаа цохисон, тэгтэл тэнд байсан 2 жолооч салгасан, миний амнаас цус гараад байсан дээд үүдэн шүд хөдөлсөн. Би тэр залууг огт цохиогүй, тухайн болсон зүйлийн талаар харсан гэрч байгаа, би тэр хүмүүсийн гар утасны дугаарыг тэмдэглээд аваад үлдсэн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 15 х/,

 

1.3.Хохирогч Б.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 8 дугаар сарын 19-ний орой 22 цагийн үед албан үүргээ гүйцэтгэж байсан. Зам урд чиглэлээсээ ачаалал ихтэй байсан. Би урд талын хөдөлгөөнийг аваад зүүн тийшээгээ нуруугаа харуулаад зогсож байсан. Ачаалал ихтэй байсан тул арын машиныг харах боломжгүй байсан. Урд хөдөлгөөнөө авч дуусчихаад эргээд харахад 2 машин зогсож байсан. Тэгээд би урд талын машин дээр очиход бичиг баримтаа хайж байсан, тэгэхээр нь арын машин дээр очоод бичиг баримтаа шалгуулна уу гэхэд би яахаараа бичиг баримтаа шалгуулах ёстой вэ, би ямар дүрэм зөрчсөн бэ? гэж хэлсэн. Тэгэхээр нь би урсгал сөрөөд зогссон байна, тэмдэг тэмдэглэгээ зөрчсөн байна гэж хэлсэн. Бичиг баримтаа өгөхгүй байхаар нь дахин шаардахад та нар бичиг баримт авчихаад явчихдаг биз дээ, та нарын араас хөөцөлдөж чадахгүй, чи тэгвэл урд талын машинаас бичиг баримтыг авчих гэсэн. Би урд машинаас бичиг баримтыг авчихаад эргэн ирж шүүгдэгчээс бичиг баримтыг авсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн замын цагдаа дээр маргааш очиж асуудлаа шийдүүлээрэй гэхэд шүүгдэгч яахаараа би маргааш очдог юм бэ гэхээр нь тэгвэл машинаа зогсоол руу оруулж тавьчихаад ирээд уулз гэж хэлсэн. Гэтэл араас татаад бичиг баримтаа нэхээд, намайг ажлаа мэдэхгүй гэх мэт маргалдсан. Тэгэхээр нь би өөдөөс нь алхаж очоод дуугаа аяархан гэхэд намайг түлхсэн. Би хойшоо савахдаа дохиур модоор шүргэсэн байх, гэхдээ цохиогүй. Шүүгдэгч намайг заамдаж аваад цохисон. Урд машины жолооч бууж ирээд намайг салгасан, салгаагүй бол юу болох байсныг хэлж мэдэхгүй байна. Эмнэлэгт үзүүлэхэд миний шүдийг эмчлэх боломжгүй, авч байж хиймэл шүд суулгана гэж хэлсэн. Энэ нь надад маш харамсалтай зүйл болж байна. Үнийг асуухад 2,500,000-3,000,000 төгрөг гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

1.4.Т.Эын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн “...Өнөөдөр би 22 цагийн үед ...ТӨВ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Приус-30 маркын машинтай Содон хорооллын хойд талын уулзвар орж гэртээ харих гээд автомашины араас түгжрээд зогсож байхад тухайн үед зам нэлээн ачаалалтай машинууд 3, 4 эгнээ болж түгжирч байсан. Би хамгийн зүүн гар талын эгнээнд явж байсан, тэгтэл гэрэл дохио улаан болоод уулзвар дээр ороогүй байхад хөдөлгөөнөө зогсоосон. Энэ үед миний урд талд 1 автомашин байсан гэтэл 1 замын цагдаа хаанаас ч юм гарч ирснийг анзаараагүй, уулзварын цаад талаас над дээр ирээд цонхоо буулга гэж хэлэхээр нь буулгасан чинь та бичиг баримтаа гаргаад ир гэхээр нь би өгсөн чинь маргааш Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтэс дээр ирээрэй гээд цаашаа алхаад явахаар нь би хөөе цагдаа гэж орилсон чинь чи яах гэж намайг дуудаад байгаа юм гээд буцаад ирэхээр нь би урсгал сөрөөгүй, би зөрчил гаргаагүй, миний урд талын автомашин адилхан зогсож байхад яагаад бичиг баримтыг нь хураахгүй байгаа талаар хэлтэл урд талын машины бичиг баримтыг хурааж авах шиг болсон. Тэгэхээр нь би урсгал сөрөөгүй, зөрчил гаргаагүй бичиг баримтаа авмаар байна гэж уг цагдаад хандан хэлтэл нөгөө цагдаа чи яасан овоо юм бэ гээд хувцсаа тайлаад ийшээ гарч байгаад үзье гээд миний гарнаас татахаар нь би гар руу нь түлхэж тавиулаад миний бичиг баримтыг өг гэж хэлсэн чинь би чамайг амьтан болгоноо гэж хэлээд тэр цагдаа над руу миний нүүрэн тус газар гараараа цохихоор нь би нүүр рүү нь гараараа хүчтэй түлхээд өөрөөсөө холдуулсан. Манай эхнэр ирж салгасан, мөн тэнд байсан бичиг баримтаа хураалгасан жолооч харж байсан, гэхдээ салгаагүй. Тэгээд би танай ёс журам дуудна гэсэн чинь тэр цагдаа би өөрөө дуудна гээд дуудсан. ...тэгээд байж байтал цагдаагийн алаг машинтай цагдаа нар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр дагуулж ирсэн. ... Одоо миний зүүн талын нүүрэн хэсэг халуу оргиж толгой өвдөж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 х/,

 

1.5.Шүүгдэгч Т.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 19-ний орой 22 цагийн үед би бичиг баримтаа авмаар байна гэж тэр цагдаатай маргалдсан. Намайг заамдаж аваад миний зүүн шанаа руу гараараа цохиод, миний цээж рүү 2-3 удаа цохисон, би зөрүүлээд нөгөө цагдаагийн зүүн шанаа руу 1-2 удаа цохиод цээж рүү нь түлхсэн. Эхлээд тэр замын цагдааг ирээд бичиг баримтаа шалгуул гэхээр нь би бичиг баримтаа гаргаж өгсөн. Тэгээд би тэр цагдаагийн өөдөөс тайлбар хэлэхэд намайг олон зүйл ярьлаа гэх шалтгаанаар өөдөөс эхлээд цохихоор нь би зөрүүлээд цохисон. ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 48-49 х/,

 

1.6.Шүүгдэгч Т.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 8 дугаар сарын 20-ны орой гэр рүүгээ харих гээд явж байсан. Тэр үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Содон хорооллын хойд уулзвар маш их түгжрэлтэй, гэр хорооллын дундуур явдаг зам тэр чигтээ түгжрэлтэй байсан. Тухайн зам нь шороон замаар явж байгаад засмал зам руу нийлдэг хэсэг байсан. Энэ нийлдэг хэсэг дээр машинууд 4-5 эгнээ үүсгэсэн байсан, урсгал сөрсөнийг нотлох ямар нэгэн тэмдэг, тэмдэглэгээ байхгүй. Ганц уулзвар руу орохыг хориглосон тэмдэг байгаа, түүнийг тойрч орох ёстой. Тэр тэмдэг рүү миний машин чиглээд зогссон байсан. Гэрч Баттулгын машин тэр тэмдэг рүү ороод зогссон байсан. Гэтэл замын цагдаагийн албан хаагч ирээд миний бичиг баримтыг хурааж аваад маргааш Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн газар ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи тэгвэл адилхан энэ урд зогсож байгаа машины бичиг баримтыг ав гэж хэлээд авхуулсан. Би араас нь очоод би урсгал сөрөөгүй, тэмдэг, тэмдэглэгээ, зураасаа хар, аль хэсгийг нь эсрэг урсгал, аль хэсгийг нь явах ёстой урсгал гэж байгаа юм бэ? Би тэмдэг рүү орсон бол урсгал сөрсөн байж болно би тэмдэг рүү ороогүй байна, дүрэм зөрчөөгүй тул маргааш чам дээр очиж, чирэгдэл болж үнэмлэхээ авах шаардлагагүй, одоо бичиг баримтаа авмаар байна гэж хэлсэн. Гэтэл цагдаа чи надад миний ажлыг заадаг хэн бэ, 2-лаа ийшээ явъя гээд гараас барихад би гараа тавиулсан. Тэгээд би миний бичиг баримтыг өг, чи ажлаа мэддэг юм уу, би яаж урсгал сөрсөн бэ гэх мэт хэлсэн. Орохыг хориглосон тэмдэглэгээнээс цааш явахыг хориглоно гэж замын хөдөлгөөний дүрэмд заасан байгаа. Замын цагдаагийн шаардлагыг зөв биш гэж үзээд би тайлбар тавьсан. Түүнээс биш цагдаагийн хэлсэн бүгдийг эсэргүүцэж, элдэв үгээр хэлээгүй. Мэдээж дууны өнгө чанга байсан байх. Намайг чи энэ тэмдгээ хар гэж хэлэхэд хохирогч миний нүүр рүү болон бие рүү цохисон. Би зөрүүлээд биеэ хамгаалаад цохисон. Би цохисон буруугаа хүлээж байна. Гэхдээ хохирогч эхлээд намайг цохисон. Хууль сахиулагч хүн тусгай эрх үүрэгтэй, төрийн хамгаалалтад байдгийг би мэднэ. Гэхдээ иргэдтэй ийм байдлаар харьцаж болохгүй. Мөн энэ хавтаст хэрэгт намайг урсгал сөрсөн гэдгийг нотолсон үг, өгүүлбэр байхгүй. Зөрчлийн тухай хуулийн 14.7.30-д “замын хөдөлгөөний дүрмээр хориглосон нөхцөлөөр урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт байгаа. Энэ хавтаст хэрэгт Э замын хөдөлгөөний дүрмийн 14.7.30-г зөрчсөн байна гэсэн өгүүлбэр байхгүй. Ийм тайлбар тавьсан нь миний зөв гэж бодож байна. Яагаад цагдаа нар жирийн иргэдийн тайлбарыг сонсохгүй, төрийн хамгаалалтаар иргэдийг дээрэлхэж байдаг вэ? Цагдаа надад бичиг баримтаа өг гэсэн шаардлага тавьсан, би шаардлагыг биелүүлж бичиг баримтаа өгсөн. Харин урсгал сөрсөн гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй, эсрэг урсгал гэдгийг нотолсон тэмдэг, тэмдэглэгээ, зөрчсөн гэдэг нотолгоо байхгүй. Цагдаа Бы талд гэрчлээд байгаа 2 гэрч нь өөрсдөө урсгал сөрснөө хүлээсэн. Урсгал сөрнө гэдэг нь Зөрчлийн тухай хууль зөрчсөн гэсэн үг. Урсгал сөрсөн үед сануулах арга хэмжээг авахгүй. Гэтэл уг 2 хүнд арга хэмжээг аваагүй, зөвхөн сануулаад явуулсан байна. Энэ нь өөрийн талд ашигтай мэдүүлэг авах гэсэн санаа. Хэрэгт авагдсан баримтууд бүгд нэг талыг барьсан. Цагдаа цагдаатай холбоотой хэргийг шалгасан. Шалгахдаа миний бичиж өгсөн өргөдлийн дагуу шалгаагүй. Надад гэмтлийн зэрэг учраагүй ч гэмтсэн гэдэг нь батлагдсан. Зөрчлийн тухай хуулинд зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдоогүй ч бусдыг зодвол 100000 төгрөгөөр торгоно гэж заасан. Уг цагдаад яагаад энэ хуулиар арга хэмжээ авахгүй байна вэ? Б намайг цохиогүй бол миний бие яагаад гэмтсэн бэ? Хүн арагшаа савж уналаа гэхэд хүний биеийг хөхөртөл цохих боломж байхгүй. Эдгээр нь Б, Баттулга нар худлаа мэдүүлэг өгч байна гэдгийг харуулж байна. Тухайн үед Б зохицуулалт хийж зогсож байсан бол яагаад урсгал сөрсөн 2 машиныг хараагүй вэ? Гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй байна. Гэрч Баттулга намайг 8 удаа Быг цохисон гэсэн байхад Цагаанбаатар 2 удаа цохисон гэж мэдүүлсэн байна. Эдгээр эргэлзээтэй асуудлууд байсаар байхад ганц намайг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

1.7.Гэрч Б.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 19-ний орой 22 цагийн орчим байсан, би Улаанхуарангийн барилга дээр бараа буулгачихаад явж байгаад 21-р хорооллын зүүн талаас урагшаа эргэж гарах гэтэл урсгал сөрөөд 2 машин урагшаа эргээд гарчихаар нь би амжчих байх гэж бодоод араас нь дагаад орох гэтэл амжаагүй. Тэгтэл замын цагдаа ирээд та яагаад урсгал сөрөөд эгнээ байр буруу эзэлсэн юм бэ бичиг баримтаа шалгуул гэж аваад та замын хөдөлгөөний дүрэм зөрчиж урсгал сөрж эгнээ байр буруу эзлэн зогссон байна гэсэн. Угаасаа би буруу эгнээ байр эзэлсэн байсан болохоор буруугаа хүлээн зөвшөөрөөд цагдаад юу ч хэлээгүй. Тэгтэл миний араас зогссон байсан Приус-30 маркын машины жолооч дээр уг замын цагдаа очоод бичиг баримтыг нь хурааж байсан, тэгэхээр нь машинаасаа буугаад замын цагдаа руу очтол нөгөө арын машины залуу бас буугаад цагдаа руу очоод чи бичиг баримтаа шалгуул гэтэл нөгөө цагдаа бичиг баримтаа үзүүлсэн. Тэгтэл нөгөө залуу чи урд нь 2 машин гараад явж байхад бид 2-ыг гаргахгүй байна гээд уурласан. Тэгээд би машин дээрээ очоод тамхи татаад зогсож байтал нөгөө залуу замын цагдааг чи наад хувцсаа тайлчих хоёулаа үзье гээд хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод, замын цагдааг цохиж аваад тэр хоёр хоорондоо барьцалдаад авсан. Тэгтэл нөгөө залуу замын цагдааг нүүр рүү нь ганц хоёр удаа цохиод авсан. Тэгэхээр нь би салгасан. Тэгтэл бас 1 бичиг баримтаа хураалгасан миний насны эрэгтэй хүн бас салгасан. Тэгээд замын цагдаа руу харахад хувцасных нь энгэр цус болчихсон байсан, тэр замын цагдаагийн амнаас цус гарсан байсан. Тэгтэл замын цагдаа эхлээд ёс журам гэдэг газар руу ярьж байна гээд гар утсаа гаргаад залгаад байсан, нөгөө залуу бас л ёс журам дуудна гээд гар утсаа залгаад байсан. тэгтэл удалгүй цагдаагийн алаг машинтай хоёр цагдаа ирээд эхнэрийг нь машинаа бариад яв гэж хэлээд нөгөө залууг авч явсан. Миний бичиг баримтыг хурааж авсан замын цагдаа та дахиж ийм зөрчил гаргаж болохгүй шүү гэж хэлээд миний гар утасны дугаарыг аваад үлдсэн. Надад ямар нэгэн арга хэмжээ аваагүй амаараа сануулаад явуулсан. Тухайн Приус-30 маркын машины жолооч өөрөө дүрэм зөрччихөөд замын цагдаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, замын цагдаа Бы нүүр рүү 2-3 удаа цохисон, замын цагдаа тэр залууг цохиогүй байх би хараагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 х/,

 

1.8.Гэрч Б.Баттулгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Шүүгдэгч залуу заамдсан гараараа 2 удаа түлхсэн. Хэрэлдэж байгаад замын цагдаа эхлээд түлхсэн, би түлхэх цохих хоёрын ялгааг сайн хэлж чадахгүй байгаа учраас мөрдөн байцаалтанд цохисон гэж мэдүүлсэн, хувцаснаас нь барьчихаад түлхээд байсан. Энэ залуу сул гараараа бол цохиогүй, заамдсан гараараа 2 удаа түлхээд нударсан. Цагдаа амнаас нь цус гарсан бололтой шүлсээ хаяаад байсан, цуванд нь цус үсэрсэн байсан ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

1.9.Гэрч Н.Цагаанбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 21-22 цагийн орчим 21-р хорооллын зүүнээс баруун руу явах гэж байгаад урсгал сөрж орсон гээд замын цагдаад бичиг баримтаа хруаалгасан юм. Тэгтэл нөгөө цагдаа намайг та уулзвар гараад машинаа байрлуулчихаад буцаад ир гэж хэлсэн. Тэгээд би машинаа тавьчихаад буцаад уулзварын зүүн талд очтол 1 залуу нөгөө замын цагдааг чи намайг дохиураараа цохилоо гээд 2 удаа нүүр рүү нь гараараа цохиж авсан. Тэгтэл нөгөө цагдаа утсаараа өөр цагдаа дуудаад байсан, удалгүй алаг машинтай 2 цагдаа ирээд нөгөө залууг аваад явсан. Замын цагдаа над дээр ирээд миний бичиг баримтыг буцааж өгөөд миний гар утасны дугаарыг тэмдэглэж аваад та болсон зүйлийг харсан шүү дараа нь гэрчлээрэй таныг дуудна шүү гэж хэлээд яваад өгсөн. Тухайн үед уулзвар руу орохыг хориглосон зам дээр тэр урсгал сөрсөн залуугийн машин Төв аймгийн дугаартай мөнгөлөг өнгийн Приус-30 маркын машин байсан, урд талд нь бас жип маркын машин урсгал сөрсөн байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 х/,

 

1.10.Гэрч Н.Цагаанбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Цагдаа эхлээд цохисон гэдгийг шүүгдэгч ярьж байсан, шүүгдэгч залуу заамдчихсан гараараа займчуулаад түлхээд байсан, би заамдаж аваад түлхэхийг цохих гэж ойлгоод байгаа ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

1.11.Гэрч Б.Мөнгөнзулын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр би нөхрийн хамтаар 22 цагийн орчимд ...ТӨВ улсын дугаартай Приус-30 маркын машинтайгаа 21-р хороллын уулзварын зүүн талаас урагшаа эргэх гээд зогсож байсан, бид 2-ын урд бас нэг машин байсан. орохыг хориглоно гэсэн тэмдэглэгээнээс бүр наана зогсож байсан, гэтэл замын цагдаа ирээд та урсгал сөрөөд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна гээд манай нөхрийн жолооны үнэмлэх болон машины бичиг баримтыг хурааж аваад маргааш өглөө замын цагдаагийн хэлтэс дээр ирж аваарай гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр чи урд талын машины бичиг баримтыг бас аваач гэтэл тэр цагдаа авчихъя гээд урд машины бичиг баримтыг аваад цаашаа явсан. Тэгээд машин дотроос хартал тэр цагдаа манай нөхрийн гараас нь базаж аваад явах гэтэл манай нөхөр гараас нь гараа шувтраад автал нөгөө цагдаа манай нөхрийг 2-3 удаа хацар руу нь алгадаад авсан, тэгээд би машинаас буугаад очих хооронд манай нөхрийг ахин цохисныг мэдэхгүй байна. Манай нөхөр замын цагдааг цохисныг хараагүй. Тэгээд тэр цагдаа энэ залуу намайг цохисон гээд цагдаа нар дуудаад дүүрэг рүү явсан. Би машинаа бариад нөхрийнхөө араас очсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

1.12.Гэрч О.Хишиг-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр би Сэлбэ-118 чиглэлийн алаг машин дээр ахлах дэслэгч Э.Хатанбаатарын хамтаар 24 цагийн үүрэг гүйцэтгэж байхад 22 цагийн орчимд Сэлбэ-10-с 21-р хорооллын уулзвар дээр цагдаа зодуулаад байна гэсэн дуудлага ирсний дагуу очиж шалгахад нэг залуу замын цагдаатай маргалдсан байдалтай байсан, тэгээд тэр залуу замын цагдааг дохиур модоороо цохисон гээд байсан, цагдаа хэлэхдээ урсгал сөрөхөөр нь шаардлага тавихад нүүр рүү цохиж зодлоо гэсэн зүйл яриад байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 х/,

 

1.13.Гэрч Э.Хатанбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сэлбэ-118 чиглэлийн алаг машинтай дэд ахлагч Э.Хишиг-Эрдэнийн хамт 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан, тэгтэл 22 цагийн үед Сэлбэ-10 станцаар 21-р хорооллын уулзвар дээр замын цагдаагийн албан хаагч хүнд зодуулаад байна яаралтай оч гэсний дагуу 5 минут орчмын дотор очиход Орчлон хорооллын ар талын уулзвар дээр замын цагдаа руу нэг залуу дайрсан чи хэн бэ гэж орилсон чарласан байдалтай, эхнэр нь гэх хүн энд тэндээс нь зураг дарсан байдалтай байсан. Замын цагдаа хэлэхдээ энэ залуу урсгал сөрсөн зөрчил гаргачихаад хууль ёсны шаардлага тавихад миний нүүр рүү цохисон гэсэн зүйл ярьж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 х/,

 

1.14.Шинжээчийн 10823 тоот дүгнэлт

1.Б.Бы биед баруун дээд 1-р шүдний түүшингийн хугарал, баруун дээд 1-р шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Дээрх гэмтэл нь хэрэг учирал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна. гэх дүгнэлт /хх 37 х/,

 

1.15.Шинжээч эмч Б.Бадралын “... ямар нэгэн ил шарх гэмтэл байхгүй, харин шүдний түүшингийн хугарал гэмтэлтэй байсан, ... 1 дүгээр шүдний хугарал, сулрал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой ...” гэх мэдүүлэг /хх-ийн 105-106 х/

1.16.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 3 х/

1.17.Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6 х/

1.18.Шүдний Рентген зураг /хх-ийн 38 х/

1.19.Замын хөдөлгөөний дүрэм /хх-ийн 92-93 х/

1.20.Хохирогч Б.Бы ажлын хувцастай Фото зураг /хх-ийн 121 х/

1.21.Замын цагдаагийн гудамж, замд хяналт шалгалт хийх үед ажиллах аюулгүй ажиллагааны зааварчилгаа, баталгаа /хх-ийн 108 х/

1.22.Б.Бы Замын цагдаагийн албанд ажилладаг тухай тодорхойлолт /хх-ийн 107 х/

1.23.Шинжээчийн 10816 тоот дүгнэлт

1.Т.Эын биед цээж, бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. гэх дүгнэлт /хх 41 х/

 

Хоёр:Шүүгдэгч Т.Эын хувийн байлын талаарх баримтууд.

2.1.Гэрч Д.Энхболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Э нь манай ээжийн төрсөн эгчийн хүүхэд байгаа юм. Э ах Өвөрхангай аймагт төрсөн. Төв аймагт 10 жилийн сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод ХААИСургууль төгссөн. Одоо манай ах Нийслэлийн газрын албанд ажиллаж байгаа. Манай ах даруу төлөв, муу зуршилгүй, нийтэч хүн, бусдад тусархуу хүн байгаа. Манай ах урьд өмнө хэрэг төвөгт холбогдож байгаагүй, маш их авъяастай, хувиараа том оврын тээврийн хэрэгслээр автораллид уралддаг. Манай ах их гоё зурдаг, суурь хүмүүжил сайтай хүн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 х/

2.2.Т.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 64 х/

2.3.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 67 х/

2.4.Т.Эын захиргааны зөрчил хүлээж байсан тухай баримтууд /хх-ийн 70-79 х/

2.5.Т.Эын Хас банк, Улаанбаатар хотын банкин дахь дансны хуулга /хх-ийн 82-88 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий,  хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудсан дахь Д.Баас хохирогчоор авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээгүй байхад хохирогчоос мэдүүлэг авах зохицуулалт байхгүй/, 30.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь энэ хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болно” гэснийг тус тус зөрчсөн тул мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтаар тооцох боломжгүй.

 

Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, цагаатгах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Т.Эыг 2017 оны 08 дугаар сарын 19-ний шөнийн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэс Петролиум” шатахуун түгээх станцын дэргэдэх авто замын уулзвар хэсэгт Замын Цагдаагийн албан хаагч Б.Быг “бичиг баримт хурааж авлаа” гэх шалтгааны улмаас албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч Т.Эын дээрх үйлдлийг дараахь үндэслэлүүдээр гэмт хэргийн шинжгүй гэж шүүх үзсэн.Үүнд:

 

1.Шүүгдэгч Т.Э нь Замын хөдөлгөөний дүрэмд заасан орохыг хориглосон тэмдэгтэй зам руу нэвтрээгүй, шороон хэсэг дээр зогсож байсан, цагдаагийн бичиг баримтаа өг гэсэн шаардлагыг биелүүлсэн болох нь:

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл “... Т.Эын автомашин нь Ланд круйзер маркийн машины ар талд уулзвар луу ороогүй зогсож байсан ...” /хх-ийн 03 х/,

“Орохыг хориглосон тэмдгийн өмнө шороон хэсэг дээр Т.Эын автомашин зогсож байгаа” гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4 х/,

Шүүгдэгч Т.Эын “...би орохыг хориглосон тэмдгийн заалт зөрчөөгүй байсан. ... Эхлээд тэр замын цагдааг ирээд бичиг баримтаа шалгуул гэхээр нь би бичиг баримтаа гаргаж өгсөн, шаардлагыг нь биелүүлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 48-49 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Б.Мөнгөнзулын “... замын цагдаа ирээд та урсгал сөрөөд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна гээд манай нөхрийн жолооны үнэмлэх болон машины бичиг баримтыг хурааж аваад маргааш өглөө замын цагдаагийн хэлтэс дээр ирж аваарай гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр тогтоогдсон.

 

2.Хохирогч Б.Б нь өөрийн цол албан тушаал, нэрээ танилцуулаагүй, бичиг баримтаа үзүүлэлгүй жолоочийн бичиг баримтыг нь хураан авсан, мөн эхэлж шүүгдэгч Т.Эын биед халдсан болох нь:

Шүүгдэгч Т.Эын “... намайг тэмдгийн заалт зөрчөөгүй байхад урсгал сөрсөн гэж бичиг баримт хураан авч явахаар нь цагдаад би урсгал сөрөөгүй, чи бичиг баримтаа үзүүл гэснээс болж маргаан эхэлж ... гарнаас татахаар нь гар луу нь цохиж тавиулаад би дүрэм зөрчөөгүй учраас замын цагдаа дээр очихгүй бичиг баримтаа авмаар байна гэсэн ... намайг заамдаж аваад зүүн шанаа руу гараараа цохиод мөн цээж рүү 2-3 удаа цохисон ... би зөрүүлж түлхээд бид хоёр заамдалцсан ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 18-19, 48-49 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Б.Бы “... уг жолооч чи яахаараа намайг цохидог юм гэж уурлаад миний дүрэмт хувцаснаас заамдан аваад цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 х/,

Гэрч Б.Мөнгөнзулын “... замын цагдаа ирээд та урсгал сөрөөд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна гээд манай нөхрийн жолооны үнэмлэх болон машины бичиг баримтыг хурааж аваад маргааш өглөө замын цагдаагийн хэлтэс дээр ирж аваарай гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр чи урд талын машины бичиг баримтыг бас аваач гэтэл тэр цагдаа авчихъя гээд урд машины бичиг баримтыг аваад цаашаа явсан. ... машин дотроос хартал тэр цагдаа манай нөхрийн гараас нь базаж аваад явах гэтэл манай нөхөр гараас нь гараа шувтраад автал нөгөө цагдаа манай нөхрийг 2-3 удаа хацар руу нь алгадаад авсан, тэгээд би машинаас буугаад очих хооронд манай нөхрийг ахин цохисныг мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Т.Эын биед “цээж, бугалганд цус хуралт” гэмтэл учирсан, ... Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна ...” гэх шинжээчийн 10816 тоот дүгнэлт /хх-ийн 41 х/,

Гэрч Б.Баттулгын “ ... Хэрэлдэж байгаад замын цагдаа эхлээд түлхсэн, ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Гэрч Н.Цагаанбаатарын “... нөгөө залуу замын цагдааг чи намайг цохилоо гээд нүүр лүү нь цохисон, ... Цагдаа эхлээд цохисон гэдгийг шүүгдэгч ярьж байсан, ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч О.Хишиг-Эрдэнэ-н “... тэр залуу замын цагдааг дохиур модоороо цохисон гээд байсан, ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 х/ зэргээр тогтоогдож байгаа.

 

3.Хохирогч Д.Б “... нүүр лүү 7-8 удаа цохисон, ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 х/ өгсөн бөгөөд түүний нүүр лүү 7-8  удаа цохиогүй харин заамдаж аваад 2-3 удаа түлхэж, нудрах зэргээр гэмтэл учруулсан болох нь:

 

Гэрч Б.Баттулгын “... Шүүгдэгч залуу заамдсан гараараа 2 удаа түлхсэн. Хэрэлдэж байгаад замын цагдаа эхлээд түлхсэн, би түлхсэн, цохисон гэдгийг сайн ялгаж хэлж чадахгүй байна, хувцаснаас нь барьчихаад түлхээд байсан. Энэ залуу сул гараараа бол цохиогүй, заамдсан гараараа 2 удаа түлхээд нударсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Гэрч Н.Цагаанбаатарын “... Цагдаа эхлээд цохисон гэдгийг шүүгдэгч ярьж байсан, шүүгдэгч залуу заамдчихсан гараараа займчуулаад түлхээд байсан, би заамдаж аваад түлхэхийг цохих гэж ойлгоод байгаа ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэргээр тогтоогдож байгаа.

 

4.Хохирогч Б.Б “... би цохиогүй ... намайг түлхэх үед дохиураа арагш савахад цохигдсон байх ...” гэх мэдүүлэг өгсөн бөгөөд хохирогч хойш савахдаа дохиурт цохигдсон байх гэх тайлбар нь ойлгомжгүй өөдөөс нь түлхсэн хүнийг хэрхэн хойшоо савж гэмтэл учруулсан болохоо тайлбарлаж чадаагүй, Б.Б нь Т.Эын гарын бугалганаас барьж авахад тэрээр гар луу нь цохиж тавиулсан талаар шүүгдэгч Т.Э, гэрч Б.Мөнгөнзул нар мэдүүлсэн, гадуур хувцастай явсан хүн цагдаагийн дохиурт савагдахад цээж, бугалганд цус хуралтын хэмжээний гэмтэл учирсан гэж үзэхэд эргэлзээтэй, гэрчүүд цагдаа түлхүүлж хойшоо савсан талаар мэдүүлээгүй, Цагдаагийн дохиур мод нь хийцийн хувьд хүний эрүүл мэндэд гэмтэл учруулахаар хэмжээний эд зүйл биш болох нь хохирогчийн “дохиур мод нь хуванцар эдлэл” гэх мэдүүлэг зэргээр хохирогч Б.Бы “шүүгдэгчид түлхүүлээд арагш савахдаа биед нь гэмтэл учруулсан байх” гэх мэдүүлэг няцаагдаж байгаа болно.

 

5.Цагдаагийн албан хаагчийн өдөр тутмын үйл ажиллагаа Цагдаагийн албаны тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын хүрээнд явагдах ёстой. Тухайлбал:Цагдаагийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.“гэмт хэрэгтэй тэмцэх” гэж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, мөрдөн шалгах зорилгоор хуульд заасан ажиллагаа явуулахыг;

 

Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгуулах;

22 дугаар зүйлийн 22.5.Цагдаагийн алба хаагч, үүргээ гүйцэтгэхдээ бусадтай хүндэтгэлтэй харьцаж, бусдыг үл тоосон, заналхийлсэн, доромжилсон үг хэллэг, үйл хөдлөл хэрэглэхгүй байж, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй.

22.6.Цагдаагийн алба хаагч үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн албан тушаал, цол, нэрийг хэлж, шаардсанаар өөрийн албаны үнэмлэхийг үзүүлнэ.

22.8.Цагдаагийн алба хаагч энэ хуульд заасан ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу даруй хийж гүйцэтгэнэ.

23 дугаар зүйл. Шаардлага тавих

23.1.Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно.

30.3.Цагдаагийн алба хаагч хураан авсан эд зүйлийн төрөл, шинж байдал, тоо ширхэгийг тусгасан жагсаалт үйлдэнэ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 1. “Эрх бүхий албан тушаалтан холбогдогчийн жолоодох эрхийн үнэмлэх, ... зэрэг баримт бичгийг хураан авч, хураан авсан тухай баримтыг холбогдогчид өгнө” гэх зэргээр Цагдаагийн албан хаагчийн өдөр тутмын үйл ажиллагаандаа баримталж ажиллах стандарт журмыг дээрх хуулиудаар зохицуулсан бөгөөд Б.Б нь Замын хөдөлгөөн зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байхдаа орохыг хориглосон тэмдгийн заалт зөрчих гэж байсан жолоочид урьдчилж сануулаад уг зөрчлийг гаргуулахгүйгээр таслан зогсоох, бусдад эд материалын болон бусад хохирол учруулаагүй, замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчих урьдчилсан нөхцөлийг бүрдүүлж явсан хүний бичиг баримтыг хураан авч заавал хэлтэс рүү шилжүүлэхгүйгээр газар дээр нь шууд шийдвэрлэх боломжтой байсан, мөн замын хөдөлгөөн зохицуулагчийн бичиг баримтаа өг гэсэн шаардлагыг биелүүлж Т.Э нь бичиг баримтаа хураалгасан, ингэж хураахдаа өөрийн нэр, цол, албан тушаалаа танилцуулаагүй, ямар зөрчил гаргасан болохыг нь тогтоогоогүй, зохих баримт үйлдэлгүй хүний бичиг баримтыг хураан авч, улмаар маргааш очиж асуудлаа шийдвэрлүүл гэх зэргээр хүнтэй харьцсан, шүүгдэгчийн биед өөрөө эхэлж халдсан зэрэг нь хууль сахиулагчийг албан үүргээ холбогдох хууль, журмын дагуу гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзсэн.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол гэж уг гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинжийг тодорхойлж өгсөн бөгөөд Хууль сахиулагчийн хувьд албан үүргээ холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу хэрэгжүүлсний төлөө түүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлэн эсэргүүцсэн тохиолдолд уг гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдана гэж үзнэ. Замын хөдөлгөөн зохицуулагч цагдаа Б.Б нь хууль сахиулагчийн албан үүргээ зохих хууль, журмын дагуу гүйцэтгээгүй, зүй зохисгүй авирласан болох нь дээрх цагаатгах талын нотлох баримтуудаар тогтоогдсон тул Т.Эын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт.

Т.Э нь 2017 оны 08 дугаар сарын 19-ний шөнийн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Тэс петролиум” шатахуун түгээх станцын дэргэдэх авто замын уулзвар луу нэвтрэх хэсэг дээрх орохыг хориглосон тэмдэгний өмнө зогсож байхад нь Замын цагдаагийн зохицуулагч Б.Б очиж автомашины болон жолооны бичиг баримтыг нь шаардан авч улмаар маргааш Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаа дээр очиж асуудлаа шийдвэрлүүлээрэй хэмээн явах гэхэд нь “миний өмнө байгаа автомашины бичиг баримтыг адилхан хураагаач, чи яахаараа хүний бичиг баримт хураан авч явдаг юм” гэх асуудлаас болж хоорондоо маргалдан харилцан бие биенээ цохих явцад цагдаагийн албан хаагчийн эрүүл мэндэд “баруун дээд 1-р шүдний түүшингийн хугарал, баруун дээд 1-р шүдний сулрал бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:  

 

Хохирогч Б.Бы “... уг жолооч чи яахаараа намайг цохидог юм гэж уурлаад миний дүрэмт хувцаснаас заамдан аваад цохисон. Урд машины жолооч бууж ирээд намайг салгасан, салгаагүй бол юу болох байсныг хэлж мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 15 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Шүүгдэгч Т.Эын “... 2017 оны 08 дугаар сарын 19-ний орой 22 цагийн үед би бичиг баримтаа авмаар байна гэж тэр цагдаатай маргалдсан. Намайг заамдаж аваад миний зүүн шанаа руу гараараа цохиод, миний цээж рүү 2-3 удаа цохисон, би зөрүүлээд нөгөө цагдаагийн зүүн шанаа руу 1-2 удаа цохиод цээж рүү нь түлхсэн. Эхлээд тэр замын цагдааг ирээд бичиг баримтаа шалгуул гэхээр нь би бичиг баримтаа гаргаж өгсөн. Тэгээд би тэр цагдаагийн өөдөөс тайлбар хэлэхэд намайг олон зүйл ярьлаа гэх шалтгаанаар өөдөөс эхлээд цохихоор нь би зөрүүлээд цохисон. ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 48-49 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

  

Гэрч Б.Баттулгын “... Шүүгдэгч залуу заамдсан гараараа 2 удаа түлхсэн. Хэрэлдэж байгаад замын цагдаа эхлээд түлхсэн, би түлхэх цохих хоёрын ялгааг сайн хэлж чадахгүй байна, хувцаснаас нь барьчихаад түлхээд байсан. Энэ залуу сул гараараа бол цохиогүй, заамдсан гараараа 2 удаа түлхээд нударсан. Цагдаа амнаас нь цус гарсан бололтой шүлсээ хаяаад байсан, цуванд нь цус үсэрсэн байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Гэрч Н.Цагаанбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Цагдаа эхлээд цохисон гэдгийг шүүгдэгч ярьж байсан, шүүгдэгч залуу заамдчихсан гараараа займчуулаад түлхээд байсан, би заамдаж аваад түлхэхийг цохих гэж ойлгоод байгаа ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

Шинжээчийн 10823 тоот дүгнэлт

1.Б.Бы биед баруун дээд 1-р шүдний түүшингийн хугарал, баруун дээд 1-р шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Дээрх гэмтэл нь хэрэг учирал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна. гэх дүгнэлт /хх 37 х/ зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.

 

Хохирлын талаар.

Хохирогч Б.Б нь шүдэндээ эмчилгээ хийлгээгүй байгаа гээд хохирлын тооцооны баримт гаргаж өгөөгүй тул холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич шийдвэрлүүлэхийг тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

 

Ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.

            Шүүгдэгч Т.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

            Ял шийтгэлийн талаар.

            Шүүгдэгч Т.Эт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээр дурьдсан нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгуулийн ял оноохоор шийдвэрлэж, Т.Эын ажил эрхэлдэг байдлыг харгалзан уг торгуулийг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг түүнд үүрэг болгох нь зүйтэй гэж үзсэн.

                          Бусад асуудлын талаар.

              Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч Б.Б шүдний эмчилгээтэй холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Т.Эрдэнэнбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Харчин овогт Тгийн Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Т.Эт үүрэг  болгосугай.

 

  5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Т.Э-т мэдэгдсүгэй. 

 

6.Т.Эын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч цаашид эмчилгээтэй холбоотой гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ