| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0195/Э |
| Дугаар | 217 |
| Огноо | 2018-03-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Б.Энхбат,
Хохирогч Ч.Б
Шүүгдэгч Ө.А, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам /ҮД:0192/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Өлзийбатын Ад холбогдох 1708025550070 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн удирдлагын менежер, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо Орбитын ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Өлзийбатын А /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Нэг:Яллах талын нотлох баримтууд.
1.1.Хохирогч Ч.Бгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 23 цаг 40 минутын үед нөхөр бид хоёр гэртээ унтаж байтал гаднаас үүдний хаалга хүчтэй татаад Лхамсүрэн гэх хүнтэй хамт манай хажууд хөрш залгаа амьдардаг залуу болох А гэх хүү орж ирээд манай нөхрийг хамт архи ууя гээд байсан. Манай хөгшин архи уухгүй гэхэд А нь агсан тавиад чи үхээгүй ямаа ална гэхээр нь би “чи хөгшин хүн алаад байхдаа, яадаг юм, орж ирэхгүй байж байж ингээд байхдаа яадаг юм” гэхэд гараад явсан. Тэр үед Лхамсүрэн манай гэрт суугаад үлдсэн. Тэгээд удалгүй 5 гаран минутын дараа А 2 гартаа том иштэй хутга барьж орж ирээд манай хөгшин дээр очоод 2 хутгаа бариад 8 гаран минут зогсоод ална тална гээд байсан, тэгээд Лхамсүрэн Аг “чи яасан ичдэггүй юм хөгшин хүнийг ингээд байх даа яадаг юм” гээд хөөж гаргасан. Тэгээд байж байгаад эргээд хутгагүй орж ирээд өвгөнийг боож аваад орон дээр унагасан. Би хөгшнийгөө доороос нь авах гэхэд барьж аваад бид хоёрыг хооронд нь мөргөлдүүлээд хөл дор сандал байсан чинь тэрийг аваад миний толгой руу цохиод, миний шанаа руу гараараа цохиж, хөл рүү өшиглөсөн. Тэгээд Лхамсүрэн боль гээд салгаад аваад гарсан юм. Тархи доргилт хамар, баруун гуянд цус хуралт гэмтлүүдийг А гэх хүн надад учруулсан. Манай нөхөрт ямар нэгэн гэмтэл учраагүй. Би “Өнө энх” мэдрэлийн эмнэлэгт 10 хоног 376,000 төгрөгөөр хэвтэн эмчлүүлсэн. Мөн томографийн зураг 120,000 төгрөгөөр авхуулж, ШШҮХ-ээд 8000 төгрөгөөр үзүүлсэн, нийт 504,000 төгрөг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
1.2.Шүүгдэгч Ө.Артүмэнгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай аав ээж Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр Халзангийн даваа гэх газар 2017 оноос хойш жилийн 4 улирал тэндээ мал маллаж амьдарч байгаа, одоо манай аав П.Өлзийбат, ээж А.Лхагвасүрэн нар малаа харж амьдарч байгаа юм. Би 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш аавтай хамт тэнд байсан, ээж ходоодны хагалгаанд ороод эзэнгүй байх хооронд аавтай хамт байсан. Ч.Б гэх хүний гэр нь манай хөрш саахалт айл бөгөөд 100 метр ч хүрэхгүй газар хамт өвөлжиж байсан. Ер нь айл саахалт болж амьдраад 10 гаран жил болж байна, би тэднийхнийг сайн таньж мэднэ, тухайн үед манай тэр хавьд малын гоц халдварт шүлхий өвчин гараад хороо болон мэргэжлийн хяналтын газраас хүмүүс ирж үхрээ алж устгахыг шаардсан. 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө нь Ч.Бгийн нөхөр Дашням ах манай гэрт орж ирээд манайх үхрээ алж дийлэхгүй байна туслаач гэсэн. Тэгээд би 10-17 цагийн хооронд хотод орж ирж байж байгаад оройхон гэртээ очсон. Тэгээд гэртээ байж байтал Лхамаа гэх Увсын залуу гэрт орж ирээд 1 шил 0,5 литрийн Хараа нэртэй архи хувааж уугаад, тамхи авах гээд Нарангийн голын эцэс рүү явсан. Тэгээд дахин 0,5 литрийн 1 шил архи, тамхи аваад шууд Дашням ахын гэр рүү очсон, 19 цагийн үед гэрт нь очоод Дашкаа ахаа гараад 2, 3 үхэр янзалчих уу, бид 2 өдөр амжсангүй ээ гэхэд би та 2-оор үхрээ алуулахгүй. Б уурлаад үхрээ алуулахгүй гээд байна гэхэд нь би Б эгчийг тоглоод тэврээд авахад зодох гэж байна гэж ойлгосон юм уу, миний нүүрний баруун шанаанд маажаад авсан юм. Тэгэхээр нь би уурлаад түлхэж өөрөөсөө холдуулаад яадаг тэнэг балай авгай вэ, нүүр маажаад хаячих юм гээд саарал өнгийн хуванцар сандал авч шидчихээд гараад явсан. Тэгээд би буцаж ороо ч үгүй, тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Миний шидсэн сандал хаана нь оноснийг би мэдэхгүй, хараагүй. Нүүрээ мажуулаад тухайн үедээ маш их уурласан байсан, тэгээд орой 21 цагийн үед Б гуай цагдаа дуудчихсан байсан. Цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлэхэд хийгээд, би өглөө нь гарсан. Ийм л асуудал болсон. ... хийсэн хэрэгтээ харамсаж байна, хохирлын 504,000 төгрөгийг төлнө ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
1.3.Гэрч Л.Дашнямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай гэр Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр Халзангийн даваа гэх газар мал маллаж өвөлжиж байгаа юм. Тэр орой 23 цагийн орчимд хөгшин бид 2 гэртээ унтаж байтал, гэрийн хаалга цохиход нь хэн бэ гэхэд Лхамсүрэн байна гэсэн. Тэгээд би онгойлгоод өгчих, адуунд яваад ирж байгаа байх гэхэд манай эхнэр Б хаалгаа онгойлгож өгсөн. Тэгээд Лхамсүрэн эхлээд ганцаараа орж ирээд 1 шил архи авчихсан байсан. Тэрийгээ задлаад хөгшин хундага авч өгөхөд араас нь А орж ирээд суусан. Лхамсүрэн намайг та босоод ирээч 1 хундага татчих гэхээр нь үгүй гээд босоогүй. Тэгэхэд А хохино шүү, чи муу уухгүй байхдаа яадаг юм, муу хөгшин үхээгүй байгаа юмуу ална шүү гэж хэлээд гарч яваад удалгүй буцаж гартаа 2 хутга барьчихсан орж ирээд намайг орон дээр босоод сууж байхад шууд ирээд миний цээжин дээр хутгаа тулгаад намайг ална гэхэд Лхамсүрэн босож ирээд чи яагаад 2 хөгшинд хутга гаргаж ирж байгаа юм бэ болоич гээд Аг хутгатай нь хамт гэрээс хөөгөөд гаргасан. Удалгүй би хутгагүй шүү гээд буцаж орж ирээд намайг барьж аваад орон дээр дарж унагаад эхнэр хүрч ирээд салгах гэхэд бид 2-ыг хооронд нь мөргөлдүүлээд манай гэрийн хавтантай сандлаар эхнэрийн толгойн дундуур цохиод авсан. Тэгээд эхнэрийг барьж авч шанаадаад намайг босч хувцсаа өмсөх хооронд Лхамсүрэн дахин салгаад Аг хөөж гаргахаар нь би Лхамсүрэнг араас нь гаргаад цагдаа дуудахад А машинаа унаад зугатаагаад алга болсон. Тэгээд шөнө нь дахиад хашааны үдээр шуугиад унтуулахгүй болохоор нь дахин цагдаа дуудаж бариулж явуулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 х/,
1.4.Гэрч Ц.Лхамсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тэр өдөр 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Агийн гэрт нь оройхон 20-21 цагийн үед ороод адууднд яваад ирлээ гадаа хүйтэн байна шүү гэхэд А авдарнаас 1 шил 0,5 литрийн архи гаргаж ирээд хоёулаа энийг хуваагаад уучихая та даарч байна уу гээд архиа яг тэнцүү хувааж уусан. Тэгээд би тамхигүй болчихоод дэлгүүр орж тамхи авъя гээд Агийн машинтай дэлгүүр ороод 1 тамхи, дахиад 1 шил 0,5 литрийн Хараа нэртэй архи аваад шууд Дашням ахын гэрт нь очсон. Тэгээд эхлээд хаалгыг нь тогшиж ороод архи задлаад хундага авхуулаад байж байтал А араас дагаж орж ирсэн, тэгээд архи хундагалаад Дашням ахад өгөхөд нэг татчихаад дахиж уухгүй гээд байсан. Тэгээд Ардкад архи хийж өгөхөд энэ өвгөн уухгүй гэж байхад би уухгүй гээд л хоорондоо хэрэлдээд эхэлсэн. Б эгч Ардка эгч 2 хоорондоо маргалдаж хэрэлдээд байсан, тэр 2 малаа алуулсан нь хохироод алуулаагүй нь хожлоо, муу хулгайчууд портроор модонд явдаг гэх зэргээр хэрэлдээд байсан. Тэгээд нэг мэдэхэд Ардкаагийн нүүрийг маажсан байсан. тэр үед Б эгчийг Ардка гэрт нь байсан сандлаар толгой руу нь цохиод авсан. Б эгч диван дээрээ хойшоо унаад, Лхамаа аваачээ наадах чинь алах гээд байна гэж хэлсэн. Тэгээд би босоод Ардкаак гэрээс нь хөөж гаргаад архи ууж сууж байхад Даашка ах намайг гэрээс гаргасан. Тэгээд л би нэг мэдэхэд тасарчихсан Ардкагийнд орж унтсан байсан. Тухайн үед нэлээн манарсан согтуу байсан. Аг хутга барьж орж ирсэн эсэхийг нь мэдэхгүй байна, миний ухаан санаа орон гаран байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 х/
1.5.Шинжээчийн 14377 тоот дүгнэлт
1.Ч.Бгийн биед тархи доргилт, хамар, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 28 х/
Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.
2.1.Гэрч Ч.Төрмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Ундармаатай анх 2005 онд гэр бүл болж байсан, үүнээс хойш А гэх хүнийг таньж мэдэх болсон. Манай ах А нь архи дарс уугаад байдаггүй, би харж байгаагүй. Миний бодлоор хүнд тусархуу ажилсаг зан чанартай, юманд сэтгэлээрээ ханддаг, найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай, ах дүү, аав ээж, ар гэртэй халамжтай, амьдралын төлөө гэсэн бодолтой хүн шиг санагддаг, их цайлган сэтгэлтэй, уурлаад байдаггүй, хааяа уурласан үедээ дорхноо уур нь гарчихдаг хүн байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх 20 х/
2.2.Гэрч Ө.Ундармаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид нар эцэг эхээс 5-лаа, ах А нь айлын 2 дахь хүүхэд байгаа юм, дээрээ 1 ахтай, доороо 3 эмэгтэй дүүтэй. 1981 оны 5-р сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжсэн. Багадаа 81-р цэцэрлэгт явж байгаад 42-р сургуульд 1-10-р анги хүртэл сурч төгссөн, бүрэн дунд боловсрол эзэмшиж, Орхон их сургуульд хуульч эрх зүйч мэргэжлээр сурч төгсөөд, мөн Удирдлагын Академид сурч төгссөн. Цэргийн албыг гэрээтээр хааж байсан гэж бодож байна, ер нь сурч боловсорсон хүн байгаа юм. Манай ах А их дуугуй, хүнд тусархуу, ажилсаг, хүний ая эвийг олж харьцдаг, хүнтэй муудалцаад хэл ам гаргаад байдаггүй, ээж, аав, ах дүү нараа аль болохоор дэмжиж түшиг тулгуур болж харьцдаг, хүнийг ялгаварлаж харьцдаггүй, архи, тамхи хэрэглэдэггүй, хааяа баяр ёслолоор бага зэрэг хэрэглэдэг, ууж ч чаддаггүй, уухаараа хамаг бие нь цайраад цагаан болчихдог, агсан согтуу тавиад байдаггүй. ...” гэх мэдүүлэг /хх 22-23 х/
2.3.Ө.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 х/
2.4.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 х/
3.1.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд үзүүлсний төлбөр 8000 төгрөгийн баримт /хх-ийн 26 х/,
3.2.КТГ-т толгойн зураг авахуулсны төлбөр 120,000 төгрөгийн баримт /хх-ийн 42 х/,
3.3.“Өнө энх” сувилалд сувилуулсны төлбөр 376,000 төгрөгийн баримт /хх-ийн 43 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.
Шүүгдэгч Ө.А нь гэм буруу дээр маргаагүй бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт.
Ө.А нь архидан согтуурсан үедээ 2017 оны 11 дүгээр сарын 08-ны шөнийн 2340 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, “Халзангийн даваа” гэх газарт оршин суух Л.Дашнямын гэрт иргэн Ч.Бтай муудалцаж улмаар сандлаар толгойн тус газар шидэх, гараар цохих, хөл рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Ч.Бгийн “...2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 23 цаг 40 минутын үед ... эргээд хутгагүй орж ирээд өвгөнийг боож аваад орон дээр унагасан. Би хөгшнийгөө доороос нь авах гэхэд барьж аваад бид хоёрыг хооронд нь мөргөлдүүлээд хөл дор сандал байсан чинь тэрийг аваад миний толгой руу цохиод, миний шанаа руу гараараа цохиж, хөл рүү өшиглөсөн. Тэгээд Лхамсүрэн боль гээд салгаад аваад гарсан юм. Тархи доргилт хамар, баруун гуянд цус хуралт гэмтлүүдийг А гэх хүн надад учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч Ө.Артүмэнгийн “... би Б эгчийг тоглоод тэврээд авахад зодох гэж байна гэж ойлгосон юм уу, миний нүүрний баруун шанаанд маажаад авсан юм. Тэгэхээр нь би уурлаад түлхэж өөрөөсөө холдуулаад яадаг тэнэг балай авгай вэ, нүүр маажаад хаячих юм гээд саарал өнгийн хуванцар сандал авч шидчихээд гараад явсан. Тэгээд би буцаж ороо ч үгүй, тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Миний шидсэн сандал хаана нь оносныг би мэдэхгүй, хараагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Л.Дашнямын “... Удалгүй би хутгагүй шүү гээд буцаж орж ирээд намайг барьж аваад орон дээр дарж унагаад эхнэр хүрч ирээд салгах гэхэд бид 2-ыг хооронд нь мөргөлдүүлээд манай гэрийн хавтантай сандлаар эхнэрийн толгойн дундуур цохиод авсан. Тэгээд эхнэрийг барьж авч шанаадаад намайг босч хувцсаа өмсөх хооронд Лхамсүрэн дахин салгаад Аг хөөж гаргахаар нь би Лхамсүрэнг араас нь гаргаад цагдаа дуудахад А машинаа унаад зугатаагаад алга болсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 х/,
Гэрч Ц.Лхамсүрэнгийн “... Ардкад архи хийж өгөхөд энэ өвгөн уухгүй гэж байхад би уухгүй гээд л хоорондоо хэрэлдээд эхэлсэн. Б эгч Ардка 2 хоорондоо маргалдаж хэрэлдээд байсан, тэр 2 малаа алуулсан нь хохироод алуулаагүй нь хожлоо, муу хулгайчууд портероор модонд явдаг гэх зэргээр хэрэлдээд байсан. Тэгээд нэг мэдэхэд Ардкаагийн нүүрийг маажсан байсан. тэр үед Б эгчийг Ардка гэрт нь байсан сандлаар толгой руу нь цохиод авсан. Б эгч диван дээрээ хойшоо унаад, Лхамаа аваачээ наадах чинь алах гээд байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 х/
Шинжээчийн 14377 тоот дүгнэлт
1.Ч.Бгийн биед тархи доргилт, хамар, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 28 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.
Хохирлын талаар.
Хохирлын баримтууд /хх 42, 43, 26 х/-аар хохирогч Ч.Бгийн эрүүл мэндэд учруулсан гэмтлийн улмаас нийт 504,000 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдож байгаа эдгээр зардлууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж шүүх үзсэн тул баримтаар тогтоогдсон зардал 504,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.
Ө.А-д холбогдох гэмт хэрэгт эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй болно.
Ял шийтгэлийн талаар.
Ө.Ад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байдлыг харгалзан үзээд түүнд шүүхээс улсын яллагчийн санал болгосон 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг гэх байдлыг харгалзан уг торгуулийн ялыг 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, Ө.А-с хохиролд 504,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж, Ө.А-д тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигин овогт Өлзийбатын Аг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Аг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Ө.Ад үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ө.Ад мэдэгдсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар Ө.Агээс 504,000 төгрөг гаргуулж хохирогч Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 57-16 тоотод оршин суух Ч.Б /РД:ЧД52012416/-д олгосугай.
6.Ө.Агийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ