Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/00298

 

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/00298

 

 

ХХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/03037 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ХХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Б-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэг, гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд нийт 79 516 730,02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Г.Төгсбаярын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн өмгөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б- нь тус банктай 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр №2015112319 тоот зээлийн карт эзэмших гэрээг байгуулан 12 500 ам.долларын зээлийн эрхийг, бэлэн мөнгө шилжүүлгийн гүйлгээ болон худалдан авалтын гүйлгээнд сарын 2 хувийн хүүтэй, хорин дөрвөн сарын хугацаатай хувийн хэрэгцээнд зориулан авсан. Өнөөдрийн байдлаар картын эрх болох 12 500 ам.доллароос 12 118,1 ам.долларыг зарцуулсан байна. Карт эзэмшигч нь карт эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар төлбөр нь зарцуулсан дүн 12 118,19 ам.доллар, хугацаа хэтрэлтийн шимтгэл 3 742,26 ам.доллар, хүүгийн авлага 11 992,94 ам.доллар, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 7 000 төгрөг болсон. Тиймээс карт эзэмшигч иргэн Н.Б-аас картын эрхээс хэрэглэсэн төлбөр болох нийт 27 853,39 ам.доллар буюу 79 509 730,02 төгрөг, / 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Монгол банкны албан ханш 2 854,58 төгрөг/, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 7 000 төгрөгийн хамт нийт 79 516 730,02 төгрөгийг Худалдаа, хөгжлийн банкинд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Худалдаа хөгжлийн банкнаас зээлийн карт аваад хувийн хэрэгцээнд зарцуулсан тул хэрэглэсэн мөнгөө төлөхөд татгалзах зүйлгүй. Мөнгөө төлөхөд доллароор төлөх ба одоогийн ханшаар төл гээд байгаа. Худалдаа хөгжлийн банкны зээлийн карт нь хоёр янз байдаг. Нэг нь бэлэн мөнгө, нөгөө нь бэлэн бусаар тооцоо хийдэг. Монгол улсад ажиллаж байгаа арилжааны банкны бүх машинаас төгрөг гардаг болохоос, доллар гардаггүй учир төгрөг авсан. Энэ хугацаанд миний бие гадаадад зорчоогүй, гадаадад гүйлгээ хийгээгүй. Энэ нь Худалдаа хөгжлийн банкны дансны мэдээллээс харагдана. Тиймээс төгрөгөөр авсан мөнгөө төгрөгөөр төлнө. Хэрэв доллароор гэрээ хийгдсэн, доллароор төл гэж байгаа бол 2020 оны 01 сарын 10-нд батлагдсан Монгол улсын иргэний хуулийн 218 дугаар зүйлд заасны дагуу зээл авснаас хойш хугацаанд ханш өөрчлөгдсөн байх юм бол ханшийг анх авсан үеийнх нь ханшаар тооцно гэсний дагуу тооцуулах хүсэлтэй байна. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн үеийн ханшаар тооцох шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Б-аас 68 836 633 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 682 581 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 555 534 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 502 133 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Төгсбааяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Тус хэргийн хувьд картнаас авсан мөнгөн дүн буюу төлбөр хийсэн мөнгөн дүнг ам.доллараар биш төгрөгөөр авсан тул Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн үеийн төгрөгийн ам.долларт шилжүүлэх ханшаар үүргийн гүйцэтгэлийг тооцож төлбөрийг төлөх ёстой. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, 218.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Иймд шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ХХБ ХХК нь хариуцагч Н.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 79 509 730,02 төгрөг, хохиролд 7 000 төгрөг, нийт 79 516 730,02 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талууд зээлийн картнаас хийгдсэн төлбөр түүнд төлөгдөх хариу төлбөрийг хэрхэн тооцохтой холбоотой асуудлаар маргасан байна. Нэхэмжлэгч ХХБ ХХК нь хариуцагч Н.Б-ын тайлбарыг үндэслэл бүхий баримтаар няцааж чадаагүй, хэрэгт авагдсан кредит картын зээлийн хүүгийн тооцоолол гэх баримтаар гэрээний 4.7 дах Монгол Улсад картаар хийгдсэн гүйлгээ нь тухайн өдрийн банкны зарласан ханшаар картын дансны валютын төрөл рүү хөрвөж гүйлгээ хийгдэнэ гэсэн заалт хэрхэн хэрэгжсэн болохыг тодорхойлох боломжгүй байна. /хх-ийн 9/

Мөн гэрээний 3.5-д заавал төлөх төлбөр 30 хувь, төлбөр төлөх хугацаа сар бүрийн 25-ны өдөр байна гэж заасан ба энэ үеэс хүүг хэрхэн тооцох нь ойлгомжгүй байхаас гадна гэрээний уг заалтыг үндэслэн гүйцэтгэх үүргийн хугацаанаас хамаараад хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан шүүхэд хандан шаардах эрхээ хэрэгжүүлэх хугацааны талаар шүүх зайлшгүй дүгнэлт өгөх шаардлагатай, энэ талаар талуудыг мэтгэлцүүлээгүй байна.

Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар маргааны зүйлийн талаар бүрэн хангалттай мэтгэлцээгүй, нотлох баримт бүрдээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Нэмж нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой талуудын анхан шатны шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар нотолгооны хэрэгсэлд хамаардаг. Анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй, яригдаагүй тайлбарыг үндэслэн давж заалдах шатны шүүх дахин тайлбар гаргуулах нотлох баримт бүрдүүлэх түүнийг үнэлэх ажиллагаа хийх эрхийг хуулиар олгоогүй учраас анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцаасан болно.

Тухайн маргаанд Иргэний хуулийн 218 дугаар зүйлийг хэрэглэхээс гадна мөн хуулийн 451, 453 дугаар зүйл болон Банк эрх бүхий этгээдийн төлбөр тооцоо мөнгөн хадгаламжийн тухай хуулийн 24, 25 дугаар зүйл зэрэг зээлийн үйлчилгээ үзүүлэх гэрээний хувьд хэтэрсэн хугацааны хүү тооцохын тулд гэрээний заалтуудад тодорхой ямар шаардлагууд тавигдсан тухай эдгээр зүйлүүд гэрээнд байгаа эсэх гэрээний утга агуулгыг хэрхэн ойлгож байгаа, ямар агуулгаар тусгагдсанг тодруулах шаардлагатай.

Гэтэл хэтэрсэн хугацааны хүү нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байна гэж гэрээнд заасан байгаа боловч хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээ нь үндсэн хүүгийн хэмжээтэй шууд тэнцүү байх ёстой гэдэг хуулийн заалт байхгүй. Эдгээр агуулгыг шүүх хууль тайлбарлан хэрэглэх замаар талуудын хоорондын гэрээний утга агуулгад үндэслэн шаардлагатай хууль тогтоомжийг зөв хэрэглээгүй буруу хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаасан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/03037 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 504 650 төгрөгийг тус тус улсын орлогоос буцаан гаргуулж олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Н.БАТЗОРИГ