| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2314000000059 |
| Дугаар | 2023/ДШМ/021 |
| Огноо | 2023-09-11 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Энхтөр |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2023/ДШМ/021
*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Тэгшсуурь даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, хянан шийдвэрлэсэн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/138 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******н гаргасан давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн 2314000000059 тоот хэргийг 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ... ******* овогт *******ын ******* /РД: *******/,
Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 19-ний орой 20 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын .... тоот иргэн гийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, Самсунг Галакси А0З маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
Шүүгдэгч ******* овогт *******ын *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******г нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******д нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
... Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 138 тоот шийтгэх тогтоолыг 07 дугаар сарын 08-ны өдөр гардаж аваад уг тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ******* овогт *******ын ******* би 1986 онд төрсөн одоо ******* настай бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, 14-16 насны хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг, эхнэр маань бага хүүгээ 1 настайд, том охиноо 3 нас айхад хаяад өөр хүнтэй суугаад явсан тэр цагаас эхлэн өнөөг хүртэл 2 хүүхдээ асран хамгаалж амьдарч байна. Би эхнэрээ 2 хүүхэд дээрээ эргэж ирнэ гэж харж байсан ч 2020 онд нас барсан. Хоёр хүүхдийг маань надаас өөр харж хандах хүн байхгүй.
1. Би 2022 оны 12 дугаар сарын дундуур өөрийн найз Сэрдагвынхыг ёотон цагаан гээд 2 давхар байрнуудын нэгэнд орсон гэдгийг сонсоод хүнээр заалгаж байсан юм. Тэгээд тэднийд очихоор явж байгаад гол талаасаа билүү сургууль талаасаа гэлүү гэж бодоод олохгүй болохоор нь голын 2 давхар байрны 2 давхарт гарахад үүдний айлын хаалга яраастай байхаар нь ороод хүн байна уу? гэхэд хүн дуугарахгүй болохоор нь гарах гээд үүд рүү явтал коридорт нэг гар утас байхаар нь авч гарсан ба уг утсаа таксины жолоочид зарсан. Анхан шатны шүүхээс намайг орон байранд нэвтэрч хулгай хийсэн гэж ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тэр айлаас хулгай хийх гэж зориуд ороогүй айл асуух гэж орсон бөгөөд ороод хүн байна уу гэж хэд хэдэн удаа орилоход хүн дуугарахгүй болохоор нь гарсан. Харин гарахдаа утас авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Харин тэр айлд хулгай хийх зорилгоор ороогүй, хууль бусаар хаалга үүдийг эвдэж орсон асуудал байхгүй, онгорхой байсан хаалгаар ороод гарсан тул хууль бусаар нэвтэрсэн гэж үзэхгүй байна.
2. Би өөрийн үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууг ойлгон гэмшиж байгаа бөгөөд ар гэртээ харж хандах хүнгүй үлдэж байгаа 14-16 насны 2 хүүхдээ бодохоор үнэхээр надад хэцүү байна. Хоёр хүүхэд маань хоёулаа ерөнхий боловсролын сургуульд сурдаг одоо миний асрамжид өсч байгаа, тэднийг надаас өөр харж хандах тэжээн тэтгэх хүн байхгүй. Би ажил хийж олсон тав арван төгрөгөөрөө амьдралаа залгуулж хоёр хүүхдээ тэжээн тэтгэдэг. Би энэ хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн барагдуулсан хохирогчид төлөх төлбөргүй, урьд өмнө нь ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй анх удаа энэ хэргийг хийсэндээ үнэхээр их харамсаж байна.
Иймд хэргийн нөхцөл байдал ар гэрийн байдлыг харгалзан үзээд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 138 тоот шийтгэл тогтоолд өөрчлөлт оруулж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэжээ.
Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Орон байр гэдэгт хүн байнга амьдрах зориулалттай төрөл бүрийн орон сууц, байшин, урц зэргийг ойлгоно. Шүүгдэгч *******н хувьд тухайн орон байранд нэвтрэх эрхтэй субъект биш, бусдын орон байрыг онгорхой байхад сэм орсноор тухайн гэмт хэрэг төгссөн гэж үзэж байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Нэгдүгээрт: Тухайн хэрэг болдог өдрийн талаар хохирогч Энхээ мэдүүлэг өгсөн байдаг. Үүндээ “...тэр өдөр манай хаалга хаагддаггүй учир онгорхой орхиод гараад явсан. Иргээд ороод ирэх хооронд гар утас алга болсон байсан...” гэсэн байдаг. Үүнээс харахад шүүхээс хууль зүйн дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна. Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 570 дугаар тогтоолд хууль бус нэвтрэлт гэдгийг юу гэж ойлгодог талаар бичих ёстой гэсэн байдаг гэтэл Анхан шатны шүүхийн шийдвэрт “хууль бус нэвтрэлт” гэдгийг тогтоогоогүй. Шүүгдэгчийн зүгээс хаалттай байсан хаалгыг эвдээгүй мөн орж болохгүй гэсэн хаалт тэмдэглэгээ ч байгаагүй гэдэг. Тийм учраас хууль бус нэвтрэлт гэх үндэслэлгүй байна.
Хоёрдугаарт: Шүүгдэгчийн зүгээс тухайн айлд хулгай хийх санаа зорилго агуулж ороогүй. Сэрждагва гэх айлыг сураглах гэж ороод “...хүн байна уу...” гэж асуухад хүн дуугарахгүй болохоор нь буцаад гарах гэтэл үүдний ширээн дээр байсан утсыг авч гарсан нь хууль бусаар нэвтэрч хулгай хийх санаа зорилгыг агуулаагүй юм байна гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Гуравдугаарт: Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд 14-16 насны хоёр хүүхэдтэй. Тухайн хоёр хүүхэд Шүүгдэгч *******н асрамжид байдаг. Хэрэгт багийн засаг даргын тодорхойлолт ч байдаг. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ганц бие эцэгт оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жил хүртэлх хугацаагаар хойшлуулж болно гэсэн хуулийн заалт байдаг. Иймд Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхэд гаргасан шүүгдэгч *******н гаргасан давж заалдах гомдолд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдол,эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 19-ний орой 20 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 28-8 тоот иргэн гийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, Самсунг Галакси А0З маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.
Хавтаст хэргийн 68-69 дүгээр талд авагдсан “... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би дахин цаашид гэмт хэрэг хийхгүй...” гэх шүүгдэгч *******н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,
Хавтаст хэргийн 49-50 дугаар талд авагдсан “... 2022 оны 12 дугаар сарын дундуур байх манай Сэрдагва гэх найзынх ёотон цагааны байранд орсон гэж сонсоод очихоор явсан юм. Би яг хаягийг нь нарийн сайн мэдэхгүй байсан учир голын байрны 2 дугаар давхараад гартал эхний айлын хаалга онгорхой ярсан байдалтай байсан би тухайн айлаас Сэрдагвын гэрийг асууя гэж бодоод үүдэнд нь зогсож байгаад хүн байна уу гэж асуутал хүн гарч ирэхгүй байсан, буцаад гарах гэтэл үүдний коридорт нэг утас байхаар нь аваад гараад явсан. Тэгээд би тэр айлаас гараад амьчуулын олон дэлгүүрийн ойролцоо явж байгаад Мөнхөөтэй таараад бид такси бариад тухайн таксины жолоочид тухайн гар утсаа 50 000 төгрөгөөр зарсан.Би 2 хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон аав байгаа юм. Би өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Тухайн үед архи уусан байсан учраас өөрийгөө удирдаж чадахгүй ийм үйлдэл гаргасандаа гэмшиж байна. Би тухайн хүнд утас зарсан 100,000 төгрөгөө өгч тухайн утсыг аван хохирогчид нь хүлээлгэн өгье...” гэх шүүгдэгч *******н мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн мэдүүлэг,
Хавтаст хэргийн 22-23 дугаар талд авагдсан “... 2022 оны 12 дугаар сарын 19-ний орой 18 цагийн үед би утсаа ширээн дээр тавьчхаад унтсан тэгээд 21 цагийн үед сэрээд эргээд унтсан өглөө нь утсаа хайгаад олоогүй миний утас алга болсон байсан. Тухайн үед манай эхнэр дэлгүүр орохоор гарсан байсан манай гэрийн хаалга түгжихгүй бол гадна талаасаа онгойдог ...” гэх хохирогч гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,
Хавтаст хэргийн 36-38, 54-55 дугаар талд авагдсан “... 2022 оны 12 дугаар сарын 19-ний орой 20 цагийн үед би гэртээ байж байгаад дэлгүүр гарах ажилтай болсон намайг гарахад манай нөхөр унтаж байсан нөхрийн гар утас ширээн дээр байсан утас нь байхгүй байсан. Би тухайн үедээ нөхрөө авсан гэж бодоод тоогоогүй шууд унтаад өгсөн маргааш өглөө нь манай нөхөр утсаа хайгаад олоогүй залгаад үзтэл холбогдох боломжгүй байсан. Бид хоёр хэд хоног гэртээ хайсан боловч тухайн утас гарч ирээгүй. Манай нөхрийн утас цэнэг сайтай байсан ба унтрах ёсгүй учир манайд хулгайч орж ирсэн байж болзошгүй гэж үзээд цагдаад хандсан юм. Тухайн утас нь Самсунг галакси АЗ маркийн 2 сим карт ордог хар өнгөтэй утас байсан...” гэх гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,
“...Цагдаагаас намайг дуудаад манай нөхрийн алдагдсан утсыг надад хүлээлгэн өглөө. Манай нөхөр намайг цагдаа дээр очоод авчих гэсэн юм. Би нөхрийгөө ирэхээр утсыг нь өгнө. Манайхаас гар утас авсан гэх залуу надтай утсаар холбогдсон 2 хүүхэдтэйгээ өрх толгойлсон аав юм байна. Тухайн залуутай холбоотой санал байхгүй учир арга хэмжээг багаар авч өгөөрэй гэсэн хүсэлт гаргаж байна...” гэх гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,
Хавтаст хэргийн 41-42 дугаар талд авагдсан “...Би 88716090 дугаарыг 2 жилийн өмнөөс ашиглаж байгаа тухайн дугаар нь миний дугаар байгаа юм. Манай төрсөн дүү хүнээс гар утас худалдаж авсан байсан. Миний утас эвдэрчхээд ашиглаж болохгүй байхаар нь би дүү гийн тухайн авсан гар утсыг нэг өдөр ашигласан. Тухайн утас нь Самсунгийн хар өнгөтэй гар утас байсан. Манай танилын Мөнхөө гэх хүний найзаас авсан гэж надад хэлж байсан...” гэх гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,
Хавтаст хэргийн 53-54 дүгээр талд авагдсан “... Надад гар утас зарсан ******* гэгч нь надтай холбогдож 100,000 төгрөгийг өгсөн. Миний худалдан авсан гар утас нь хулгайн утас байсныг би мэдсэн учир тухайн гар утсыг Цагдаагийн байгууллагад сайн дураараа хүлээлгэн өгмөөр байна. ******* нь надад 100,000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэх гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,
Хавтаст хэргийн 62 дугаар талд авагдсан “... Самсунги галакси А-03 маркийн гар утас 1 ширхэг 500.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 43 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар шүүгдэгч нь хохирогчийн гэрээс гар утас хулгайлан авсан үйл баримт тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх дээрх үйл баримт тогтоогдсоныг үндэслэн шүүгдэгчийг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч нь хулгай хийх зорилгоор тухайн орон байранд нэвтэрсэн, өөрөөр хэлбэл орон байранд нэвтрэхээс өмнө хулгай хийх санаа зорилготой байсан, мөн хаалга, цоожийг эвдэх зэргээр хууль бус аргаар нэвтэрсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Харин хохирогч нь хаалгаа түгжээгүй, түгжээгүй тохиолдолд гаднаасаа онгойх боломжтой, эхнэр нь гарахдаа хаалгаа цоожлоогүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг, шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдаанд хэргийн талаар мэдүүлэг өгөөгүй, өмгөөлөгчтэй оролцоогүй зэргийг харьцуулан үзвэл шүүгдэгч нь хулгай хийх зорилгоор орон байранд хууль бусаар нэвтрээгүй, гар утсыг хулгайлах санаа сэдэлт нь тухайн орон байранд нэвтэрсний дараа буюу утсыг харсны дараа үүссэн байна гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд шүүгдэгчийн “... хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж,... хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү “ гэх давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/138 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “ Шүүгдэгч ******* овогт *******ын *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.” гэж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 632 /зургаан зуун гучин хоёр/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг эдлүүлэхдээ өдөрт 8 цагаас дээшгүй хугацаатай байхаар тогтоож, уг ялд хяналт тавьж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. “ гэж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт,эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТЭГШСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ЭНХТӨР
ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ