Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 318/ШШ2025/00084

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч: , М.ББСБ ХХК-ийн,

Хариуцагч:  Х.м холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,743,031 гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хэрэглэгчийн тооцооны хэлтсийн менежер М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.м нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр М ББСБ ХХК-тай З....... тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж Samsung A54 128GB маркийн гар утсыг нийт 1,338,000 төгрөгөөр зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл 17 сарын хугацаанд сар бүр 99,520 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш М ББСБ ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 1,338,000 төгрөг, үндсэн хүүгийн хэмжээ 337,526.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ 67,505.25 төгрөг, нэхэмжлэх нийт дүн 1,743,031.48 төгрөг. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.м шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М.ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжилсэн 1,743,031 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөө 2025 оны 3 дугаар сард багтаан төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.э шүүхэд гаргасан хүсэлтдээ: Х.мы шүүхэд ирүүлсэн тайлбартай танилцсан бөгөөд хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Х.мд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,743,031 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,743,031,48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 3 дугаар сард багтаан төлж барагдуулахыг хариуцагч Х.м хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Х.м нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,839 төгрөгийн тал хувь болох 21,419 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 21,419 төгрөг, хариуцагч Х.маас 21,419 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М.ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,743,031 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 3 дугаар сард төлж барагдуулахыг хариуцагч Х.м хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,839 төгрөгийн тал хувь болох 21,419 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 21,419 төгрөг, хариуцагч Х.маас 21,419 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

ШҮҮГЧ  П.БОЛОР