| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2023/00228/И |
| Дугаар | 192/ШШ2025/00294 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2025/00294
| 2025 01 16 | 192/ШШ2025/00294 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ***** тоотод оршин суух, *****ын *****,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ***** тоот хаягт оршин суух *****ийн ***** нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ***** тоотод оршин суух, ***** овогт *****ийн *****д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ***** тоот хаягт байрлах, 71.3м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Э.*****, Ж.***** нарт шилжүүлэхийг хариуцагч Ч.*****д даалгаж, хариуцагч Ч.***** болон түүний гэр бүлийг тус орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Э.*****, Х.*****,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э.*****, Ж.***** нар нь хариуцагч Ч.*****д холбогдуулан Баянгол дүүрэг, ***** тоот хаягт байрлах, 71.3м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Э.*****, Ж.***** нарт шилжүүлж, хариуцагч Ч.***** болон түүний гэр бүлийг тус орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
1.1.Нэхэмжлэгч Э.*****, Ж.***** нар нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна.
Үүнд Э.*****, Ж.***** бид Баянгол дүүргийн ***** тоот хаягт байрлах 71.3 м2 талбайтай 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 40,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар Ч.*****тай харилцан тохиролцож 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан.
Бид Ч.*****д хандан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийг гүйцэтгэхгүй байгаа тул гэрээнээс татгалзаж, урьдчилгаа болгон төлсөн төлбөрөөс зохих хэмжээний төлбөрийг буцаан олгож байраа буцаан авах талаар ярилцсан боловч, бидний байрыг буцааж өгөхгүй, одоо миний нэр дээр нэгэнт шилжсэн байрыг та нар яаж авч ддаг юм гэх зэргээр хэрүүл, тэмцэл хийдэг болсон. Ийнхүү Ч.***** нь бидний орон сууцанд өнөөдрийг хүртэл хууль бусаар өмчилж, амьдарсаар байх бөгөөд байрны үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулалгүй биднийг хохироосоор байна. Энэ асуудлаар бид шүүхэд хандан 2019 оны 12 сарын 11-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж Ч.*****гаас дээрх үл хөдлөх хөрөнгөө буцаан авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ. Иймд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс Дундгол гудамж 30в байр 6 тоот хаягт байрлах 71.3 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Ч.*****гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.
1.2.Хариуцагч Ч.***** хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Х.***** бол Х.*****ыг дүү гэх утгаар худалдах, худалдаан авах гэрээ байгуулж эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэн, эд хөрөнгийг нэрт шилжүүлэн, нотариатаар баталгаажуулан, 70,000,000 төгрөгөөр худалдаж, татвар төлсөн байдаг. Энэ талаар нэхэмжлэгч тал бас маргахгүй, байрыг худалдаж авахад урьдчилгаа 30,000,000 төгрөг бэлэн авсан, мөн мөнгөн аяга авсан, Баянзүрх дүүргийн Улиастайд байдаг газрыг 16,000,000 төгрөгөөр үнэлж, Э.*****гийн нэрт шилжүүлсэн. Одоо үлдэгдэл тооцоо байгаа, тухайн үед ковидын нөхцөл байдлаас болоод төлбөрийн чадваргүй болсон бас тус маргаан бүхий байрыг эрүүгийн журмаар мөнгө угаах гэмт хэргээр олсон эд хөрөнгө гэх утгаар нэхэмжлэгч нарыг хууль бус мөрийтэй тоглоом ажиллуулдаг хэргээр шалгагдах явцад Нийслэлийн Прокурорын газраас тус байрыг битүүмжилсэн, шалгагдаж байсан. Тус эрүүгийн хэрэг 2023 оны 11 дүгээр сард эцэслэн шийдвэрлэгдэж дуусаж, үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэлээс гаргасан байгаа. Энэхүү хэрэг маргааны хувьд өмнө яг энэ маргаанаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд А.***** шүүгч дээр үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн хэргийг эцэслэн шийдэж, Давж заалдах шатны шүүхээс хэргийг төлбөрийн тооцоог нарийн тооцоогүй байна гэж буцаасан. Тэгэхээр Иргэний хуульд зааснаар худалдах, худалдаан авах гэрээ байгуулж, бусдын нэрт шилжүүлсэн. Одоо үлдэгдэл төлбөрийг төлөхөд маргаан байхгүй. Тухайн үед үл хөдлөх хөрөнгийг хүчээр өөрийнхөө нэрт шилжүүлээгүй өөрсдөө сайн дуураарай нотариатад очиж 70,000,000 төгрөгөөр худалдах худалдаан авах гэрээ байгуулан, үл хөдлөх хөрөнгийн эрхийг шилжүүлсэн байгаа. Одоо шаардаж байгаа зүйл нь тухайн үед эрүүгийн журмаар залигийн гэмт хэргээр гомдол гаргасан боловч хөөн хэлэлцэх хугацаа дуссан. Маргаан бүхий байрны битүүмжилсэн хугацаа дуусахаар одоо үлдсэн төлбөр болох нийт 40,000,000 төгрөг үлдсэн гэдгийг тайлбарлаж байна. Бие даасан шаардлага гаргах хугацаа дуссан учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2.Хэрэгт нэхэмжлэгчээс Ж.*****ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, Э.*****гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-5/, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх-6/, 2023 оны 12 сарын 13-ны өдрийн 95а тоот яллах дүгнэлт /хх-ийн 182-205/, хариуцагчаас итгэмжлэл /хх-9/, Нийслэлийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас /хх-26/, Нийслэлийн Прокурорын газар Прокурорын тогтоол /хх-27-33/, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын зөвшөөрөл /хх-34/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг /хх-35/, 95 тоот яллах дүгнэлтийн хавсралт /хх-46-48/, гар бичмэл /хх-49-50/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 243-245/, шүүхээс Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 01 дүгээр сарын 0-ны өдрийн 1/179 тоот албан бичиг, хавсралт /хх-ийн 96-131/, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 02 сарын 16-ны өдрийн 139 тоот албан бичиг /хх-ийн 147-180/, Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 12 сарын 06-ны өдрийн 1028 тоот албан бичиг /хх-ийн 218/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/991 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 219-236/ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Ж.*****, Э.***** нар нэхэмжлэлийн үндэслэлээ ...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ч.*****, Ж.***** нар манай байрыг 140,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Төлбөрөөс 30,000,000 төгрөг бэлнээр, 5,000,000 төгрөгт мөнгөн аяга, 15,000,000 төгрөгт газар тооцож өгсөн. Үлдэх 90,000,000 төгрөгийг улирал тутамд 30,000,000 төгрөгөөр төлж, жилийн дотор барагдуулна гэж тохиролцоо хийсэн. Гэвч Ч.***** байрыг нэр дээрээ шилжүүлж авснаас хойш үлдэгдэл мөнгөө өгөхгүй, өгөх сонирхолгүй болсон. Иймд Орон сууцаа буцаан авч, орон сууцнаас хариуцагч болон түүний гэр бүлийг албадан чөлөөлүүлэхээр шаардаж байна гэж тодорхойлсон.
3.Хариуцагч Ч.***** нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ Ч.***** нь Ж.*****, Э.***** нартай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүргийн ***** тоот хаягт байрлах 71.3м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг нэр дээрээ шилжүүлсэн авсан. Гэрээнд төлбөрийг 70,000,000 төгрөгөөр тусгасан бөгөөд энэ дүнгээс татвар төлсөн. Худалдах, худалдан авах гэрээний үнийг 140,000,000 төгрөгөөр тохиролцсон. Төлбөрөө хувааж төлөхөөр тохиролцсон бөгөөд 30,000,000 төгрөг бэлнээр, газар 15,000,000 төгрөгт, мөнгө аяга 5,000,000 төгрөгт тооцож өгсөн. Үлдэх 90,000,000 төгрөгийг 5 жилийн хугацаанд төлөхөөр тохиролцож байсан. Ковид-19 цар тахал гарч төлбөр төлөх боломжгүй болсон. Мөн эрүүгийн хэрэгт хөрөнгө битүүмжлэгдсэн. Нэхэмжлэгч нар өмнө нь шүүхэд үлдэгдэл төлбөр гаргуулахаар шаардаж байсан. Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байсан. Одоо төлбөрийн Үлдэгдэл 40,000,000 төгрөг дутуу. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Тус байранд гэр бүлийн хамт амьдарч байгаа. гэж тайлбарласан.
4.Нэхэмжлэгч Э.*****, Ж.*****, хариуцагч Ч.***** нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000677704 дугаар гэрчилгээ, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Э.*****, Ж.*****, хариуцагч Ч.***** нар Эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ***** тоот хаягт байрлах, 71.3м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 140,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.
5.Зохигчид Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үнэ 140,000,000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны татвар бага төлөхийн тулд гэрээнд худалдан авах үнэ 70,000,000 төгрөг гэж бичсэнийг зөвшөөрч маргаагүй.
6.Мөн худалдах, худалдан авах хэлцэл хийх үед хариуцагч нь нэхэмжлэгч нарт 30,000,000 төгрөг бэлнээр, 15,000,000 төгрөгт тооцож газар, 5,000,000 төгрөгт тооцож мөнгө аяга өгсөн үйл баримтын талаар маргаангүй байна.
7.Талуудын тайлбар, бичгээр байгуулсан гэрээний агуулгаас үзвэл нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг хэлцэл хуульд заасан агуулга, хэлбэрийн шаардлага зөрчөөгүй, талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн хүчин төгөлдөр байна гэж дүгнэв.
8.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
9.Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй, цаашид төлөх хүсэлгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн хөрөнгөө буцаан гаргуулахаар шаардлага гаргасан. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийн зохицуулалтын дагуу хариуцагч гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүйтэй үүргийн зөрчил гаргасан бол нэхэмжлэгч гэрээнээс татгалзах буюу цуцлах эрхтэй.
10.Хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийн үлдэгдлийг 5 жилийн хугацаанд хуваан төлөхөөр тохиролцсон, одоо 40,000,000 төгрөг төлөгдөөгүй гэж маргасан ч хэрэгт авагдсан нолох баримтаар татгалзал тогтоогдохгүй байна.
11.Хавтаст хэргийн 49 дүгээр талд 2020.01.30-2020.03.16-ны өдөр хүртэл хугацаанд үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууц худалдан авсан төлбөр төлж, 2020.03.16-ны өдөр үлдэгдэл 67,700,000 төгрөг болсон үйл баримт тогтоогдож байна. Хариуцагч Ч.***** уг төлбөрийг өөрийн хамаарал бүхий этгээд Ж.Пүрэв-Очир төлж, баталгаажуулж гарын үсэг зурсан талаар маргаагүй.
12.Хариуцагч гэрээг урт хугацаатай байгуулсан, Ковид-19 цар тахал гарсан, эрүүгийн журмаар шалгагдсантай холбоотой гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэх тайлбараа нотлох үүрэгтэй. Гэвч дээрх онцгой нөхцөл нөхцөл байдал үүссэнээс үүргээ биелүүлэх боломжгүй ямар нөхцөл байдал бий болсон, гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан талаар баримт хэрэгт авагдаагүй.
13.Иймээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн Эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ***** тоот хаягт байрлах, 71.3м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцаахаар шаардах эрхтэй.
14.Гэрээ цуцлагдаж, гэрээний дагуу шилжүүлсэн зүйлийг нэхэмжлэгч буцаан шилжүүлэн авах эрхтэйн зэрэгцээ хариуцагчийн эзэмшил хууль бус болно. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар нэхэмжлэгч нар нь хариуцагч болон түүний гэр бүлийн хууль бус эзэмшлээс хөрөнгөө чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.
15.Хариуцагч, түүний гэр бүл орон сууцад гэр бүлийн хамт амьдарч байгаа талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
16.Иймд Эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ***** тоот хаягт байрлах, 71.3м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Э.*****, Ж.***** нарт шилжүүлэхийг хариуцагч Ч.*****д даалгаж, хариуцагч Ч.***** болон түүний гэр бүлийг тус орон сууцнаас албадан чөлөөлөх хуульд нийцнэ гэж дүгнэв.
17.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ***** тоот хаягт байрлах, 71.3м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Э.*****, Ж.***** нарт шилжүүлэхийг хариуцагч Ч.*****д даалгаж, хариуцагч Ч.***** болон түүний гэр бүлийг тус орон сууцнаас албадан чөлөөлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэгч Э.*****, Ж.***** нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*****гаас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР