Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/019

 

 

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Байгаль

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн 2023 оны 5 дугаар  сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Дорждагвын гаргасан давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн 22140001460074 тоот хэргийг 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ... ******* овогт ******* *******, регистрийн дугаар /*******/,

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 05 дугаар сарын 08-ны орой 21-22 цагийн орчим Hyundai Porter-2 маркийн 41-79 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.4-д тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км хэтрүүлэхийг хориглоно, 16.1-д "явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасна гэх заалтыг зөрчиж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт байрлах баруун бүсийн Худалдааны төвийн 3 замын уулзвар дээр зам тээврийн осол гаргаж, унадаг дугуйтай явсан насанд хүрээгүй хохирогч мөргөж биед нь баруун дунд чөмгөний их эргүүлгийн дээд, доод хэсгийн ташуу хоёрлосон хугарал, тархи доргилт, цавины шарх, дух, зүүн нүдний дээд зовхи, чамархай, зүүн 2, 3, 5-р хурууны зулгаралт, бугалга, өвдөг, шилбэ, гуяны цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч ******* овогт ******* Дорждагвыг согтуурсан үедээ, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Дорждагвын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж,  6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Н.Дорждагвын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

Хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч ...Hyundai Porter-2 маркийн 41-79 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл....ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь  цаашид эмчилгээний болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн эхлэн тоолж,шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Шүүгдэгч /ялтан/ ******* миний бие Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/96 тоот шийтгэх тогтоолд хүндэтгэлтэй хандаж байгаа боловч эрүүгийн хариуцлагын талаар  гомдол гаргаж байна. Би өөрийн үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байгаа ба мөн хохирогчид хохирол, хор уршгийг бүрэн барагдуулсан юм.

******* миний хувьд хувийн байдлын талаар өөрийн гомдлоо гаргасан юм. Би ам бүл 8, эхнэр 1,4-4 насны хүртэлх 2 хүүхэд, миний асрамжид  байдаг бүтэн өнчин өсвөр, бага насны  Н.Бямбасүрэн, Н.Лхагвасүрэн, нар болон дүү /насанд хүрсэн/ Н.Уранчимэг, Н.Бат-Эрдэнэ нарын хамт амьдардаг юм. Би эдгээр өөрөөсөө гадна 7 хүнийг ажил хөдөлмөр эрхэлж асран тэжээн амьдралаа авч явдаг юм. Миний хууль ёсны асрамжид байдаг Н.Бямбасүрэн одоо 14 нас 4 сартай өнчин дүү маань эрүүл мэндийн хувьд 2 чихний сонсгол бүрэн байхгүй үүнээс болж  сэтгэл санааны  маш  их зовуурьтай  байдаг. Мөн надаас өөр хүн  эрүүл мэндийн талаар нь ойлгохгүй, намайг маш их санадаг, бусад хүмүүстэй ойлголцохгүй, намайг байхгүй бол хоол, унд идэхгүй, бэтгэрч маш их  санаж байдаг. Намайг аав гэж дууддаг, намайг эрж хайдаг, шөнө унтахад байсан өөр тийш алга болчих гээд  байна гэж эхнэр маань эргэж ирэхдээ  хэлдэг боллоо. Би өөрийн балчир 2 хүүхэд өнчин дүү нараа асрах боломж муутай боллоо.

Иймд миний энэ хувийн байдлыг харгалзан оногдуулсан ялын үндсэн хугацааг тэнсэж өгөхийг хүсэж гомдол гаргаж байна. Надад 2 балчих хүүхэд болон 4 өнчин дүүгээ асран хамгаалж, хүмүүжүүлж өсгөх боломжоор хангаж энэрэнгүй шийдвэр гаргаж өгнө гэж туйлаас их хүсэж байна.

******* миний хувьд шүүхэд Монгол улсын  Эрүүгийн хэрэг хяна шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн миний хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримтыг хүлээн авч хэрэгт хавсаргаж өгнө үү.

Би давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгчөөр ыг  өөрөө сонгож авч байгаа тул давж заалдах  шатны  шүүхэд өмгөөлөгчөөр  оролцуулж өгөх хүсэлтийг гаргаж байна  гэжээ.

Прокурор Б.Байгаль шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Байгаль би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3 дугаар зүйлийг удирдлага болгон эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн *******д холбогдох эрүүгийн 2214001460121 дугаартай хэргийн талаар 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 96 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Н.Дорждагвын гомдол болон өмгөөлөгчийн тайлбарыг сонслоо. 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч *******д холбогдох хэргийг хянан хэлэлцсэн. Анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эрүүгийн хариуцлагын тухайд прокурорын зүгээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол хор уршиг шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар, зорчих эрх хязгаарлах ялыг 2 жилийн хугацаагаар хасах саналыг гаргасан. Шүүхээс хавтаст хэрэг авагдсан баримтуудыг үнэлж дүгнээд шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэв.

Өмгөөлөгч тус  шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Бага насны дүү нараа асран хамгаалах боломжоор хангаж өгнө үү. Шүүхээс түүний хувийн байдлыг харгалзан энэрэнгүй сэтгэл гарган шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд гаргасан шүүгдэгч Н.Дорждагвын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн  хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдол,эсэргүүцэлд  дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

 Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 05 дугаар сарын 08-ны орой 21-22 цагийн орчим Hyundai Porter-2 маркийн 41-79 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.4-д тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км хэтрүүлэхийг хориглоно, 16.1-д "явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасна гэх заалтыг зөрчиж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт байрлах баруун бүсийн Худалдааны төвийн 3 замын уулзвар дээр зам тээврийн осол гаргаж, унадаг дугуйтай явсан насанд хүрээгүй хохирогч мөргөж биед нь баруун дунд чөмгөний их эргүүлгийн дээд, доод хэсгийн ташуу хоёрлосон хугарал, тархи доргилт, цавины шарх, дух, зүүн нүдний дээд зовхи, чамархай, зүүн 2, 3, 5-р хурууны зулгаралт, бугалга, өвдөг, шилбэ, гуяны цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Дээрх үйл баримт нь

1 дүгээр хавтаст хэргийн 236-237 дугаар талд авагдсан “...Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж хүний биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх шүүгдэгч Н.Дорждагвын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 34-25 дугаар талд авагдсан “... Би гэрээсээ унадаг дугуйгаа унаад 3 хүүхдийн хамт хаашаа явснаа мэдэхгүй байна. Би замын хажуугаар доошоо уруудаад явж байсан. Тэгээд би нэг сэрэхэд л эмнэлэгт хэвтэж байсан. Миний хөл  аймар өвдөж байсан. Тэр өдөр гэгээтэй байсан. Би засмал замын хажуу талаар явж байсан. ...Би хамт явсан гэх хүүхдүүдийн нэрийг мэдэхгүй. Намайг явж байхад бараг машин байхгүй байсан...” гэх насанд хүрээгүй хохирогч Л.Энх-Эрдэнийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн *******-30, 46 дугаар талд авагдсан “...2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 21 цагийн орчимд машины жолооч гэх танихгүй залуу “Энх-Эрдэнийн аав мөн үү” хүүхдийг чинь машинаар дайрчихлаа, эмнэлэг дээр хүрээд ирээч гэхээр нь нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн 103 дээр ирсэн. Намайг ирэхэд Энх-Эрдэнийн өмд нь цус болсон, баруун талын хөлийн цавь хэсэгт зүсэгдсэн шархтай, оёдол тавих гээд байж байсан. Нүүр хэсэг нь халцарсан, зүүн талын нүд нь хавдсан хавдартай, хөл, гар нь хэсэг хэсэг газраа шалбарсан байдалтай, машинд унадаг дугуйтайгаа явж байгаад "Баруун бус худалдааны төв"-ийн хажуу талын уулзвар дээр баруун талаас ирж яваад зах тал руугаа эргэхдээ мөргүүлсэн гэж тухайн мөргөсөн гэх жолооч нь хэлж байсан. Тухайн үедээ өвчин намдаах эм, тариа хийгээд баруун талын хөлийг нь гипстэйд эмнэлэгтээ хоноод маргааш өдөр нь 14 цагийн орчимд хувийн машинтай хүүхдээ аваад Улаанбаатар хот руу явж очоод шууд Гэмтэл согог үндэсний төв дээр очоод үзүүлээд хэвтсэн. 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөө хэвтээд 14 хоног орчим хоноод эмчилгээ хийлгэсэн. Гэмтэл дээр болохоор манай хүүхдийн сүүжний яс цууралттай, суганы доторх 3 хавирга хугаралттай, эгмийн хойд яс хугаралттай, уушги хэсэг газар няцралттай гэсэн онош тавьж эмчилгээ хийлгэсэн. Тэгээд эмнэлэгт 14-15 хоног орчим хэвтэж эмчилгээ хийлгэж гараад 2-3 хоноод аймагт буцаж ирээд гэрээр эмчилгээ хийлгэсэн. Одоо манай хүүхэд суга таягтай алхаж байгаа шууд гишгэхээр хөл нь өвдөөд байгаа. Хотод байхдаа хөлөө хадуулсан, 8 ширхэг хадаас тавиулсан байдалтай байгаа. Тухайн жолооч Улаанбаатар хот руу ирж, очих зардал, мөн Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэсэн зардлыг бол гаргаж барагдуулсан байгаа. Уг жолоочид хуулийн дагуу арга хэмжээ тооцож өгнө үү. Мөн хүүхдийг хараад гэртээ 2 сар гаран хугацаа өнгөрсөн, бид 2 зах дээр хувийн бизнес эрхэлдэг учраас тэр хүртэл ажил зогссон байгаа, мөн дахин эмчилгээ хийлгэх хүсэлтэй байгаа. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би *******тай харилцан тохиролцож гэрээ байгуулсан юм. Надад цаашид гаргах ямар нэгэн санал хүсэлт болон гаргах гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 50-51 дүгээр талд авагдсан “...Манай хүүхэд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 25.3-т заасныг хүлээн зөвшөөрч байна. Би хохирлыг бүрэн төлж барагдуулна. Би *******тай харилцан тохиролцсон байгаа...” гэх иргэний хариуцагч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 243 дугаар талд авагдсан “...Би Л.Энх-Эрдэнийн эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан 3.851.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дугаар талд авагдсан “...21 цагийн үед гэр лүүгээ явж байх замд буюу Баруун бүс худалдааны төвийг өнгөрөөгөөд 3 замын уулзвар дээр нэг машин, манай машины хажуугаар зөрсөн. Тэгэхэд тэр машины ард талаар нь 1 дугуйтай хүүхэд гэнэт гарч ирээд манай нөхөр ******* тухайн хүүхдийг мөргөсөн. ******* нь машин барьж явж байсан ба би хажуугийн сандал дээр сууж байсан. Харин ард Лхам- Эрдэнэ, Бат-Эрдэнэ, найз Баяраа нар ард суудалд суусан. Согтуурал шалгах багажаар үлээлгэхэд 0.27 гарсан гэж байсан. Манай нөхөр архи уудаггүй, хааяа нэг уухаараа уусан юм нь их удаан гардаг. Өнөөдрийн хувьд өглөө 09 цагийн үед гэртээ орж ирэхдээ Баяраатай 2 пиво уусан гэж хэлж байсан...” гэх гэрч гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 61-62 дугаар талд авагдсан “...Баруун бүс худалдааны төвийг өнгөрөөгөөд 3 замын уулзвар дээр гэнэт машин тоормос гишгэсэн. Тэгээд би урагшаа харахад нэг унадаг дугуйтай хүүхэд мөргүүлэх шиг болсон. Би ард суудал дээр Бат-Эрдэнэ, Лхам-Эрдэнэ нарын хамт сууж байсан. Би утсаа оролдоод сууж явсан болохоор сайн хараагүй. Тэгээд шууд машинаасаа буугаад харахад тухайн хүүхэд дугуйныхаа хажууд ухаангүй хэвтэж байсан. Тэгээд цагдаа болон эмнэлэг рүү дуудлага өгсөн. 2022 оны 05 дугаар сарын 08-ны өглөө 06 цагийн үед бид хоёр 2 ширхэг 2.5 литртэй пиво хувааж уусан...гэх гэрч ы мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 65-66 дугаар талд авагдсан “...Батсүрэн ахын гэрт нэг хонио буулгаад гэр рүүгээ явж байх замд осол болсон. Би арын суудалд утсаа оролдоод явж байсан болохоор юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан баруун бүс худалдааны төвийн ойролцоо явж байхад машин гэнэт тоормос гишгээд зогссон. ******* ах, Баяраа, Бат-Эрдэнэ нар машинаас буугаад “хүүхэд мөргөчихлөө” гээд байсан. Би айгаад бууж харж чадаагүй...” гэх гэрч мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 69-70 дугаар талд авагдсан “...21 цагийн үед орж ирсэн. ******* ах машин барьж явсан. Харин бэр эгч хажуу талд нь сууж явсан. Ард суудалд Лхам-Эрдэнэ, Баяраа бид 3 сууж явсан. Баруун бүс худалдааны төвийн хажууд байдаг 3 зам уулзвар дөнгөж өнгөрөхөд хажуугаар нь нэг машин өнгөрсөн. Гэтэл тэр машины араар нэг дугуйтай хүүхэд гэнэт гарч ирээд манай ах ******* нь тоормос гишгээд амжаагүй, машиныхаа баруун талаар шүргэсэн. Тэгээд бид нар машинаас буугаад харахад тухайн хүүхэд замын хажууд ухаангүй хэвтэж байсан,... Замд бол уугаагүй, өглөө уусан архи нь гараагүй юм шиг байна лээ. Сайн мэдэхгүй байна...” гэх гэрч мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 125-132 дугаар талд авагдсан “1. Шинжилгээнд 2214000146 дугаартай хавтаст хэргийн материалын А4 хуудасны баруун доод буланд хар өнгөөр 176 хүртэл дугаарласан бор өнгийн хавтастай хэргийг цагаан мяндас утсаар үдсэн материал 1 ширхэг задгай байдлаар ирүүлсэн нь тогтоолд дурдсантай тохирч байна.

2.Хэргийн материалд Hyundai Porter маркийн 41-79 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөрийн хамгийн их уртаар тооцоолоход 68,22 км/цаг хурд гарч байна.

3.41-79 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 12.4-д тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, ...хэтрүүлэхийг хориглоно; 16.1-д "явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж,..” гэсэн заалтуудыг биелүүлээгүй байх үндэслэлтэй байна.

4.Унадаг дугуй унаж явсан гэх 9 настай Л.Энх-Эрдэнэ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 25.3-д Унадаг дугуйг 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэйгээр зөвхөн явган хүний зам дээр, харин 10-аас 14 хүртэлх насны хүүхэд явган хүний зам болон түүн дээр тэмдэглэгдсэн унадаг дугуйн замаар унаж хөдөлгөөнд оролцож болно. 16 нас хүрээгүй бол мопед жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно гэсэн заалтыг биелүүлээгүй байна.

5.Шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэргийн материалд үндэслэн Hyundai Porter маркийн 41-79 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7; 12.4; 16.1-д тус тус заалтуудыг, унадаг дугуйгаар зорчигч, 9 настай Л.Энх-Эрдэнэ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 25.3-д заасан заалтуудыг тус тус биелүүлээгүйгээс зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна.

6.Замын байгууламж осолд нөлөөлсөн эсэх нь тогтоогдохгүй байна.

7. Хөдөлгөөний чадвар алдалтад нөлөөлөх эсэх асуулт нь автотехникийн тусгай мэдлэгт хамаарахгүй тул хариулах боломжгүй.

8 Үзлэг шинжилгээний явцад нэмэлт зүйл илрээгүй..” гэх Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 3615 дугаартай дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 74-75 дугаар талд авагдсан “1.Л.Энх-Эрдэнийн биед баруун дунд чөмгөний их эргүүлгийн дээд, доод хэсгийн ташуу хоёрлосон хугарал, тархи доргилт, цавины шарх, дух, зүүн нүдний дээд зовхи, чамархай, зүүн 2, 3, 5-р хурууны зулгаралт, бугалга, өвдөг, шилбэ, гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн бүрэн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

6.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...” гэх Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 350 дугаартай дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 117 дугаар талд авагдсан  “...Тухайн автомашины салхины шилний үнэ 260.000 төгрөгийн болохыг тодорхойлов...” гэх Баянхонгор аймгийн Энх-нахиа” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 292 дугаартай дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 17-18 дугаар талд авагдсан “... Жолооч Н.Дорждагвыг А7510 сериал дугаартай драгер багаж ашиглан шалгахад 0,27 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдов...” Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй зөв болсон байна.

Анхан шатны шүүх  хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн  дээрх  нотлох баримтуудад  үндэслэн Шүүгдэгч Н.Дорждагвыг согтуурсан үедээ, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Дорждагвын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж,  6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрсөн,гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан, тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгчийн хувийн байдал болох бага насны 2 хүүхэд, өсвөр насны өнчин 2 дүү зэрэг 8 ам бүл тэжээдэг, өсвөр насны 1 дүү нь хөгжлийн бэрхшээлтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзэх үндэслэлтэй, өөрөөр хэлбэл түүнд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь түүний гэм бурууд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгчийн гаргасан “... надад оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү...” гэх давж заалдах гомдол, түүний өмгөөлөгчийн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 5 дугаар  сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.Дорждагвын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж,хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй. “ гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 д зааснаар шүүгдэгч *******д оршин суугаа газраа болон ажлаа өөрчлөх үедээ хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож  ял оногдуулахыг сануулсугай.

Тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Баянхонгор аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. “ гэж, Тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...хорих ял эдэлж дууссан ...” гэснийг “... хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэсэн ...” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч  ******* нь давж заалдах шүүх хуралдаан хүртэл 100 хоног цагдан хоригдсон  болохыг дурьдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Г.ТЭГШСУУРЬ

ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

Ц.ОЮУН-ЭРДЭНЭ