Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/00297

 

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/00297

 

 

 

Ч.Б-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/03006 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ч.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ЭГЭ ХХК-д холбогдох

 

120 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Н, хариуцагчийн төлөөлөгч Н.Л, өмгөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Б- би өдгөө ЭГЭ ХХК-ийн 100 хувийн хувьцааг дангаар эзэмшиж байгаа Н.Лхамсүрэнгийн нөхөр Д.Энхжаргалыг 1989 оноос эхлэн таньж, мэднэ. Д.Энхжаргал надтай дотно нөхөрлөж, хамтран бизнес эрхэлж байх үедээ өөрийн эхнэр Н.Лхамсүрэнгийн 100 хувь хувьцааг нь эзэмшдэг ЭГЭ ХХК-ийн хувьцааны 50 хувийг үнэ төлбөргүй, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авахыг надаас хүссэн. Улмаар тус компанийн 50 хувийг 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хувьцаа бэлэглэх болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хийж бүртгүүлсэн. Мөн намайг энэ үеэс эхлэн ЭГЭ ХХК-ийн захирлаар томилж, 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл ажиллуулсан. Түүнчлэн компанид үүссэн зарим авлагыг ч өөрийн хөрөнгөөр хариуцан барагдуулж, төлсөн. Тухайлбал, ЭГЭ ХХК-ийн 216 тоот дулааны техникийн нөхцөлөөс 1 гкал/цаг дулааныг Бөх бат ХХК буюу иргэн Н.Энхтуяа өөрийн барьж буй барилгад авахаар Д.Энхжаргал болон надтай тохиролцож, дулаан авах төлбөр болох 120 000 000 төгрөгийг 2010 оны 5 дугаар сарын 10-ны өдөр компанид төлсөн боловч дулаанаа авч чадаагүй учир энэ мөнгийг компанийн зүгээс Бөх бат ХХК-д буцаан өгөх шаардлагатай болсон. Би компанийн хувьцаа эзэмшигч, захирлын хувьд дээр дурдсан Бөх бат ХХК-д ЭГЭ ХХК-ийн зүгээс төлөх өр төлбөрийг Бөх бат ХХК болон ЧТБГ ХХК-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу ЧТБГ ХХК-ийн зүгээс Бөх бат ХХК-ийн захиалгаар буюу тус компанийн барьж байгаа барилгад Вакуум цонх, тагтны хаалт, хаалга нийлүүлэх гэрээний төлбөрөөс суутгах, хасах байдлаар шийдвэрлэсэн. ЧТБГ ХХК нь миний эцэг Ц.Чойжилсүрэнгийн 2007 онд үүсгэн байгуулсан, 100 хувь хувьцааг эзэмшдэг компани тул үүссэн өглөг, авлагын асуудлыг ийм байдлаар тухайн үед шийдвэрлэсэн болно. Өөрөөр хэлбэл, ЭГЭ ХХК-ийн нэрийн өмнөөс тус компанийн Бөх бат ХХК-д төлөх өр төлбөр болох 120 000 000 төгрөгийг иргэн би хувиасаа бүрэн төлж барагдуулсан ч одоог хүртэл тухайн мөнгөө миний бие ЭГЭ ХХК-иас авч чадаагүй тул гаргуулж өгнө үү. Уг мөнгөө шаардаж авах эрхийг ЧТБГ ХХК болон Бөхбат ХХК нь надад шилжүүлсэн энэ талаарх баримт хэрэгт байгаа гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ч.Б- нь 2010 оноос компаний 50 хувийн хувьцааг Н.Лхамсүрэнгээс шилжүүлж авсан боловч компанийн үйл ажиллагаанд санхүүгийн болон аливаа хэлбэрээр хөрөнгө оруулалт огт хийгээгүй бөгөөд 2010 онд хувь нийлүүлэгчээр орох хүсэлтдээ "...тус компаний гишуүдтэй харилцан ашигтай, хамтран ажиллах сонирхолтой байгаа тул, тус компаний гишүүнээр элсэх хүсэлтийг хүлээн авна уу." мөн 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ЭГЭ ХХК-ийн хурлын протоколд тэмдэглэгдсэнээр ...Компанийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, зах зээлд удаан хугацаагаар амжилттай оршин тогтнох чадвар бүхий хуулийн этгээд болоход өөрийн чадах бүхнийг хийнэ гэж бодож байна гэж ярьж, хөрөнгө оруулагчийн хувиар шаардлагатай үйл ажиллагааг гүйцэтгэнэ гэсэн боловч амласан хөрөнгө оруулалтаа хийж чадахгүй байгаадаа хүртэл уучлал гуйсан ч цаашдын хүлээх үүргээ гүйцэтгээгүй, хэлэлцэн тохиролцсон байдлаа биелүүлээгүй, энэ компанид хөрөнгө оруулалтыг ямар нэг хэлбэрээр хийгээгүй тул хувьцаа бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. 2015 оноос эхэлсэн шүүхийн маргаан Улсын дээд шүүхээс 2 удаа буцаж нийт 9 удаагийн шийдвэр гарсан. Дээрх маргаанд хариуцагч Ч.Б- нь барилгын зураг хийлгэсэн, хашаа бариулсан эдгээрт мөнгө төлсөн гэх л тайлбарыг хэлж байсан ч угаас ийм ажлуудыг хийлгэсэн зүйл байхгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэгдэх нийт 4 жил гаруй хугацаанд энэ тухай ямар ч баримтыг гаргаж ирүүлээгүй болно. Мөн энэ хугацаанд дулааны мөнгө гэх зүйлийг тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ огт дурдаж байгаагүй болно. Компанид оруулсан хөрөнгө оруулалт, төлбөрийн талаарх маргааныг дээрх шийдвэрүүдээр эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, ...талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй. Ч.Б- нь 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрээгээр 02 дугаар сарын 26-наас ЭГЭ ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн ба Гүйцэтгэх захирлаар 2010 оны 02 дугаар сарын 26-наас 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл бүртгэлтэй байсан бөгөөд дараагийн гүйцэтгэх захирлыг өөрийн саналаар томилж байсан болно. Иймд ямар нэгэн бичиг баримтад дээрх хугацаанаас хойш хүлээн авах ба гарын үсэг зурах эрхгүй байсан болно. 2013 онд ирсэн гэх баримтыг илгээгч компани болон Ч.Б- нь өмнө нь нэг ч дурдаж байгаагүй бөгөөд байх ч үндэсгүй болно. Иймд Ч.Б- нь ЭГЭ ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирлаар ажиллаж байхдаа өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд манай авсан техникийн нөхцлөөр дулаан зарсан асуудлыг бид мэдэхгүй, компанид 120 000 000 төгрөг өгсөн баримтгүй, мөн энэ талаар бид мэдэхгүй гэж компанийн 2011 оны 1 дүгээр улирлын тайланд энэ талаар тусгагдаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч ЭГЭ ХХК-иас 120 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 757 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь өр төлбөрийг төлж барагдуулсан талаар болон уг өр төлбөртэй асуудлаар шаардах эрхээ хэрэгжүүлж байсан талаар баримтгүй, энэ талаараа нотлоогүйн дээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг хэтрүүлсэн байх ба хэрэгт уг хугацаа тасалдсан, зогссон, түүнчлэн уг хугацааг сэргээх талаар баримтгүй байна..." хэмээн дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгт байгаа нотлох баримтаар нөхцөл байдал холбогдох гэрээ, хэлцэл, албан бичгүүд, гэрч Ц.Чойжилсүрэн, А.Нямбат, П.Аюур нарын мэдүүлгээр нотлогддог. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан үйлдлийг зөвтгөсөн, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасанд харамсаж байна. Иймд шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ч.Б- нь хариуцагч ЭГЭ ХХКХХК-д холбогдуулан 120 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч 120 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардсан үндэслэлээ ....ЭГЭ ХХКХХК-ийн нэрийн өмнөөс тус компанийн Бөх бат ХХК-д төлөх өр төлбөр болох 120 000 000 төгрөгийг иргэн би хувиасаа бүрэн төлж барагдуулсан... гэсэн бол хариуцагч нь ...техникийн нөхцлөөр дулаан зарсан асуудлыг бид мэдэхгүй, компанид 120 000 000 төгрөг өгсөн баримтгүй, компанийн 2011 оны 1 дүгээр улирлын тайланд энэ талаар тусгагдаагүй... гэж маргажээ.

 

Тухайн үед ЭГЭ ХХКХХК-ийн захирал байсан Ч.Б-, Н.Энхтуяа нарын хооронд 2010 оны 5 сарын 06-ны өдөр хийгдсэн иргэн Н.Энхтуяагийн Аялал жуулчлалын цогцолбор-т дулаан хангамж авах хэлцэл гэсэн баримт хэрэгт авагдсан байх боловч уг хэлцэл хэрэгжсэн эсхүл, уг хэлцлээс татгалзсантай холбоотойгоор хариуцагч ЭГЭ ХХКХХК нь Бөх бат ХХК-д болон нэхэмжлэгчид төлбөр төлөх үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Б- нь хариуцагч ЭГЭ ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, захирлаар 2010 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл ажиллаж байсан ба тус компанийн 2008 оны №216 тоот дулааны техникийн нөхцөлөөс 1 гкал/цаг дулааныг Бөх бат ХХК буюу иргэн Н.Энхтуяагийн барьж буй барилгад зарж, төлбөр болох 120 000 000 төгрөгийг 2010 оны 5 дугаар сарын 10-ны өдөр компанид төлсөн гэх тайлбар гаргаж уг тайлбарыг нотлох зорилгоор гэрч П.Аюурыг асуулгажээ.

 

Гэвч гэрч П.Аюурын ...Бөх бат ХХК-аас уг мөнгийг бэлнээр хүлээж аваад Ч.Б-д өгсөн, Н.Лхамсүрэнгийн нөхөр Д.Энхжаргалд өгөхөөр гэр рүү нь аваад орсон, өгсөн байх... гэсэн мэдүүлгээр Бөх бат ХХК-аас ЭГЭ ХХК-д 120 000 000 төгрөг төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй юм. /хх-ийн 189/ Учир нь уг мэдүүлэгт болсон үйл явдлыг шууд нотлоогүй, өөрийн таамгийг илэрхийлсэн байна.

 

Хэрэгт Бөх бат ХХК-ийн кассын зарлагын ордер гэх бичмэл нотлох баримт байх боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан шаардлага хангаагүй байна. /хх-ийн 172/ Иймд Бөх бат ХХК-аас ЭГЭ ХХК-д 120 000 000 төгрөг төлөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Нөгөө талаар Бөх бат ХХК болон ЧТБГ ХХК-ийн хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээний дагуу Бөх бат ХХК-ийн төлөх төлбөрөөс суутгах байдлаар Бөх бат ХХК-д төлөх 120 000 000 төгрөгийн төлбөрийг шийдвэрлэсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Бөх бат ХХК-аас ЭГЭ ХХК-д дулаан авах төлбөрт 120 000 000 төгрөг төлөгдсөн буюу ЭГЭ ХХК бусдад өр төлбөртэй байсан, нэхэмжлэгч уг өр төлбөр 120 000 000 төгрөгийг Бөх бат ХХК-д буцааж төлсөн гэж тус тус үзэх үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй байна.

 

Бөх бат ХХК нь дутуу авсан төлбөрийн зөрүү 22 800 000 төгрөгийг 2010 оноос хойш хариуцагч ЭГЭ ХХК-нд холбогдуулан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчийн шаардаж буй мөнгөн дүн буюу хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээг хуульд заасан журмын дагуу тогтоогоогүй, нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ эргэлзээгүй баримтаар нотлоогүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлтэй болно. Харин нэхэмжлэгч Ч.Б- нь хариуцагч ЭГЭ ХХК-ийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн гэх үндэслэлээр шаардсан гэж үзэхээр байхад шүүх 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчтой биш боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн шийдэлд нөлөөлөхгүй тул шийдвэрт энэ үндэслэлээр өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

 

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзэв.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/03006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 757 950 төгрөгийг орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Н.БАТЗОРИГ