2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/00370

 

 

 

 

 

 

 

 

 

2025  01  17

192/ШШ2025/00370

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, ***** тоотод оршин суух,***** ургийн овогтой *****ийн *****гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн ***** тоотод байрлах, ***** ХХК,

Хариуцагч: Баянгол дүүрэг, ***** тоотод оршин суух, ***** ургийн овогтой *****ийн ***** нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 14,927,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.***** нь хариуцагч Д.*****, ***** ХХК-д холбогдуулан 14,927,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

1.1.Нэхэмжлэгч Э.***** нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд Миний бие ***** ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 90 дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулж, захиалагч нарын хөрөнгөөр Дархан-Уул аймгийн ***** дугаар хорооллын нутаг дэвсгэрт ***** таун нэртэй 144 айлын орон сууцны барилга баригдсан. Дээрх гэрээний дагуу ***** тауны  тоот, 62.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 78.375.000 төгрөгөөр захиалж, би 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 24.453.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 25.000.000 төгрөг, нийт 49.453.000 төгрөгийг төлсөн. Орон сууц 2015 оноос захиалагч нараа оруулж эхэлсэн. Орон сууц захиалгын гэрээний захиалагч тул 2015 оны 02 дугаар сараас хойш энэхүү орон сууцны шударга эзэмшигч нь би байлаа. ***** ХХК-ийн хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч нарын хооронд маргаан үүссэнээс шалтгаалж, үлдэгдэл төлбөрөө хэнд төлөх нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн. Хариуцагч Д.*****гаас байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ миний нэр дээр бүртгэлтэй болсон, хэнтэй гэрээ хийсэн, хэдэн төгрөг төлсөн баримтаа явуул гэсэн утгатай мэдэгдэл ирсэн. Би 49.453.000 төгрөгийг орон сууц захиалгын гэрээний дагуу гүйцэтгэгч ***** ХХК-д төлсөн баримтаа хүргүүлэхэд, энэ мөнгийг тооцохгүйгээр орон сууцны төлбөрийг өөр үнийн дүнгээр дахин бүтэн төл гэсэн шаардлага тавьсан. Ийм маргаантай байдал үүссэн тул би шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/02339 дугаар шийдвэрээр орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, 49,453,000 төгрөгийг ***** ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд буюу 2015 оны 02 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд орон сууц захиалгын гэрээг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар эзэмшсэн миний эзэмшлийн хугацаа тодорхойлогдохоор байна. Би Дархан-Уул аймгийн ***** дугаар хороолол,  тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар эзэмшиж 5айх энэ хугацаанд байрыг засан сайжруулсан. Байранд засвар хийж, разетка суулгах, крант суулгах, гал тогооны талбайд нь тохируулан гал тогооны тавилга хийлгэсэн гэх мэт салгаж цааш ашиглаж үл болох хөрөнгө оруулалтад нийт 4,927,100 төгрөгийн зардал гаргасан. Зардлын задаргаа 2016 оны 12 дугаар сард байранд М.Ганболд гэдэг хүнээр засвар хийлгэж, гал тогооны болон үүдний тавилгыг угсруулсан. Байранд засвар хийх ажлын хөлс 8,000,000 төгрөг, Гал тогооны болон үүдний тавилга угсрахад 1,230,000 төгрөг, Засварын барилгын материалыг худалдан авахад 4,317,100 төгрөг, Крант авахад 1,380,000 төгрөг нийт 14,927,100 төгрөгийн зардал гарсан. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа түүнийг хадгалах, арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж заасан үндэслэлээр гаргасан зардлыг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Д.*****гаас шаардаж, энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

1.2.Хариуцагч Д.***** хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т зааснаар эд хөрөнгө эзэмшиж байхдаа гарсан зардлаа шаардаж байгаа. Нэхэмжлэлд дурдсан эд зүйлс байранд байгаагүй. Уг байрыг нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны албадан чөлөөлөх ажиллагаагаар чөлөөлж өгсөн бөгөөд энэ үедээ бүх эд зүйлийг салган авч явсан байсан. Энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед хийгдсэн баримтаар тогтоогдож байгаа

 

1.3.Хариуцагч ***** ХХК хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Э.***** нь *****ХХК-ийн өмнөх захирал *****тэй гэрээ байгуулж Дархан -Уул аймгийн ***** Таун нэртэй 144-н айлын орон сууцны барилгаас ***** тоот 63,7 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авахаар Орон сууц захиалгын гэрээ хийснийг шүүхэд гаргасан нотлох баримтаас мэдсэн. ***** ХХК-ийг 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хувьцаа худалдах худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр харилцан тохиролцож төлбөр тооцоог дууссаны дараа буцаан өгөх хэлцэлтэйгээр гэрээ байгуулан Цогт овоггой ***** нь шилжүүлэн авсан. Ц.***** нь тус компанийн барьж буй барилгад оруулсан хөрөнгө хүмүүсийн нэг юм. Миний бие хөрөнгө оруулагч Ц.*****гийн компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан. Захирал Ц.***** гадаад руу явах болсон, тус компаниас өр төлбөрийн тооцоогоо дуусгаагүй байсан тул ***** ХХК-ийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хувьцаа худалдах худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Тогмид овогтой ***** надад шилжүүлсэн. Тус компани нь Дарханд 144 айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан. Компанийг шилжүүлэн авсны дараа орон сууцыг худалдахдаа хөрөнгө оруулагч, иргэд, захиалгаар орон сууц барьсан барилгын компаниудтай гэрээг давхардуулан хийсэн байсныг мэдсэн. Компанийн хөрөнгийг хөрөнгө оруулагч нар барьцаалан авсан байсан. Иймд өмнө компанийн хувьцаа эзэмшигч байсан А.*****тэй уулзаж ***** ХХК нь бусдын өмнө хүлээсэн зээлийн болон бусад өр төлбөрийг төлөх асуудлыг бүрэн хариуцахаар хэлцэл хийж, компанийн эрхийг буцаан шилжүүлэхээр 2018 оны 02 сарын 28-нд гэрээ байгуулснаар энэ өдрөөс А.*****д эрх шилжсэн. *****ХХК-ийн захирлаар ажиллаж байсан А.***** нь 2018 оны 2 сарын 28-ны өдөр Компани худалдан авах гэрээ-г Т.***** надтай хийсэн боловч гэрээний үүргээ биелүүлэхгүйгээр намайг хуурч мэхлэн гэрээгээ Улсын бүртгэлд бүртгүүлэхгүйгээр 2018 оны 03 сард Хятад улс руу яваад өнөөдрийг хүртэл орж ирээгүй байгаа болно. Гэрээ байгуулсан өдрөөс хойш А.***** нэг ч удаа уулзаагүй, холбоо бариагүй болно Мөн компанийн санхүүгийн бичиг баримт, хөрөнгө оруулагч, иргэдтэй хийсэн гэрээ хэлцэл, компанийн дансны хуулга гэх компанийн үйл ажиллагаатай холбоотой баримт материалыг өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй. ***** ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч байсан А.*****г Цагдаагийн байгууллагад хандаж эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж байгаа одоогоор олдоогүй. Иймээс тус компани өнөөдрийг хүртэл миний нэр дээр байгаа. ***** ннтернэшнл ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч байсан А.***** нь Э.*****гийн байрыг хөрөнгө оруулагч Д,*****тай давхардуулан хийсэн байсан. Компанийн эрх шилжих үед Э.*****гийн Орон сууц бариулах гэрээг санхүүгийн бичиг баримтын хамт шилжүүлэн өгөөгүй. Э.***** нь компанитай хийсэн Орон сууц бариулах гэрээгээ Улсын бүртгэлийн албанд бүртгэл хийлгээгүй байсан. Нэхэмжлэгч Э.*****гийн эзэмшиж байсан орон сууц Шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албадан ажиллагаагаар иргэн Д.*****гийн өмчлөлд 2019 оны 02 сарын 21-ний өдөр шилжсэн. Тус компани 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, ямар ч хөрөнгөгүй,төлбөрийн чадваргүй, шүүх, цагдаагийн байгууллагын маргаантай асуудлууд :-цэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Нэхэмжлэгч Э.Мөнхтуяагийн орон сууцыг эзэмшиж байрыг засаж сайжруулсан барилгын материалын төлбөр болох 7,463,500 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг төлөх ямар ч боломжгүй байгаа болно.

 

2.Хэрэгт нэхэмжлэгчээс 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ /хх-ийн 5-7/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/02996 дугаар шийдвэр /хх-ийн 8-13/, Хаан банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 14-18/, зарлагын баримт /хх-ийн 19-23/, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн барилгад засвар хийх гэрээ /хх-ийн 24,25/, хариуцагч ***** ХХК-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 60/, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ /хх-ийн 65/, Ц.*****, Т.***** нарын иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 66/, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ /хх-ийн 67/,2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ /хх-ийн 68/, уулзалтын тэмдэглэл /хх-ийн 69/, хариуцагч Д.*****гаас Монгол Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 001/ШХТ2023/00468 дугаар тогтоол /хх-ийн 75/, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 сарын 10-ны өдрийн 209/МА2023/00021 дугаар магадлал /хх-ийн 76-79/, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 25-ны өдрийн 135/ШШ2022/01685 дугаар шийдвэр /хх-ийн 80,81/, шүүхээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 08 сарын 09-ний өдрийн 4/9978 тоот албан бичиг /хх-ийн 70-73/, Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 445 дугаар нээлттэй хорих ангийн 2024 оны 10 сарын 15-ны өдрийн 03/2479 тоот албан бичиг, хавсралт /хх-ийн 95-151/ зэрэг баримтууд бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Э.***** нэхэмжлэлийн үндэслэлээ ...Нэхэмжлэгч Э.***** нь хариуцагч ***** ХХК-тай 2016 оны 11 сарын 08-ны өдөр Дархан-Уул аймаг, ***** таун нэртэй 144 айлын орон сууны барилгаас ***** хаягт байрлах 62.7м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 78,375,000 төгрөгөөр захиалан бариулсан. Гэвч хариуцагч орон сууцны өмчлөх эрхийг Д.*****д шилжүүлсэн байдаг. Орон сууцны маргаантай байдлаас шалтгаалан гэрээний дагуу шилжүүлсэн 49,543,000 төгрөгөө буцаан гаргуулж, орон сууцыг чөлөөлж өгсөн. Орон сууцыг ашиглалтад ороход шударгаар эзэмшиж, 14,927,100 төгрөгийн засан сайжруулалт хийсэн. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т заасны дагуу шударга эзэмшигч эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа түүнийг хадгалах, арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Д.*****, гэрээ анх байгуулсан ***** ХХК-аас хохирлоо нэхэмжилж байна. гэж гэж тодорхойлсон.

 

3.Хариуцагч Д.***** нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ Нэхэмжлэгч Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т зааснаар эд хөрөнгө эзэмшиж байхдаа гарсан зардлаа шаардаж байгаа. Нэхэмжлэлд дурдсан эд зүйлс байранд байгаагүй. Уг байрыг нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны албадан чөлөөлөх ажиллагаагаар чөлөөлж өгсөн бөгөөд энэ үедээ бүх эд зүйлийг салган авч явсан байсан. Энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед хийгдсэн баримтаар тогтоогдож байгаа. гэж тайлбарласан.

 

4.Хариуцагч ***** ХХК нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ Манай компани төлбөрийг төлөх боломжгүй, дампуурч байгаа гэж тайлбарласан байна.

 

5.Нэхэмжлэлийн үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч хариуцагч Д.*****д холбогдох шаардлагын үндэслэлээ орон сууцыг засан сайжруулсан хэмжээгээр хөрөнгөжсөн, хариуцаг ***** ХХК нь орон сууц захиалан бариулах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс орон сууцанд хийсэн засварын зардлаар хохирол учирсан гэх агуулгаар шаардсан байна.

 

6.Хэрэгт авагдсан нолох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:

 

6.1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/02996 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Э.***** нь хариуцагч ***** ХХК-ийн хооронд 2016 оны 11 сарын 08-ны өдөр Дархан-Уул аймаг,  ***** таун нэртэй 144 айлын орон сууны барилгаас Б блокийн ***** тоот хаягт байрлах 62.7м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 78,375,000 төгрөгөөр захиалан бариулах, хариуцагч орон сууцыг 2016 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. ...Орон сууцны өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн 49,453,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй гэж дүгнэж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу ***** ХХК-аас 49,453,000 төгрөг гаргуулан Э.Мөнгөтуяад олгохоор шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 8-13/

 

6.2.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 135/ШШ2022/01685 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 209/МА2023/00021 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2023/00098 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т тус тус заасныг баримтлан Дархан-Уул аймгийн ***** орон сууцыг хариуцагч Э.***** болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч Д.*****д олгохоор шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 98-106/

 

6.3.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 135/ГХ2023/000586 дугаар гүйцэтгэх хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүсгэх тухай 2023 оны 08 сарын 14-ний өдрийн 23071739 дугаар тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн ***** орон сууцыг хариуцагч болон гэр бүлийн гишүүдээс чөлөөлсөн үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 145-148/

 

6.4.Дээрх үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

7.Хариуцагч Д.*****д холбогдох шаардлагын тухайд:

7.1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 135/ШШ2022/01685 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 2 дугаарлалт хэсэгт ...2019 оны 02 сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр ...хууль ёсны өмчлөгчөөр Д.*****г ...бүртгэсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан ***** орон сууц нь үүнд багтсан байна гэж дүгнэсэн.

 

7.2.Хэрэгт 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 01 сарын 10-ны өдөр хүртэл хугацааны барилгын материалын зарлагын баримт, барилгад засвар үйлчилгээ хийх гэрээ, нэхэмжлэгч Э.*****гийн Хаан банкин дахь дансны хуулга нотлох баримтаар авагдсан. Уг баримтаас зарлагын баримтууд нь 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд үлдэгдсэн бичвэртэй байх боловч баримт Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 347 дугаар тушаалын хавсралт-ын дагуу хэвлэсэн хэвлэмэл хуудас байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5-д зааснаар хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглох бөгөөд нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. /хх-ий 19-23/

 

7.3.Мөн дансны хуулга дээрх гүйлгээ маргаан бүхий орон сууцны засвар, тохижилттой холбоотой, засвар хийх гэрээний дагуу гарсан зардал болох нь тодорхойгүй байна.

 

7.4.Нөгөө талаар Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн ***** орон сууцыг хариуцагч Э.***** болон гэр бүлийн гишүүдээс чөлөөлсөн ажиллагааны тэмдэглэл, хавсаргасан фото зургаар нэхэмжлэлд дурдсан засан сайжруулалт, тавилга үлдээсэн нь нотлогдохгүй байна.

 

7.5.Хариуцагч Д.*****гийн ...орон сууцыг чөлөөлүүлэн авахад нэхэмжлэгч бүх зүйлээ салган авсан гэх тайлбарыг нэхэмжлэгч нотлох баримтаар няцааж чадаагүй гэж үзэв.

 

7.6.Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т зааснаар шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа түүнийг хадгалах, арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй. Уг шаардлагаа Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.4-т зааснаар засан сайжруулалтын улмаас эд хөрөнгийн үнэ нэмэгдсэн бол уг эд хөрөнгийг буцааж өгөх үеийн засан сайжруулалтын үнэлгээгээр шаардлагын хэмжээг тодорхойлно.

 

7.8.Хэрэгт авагдсан нотлох баримтаар засан сайжруулалт хийсэнтэй холбоотой орон сууны үнэ 14,927,100 төгрөгөөр нэмэгдсэн, түүнийг эрх бүхий этгээд буюу хариуцагч ***** ХХК, Д.***** нар хүлээн авч, Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн байдал тогтоогдохгүй байна.

 

8.Хариуцагч ***** ХХК-д холбогдох шаардлагын тухайд:

8.1.Нэхэмжлэгч Э.***** нь хариуцагч ***** ХХК-ийн хооронд 2016 оны 11 сарын 08-ны өдөр Дархан-Уул аймаг,  хорооллын нутаг дэвсгэрт ***** таун нэртэй 144 айлын орон сууны барилгаас ***** тоот хаягт байрлах 62.7м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 78,375,000 төгрөгөөр захиалан бариулах, хариуцагч орон сууцыг 2016 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Орон сууц ашиглалтад 2016 оны 11 сард ороход нэхэмжлэгч эзшилдээ авч, уг орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч ***** интернешнл ХХК нь Д.*****д шилжүүлж өмчлөх эрхийн маргаантай байдал үүсгэсэн үндэслэлээр гэрээнээс татгалзсан, улмаар өмчлөгч Д.*****гийн шаардлагаар орон сууцыг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон.

 

8.2.Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

8.3.Гэвч орон сууцанд завсар хийсэн нотлох баримтын шаардлага хангахгүй, тавилга орон сууцанд үлдээгүй учир нэхэмжлэгчид хохирол учирсан болохоо нотлоогүй.

 

9.Иймд хариуцагч Д.*****, ***** ХХК-д холбогдох 14,927,100 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Э.*****гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

10.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 234,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 355, дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй байх тул хариуцагч Д.*****, ***** ХХК-д холбогдох 14,927,100 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Э.*****гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.*****гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсгүй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 


 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР