Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/020

 

Ц.*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Тэгшсуурь даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ж.Энхбат

Шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, хянан шийдвэрлэсэн 20******* оны 6 дугаар  сарын 14-ний өдрийн 20*******/ШЦТ/121 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.*******ын гаргасан давж заалдах гомдлоор Ц.*******т холбогдох эрүүгийн *******14000000083  тоот хэргийг 20******* оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ....******* овогт *******ын *******, Регистрийн дугаар: *******.

Шүүгдэгч Ц.******* нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд, мөн 20******* оны 03 сарын 01-ний өдөр үргэлжилсэн үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг 35 дугаар гудамж 04 тоотод байх иргэн *******ын гэрээс 3 ширхэг мөнгөн аяга, үсний мөнгөн хавчаар, хул хавчаар, бага гарын хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн *******д 10.800.000 хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ц.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.*******ыг  6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Ц.*******т оногдуулсан 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч Ц.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 20******* оны 6 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

... Ц.******* миний бие бусдын эд хөрөнгийг хулгайлсан  гэмт хэрэг үйлдсэнээ бүрэн хүлээн зөвшөөрч байгаа ба хохирогч *******д учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Би мөрдөн байцаалтын шатанд хулгайлсан эд зүйлийг  гаргаж өгөх зэргээр хэрэг хянан шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх ажиллагаанд өөрийн санаачилгаар оролцож байсан юм. Мөн хохирол, хор уршиг арилгахад өөрийн санаачилгаар  оролцож  хохирогч удаа дараа уучлал хүсч өөрийн үйлдсэн хэрэгтэй дүгнэлт хийж өөрийгөө хүмүүжүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх талаар ойлгож ухамсарлаж  байгаа болно. Миний хувьд  анх удаа аав болж 2 ихэр охинтой болсон юм. Миний хоёр ихэр охин  20******* оны 6 дугаар сарын 06-нд төрсөн, эхнэр маань хүндрэлтэй төрсөн. Миний хувьд  2 ихэр охиноо асрах, өсгөх зайлшгүй хэрэгтэй байна. Иймд миний  дээрх хувийн байдлыг харгалзан надад  оногдуулсан 6 сарын хорих  ялыг  тэнсэж, буюу өөр төрлийн хөнгөн ялаар сольж өгнө үү.

Хувийн байдалтай холбоотой нотлох баримтыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгөх болно   гэжээ.

Прокурор Ж.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан энэ гэмт хэргийг өөрийн холбоо хамаарал бүхий хадам талынхаа гэрээс хулгайлсан. Уг үйлдлийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзсэн. Иймд прокурорын зүгээс дүгнэлтээ нэг мөр хэлье. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 6 дугаар сарын 14-ний өдөр 20*******/ШЦТ/121 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Өмгөөлөгч ******* тус  шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн зүйлчлэлтэй маргаангүй. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн. Хувийн зан байдлын тухайд 2 ихэр хүүхэд нь 20******* оны 6 дугаар сарын 6-ны өдөр төрсөн. Анхан шатны шүүх хуралдаанд ам бүлийн байдал 1 гэж бичигдсэн. Шүүгдэгч нь найз охины хамт амьдардаг байсан. Өмгөөлөгчийн зүгээс саналаа нэг мөр хэлье. Хүүхдээ асран хамгаалах хүмүүжүүлэх нөхцөл боломжоор хангаж, ял шийтгэлийн хөнгөрүүлж, тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд гаргасан шүүгдэгч Ц.*******ын гаргасан давж заалдах гомдолд  үндэслэн  хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдол,эсэргүүцэлд  дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Шүүгдэгч Ц.******* нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд, мөн 20******* оны 03 сарын 01-ний өдөр үргэлжилсэн үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг 35 дугаар гудамж 04 тоот байх иргэн *******ын гэрээс 3 ширхэг мөнгөн аяга, үсний мөнгөн хавчаар, хул хавчаар, бага гарын хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн *******д 10 800 000 хохирол учруулсан гэх гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Дээрх үйл баримт нь

Хавтаст хэргийн 51-53 дугаар талд авагдсан “... Би Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төв 103-ын замын эсрэг талд байх хадам ээж *******ынд 2022 оны 09 дүгээр сараас хойш амьдарч байгаа.  20******* оны 03 дугаар сарын эхээр ...байх шургуулгад үсний хавчаар, хөөрөг, хул байхыг хараад үсний хавчаар, хөөрөг, хул гурвыг шургуулгаас нь шууд аваад гэрээс гарч яваад урд захын алт, мөнгө авдаг газарт үсний хавчаарыг 50.000 төгрөгөөр зарсан. Тэр газраас гарч явахдаа эргээд нөгөө газраа ороод үсний хавчаарыг эргүүлээд 50.000 төгрөгийг нь өгөөд авсан юм. ... Мөн хадам ээж *******ын гэрээс 2022 оны 12 дугаар сарын дундуур би аяга угааж байгаад 3 ширхэг дунд гарын мөнгөн аягыг аваад машинд 2 хонуулж байгаад урд захын алт, мөнгөний дарханд 3 аягыг нь задалж / хуулж/ байгаад мөнгө чигээр нь нийтдээ 80.000 төгрөгөөр зарсан, дотор нь байсан тагшийг хөдөө гэрийнхээ гадаа эмээлийн доод талд хийсэн. 20******* оны 03 дугаар сард очиж үзэхэд алга болсон байна....” гэх шүүгдэгч Ц.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, 

 Хавтаст хэргийн *******-25 дугаар талд авагдсан “...Манай гэрээс 2022 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд том гарын 1 ширхэг мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан.  20******* оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 03 дугаар сарын 01-ний өдрийн хооронд манай гэрээс бага гарын хаш чулуун хөөрөг 1 ширхэг, үсний мөнгөн хавчаар 1 ширхэг, үсний хул /даруулга/ 1 ширхэг зэрэг эд зүйлс дахин алга болсон учир цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан...” гэх хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 28-29 дүгээр талд авагдсан “... Сая цагаан сарын үеэр буюу эд зүйлс алга болох үед би гэртээ байсан, алга болсон гэх үсний даруулга, хулыг би цагаан сараар зүүж хэрэглээд 20******* оны 02 дугаар сарын 24-ний өдөр би ээжид өгөхөд, ээж далд хийгээд түүнээс хойш үзээгүй байж байгаад 20******* оны 03 дугаар сарын 01-ний өдөр үзэхэд “хийсэн газар нь байхгүй байна" гэсэн. Манай гэрийнхэн гэрийнхээ бүх зүйлийг үзээд хайгаад олоогүй. Тухайн үсний даруулга, хултай хамт бага гарын хаш хөөрөг байсан гэж ээж ярьсан. Би өөрийн нөхөр болон хүргэн дүү ******* нарыг сэжиглэж байна. ...” гэх гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн  мэдүүлэг,

Хавтаст хэргийн 36-38 дугаар талд авагдсан “...Манай гэрээс алдагдсан гэх үсний даруулга, хул болон хаш хөөргийг би хамгийн сүүлд шинийн гуравны орой эгч Лхахүүгийн үснээс үсний даруулга, хулыг салгаж байхыг харсан. Хөөргийг нь манай дүү эгчийн хүүхэд нар хоорондоо шинийн гуравны орой тамхилж байхыг харсан, түүнээс хойш хараагүй. Ээж Ариунжаргал 20******* оны 03 дугаар сарын 01-ний өдөр тухайн эд зүйлсээ далд хийх гээд хийсэн байсан газраа үзэхэд “байхгүй байна” гээд манай гэрийнхэн гэрийнхээ эд зүйлсээр хайж үзэхэд олдоогүй . 20******* оны 12 дугаар сарын сүүлд дүү сүү өргөх гэхэд “ээж аавынхаа аяганд өргөчих” гэхээр нь аягыг нь үзэхэд байхгүй байсан. Тухайн үед манай гэрт би манай найз залуу *******, эгчийн нөхөр Батдорж, дүү Пүрэвням, эхнэр Мөнхзул нар байсан...” гэх гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 70 дугаар талд авагдсан “...Мөнгөн аяга /том/1 ширхгийн үнэ 600.000 төгрөг, Мөнгөн аяга /дунд/1 ширхгийн үнэ 800.000 төгрөг, нийт 1.200.000 төгрөг, Мөнгөн хавчаар хулны хамт 2.850.000 төгрөг, хаш хөөрөг 6.550.000 төгрөг, эд зүйлийн нийт үнэ 20******* оны 03 сарын 21-ний өдрийн байдлаар 10.800.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн 20******* оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 70 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх  хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн  дээрх  нотлох баримтуудад  үндэслэн шүүгдэгч Ц.*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан, тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгчийн хувийн байдал болох түүний ихэр хоёр охин нь 20******* оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзэх үндэслэлтэй, өөрөөр хэлбэл түүнд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь түүний гэм бурууд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгчийн гаргасан “... надад оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү...” гэх давж заалдах гомдол, түүний өмгөөлөгчийн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  20******* оны 6 дугаар  сарын 14-ний өдрийн 20*******/ШЦТ/121 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1,  2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.*******т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй. “ гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.*******т оршин суугаа газраа болон ажлаа өөрчлөх үедээ хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож  ял оногдуулахыг сануулсугай.

Тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Баянхонгор аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. “ гэж тус тус  өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч  Ц.******* нь давж заалдах шүүх хуралдаан хүртэл 88 хоног цагдан хоригдсон  болохыг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт,эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.ТЭГШСУУРЬ

ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

Ц.ОЮУН-ЭРДЭНЭ