Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 125/ШШ2025/0001

 

2024 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 125/ШШ2025/0001

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мянганбаяр би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,

Хариуцагч: Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга нарын хооронд үүссэн төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаарБ.Батчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч *******г Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны Бодлого зохицуулалт, хууль эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд томилсон.

2. Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар “...Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 08 дугаар “Нэр дэвшүүлэх тухай” тогтоолын үйлчлэх хугацаа дуусгавар болж, нэр дэвшигч ******* нь төрийн захиргааны удирдах албан тушаалд тавигдсан тусгай шаардлагыг хангахгүй байгаа нь тогтоогдсон...” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг дээрх албан тушаалд томилсон Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгосон.

3. Нэхэмжлэгчээс 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Монгол улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан ба Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 01/1395 дугаар албан бичгээр хариу авснаар 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны Нутгийн удирдлага, бодлого зохицуулалтын хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалтыг зарласан. Миний бие уг сонгон шалгаруулалтад *******тэй өрсөлдөж, шалгалтын нийлбэр оноогоор хамгийн өндөр оноог авсан.

Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь Салбар зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаар тогтоолоор дээрх сул орон тоонд намайг нэр дэвшүүлсэн. Гэвч тухайн албан тушаалд томилоогүй тул Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг үндэслэн ажилд томилуулах тухай өргөдлөө 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга *******д өгсөн боловч бичгээр ямар нэгэн хариу өгөөгүй.

2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Монгол улсын Төрийн албаны зөвлөлд өргөдөл гарсан боловч албан бичгээр хариу өгөөгүй бөгөөд Төрийн албаны зөвлөлийн ахлах референт ******* гэдэг эмэгтэй утсаар залгаж "...2020 оны сонгуулийн үр дүнд 3 аймгийн Засаг дарга улиран ажиллаж байгаа тэрний нэг нь Ховд аймаг тийм учраас танай аймгийн төрийн албаны салбар зөвлөл асуудлыг шийдвэрлэнэ. Яагаад гэвэл бусад аймгаас маш их халж сольсон өргөдөл гомдол ирж ачаалал ихтэй байгаа,ийм болохоор танай салбар зөвлөлд үүрэг чиглэл өгсөн наанаа та 2 зохицож ажиллаарай" гэж ярьсан.

Үүний үр дүнд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ******* дарга намын бодлогоор аймгийн орлогч зэрэг удирдах ажил хийж байсан *******ийг энэ ажилд томилж, чамайг түр хугацаагаар мэргэжилтнээр ажиллуулж байгаад энэ оны сүүлээр *******ийг өндөр насны тэтгэвэр гарахаар үндсэн албан тушаалд чинь томилно гээд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга бөгөөд Ховд аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн гишүүн ******* гэрээний эхийг бэлтгэн албажуулж,Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга *******, Иргэдийн төлөөлөгчдийн хурлынажлын албаны нутгийн удирдлага бодлого зохицуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан ******* нар гарын үсэг зурж, намайг дуудаж зуруулсан.

Ховд аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/32 захирамжаар Ховд аймгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод ажиллаж байхад хугацаандаа Соёл Урлагийн Их Сургуулийн Соёлын сургуулийг "Соёлын өв музей судлал"-аар суралцаж төгссөн.

 2023 оны 05 дугаар сард аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* албан өрөөндөө дуудаж Засгийн газрын 5Ш ажиллагааны хүрээнд чамайг сонсох ажиллагаа явуулж ажлаас чөлөөлнө гэж хэлсэн. Би тухайн үед намайг тусгай шалгалт өгч нэр дэвшүүлсэн албан тушаалд ажиллуулахгүй байгаа талаар хэлж өргөдөл өгсөн.

Миний өргөдлийг Монгол Улсын Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт явуулсан байсан. Улмаар 2023 оны 8 дугаар сарын 23-ны 02/653 гэсэн албан бичгээр хариу ирүүлсэн ба хариуг уншаад би үнэндээ маш их гайхаж, цочирдсон.

Учир нь уг албан бичигт Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны нарийн бичгийн дарга *******гийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2/94 дүгээр албан бичгээр намайг томилохоос татгалзсан хариуг Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд хариу хүргүүлсэн байнагэсэн байсан.

Ийм хариуг би одоо хүртэл хараагүй, надад хэлж байгаагүй.

Харин Төрийн албаны зөвлөлийн хяналт шалгалт болон Засгийн газрын 5Ш ажиллагааны хүрээнд нэр дэвшүүлсэн тогтоолыг нотлох баримт болгож гаргаж өгөх хэрэгтэй болж, архиваас Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн эрхлэгч ын хамт орж шүүж үзэхэд намайг дэвшүүлсэн тогтоол байсан, харин томилохоос татгалзсан гэх дээрх албан бичиг байгаагүй болно.

2023 оны 12 дугаар сард Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны нарийн бичгийн даргаар ******* томилогдон ажлаа авсны дараа би өргөдөл өгсөн. ******* дарга Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газартай яриад томилох зөвшөөрөл аваад Авлигатай тэмцэх газарт албан тушаалд томилох урьдчилсан мэдүүлэг бөглүүлж зөвшөөрөл авсан.

Мөн Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд тус салбар зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаар тогтоол хүчинтэй эсэх талаар удаа дараа албан тоот илгээж хариу авсны дараа “... хуулийн дагуу чамайг 3 байгууллага зөвшөөрсөн, мөн 5Ш ажиллагааны үр дүнд илрүүлсний үндсэн дээр чи шударгаар томилогдлоо” гэж хэлээд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны Бодлого зохицуулалт, хууль эрх зүйн хэлтсийн даргаар 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/09 тушаалаар томилогдсон.

Гэтэл 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймагт Төрийн албаны зөвлөлөөс шалгалт ирж шалгаад буцсан, тэр үед шалгалтаар ирсэн бүрэлдэхүүн намайг дуудаж огт уулзаагүй. ******* дарга2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өрөөндөө дуудаад "Би буруу тушаал гаргасан байна чамайг чөлөөл гэж Төрийн албаны шалгалтаар ирсэн хүн /эмэгтэй/ надад хэллээ" гэсэн.

Ямар учраас тэгж байгаа юм бэ гэж асуухад “... *******гийн нөлөөлөл төрийн албаны зөвлөлд их байна. Би өрөнд орох юм байна. *******ийн асуудал сөхөгдөх гээд байна. Тушаал гаргана”гэж хэлсэн.

Ингээд 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/15 тоот хууль бус тушаал гаргасан байсан. Надад сонсох ажиллагаа явуулаагүй, тушаалыг гардуулж өгөөгүй.

Иймээс миний эрх зүйн байдлыг дордуулсан хууль бус тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б/15 дугаар *******г ажлаас халах тухай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй хэмээн үзэж хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч талаас маргаан бүхий захиргааны актыг дээрээс өгсөн үүрэг, даалгаврын дагуу гаргасан гэж тайлбарладаг. Үүнийг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Миний дүү болох нэхэмжлэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Бодлого зохицуулалт, хууль эрх зүйн хэлтсийн даргын сул орон тоог нөхөн тусгай шалгалтад оролцож хамгийн өндөр оноог авсан байдаг. Тийнхүү 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжлэгч *******г тус албан тушаалд томилогдох нөхцөл, шаардлагыг хангасан гэж үзэж нэр дэвшүүлсэн тогтоол гаргаж, тогтоолыг Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлсэн байдаг.

Гэтэл *******г тус албан тушаалд томилохгүй явсаар 2021 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр тухайн үед Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга байсан Б.Сандагсүрэн болон мөн тухайн үед Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Бодлого зохицуулалт, хууль эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан ******* нар нэхэмжлэгчтэй уулзаж, ******* 1 жилийн дараа тэтгэвэртээ гарах бөгөөд тус хугацаанд *******ийг маргаан бүхий албан тушаалд ажиллуулахаар тохиролцож гэрээ хийсэн байдаг. Дээрх хугацаанд нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн даргын албан тушаалыг түр хашиж байсан.

Тийнхүү ******* тэтгэвэртээ гарч нэхэмжлэгч ******* гэрээнийхээ дагуу тус албан тушаалдаа ажиллах хүсэлтээ илэрхийлэхэд Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга ******* “би бүх зүйлийг хуулийн дагуу хийнэ” гээд холбогдох байгууллагаас лавлагаа тодорхойлолтыг авсны үндсэн дээр уг албан тушаалд томилсон.

2024 оны 3 сард Төрийн албаны зөвлөлөөс шалгалт ирж Ховд аймагт ажиллаад явсан. Тухайн шалгалтын комисс явсны дараа Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга ******* *******г өрөөндөө дуудаад “...тус шалгалтын комиссын гишүүн надад *******г томилсон тушаалаа өөрөө хүчингүй болго, үгүй бол чи өөрөө ажилгүй болно гэж хэллээ” гэсэн.

Мөн тус маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгч *******г ажлын шугамаар Улаанбаатар хотод сургалтад сууж байхад нь буюу өөрийг нь байлцуулахгүйгээр гаргаж, тус захиргааны актаа нэхэмжлэгч рүү Улаанбаатар хотод түр оршин сууж байсан хаягаар нь шуудангаар хүргүүлсэн байдаг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

6. Хариуцагч Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга ******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* би аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байгаад төрийн захиргааны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад орж тэнцэн Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн албан тушаалд томилогдсон.

Дээрх албан тушаалд томилогдсоны дараа ******* Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 08 дугаар тогтоолын дагуу Ажлын албаны Бодлого зохицуулалт, хууль эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд томилогдох хүсэлтээ гаргасан. *******гийн хүсэлтийг хүлээн авч Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс дээрх тогтоолыг үндэслэн албан тушаалын томилгоо хийж болох эсэх талаар зөвлөмж авсны дагуу Авлигатай тэмцэх газраас хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3, 54.4 дэх хэсэгт заасны дагуу *******г 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар Ажлын албаны Бодлого зохицуулалт хууль эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд томилсон шийдвэр гаргасан.

Төрийн албаны зөвлөлийн даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 43 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймагт ажиллаж төрийн байгууллагын хүний нөөцийн томилгоонд хяналт шалгалт хийж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыннарийн бичгийн даргад зөвлөмж өгсөн.

*******г томилохоос татгалзсан 2021 оны  2/94 дугаартай албан бичгээр хариу өгснөөр тухайн албан тушаалын сонгон шалгаруулалт явуулсан тогтоолын үйлчлэл дуусгавар болж, төрийн захиргааны бүтцийн нэгжийн удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэлгүй болох нь Төрийн албаны зөвлөлийншалгалтаар илэрсэн. Хэрэв уг зөрчлийг арилгахгүй бол төрийн захиргааны албан тушаалд сонгон шалгаруулалтгүй албан тушаалд томилсон, цалин болон төрд учруулсан хохирлыг томилсон шийдвэр гаргасан албан тушаалтан барагдуулах зэрэг асуудал үүссэн тул сонсох ажиллагаа явуулж албан тушаалд томилсон шийдвэрийг хүчингүй болгосон.

Мэдэгдэх хуудсыг ******* миний бие, ажлын албаны мэргэжилтэн А.Болор-Эрдэнийн хамт гардуулж өгсөн боловч мэдэгдэх хуудас авсан өдрөөс хойш шалтгаангүй ажилд ирээгүй, тухайн үед намайг болон ажлын албаны албан хаагчид руу дайрч доромжлох, зүй бус үг хэллэг хэрэглэж байсан.

******* мэдэгдэх хуудсыг хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй тул албан тушаалд томилсон тушаалыг хүчингүй болгосон тушаалыг шуудан холбоогоор гэрт нь хүргүүлсэн.

Удирдлагын академиас зохион байгуулсан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хэлтсийн дарга нарын сургалтад оролцуулах талаар зөвшөөрөл олгоогүй, хууль бус томилгоо тул хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлөх тухай өөрт нь хэлж мэдэгдсээр байхад өөрөө дур мэдэн дээрх сургалтад оролцсон байсан.

Нэхэмжлэлд дурдсан *******, *******, ******* нарын хооронд байгуулсан гэрээг албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа тул тайлбар байхгүй болно.

******* нь өмнө 2021 онд аймгийн ИТХ-ын Ажлын албаны мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдсон нь төрийн захиргааны нөөцөд бүртгэлгүй болж, өөрийн эрх зүйн байдлаа дордуулсан үйлдэл болсон байна гэжээ.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тус хурлын Бодлого зохицуулалт, хууль эрх зүйн хэлтсийн даргын сул орон тоог нөхөх тусгай шалгалт зарлаж өгнө үү гэсэн хүсэлтийг Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн, үүний дагуу 2021 оны 02 дугаар сарын 01-ны өдөр тус орон тоог нөхөн тусгай шалгалт явагдсан байдаг.

 Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т “ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх” хэмээн заасан байдаг. Өөрөөр хэлбэл дээрх албан тушаал нь ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаал юм. Гэтэл тухайн үед ******* болон нэхэмжлэгч ******* хоёулаа хуулийн шаардлага хангаагүй байхад Төрийн албаны салбар зөвлөлөөс дээрх хүмүүсийг шаардлага хангасан хэмээн үзэж, шалгалтад оруулсан байдаг. Уг шалгалтын дүнгээр ******* 54 оноо, ******* 58 оноо авснаар Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 08 дугаар тогтоолоор *******г уг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн.  

Тухайн үед Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ******* нь Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлэн ирүүлсэн *******г албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага хангаагүй гэх үндэслэлээр 2021 оны 2/94 дүгээр албан бичгээр татгалзсан байдаг.

Хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэгт ******* нь шаардлага хангаагүй гэсэн албан бичгийг Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ирүүлж байгаагүй гэж тайлбарладаг. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн даргаар ажиллаж байсан нь Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга д хүргүүлсэн танилцуулгаас харахад *******г уг албан тушаалд томилохоос татгалзсан 2/94 дугаартай албан бичигтэй танилцсан болох нь харагддаг.  

Нэхэмжлэгч *******, тухайн үед Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга байсан ******* болон Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Бодлого зохицуулалт, хууль эрх зүйн хэлтсийн дарга ******* нар нь хоорондоо 3 талт гэрээ байгуулсан байдаг ба энэ нь хууль бус юм.  

Ингээд Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ******* нь 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар *******г Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Бодлого зохицуулалт, хууль эрх зүйн хэлтсийн даргаар томилсон.

Гэтэл тухайн үед Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд мэргэжилтнээр ажиллаж байсан н.Батцэцэг, гэх хүмүүс сул орон тоог зарлахгүйгээр албан тушаалын тусгай шаардлага хангаагүй хүнийг тус албан тушаалд томиллоо гэдэг үндэслэлээр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан, Төрийн албаны төв зөвлөлөөс Ховд аймагт ирж ажиллахдаа уг асуудлыг шалгаж, *******г томилсон тушаалаа хүчингүй болгох чиглэл өгсөн байдаг.

Үүний дагуу *******г Бодлого зохицуулалт, хууль эрх зүйн хэлтсийн даргаар томилсон тушаалыг маргаан бүхий актаар хүчингүй болгосон.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.

 

8. Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий захиргааны акт болох Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/15 дугаартай тушаалыг гаргахдаа  Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг явуулсан байдаг.

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга *******ийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б.09 дүгээр тушаал нв анхнаасаа илт хууль бус захиргааны акт байсан тул Захиргааны ерөнхий хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан өөрийн гаргасан шийдвэрээ хүчингүй болгох эрхийнхээ хүрээнд тухайн захиргааны актыг хүчингүй болгосон байдаг.

Өөрөөр хэлбэл, анхнаасаа тухайн албан тушаалд тавигдах шаардлага хангаагүй хүмүүсээс шалгалт авсан нь буруу юм. Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасан “...төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” гэсэн шаардлагыг хангаагүй хэрнээ тухайн шалгалтад оролцсон байдаг.  Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 34 дугаартай тогтоолд “дэс түшмэлийн албан тушаалд төв, орон нутгийн музейн захирал хамрагдаж болно” гэж заасан байдаг боловч энэхүү тогтоол нь 2023 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс хойш хэрэгжиж эхэлсэн тул үүнээс өмнөх цаг хугацаанд дээрх тогтоол нь үйлчлэхгүй гэдгийг дурдмаар байна.

Мөн нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаартай тогтоолд заасан “Төрийн албаны нөөцөд байх 3 жилийн хугацаа” өнгөрсөн байсан.

Нэхэмжлэгчээс 3 тал гэрээ байгуулсан гэдэг зүйлийг ярьдаг. Гэтэл төрийн жинхэнэ албан тушаалд гэрээ байгуулах гэсэн ойлголт огт байхгүй, сул орон тоог нөхөхдөө төрийн жинхэнэ албан хаагчдаас дэвшүүлэн томилдог зарчимтай. Нэхэмжлэгч ******* тухайн албан тушаалд өөрийг нь томилохгүй байгаа эс үйлдэхүйд гомдол гаргах эрх нь түүнд нээлттэй байсан боловч ямар нэгэн байдлаар гомдол гаргаагүй байдаг.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “энэ хуулийн 23.2-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварыг харгалзан хугацаанаас өмнө шатлан дэвшүүлж болно” гэж заасан байдаг боловч нэхэмжлэгчийн төрийн албанд дэс түшмэлээр ажилласан жилийг тооцож үзвэл нийт 1 жил 10 сар 6 хоног байх бөгөөд маргаан бүхий албан тушаалд томилохдоо дээрх үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар зэргийг харгалзан үзсэн зүйл байдаггүй.

Маргаан бүхий Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/15 дугаар тушаалын гол агууллага нь тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг ******* нь хангахгүй байгаа нь тогтоогдож, төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахаар тодорхой үүрэг чиглэл өгсөнтэй холбогдуулан *******г ажлаас чөлөөлсөн байдаг.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох талаар зохицуулсан бөгөөд тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-т “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч ******* тухайн үед удирдах албан тушаалтны нөөцөд байхгүй байсан.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-т “энэ хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй” тохиолдолд төрийн жинхэнэ албан тушаалд авч ажиллуулахыг хориглоно, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага энэ хуулийн 22, 23, 26, 27, 28, 31 дүгээр зүйлд заасныг зөрчсөн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ”, 32.7. “Энэ хуулийн 32.1, 32.2-т заасныг зөрчсөн тохиолдолд тухайн эрх бүхий этгээдийг үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болно” хэмээн тус тус заасан. Өөрөөр хэлбэл, хуульд заасан эрхийнхээ дагуу Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга ******* өөрийн гаргасан хууль бус тушаалаа хүчингүй болгосон.

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга *******ийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/15 дугаартай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл, 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2 болон 49 дүгээр зүйл, Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэсэн, хууль ёсны тушаал байх тул дээрх тушаалыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2.               Нэхэмжлэгч *******гаас Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б/15 дугаар тушаал хүчингүй болгуулахаар Монгол улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж хариу авснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тул урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэсэн, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзлээ.

 

Нэг. Хэргийн үйл баримтын талаар:

1.1.              Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тус хурлын Нутгийн удирдлага, бодлого зохицуулалтын хэлтсийн даргын сул орон тооны сонгон шалгаруулалтын захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлсэн.

1.2.              Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрийн захиргааны удирдах албан тушаалын сул орон тоог нөхөн тусгай шалгалт зохион байгуулсан ба Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Нутгийн удирдлага, бодлого зохицуулалтын хэлтсийн даргын сул орон тооны сонгон шалгаруулалт *******, ******* нар оролцсоноос *******-54 оноо, *******-58 оноо тус тус авсан.

1.3.              Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаар тогтоолоор *******г дээрх албан тушаалд нэр дэвшүүлэх тухай тогтоол гарган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлсэн.

1.4.              Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2/94 дүгээр албан бичгээр “...Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д заасан төрийн албанд 8-аас доошгүй жил, эсхүл дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтанд хамрагдаж төгссөн байх болон албан тушаалын тодорхойлолтод заасан дэс түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил, эсхүл төрийн албанд 4-өөс доошгүй жил ажилласан байх үндсэн шаардлагыг хангахгүй байна...” гэх үндэслэлээр *******г уг албан тушаалд томилохоос татгалзсан.

1.5.              Улмаар 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга *******, нэхэмжлэгч ******* нар дараах нөхцөлөөр харилцан тохиролцож гэрээ байгуулж, ******* зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Үүнд: 1. Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба нь одоо Нутгийн удирдлага, бодлого зохицуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байгаа *******ийг 2022 онд тэтгэвэрт гарахад буюу 2022 оны 4 сарын 01-ний өдөр *******г тус албан тушаалд Төрийн албаны тусгай шалгалт өгсөн 2021 оны оноо болон салбар зөвлөлийн 2021 оны нэр дэвшүүлсэн тогтоолын дагуу тушаал гарган томилох үүрэг хүлээж байна.

2. Дээрх албан тушаалд жинхлэн томилогдох хүртэл *******г ИТХ-ын ажлын албаны мэргэжилтнээр ажиллуулна.

3.Энэ хугацаанд гэрээ байгуулагч талууд ямар нэгэн маргаан гаргахгүй.

4.Талууд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлнэ гэжээ.

1.6.              Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар *******г тус хурлын Нутгийн удирдлага, бодлого зохицуулалтын хэлтсийн Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийг хангах, үр дүнд хяналт тавих, тайлагнах үүрэг бүхий хуулийн мэргэжилтнээр томилсон.

1.7.              Нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийг хангах, үр дүнд хяналт тавих, тайлагнах үүрэг бүхий хуулийн мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдөж, Ховд аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/32 дугаар захирамжаар Ховд аймгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон.

1.8.              Улмаар Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/09 дүгээр захирамжаар 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон Ховд аймгийн захирлын албан тушаалаас чөлөөлөгдөж, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар тус хурлын Бодлого зохицуулалт, хууль эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд томилсон.

1.9.              Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар “...Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 08 дугаар “Нэр дэвшүүлэх тухай” тогтоолын үйлчлэх хугацаа дуусгавар болж, нэр дэвшигч ******* нь төрийн захиргааны удирдах албан тушаалд тавигдсан тусгай шаардлагыг хангахгүй байгаа нь тогтоогдсон...” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг дээрх албан тушаалд томилсон Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгожээ.

 

Хоёр: Хууль зүйн үндэслэлийг дүгнэсэн тухайд:

2.1.           Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Бодлого зохицуулалт, хууль эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалнь Төрийн захиргааны ахлах түшмэлийн ангилалд хамаарч байгаа тул түүний эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хууль болонтус хуульд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаар тогтоох үндэслэлтэй байна.

2.2.           Нэхэмжлэгчээс “...Миний бие Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Нутгийн удирдлага, бодлого зохицуулалтын хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоог нөхөн сонгон шалгаруулалтад орж нийлбэр оноогоор хамгийн өндөр оноо авсан тул Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 8 дугаар тогтоолоор уг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж хүрүүлсэн, 2021 оны 4 сарын 01-ний өдөр ИТХ-ын нарийн бичгийн дарга ******* нь *******ийг өндөр насны тэтгэвэрт гарахаар намайг Нутгийн удирдлага, бодлого зохицуулалтын хэлтсийн даргын албан тушаалд томилно гэж гэрээ байгуулж гарын үсэг зурсан, ******* нь 2024 оны 01 дүгээр сард өндөр насны тэтгэвэрт гарсан, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргаар ******* томилогдсоны дараа Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 08 дугаар тогтоол хүчинтэй эсэхийг тодруулж, Авлигатай тэмцэх газраас урьдчилсан мэдүүлэг хянуулсны үндсэн дээр уг албан тушаалд намайг томилсон...” гэх агуулгаар,

2.3.           Хариуцагчаас “...Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн  23.2.3-т “ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” гэж заасан шаардлагыг ******* хангаагүй тул Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2/94 дугаартай албан бичгээр томилохоос татгалзсан, мөн Төрийн албаны зөвлөлийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллах үеэр Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 8 дугаар тогтоолын үйлчлэх хугацаа дуусгавар болж нэр дэвшигч ******* нь төрийн захиргааны удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангахгүй байгаа нь тогтоогдсон, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар тодорхой үүрэг чиглэл өгсөн тул *******г уг албан тушаалд томилсон тушаалыг хүчингүй болгосон...” гэх агуулгаар тус тус тайлбарлан маргасан.

2.4.           Харин нэхэмжлэгчээс Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  Бодлого зохицуулалт, хууль эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангасан гэх агуулгаар тайлбарлан маргаагүйг дурдах нь зүйтэй байна.

2.5.           Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д “... тусгай шалгалтыг энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэж зааснаар ******* нь Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны Нутгийн удирдлага, бодлого зохицуулалтын хэлтсийн даргын сул орон тооны сонгон шалгаруулалт орохоор холбогдох материал бүрдүүлэн цахимаар бүртгүүлсэн.

2.6.           Төрийн захиргааны ахлах түшмэлийн албан тушаалын сонгон шалгаруулалтын тусгай шалгалт зохион байгуулах шалгалтын комиссын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээс харахад Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны Нутгийн удирдлага, бодлого зохицуулалтын хэлтсийн даргын сул орон тооны сонгон шалгаруулалт оролцохоор бүртгүүлсэн *******, ******* нар нь уг албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй тул уг тусгай шалгалтад оруулах эсэх асуудлыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

2.7.           Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 25-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 5.3-д “Энэ журмын 4.1-д заасан болзлыг хангаж, 5.1-д заасан холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албан хаагч, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэнийг бүртгэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа хэлэлцэн гаргах ба болзол хангаагүй бол энэ тухай шалтгааныг мэдэгдэнэ” гэж зааснаар албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй оролцогчийг бүртгэхээс татгалзах, шалгалтанд оролцуулахгүй байх эрхийг шалгалт зохион байгуулах комисст олгосон.

2.8.           Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар хуралдааны тэмдэглэл, гэрч Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн даргаар ажиллаж байсан , шалгалт зохион байгуулах комиссын даргаар ажилласан Д.Ариунбилэг нарын мэдүүлгээс харахад *******, ******* нарын хэн аль нь уг албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй болохыг мэдэж байсан, гэхдээ хэн хэнд нь адил тэгш боломж олгох үүднээс тусгай шалгалтанд бүртгэж оролцуулсан байна.

2.9.           Өөрөөр хэлбэл “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 5.3-д зааснаар шалгалтын комисс тухайн албан тушаалын тусгай шаардлагыг хангаагүй оролцогчийг бүртгэхээс татгалзах эрхтэй бөгөөд шалгалтын комиссоос нэхэмжлэгчийг тусгай шалгалтанд бүртгэж оролцуулсан нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.

2.10.        Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 7.1-д “Шалгалтын комисс шалгалтын тайланг шалгалт дууссанаас хойш салбар зөвлөлд ажлын 3 өдөрт багтаан хүргүүлнэ”, 7.2.-т “...салбар зөвлөл нь сонгон шалгаруулалтын тайланг хянаж, шалгалтаар хамгийн өндөр оноо авсан иргэнийг албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлнэ” гэж заасан ба Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар уг сонгон шалгаруулалтад оролцсон *******, ******* нар албан тушаалын тусгай шаардлагыг хангаж байгаа эсэхийг хэлэлцэж, тус хуралдаанаас *******г Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны Нутгийн удирдлага, бодлого зохицуулалтын хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэхээр шийдвэрлэж, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаар тогтоол гарган Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлсэн.

2.11.        Өөрөөр хэлбэл хариуцагчаас “...******* нь албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй...” гэх агуулгаар тайлбарлан маргаж байгаа, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 8.1-д зааснаар албан тушаалын тодорхойлолтод тавигдсан шаардлагыг хангаагүй иргэний шалгалтыг хүчингүй болгох эрхтэй хэдий ч нэхэмжлэгчийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны Нутгийн удирдлага, бодлого зохицуулалтын хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэхээр тогтоол гаргаж хүргүүлсэн нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.

2.12.        Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “...Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно” гэж заасан.

2.13.        Хариуцагч нь дээрх хуульд заасан эрхийн хүрээнд 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2/94 дүгээр албан бичгээр *******г Нутгийн удирдлага, бодлого зохицуулалтын хэлтсийн даргын албан тушаалд томилохоос татгалзсан хэдий ч Нутгийн удирдлага, бодлого зохицуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан *******ийг өндөр насны тэтгэвэрт гарсны дараа *******г уг албан тушаалд томилохоор 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ байгуулж нэхэмжлэгч, хариуцагч болон уг албан тушаалд томилогдон ажиллаж байсан ******* нар гарын үсэг зурсан нь нэхэмжлэгчид маргаан бүхий албан тушаалд томилогдон ажиллах итгэл төрүүлж хүлээлгэсэн, уг үйл явдалд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.

2.14.        Тодруулбал хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасан эрхээ бүрэн хэрэгжүүлж дуусгавар болгох боломжтой байсан хэдий ч *******ийг өндөр насны тэтгэвэрт гарсны дараа нэхэмжлэгчийг уг албан тушаалд томилохоор 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ байгуулсан зэрэгт нэхэмжлэгч буруугүй ба нэхэмжлэгчид уг албан тушаалд томилогдон ажиллах итгэл төрүүлж, хүлээлгэсэн байна.

2.15.        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд тайлбарласнаар ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан ба нэхэмжлэгчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулж, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 8 дугаар тогтоол хүчин төгөлдөр байгаа эсэхийг тус салбар зөвлөлөөс тодруулсны эцэст Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг Бодлого зохицуулалт, хууль эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд томилж, 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулсан, уг үйл баримттай талууд маргаагүй.

2.16.        Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаас харахад *******г уг албан тушаалд туршилтын хугацаагаар болон үүрэг гүйцэтгэгчээр томилоогүй, жинхлэн томилсон тул Төрийн албаны тухай хуульд заасан баталгаагаар хангагдах эрхтэй байна.

2.17.        Тодруулбал Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-д заасан албан тушаалын цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж, шагнал урамшуулал, тэтгэвэр тэтгэмж авах баталгаагаар хангагдах эрхтэй.

2.18.        Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.8-д “Хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан. Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг тус хуульд “Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. Харин энэ хуулийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй” гэж тайлбарласан.

2.19.        Өөрөөр хэлбэл хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим нь захиргааны актын улмаас тухайн актын үйлчлэл чиглэсэн этгээдэд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавартай итгэл үүссэн, уг актын хууль бус байдал хожим тогтоогдсон ч нэгэнт үүссэн итгэлийг “хууль ёсны” гэж үзэж хамгаалах, түүнчлэн эерэг нөлөөлөл бүхий захиргааны актын үйлчлэлтэй байх зэрэг нөхцөлийг хангаж буй тохиолдолд итгэл хамгаалах зарчим хэрэгжих юм.

2.20.        Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “Хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг маргаан бүхий энэ тохиолдолд тайлбарлан хэрэглэхэд, шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.5 - 2.15-д дурдсан нөхцөл байдлыг захиргаа өөрөө бий болгож нэхэмжлэгчид итгэл төрүүлсэн, түүнчлэн нэхэмжлэгчийг Бодлого зохицуулалт, хууль эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд томилсноор Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-д заасан цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж, шагнал урамшуулал, тэтгэвэр тэтгэмж авах баталгаагаар хангагдаж, мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавартай итгэл үүссэн, нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд томилсон эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт тул “Хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмаар хамгаалагдах эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж маргаан бүхий Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б/15 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох нь зүйтэй байна.

2.21.        Мөн Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Бодлого зохицуулалт, хууль эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд томилсон Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгосон тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох хуульд заасан шаардлагыг хангаж буй эсэхэд дүгнэлт өгөхөд: Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно”,

48.2.1.хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан;

48.2.2.бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн;

48.2.3.захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй;

48.2.4.захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн;

48.2.5.нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэж тус тус заасан.

2.22. Маргаан бүхий захиргааны актын үндэслэл нь дээрх хуульд заасан үндэслэлийн алинд ч хамаарахгүй буюу эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох хуульд заасан тохиолдол үүсээгүй байхад нэхэмжлэгчийг ажилд томилсон шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль бус гэж үзлээ.

2.23.        Мөн Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно”, 49.2-т “Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно”, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д төрийн жинхэнэ албан хаагч “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” баталгаагаар хангагдана гэж тус тус заасан, маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг албан тушаалд томилсон шийдвэрийг хүчингүй болгосон тул түүний дээрх хуульд заасан баталгааг зөрчсөн гэж үзлээ.

2.24.        Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б/15 дугаар тушаал хууль бус болох нь тогтоогдож, хүчингүй болсон тул нэхэмжлэгч *******г урьд эрхэлж байсан Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны Бодлого зохицуулалт, хууль эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

2.25.        Нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа тул түүний ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг тооцохдоо үүнийг харгалзан үзэх нь зүйтэй байна.

2.26.        Нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны Бодлого зохицуулалт, хууль эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалаас хууль бусаар чөлөөлөгдөж улмаар цалин, хөлс авах эрхээр хохирсон нь тогтоогдож байх тул Захиргааны  ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна”, 102 дугаар зүйлийн 102.1-д “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа болох 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс нэхэмжлэгч *******г 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн даргын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдох хүртэлх хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгох, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал нэхэмжлэгчийн Ховд аймгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилласан хугацааны цалингийн зөрүү, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлөхийг хариуцагч Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.7 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.               Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******г Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны Бодлого зохицуулалт, хууль эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс Ховд аймгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуустал Ховд аймгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилласан хугацааны цалингийн зөрүү, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлөхийг хариуцагч Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч /Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал/-аас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурьдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д зааснаар энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасан хугацаанд гардаж аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан  өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.МЯНГАНБАЯР