Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 406

 

Ж.Р-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоол, Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаар магадлалтай, Ж.Р-д холбогдох 1935000180009 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяагийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Б овогт Ж-ын Р нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ж.Р-г зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Р, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа гаргасан гомдолдоо “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч байна.  Анхан шатны шүүх Ж.Р-гийн үйлдэлд 3 жил 5 сар хорих ял шийтгэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Энэхүү хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт авагдаагүй, өөрөөр хэлбэл эд мөрийн баримтаар нимгэн цагаан өнгийн футболка, бэлтгэлийн  цамц зэргийг хураан бэхжүүлж аваагүй. Ж.Р нь эхнэртэй зодолдсоны улмаас бэлтгэлийн цамц, футболка урагдсан байдаг. Гэтэл үүнийг ч хохирогч шатаагаад ул мөрийг устгасан байна.  Мөн хэргийн оролцогчид гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс. Хэргийг нууж эд мөрийн баримтыг устгаж, насанд хүрээгүй гэрч Р.Э-ээр худал хэлүүлж үг зааж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл хэргийн үйл явдал эсрэгээр нь бичигдсэн нь Ж.Р-гийн эрх зүйн байдлыг дордуулж, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож дахин шүүхээр хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд ахлах прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Ж.Р-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны дагуу гарсан. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяагийн гаргасан гомдлыг үндэслэн Ж.Р-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Ж.Р нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг, Майхан толгой гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Э-ийн нуруун тус газарт хайчийг зэвсэг болгон хэрэглэн шидэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн  2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.Р-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулжээ.

Хэрэгт авагдсан шинжээчийн 74 дүгээр дүгнэлтээр хохирогч Б.Э-т цээжний зүүн талын хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт, цээжний зүүн ард шарх, цус хуралт бүхий гэмтэл учирсан болохыг тогтоож цээжний хөндийд нэвтэрсэн шарх, үүссэн цус хуралт нь гэмтлийг хүнд зэрэгт хамааруулах үндэслэл болсон байна.

Шинжээч энэ дүгнэлтийг гаргахдаа биечилсэн үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, эмчлүүлэгчдийн картанд буй бичилт, гэмтлийн тасгийн өвчний түүхийг үндэслэжээ. Эдгээр баримтаас үзэхэд үзлэг шинжилгээгээр цээжний хөндийд нэвтэрч цус хуралт үүсгэсэн шарх илэрсэн талаар аль алинд нь дурдаагүй байна. Өвчний түүхэнд буй хэвтэх үеийн үзлэг, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн цээжний рентгенээр мөн дээрх гэмтэл тогтоогдоогүй байх бөгөөд клиникийн үндсэн оношийг цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндий дэх цус хуралт хэмээн тавих оношилгооны үндэслэл болох үзлэг, шинжилгээний хариу хэрэгт авагдаагүй гэж үзэхээр байна. Иймээс өвчний түүхэнд буй уг оношийг үндэслэн гаргасан шинжээчийн 74 тоот дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзнэ.

Үүнээс гадна хохирогчид учирсан шархны гүнийг зондоор шалгаагүй, эмнэлэгт цөөн хоног эмэн эмчилгээ хийлгээд гарсан зэргээс хохирогч Б.Э-т учирсан гэмтлийн зэргийг баталгаажуулан дахин тогтоох шаардлагатай гэж үзэв.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Ж.Р-д холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоол, Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Ж.Р-д холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Увс аймгийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол шүүгдэгч Ж.Р-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН